sonin.mn
Зэвсэгт хүчний алба хаагчид даян дэлхийн хязгаарт ч, дархан хилээс дотогш ч өргөсөн тангарагтаа үнэнч байж, чин үнэнчээр үүргээ биелүүлж байдаг. Эгэл жирийн цэрэг эрсээс эрхэм ахлах офицер хүртэл, энгийн ажилтан алба хаагчаас эрэлхэг дайчид, зоримог бүсгүйчүүдийнхээ ажил үйлс, амьдрал ахуйг сурталчлах, ард түмэндээ хүргэх эрхэм үүргийг цэргийн сэтгүүлчид бид хүлээдэг. Энэ ч үүднээс Зэвсэгт хүчний нэгтгэл, ангид өрнөж буй үйл явдлыг дугаар бүртээ алгасалгүй хүргэхийг хичээн ажилладаг юм. Гэвч сүүлийн хоёр жилийн хугацаанд дэлхий дахинд тархаад буй цар тахлын улмаас тэр бүр хүрч очих боломж хязгаарлагдаад байгаа. 
Дараалсан олон хөл хорио, тусгаарлалтын дэглэм буурахтай зэрэгцэн Зэвсэгт хүчинд олон төрлийн хээрийн сургууль, дадлага, уралдаан тэмцээнүүд өрнөж эхлэв. Энэ нь алдагдаж, орхигдуулж боломгүй цэргийн сургалт бэлтгэлтэй холбоотой. Энэ үеийг бид ч алдаж болохгүй тул тэрээр зургийн аппаратаа мөрлөн эх орныхоо дөрвөн зүг, найман зовхис төдийгүй хилийн дээс алхах томилолт өвөртлөв. 
Эхнээсээ аяны богц задран ОХУ-д зохион байгуулагдсан “Запад”  сурвалжилгаар түүчээлэн Орхон аймагт байрлах Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн сурвалжилгаар үргэлжилж байна. Цаашлаад бид Дорнод аймаг, Халх гол сум, Зэвсэгт хүчний 327 дугаар анги зэргээс бэлтгэсэн олон сонирхолтой нийтлэлүүдийг уншигч танд хүргэнэ. 
“Соёмбо” сонин гэвэл л хаалтгүй хэмээн мунхагласан би шалган нэвтрүүлэх постноо багагүй саатав. Энэ нь нөгөө л халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой юм. Хаанаас ирсэн хэнбугай ч бай ковидын халдвар аваагүй гэсэн баталгааг бүрэн нотолж байж дотогшоо нэвтрэх дүрэм энд үйлчилж байлаа. Хотоос гарахдаа ямар нэгэн шинжилгээнд хамрагдаагүй миний бие аргагүйн эрхэнд дараагийн шийдвэрийг хүлээн шалганы гадна түр хүлээв. Энэ хооронд аймгийн төвд уулзан, ангийн байрлалд хамт ирсэн соёл хүмүүжлийн офицер, хошууч Т.Заяандарь ангийн эмчтэйгээ холбогдож байв. Түр саатсаны дараа цагаан халаадтай эмч  бүсгүй ирж, халуун үзэж, гар ариутгаад шалганы хажуу талын түр саатуулах газар оруулж түргэвчилсэн шинжилгээ аваад буцав. Хэсэг хугацааны дараа станцаар “Соёмбо” сонины сэтгүүлчийн хариу сөрөг гарсан тул дотогш оруулж болно, ангийн байрлалд байх хугацаандаа маскаа авч, хамаагүй сэлгүүцэж болохгүй талаар хэлж байгаа дуулдав. Ингээд түргэвчилсэн шинжилгээгээр сөрөг хэмээн батлагдсан шинжилгээний баттай хариутай болсон би санаа амар дотогш орлоо. Ингэж орохтой зэрэгцэн ангийн  узельэр "Коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд гараа тогтмол угааж, амны хаалт, гар ариутгагчийг тогтмол хэрэглэхээс гадна та дархлаа дэмжих амин дэмтэй хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна" хэмээх уянгалаг хоолойтой бүсгүйн анхааруулга завсар чөлөөгүй явах аж. Өөдлөх айл үүднээсээ гэдэгчлэн энэ ангийн халдвар хамгаалалтын дэглэмийг асуултгүй нүд, чихнээ илт байгаад зогсохгүй өөрийн биеэр үзээд өнгөрөв. 
 
Цааш явангаа өөрийн ирсэн зорилгоо хэлэв. Ийм газруудаар орж, ийм хүмүүсээс яриа авах хэрэгтэй байна гэтэл мөн л багахан саад учрав. Энэ нь бас л халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой нь ойлгомжтой. Хамгийн харамсалтай нь хугацаат цэргийн алба хаагчдын байр руу нэвтэрч болохгүйгээс гадна хугацаат цэргүүдтэй уулзах боломжгүй аж. Учир нь, цар тахлын үед хугацаат цэргийн алба хаагчидтай явагдах сургалтыг төлөвлөгөөний дагуу тасралтгүй явуулахын тулд салаа, салбарын офицер, ахлагч, эмч, сувилагч, тогооч, бэлтгэгч, ажилтан алба хаагч нарыг PCR болон түргэвчилсэн шинжилгээнд хамруулан ангийн захирагчийн тушаалаар 14 хоногоор ээлжлүүлэн ангийн байрлалд байрлуулж, цар тахлын дэглэмийг сайтар сахиулан танхим болон дадлага, хээрийн гаралт полигоны дадлагыг төлөвлөгөөний дагуу зохион байгуулж, цэргийн алба хаагчдад цэргийн бага мэргэжил олгоход онцгой анхааран ажиллаж байгаа аж. 
Тусгаарлагдсан хэсэг рүү би байтугай ангийн захирагч нь нэвтрэх эрхгүй байдаг талаар хэлж байв. Энэ нь ангийн хүрээнд ямар нэг арга хэмжээ, дүрэм журмыг ягштал биелүүлж буйн илрэл байлаа. Үүнийг ч батлах гэсэн аятай тус ангийн хугацаат цэргийн алба хаагчдаас өнөөдрийг хүртэл нэг нь ч коронавирусийн халдвараар өвчлөөгүй тухай таатай мэдээг ангийн эмч ахмад Г.Алтангэрэл хэлж байв. Үүнээс гадна тус анги 2019 оны сүүлчээс эхлэн Эрүүл мэндийн яам болон ЗХЖШ, Хуурай замын цэргийн командлалаас өгсөн заавар зөвлөмжийн хүрээнд ажиллаж байгаад 2021 оны 3 дугаар сараас эхлэн ангийн эмч, сувилагч, ажилтан алба хаагчдыг ангийн байрлалдаа 7-14 хоногийн хугацаатайгаар байрлуулах ажлыг зохион байгуулсан байна. Үүнийхээ дараа аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран тандалтын асуумжийг ухаалаг утсанд байршуулж, ангийн байрлал руу нэвтэрсэн хүн нэг бүр хаагуур явсан, хэнтэй уулзсан, халдварт өртөх эрсдэлтэй хүнтэй ойр байсан эсэх бүхий л мэдээллийг цуглуулж, сэжигтэй тохиолдол гарвал гэрт нь тусгаарлах арга хэмжээг авч ажиллажээ. Ингэснээр байнгын бүрэлдэхүүний өвчлөлийг хумьж чадсан байна.
 
