sonin.mn
ЛОНДОН. /Financial Times/. Перу улсын Засгийн газрыг эсэргүүцсэн томоохон хэмжээний жагсаал цуглаан зэс олборлолтоор дэлхийд хоёрт ордог энэ улсын зэсийн үйлдвэрлэлд сөргөөр нөлөөлж, уг металлын үнийг цаашид өсгөж болзошгүй байна гэж “Financial Times” сонин мэдээлжээ.
 
Перуд эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн 12 дугаар сарын дунд үеэс хойш үргэлжилж байгаа юм. Хамгийн сүүлийн мэдээгээр, жагсаалын үеэр хэдэн арван хүн амиа алдаж, мянга гаруй хүн гэмтэж шархаджээ. Жагсагчид Ерөнхийлөгчөө огцорч, конгрессын болон ерөнхийлөгчийн ээлжит бус сонгууль явуулахыг шаардаж байгаа аж.
 
“Financial Times” сонинд бичсэнээр, гол уурхайнуудад олборлолт зогссоны улмаас дэлхийн зэсийн нийлүүлэлтийн 10 орчим хувийг хангадаг Перуд үйлдвэрлэл удааширч, зэсийн үйлдвэрүүд хаагдахад хүрчээ.
 
Дэлхийн зэх зээлд сүүлийн гурван сарын хугацаанд зэсийн үнэ тонн тутамд 9 мянган ам.доллар луу дөхөж, 20 гаруй хувиар өссөн нь Хятадад “COVID”-ийн хязгаарлалтыг гэнэт цуцалснаас үүдэлтэй эрэлт нэмэгдсэнтэй холбоотой аж.
 
Перугийн нийлүүлэлттэй холбоотой асуудал үнэ өсөхөд шинэ түлхэц өгч магадгүй гэж шинжээчид үзэж байна. Ялангуяа Перугийн өмнөд хэсгийн уурхайнуудад тэслэх бодис, ган зэрэг материалууд дуусаж байгаагаас гадна, шинэ ажиллах хүч авахад асуудал гарч байна гэж тус улсын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч асан, “Southern Peru Copper Corporation” корпорацын санхүү хариуцсан захирал Рауль Жейкоб хэвлэлд ярьжээ. “Перу улсын зэсийн экспорт хоёр, гурван сарын өмнөхөөс илт багассан” гэж тэрбээр хэлсэн байна. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг