sonin.mn
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос Цөлжилтийн Олон Улсын өдөрт зориулан 2023 оны 6 сарын 15-16-нд “Бэлчээрийн цөлжилт ба Монгол орны унаган экосистем- хээрийн экосистемийн үйлчлэлийн доголдол” сэдвийн дор Бэлчээрийн Үндэсний VI Форумыг төрийн ордны их танхимд зохион байгуулна. 
 
 
Монгол орон Сибирийн тайга болон Төв Азийн цөлийн заагт, умардын сэрүүн чийглэг уур амьсгалаас дулаан хуурай амьсгал руу шилжсэн бүст оршдог. Эх газрын хуурай эрс тэс уур амьсгал, жилд унах хур тунадасны хэмжээ, газрын гадарга, нарны тусгал, салхины хурд, ургамал ургалтын хугацаа, жилийн дөрвөн улирал ээлжилдэг байгалийн хүчин зүйлүүдтэй зохицсон хээрийн экосистем газар нутгийн 80 хувийг бүрдүүлдэг юм. Дотор нь уулын хээр, ойт хээр, жинхэнэ хээр, цөлөрхөг хээр, цөлийн хээр гэж ангилдаг. Энэ хээр нутгийн 70 гаруй хувийг малын бэлчээрийн зориулалтаар ашигласаар ирсэн.
 
 
Сүүлийн 30 жилийн турш малын тоо толгой хэт өсч бэлчээрийн экологийн чадавхийг хэтрүүлэн ашиглаж байгаа нь хээрийн экосистемийн доройтол улмаар цөлжилтийн үндсэн шалтгаан болж байна гэж эрдэмтэн судлаачид анхааруулсаар байна.
 
 
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт С.Цогтгэрэл гуайн нэгэнтээ хэлснээр “Манай орны бэлчээр уудам дэлгэр, олон төрлийн өвс ургамалтай. Ингэхлээр бэлчээр бол бидний гарт байгаа шавхагдашгүй их нөөц баялаг. Гэхдээ энэ их нөөц баялгаа хайрлан, зөв зохистой ашиглах явдал их чухал. Хамгийн эхлээд бэлчээрийг зөв ашиглах төлөвлөгөө боловсруулж, отор нүүдлийн зам гаргаж, хуваарь хийнэ. Тэгснээрээ бэлчээрийг тодорхой судалгаатай ашиглах боломж бүрддэг. Бэлчээрийг зөв ашиглаж сурна гэдэг нь, газар ус, өвс ургамлаа хайрлан хямгадах, эх орныхоо нөөц баялгийг ариг гамтай ашиглаж, малаа жилийн дөрвөн улиралд идэш тэжээлтэй байлгана гэсэн үг” гэж захиж үлдээжээ.
 
НҮБ-ын 2005 онд хэрэгжүүлсэн Мянганы экосистемийн үнэлгээгээр байгалийн нөөц баялаг хүн төрөлхтний амьдралд дөрвөн чиглэлээр үйлчилж байдаг гэж тодорхойлжээ. Үүнд, ханган нийлүүлэх, зохицуулах, соёлын, дэмжих үйлчилгээ багтана. 
 
Ханган нийлүүлэх үйлчилгээнд хоол хүнс, орон байр барих түүхий эд материал, үйлдвэрлэлийн түүхий эд материал, ундны ус, эмийн түүхий эд гэх мэт хүн төрөлхтний өдөр тутмын амьдралын хэрэгцээг хангадаг зүйлс орно. Зохицуулах үйлчилгээнд хүний амьдрах таатай орчныг бүрдүүлж байгаа цэвэр агаар, хүчилтөрөгчийн үйлдвэрлэл, үер, салхи зэрэг байгалийн гамшигт өртөхөөс, тоосжилт үүсэхээс сэргийлэх зэрэг уур амьсгалыг зохицуулах үүргүүд багтана. 
 
Нүүдлийн өв соёлыг бүтээгчид нь малчид
 
Соёлын үйлчилгээнд тухайн улс орны байгалийн тогтоц, хүчин зүйлс уламжлалт соёл бүрэлдэн бий болоход нөлөөлдөг гэж эрдэмтэд үздэг. Тухайн үндэсний соёлын бусдаас ялгарах өвөрмөц онцлог байгалийн тогтцоос урган гарсан гэдгийг батлах нэг жишээгээр Монголын уртын дуу нэрлэгддэг. Энэ их зах хязгааргүй нүд алдам тал нутагтаа таван хошуу малаа адгуулан амьдран суухдаа өдөр тутмын ахуй амьдралын туршлага, баяр хөөр, жаргал зовлон бэрхшээлээ хуваалцан илэрхийлэхдээ нүүдлийн олон сайхан соёлын өвийг бүтээжээ. Дэлхий дахин биднийг тал нутгийн хүмүүс, нүүдлийн соёл, өргөн уудам нүдэнд бүртийх ч дов үл харагдах газрын тэнгис мэт нутгаар нь “Талын монголчууд” гэж нэрлэдэг. Дэмжих үйлчилгээ буюу экосистемийн суурь энэ үйлчилгээнд хөрс бүрдэлдэн тогтох, тэжээлийн эргэлт, ус цэнгэгшүүлэх, ургамлын ургаж төлжих таатай орчин бүрдэх, агаар мандлаас нүүрстөрөгчийн хийг шингээн авч хүчилтөрөгчийг ялгаруулах зэрэг хүчин зүйлс орно.
 