 
Тухайн арга хэмжээ хэрэгжиж байх үед тус ангид ЗХЖШ-аас томилогдсон түвшин тогтоох шалгалтын бүрэлдэхүүн ирж таарсан бөгөөд эдгээр бүрэлдэхүүн ч мөн л ангиас гаргасан журмын хүрээнд түргэвчилсэн шинжилгээнд хамрагдан ангийн байрлалд бус тусгайлан засаж өгсөн асарт шалгалт, үзлэгээ явуулаад буцсан талаар хэлж байв. Энэ бүхэн үнэхээр л хамтын ажил байж чадсан бөгөөд хэдэн муу цэргээ л өвтгөхгүй юм шүү гэсэн нэгэн сэтгэлтэйгээр энэ бүхний ард гарч яваагаа ангийн эмч хэлж байсан юм. Үнэхээр л “Энэ хэдэн цэргээ л өвтгөхгүй юм шүү” гэж зорьж ажилласан анги хамт олонд хэн хүнгүй талархууштай. Тэд үнэхээр чаджээ. 
Ийнхүү ангийн эмчтэй уулзаж, хэсэгхэн зуур ярилцсаны дараа ангийн байрлалаар явав. Энэ үед хаа сайгүй өвс тэгшилж тайрах техникийн дуу хадаж байв. Мөн энд тэнд бухал өвснүүд харагдана. Энэ ямар учиртайг  асуухад хошууч Т.Заяандарь “Энэ жил хур элбэгтэй байсан учир ангийн байрлалд зэрлэг өвс их ургасан. Тиймээс үүнээс салахын тулд алба тасгуудын хооронд зэрлэг зулгаах бооцоот уралдаан зарласан. Шагналын сантайн дээр нэг төрлийн нөхөрсөг уур амьсгал бүрдүүлэх компанит ажил болж чадсан” талаар хэлэв. Үнэхээр л зүгээр нэг зулгаалгүй өнгө үзэмж, хэлбэр дүрс гарган, урам зоригтой ашиглаж байгаа харагдсан. 
 
Алтан нар ангийн хашаанд л ээж байна уу гэлтэй налгар намрын өнгө, байдал хачин сайхан. Ангийн хөдөлмөрч залуус энд ч хөдөлмөрлөж, тэнд ч бэлтгэл сургуулиа хийж харагдана. Үүнтэй зэрэгцээд хоёр хөөрхөн цэрэг хүлэмжид ажиллаж таарав. Хугацаат цэргийн алба хаагчид холбогдох албан тушаалтнуудтайгаа  тусгаарлалтад байгаа тул орж болохгүй, яриа авч чадахгүй нь гэж бодож явсан надад тэр хоёр цэргийг тэврээд авмаар дотно санагдсанаа нуух юун. Ногоочин цэргүүд болох байлдагч Р.Баярхүү Эрдэнэтээс, байлдагч М.Батбаяр Хөвсгөл аймгаас 2020 онд тус ангид татагдан иржээ. Цэргийн албанд өөрсдийн хүслээр ирсэн эдгээр залуусын зовхи нь өөдөө ид хийж бүтээх насан дээрээ шижигнэж байна даа гэмээр урам зориг, эрч хүчтэй харагдав. Цэрэгт алба хааснаараа бид бие бялдрын өв тэгш хүмүүжил, харилцаа хандлага, цэргийн хэргийн эрдэмд суралцахаас гадна хөдөлмөрт суралцаж байгаадаа баярлаж байна хэмээн ам булаалдан ярих аж. Тэд энэ хавраас эхлэн ангид шинэчлэн сайжруулсан хүлэмжид ногоо тарих ажлыг гардан хариуцсан байна. Байцаа, саримс, тарвас, өргөст хэмх, амтат чинжүү, хаш, амтат гуа зэрэг хүнсний болон нарийн ногоонуудыг тариалжээ. Ургац ч арвин байгаа нь нүднээ илт. Байлдагч М.Батбаярын хувьд Хөвсгөл аймагтаа гэр бүлийн хамт төмс голдуу хүнсний ногоо тариалдаг байсан бөгөөд халагдаж очоод энд тарьж сурсан нарийн ногоонуудаа тарихаас гадна энэ чиглэлээр хувиараа бизнес эрхлэх зорилгынхоо талаар сонирхуулав. Харин байлдагч Р.Баярхүүгийн хувьд инженерийн чиглэлээр суралцаж байх хугацаандаа сургуулиасаа чөлөө аваад цэргийн албаа хааж байгаа аж. Тэрээр, би энэ хөл хорионы үед цэргийн албаа хааж байгаадаа үнэхээр баяртай байна. Миний хамгийн их зүйл сурсан, мэдсэн, хөдөлмөрт шамдсан нэг жил байлаа. Мөн насан туршийн сайхан найзуудтай болсондоо баяртай байгаа талаар сэтгэгдлээ хуваалцсан юм.
 
 
 
Оргилуун, хүсэл мөрөөдөл дүүрэн, чин үнэнчээр, дур сонирхолтойгоор ингэж л албаа хааж байгаа энэ залуус Зэвсэгт хүчинд тангараг өргөн зүтгэж байгаа мянга мянган залуусын нийтлэг дүр төрх гэлтэй.
 
 
Ийнхүү ангийн байрлалаар тойрон алхаж, асууж сураглаж, хөдөлмөрч залуусын хийж бүтээсэн зүйлсийг харж явтал ангийн захирагч, хурандаа Д.Жигжидсүрэнтэй таарав. Тэр мөн л ангиа тойрч эргэж явсан юм. “Танай ангид ажил ч ид өрнөж байна даа” гэж яриа өдөхөд “Энэ жил дэндүү орой ажил эхэлж байна. Өвчин гарлаа гээд бид ажлаа алдах ёсгүй, тангараг өргөсөн цэргийн хүмүүс учир бүгдийг ном журмын дагуу хэрэгжүүлж байна” гэв. Тухайлбал, тус анги 2020-2021 оны сургуулийн жилд Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын дэвшүүлсэн зорилго, зорилтуудыг ангийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж, цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу ангийн бэлэн байдал, цэргийн сургалт бэлтгэл, цэргийн албаны зохион байгуулалт, сахилга дэг журам,  харуул хамгаалалт, сэтгэл зүй, ар тал, бүх төрлийн хангалтыг тасралтгүй зохион байгуулж ирлээ. Мөн коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчдын сургалтыг цахимаар зохион байгуулж, явцын шалгалтыг ч мөн цахим хэлбэрээр Google form программыг ашиглан авч, үр дүнг тооцон, сургалтыг тасралтгүй зохион байгууллаа. Түүнчлэн Батлан хамгаалахын сайдын тушаалаар Зэвсэгт хүчний офицер, ахлагч нарын түвшин тогтоох үзлэгт ангийн офицер, ахлагч нарыг цахим болон тэнхимийн сургалтаар бэлтгэлийг хангаж, амжилттай шалгуулаад байна. 
 
 
Мөн “ЗХЖШ-ын 2020-2021 оны сургуулийн жилийн цэргийн сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөө”-ний дагуу явагдсан цогцолбор шалгалтад хамрагдаж, Зэвсэгт хүчний 234, 330 дугаар ангиудтай хамтарсан хоёр талын команд штабын хээрийн сургуулийг ангийн сургалтын төвийн районд зохион байгуулж, сургуулийн төгсгөлд захирагчийн шийдвэрийн дагуу хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын ротын тактикийн бүлгээр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуулийг амжилттай явуулаад байна. Ангийн офицер, ахлагч нарын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Монгол Улс АНУ-ын хамтарсан “Зэв-2021” сургалтыг ангийн байрлалд яг одоо зохион байгуулж байна. Түүнчлэн ангийн офицер, ахлагч, ажилтан алба хаагчдын нийгмийн асуудлыг ч шат дараатайгаар шийдвэрлэж байна. Энэ жилийн хувьд албан тушаалын 40 айлын орон сууцны дээврийг засварлах, ангид шилжин ирсэн алба хаагчдын гэр бүлийн хүнийг ангидаа авч ажиллуулах зэрэг бодитой ажлуудыг хийгээд байна. Үүнээс гадна залуу офицер, ахлагч, ажилтан алба хаагчдын ар гэртэй уулзалт зөвлөгөөнийг тогтмол зохион байгуулахыг зорьж байна. Учир нь ажиллагаанд явсан залуусын гэр бүл салах, үл ойлголцох асуудлууд гарч байгаа тул үүнээс урьдчилан сэргийлж, цэргийн албыг ар гэрийнхэнд нь ойлгуулахыг зорьж байгаа талаараа мөн ярьсан юм.  
 
