sonin.mn
ДУБАЙ. /AP/. Дубайн захирагч, шейх Мохаммед бин Рашид Аль Мактум нисдэг такси хөтөлбөрөө дахин эхлүүлж байгаагаа “Twitter” хуудсаараа мэдэгджээ. Арабын Нэгдсэн Эмирт Улсын хамгийн алдартай тус хотод 2026 он гэхэд нисдэг такси үйлчилж эхэлнэ.
 
2017 он анх танилцуулж байсан уг хөтөлбөрийн түншээр  өмнө нь мэдээлж байсанчлан Хятадын EHang 184, XPeng X2 эсвэл Германы “Volocopter” биш харин Калифорнид төвтэй Америкийн “Joby Aviation” компани ажиллахаар болжээ.
 
“Joby Aviation”-ы бүтээсэн цахилгаан хөдөлгүүрт нисдэг таксины загварыг Дубайд хоёрдугаар сарын 13-нд болсон “Дэлхийн засаглалын дээд хэмжээний уулзалт”-ын  үеэр танилцуулсан байна. “Joby Aviation”-ы загвар нь нэг удаагийн цэнэглэлтээр 240 гаруй км зайд нисэж чадах бөгөөд босоо чиглэлд хөөрч, буудаг, хамгийн дээд хурд нь 320 км/цаг аж. 
 
Дубайн эрх баригчид Палм-Жумейра хиймэл арал болон хотын төвд байрлах Дубайн олон улсын нисэх онгоцны буудлын хажууд орших Дубай Марина дүүрэгт нисдэг таксины хөөрөх хоёр талбай, цэнэглэх дөрвөн цэгийг байгуулахаар төлөвлөж байна. 
 
Агаарын таксины үнэ "Дубайд лимузинээр зорчихтой ижил, магадгүй арай үнэтэй ч байж магадгүй" гэж Дубайн Зам, тээврийн газрын ажилтан Ахмед Бахрозян төрийн мэдлийн “Dubai Eye” радиод ярьжээ. Тус байгууллагын тооцоолж байгаагаар, агаарын такси үйлчилгээ нь "энгийн таксиныхаас дор хаяж 30 хувиар үнэтэй байх аж". 
 
Д.Жаргал
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг