sonin.mn

Шилбэний үс, арьч нь халцарсан үед

Малын шилбэний халцархайг цэвэрлэж аргалын үнсээр арчиж хатаагаад хоромхон болон адуу, тарвага, загасны тосыг хөөтэй хольж түрхэн гаднаа авч үлдэн 2-3 хоног тэжээхэд эдгэрнэ. Мөн даавуу, хөдөс зэргийг ашиглан шилэвч хийж халцрахаас хамгаалж болно. Өсвөр насны малын хамар амархан хөлддөг тул адууны өөх, тос, шар тос зэргийг түрхвэл хөлдөхгүй. Даарч бээрсэн мал цас идэж чадахгүй байсаар усаар дутагдаж үхэх явдал гардаг тул усан хангамжинд анхаарч бүлээн хар цай, давстай бүлээн усаар усалж байх хэрэгтэй.



Хэвтэр бууцыг хөлдөөхгүй байх арга

Хотны бууцыг овоолох, сүүдэр хэсэгт халуун үнс хуурай бууц хоргол асгах, мал хотноос гарсны дараа хэвтрийг бүтээх, хотон дотор утаа май тавих зэргээр хөлдөөхгүй байж болно. Мөн хотныхоо голд урт өргөнөөрөө 1,5-2м гүнээрээ 1метр орчим нүх ухаж хөлдүү хоргол хийгээд хуурай бууцаар хучиж малаа дээр нь хотлуулахад хөлдүү хоргол 24-48 цагт малын элчинд хатдаг байна. Ядарч доройтсон "малын хоол тэжээл боловсруулах эрхтний үйл ажиллагаа хямран идсэн тэжээлээ боловсруулахдаа муу байдаг тул тэжээлийг амархан шингэхүйц болгож өгвөл зохино. Үүний тулд өвс, ногоон тэжээл, сүрэл, лай мэтийн бүдүүн тэжээлийг хэрчиж жижиглэн дэвтээх, исгэх, даршлах хандлах зэрэг аргуудаар урьдчилан боловсруулж шингэц, шимт чанарыг нь дээшлүүлэх хэрэгтэй. Мөн асклю-ол, шидэт эм зэргийг дотуур олгохоос гадна буфер-фос, глюкоз зэргийг судсаар тарихад үр дүнтэй.



Хар модны холтосны ханд

Хар модны зузаан холтсыг үүрүүлж нунтаглаад 20л орчим усанд 1 кг холтосны нунтаг хийж гал дээр зөөлөн буцалгаж улаан хүрэн өнгөтэй өтгөн хар цай шиг болохоор нь гаргаж хөргөөд хужир давс нэмж бог малд хагас литр, бод малд 2-3 л-ийг өгнө.



Өвсний ханд бэлтгэх

Үүний тулд өвсийг 2-3 см урттай хэрчиж жижиглэн хувин саванд хийж 1кг тутамд 6-8 л ус хийж дулаан газар 5-6 цаг байлгана. Бэлэн болсон хандыг шүүн 1 л тутамд 10-15 гр хоолны давс нэмээд ядарч доройтсон бод малд 1-2 л, богд 150-200 мл-г өгнө. Багсармал тэжээлийг дэвтээх буюу хуурай хөрөнгөөр исгэн богд 200-300г, бодод 0,8-20кг -г өдөрт 1-2 удаа өгнө.



Уурагжуулсан шингэн тэжээл бэлтгэх

Үүний тулд 10 л-н бетон саванд 40-45 градусын халуун бүлээн ус 5л, 2кг няцалсан будаа, хивэг, хорголжингийн аль нэгийг хийж зутан болгоно. Зутангийн бүлээн 40градус болох үед 200г дрожж нэмж сайтар хутгаад савны амыг таглаж дулаан газар хучиж, 1-3 цаг тавихад исэж айраг шиг үнэртэй болж анхны хөрөнгө бэлэн болно. Энэ хөрөнгөө цаашид арвижуулан хэрэглэнэ. Тэжээл бэлтгэх 40-н бетон болон түүнтэй төстэй торх саванд 45-50 градусын бүлээн ус 30 литрийг хийж 150г давс нэмж уусгана. Дээрээс нь 4-5кг хивэг, няцалсан будаа, хорголжин тэжээл хийж зутан бэлтгэнэ. Зутанг 40 градус бүлээн болгох үед 3-4 л хөрөнгө хийж хутгаад савны амыг таглаж зуух пийшингийн ойролцоо хучиж тавиад 3-4 цагийн дараа иснэ. Иссэний дараа савны амыг онгойлгоно. Хэрэв таглаатай байвал ялзарна. 30-36 градус бүлээнээр бүх төрлийн малд цутгаж өгнө. Хонь, ямаанд 150-200мл, үхэрт 1-1,5литрээр хоногт 2-3 удаа хэт ядарсан малд эхлээд бага багаар өгнө. Жилбэгүй төллөсөн малд 7-10 хоног өгч, дулаан хашаа байранд байлгахад жилбэ сайжирдаг. Сэнсэрсэн хурга, ишгэнд 80-1000мл-ээр өдөрт 2-3 удаа 3-5 хоног өгч дасгаад цаашид 100-150мл, тугалд 200-250мл, бяруунд 350-500мл-ээр өдөрт 2-3 удаа 10-15 хоног өгнө. Энэ шингэн тэжээлээ малд түмпэн савнаас уулгаж сургавал хөдөлмөр хөнгөвчилнө.



Махны шаз

Халдваргүй өвчнөөр хорогдсон малын махыг 1,5-2 цаг чанаж яснаас нь салгаад давс хужир хийж хээл нь хүндэрсэн болон ядарч доройтсон малыг тэжээхэд амархан тэнхэрдэг. Махны шазыг хивэг, багсармал холимог тэжээлтэй холж багсраад малд өгөхөд идэмж нь сайжирдаг. Тархи нь уургаар баялаг байдаг тул турж эцсэн малыг тэнхрүүлэхэд хамгийн сайн чанарын сувиллын тэжээл болдог. Үүний тулд үхсэн малын тархийг салгаж аваад сайтар чанаж хатаагаад бод малд 50-60 гр, бог малд 20-30гр өгнө. Үхсэн бог малын тархи гурвыг авч жижиглэн 10л усанд буцалгаж хандлаад хөргөж ядарч туйлдсан бог малд 100-15 гр, бод малд 300-40гр өгнө.



Адуу, тарваганы өөх

Шингэц илч сайтай тул ядарч доройтсон малд сайн чанарын тэжээл болдог. Адуу, тарваганы өөхийг хайлж тусгай торхонд хурааж өвөл, хаврын цагт багсармал Тэжээлтэй хольж, үнээнд 150-200гр, бог малд 50-60гр, төлөг борлонд 40-50гр орой хотлуулсны дараа өгнө.



Халгайн дөрвөн хуруу

Халгайг хавар дөнгөж ургаж эхлэх үед бутны өндөр дөрвөн хуруу хэмжээтэй болох үед хадаж жижиглэн хэрчиж хатаагаад өвлийн ид хүйтэн, хавар ямаа самнах, үхэр хөөвөрлөх үед осгож даарсан болон ядарч доройтсон мал тэжээхэд маш сайн тэнхэрдэг. Бог малд өдөрт 1 удаа жижиг шаазан аягаар нэгийг, бод малд хоёрыг өгч болно.


Эх сурвалж: “Архангайн амьдрал”