Энэ зуур ангийн халуун ус, үйлчилгээний төв рүү том том төхөөрөмж оруулж байхтай таарав. Сониучирхан араас нь орвол, ажилсаг шаавай хүүхнүүд арчиж зүлгэж, будаж шунхдаж, оёж шидэж, зөөж шилжүүлж байгаа харагдав. Эндхийн үсчин, оёдолчин, угаагч бүсгүйчүүд шинэ төхөөрөмж хүлээн авах бэлтгэлээ хангаж байгаа нь энэ ажээ. Орхон аймгийн ЗДТГ-ын 76 сая төгрөгийн санхүүжилтээр уураар цэвэрлэдэг угаалгын иж бүрдэл, индүүдлэгийн машин, сүлжмэл, шаглааны оёдлын машин, үсчний суудал, угаалтуур зэрэг иржээ. Хараахан ашиглаж эхлээгүй ч эдгээр төхөөрөмж ангийн бүхий л хүнд хүрч үйлчлэх боломжийг олгох аж. Тухайлбал, уураар цэвэрлэдэг хими цэвэрлэгээ нь дүрэмт хувцасны өнгө алдуулахгүйн дээр эдэлгээг уртасгана. Харин хатгамлын машинаар хээрийн эрээн хувцсанд хэрэглэгддэг далбаа, нэр зэрэг бүхий л зүйлсийг урлаж болох юм. Мөн шинээр ирж байгаа үсчний суудалд ажиллах үсчнээ сургалтад хамруулан багагүй дадлагажуулсан бөгөөд хэнд ч гологдохооргүй үсчин, гоо сайхны бүхий л үйлчилгээг үзүүлэх гэнэ. Үнийн хувьд мөн л хамгийн боломжийн, уян хатан байхаар төлөвлөжээ. Ингээд тус ангийн бие бүрэлдэхүүн гаднаас авах бүхий л төрлийн үйлчилгээг ангийнхаа байрлалаас хямд үнээр авах боломж бүрдэж байгаа нь ангийн офицер ахлагч, ажилтан алба хаагчдад хүрч ажиллаж буй бодит дэмжлэг гэлтэй.
 
 
Ангийн офицер, ахлагч нарын цайны газраас шинэхэн талхны тааламжтай үнэр хамар гижигдэж, ходоодыг урин дуудав. Энэ л хашаанд 26 дахь жилдээ ажиллаж буй талхчин С.Сарантуяа эгч энэ өдөр жижүүрлэж байна. Энэхүү талхны цех дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд нэг нэгээрээ 24 цагаар ээлжлэн ангийн талхны хэрэгцээг хангадаг гэнэ. Өдөртөө 100-125 кг гурилаар 140-180 орчим талх барьдаг ажээ. Өнгө үзэмж, хэлбэр дүрс төгс байхаас гадна эрүүл чанартай байлгах үүднээс өөрсдөө хөрөнгөө гаргаж хийдэг гэнэ. “Хот, хөдөө хаана ч явсан “Сайн байна уу, талхчин эгч ээ” гээд мэндлэх залуус өөрийн минь хүүхдүүд шиг л дотно санагддаг даа” хэмээн инээмсэглэн тэр бээр талхаа хэвлэж байлаа. 
 
Уулзсан ярьсан бүхэн цаанаа л нэг урам зориг эрч хүчтэйн дээр бүгд энэ л миний хийх ёстой ажил гэдэгтээ бат итгэж, хэнд ч тээр дараа бололгүй үүргээ биелүүлэх бүхий л алба хаагчдад төгсгөлд нь талархам. Ийм л мөрдэс гоёсон дарга, цэрэг, ажилтан алба хаагчид түүхт 8 дугаар морьт дивизийн залгамж халаа юм. Түүхт 85 жилийн ойтойгоо золгож буй тус ангийн нэг өдрийн энэ их ундарсан ажил хөдөлмөр нь эцсийн бүлэгт Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын зорилго, зорилтууд тайван болон байлдааны цагийн цэргийн мэргэжлийн удирдлага, төлөвлөлтийг хэрэгжүүлэн мэргэжлийн цэргийн чадамж суурийг бэхжүүлэн хуулиар хүлээсэн үндсэн болон тайван цагийн үүргээ мадаггүй биелүүлэхэд оршин буй юм. 
 
 
Хошууч Д.Оюунгэрэл
Эх сурвалж: "Соёмбо" сонин