 
Нийт газар нутгийн 70 хувийг эзэлдэг бэлчээрийн нөөцийг зүй зохистой ашиглахгүй олон жилийн турш нөөцөө шавхагдтал ашиглаж ирсэн нь Монгол орны хэмжээнд экосистемийн үйлчлэлийн тэнцвэрт байдал алдагдахад хүрсэн байна. Хамгийн зангилаа асуудал бэлчээр нутаг төрийн өмч, мал малчдын хувийн өмч. Малчид мал сүргээ адгуулан бэлчээр усаа ашиглахдаа доройтуулахгүйгээр зүй зохистой ашиглах тухай хэм хэмжээ бий болгох бодлого, эрх зүй, эдийн засгийн орчин бүрдүүлэхгүй олон жил өнгөрлөө. 
 
Иймээс УИХ-ын Байгаль орчин, Хүнс, Хөдөө аж ахуйн Байнгын хороон дээр УИХ-д санаачлан Газрын тухай хуулийн төсөлд бэлчээрийн газрыг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх бодлого, эрх зүйн орчныг сайжруулах зорилгоор нэмэлт өөрчлөлт оруулж өглөө.
 
 
Уламжлалт заншлын хэм хэмжээний хүрээнд малчид нь шинээр бэлчээр талхлах, тогтоосон бэлчээрийн “хил”-ийг зөрчихийг цээрлэх, нэг газрын цараа  нүнжгээ барахаас нааш солихгүй байх, “бүтэн”  бэлчээрийг  гол нөөц гэж үздэг уламжлалтай байжээ.   
 
 
Бэлчээрийн хил хатуу тогтоогдсон хуваарьтай байсан бөгөөд малын хээл томроогүй үед уулын орой хавийн бэлчээрийг, малын хээл томорсон буюу мал төллөсөн үед уулын оройгоос доош болон бэл, сугын бэлчээрийг, өвөлжөөний ойрын аргамжааны болон чөдрийн морь, төлөг, борлон, бяруунд зориулан нөөц бэлчээр болон үлдээдэг гэх зэрэг малын нас, хүйс, ашиглах зориулалтаас хамаарч бэлчээрийг тохируулан ашигладаг уламжлалтай. Эдгээр нь бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах заншлын хэм хэмжээний хүрээнд мөрдөгдөж ирсэн байна.
 
Малчдад бэлчээр зүй зохистой ашиглах мэргэжлийн  зөвлөмж, дэмжлэг шаардлагатай байна
 
Сүүлийн жилүүдэд малын тоо хурдацтай нэмэгдэж, нүүдлийн мал аж ахуйг эрхлэх явцад хүрээлэн буй орчин, бэлчээр хамгаалах, нөхөн сэргээх асуудал орхигдож нүүдлийн мал аж ахуйн уламжлал, заншлын хэм хэмжээний нөлөө буурч байна. Иймд бэлчээрийг ашиглах, хамгаалах уламжлалт сайн туршлагад тулгуурлах, нийтийн өмчийг үр ашигтай ашиглахад чиглэсэн орчин үеийн арга хэрэгслийг хослуулсан эрх зүйн зохицуулалтыг бэхжүүлэх шаардлага үүссэн.  
 
Бэлчээрийн доройтлын үндсэн шалтгааны нэг нь бэлчээрийг тодорхой хариуцлага хүлээхгүй нийтээр, дундаа ашиглах болсноор бэлчээр эзэнгүйдэж байна. Үүнийг шийдвэрлэх хүрээнд бэлчээрийг эзэнжүүлэх, бэлчээр ашиглалттай холбогдох хариуцлага хүлээлгэх тогтолцоог бүрдүүлэх гэх мэтээр бэлчээрийн менежментийг нэвтрүүлж тухайн нутаг дэвсгэрийн засаг захиргааны нэгжийн удирдлагаас харьяа нутаг дэвсгэрийн байгалийн баялаг, түүний дотор бэлчээрийн хомсдол, доройтолд оруулахгүй байх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
 
Иймд Газрын хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд бэлчээр ашиглах уламжлалт арга барилыг боловсронгуй болгон хуульчлах шаардлагын хүрээнд бэлчээрийг ангилж, ангилал тус бүрт бэлчээрийн менежментийг хэрэгжүүлэх этгээдийг тодорхойлон үүрэгжүүлсэн. Тодруулбал, бэлчээрийг дараах байдлаар ангилсан байна. Малынхаа тоо толгойг цөөлөх, зохицуулах шаардлагатай тухай ихэнх малчид ярьж, санал бодлоо илэрхийлж буй ч юунаас эхлэх, даацаас хэтрээд байгаа малаа хэрхэх талаар ойлголт мэдлэг нимгэн байна. Бэлчээрийн ачааллыг бууруулах урамшууллын бодлогоос гадна малчдад мэргэжлийн  зөвлөмж, дэмжлэг туйлын ихээр шаардагдаж байна.
 
Иймд хуулийн төсөлд бэлчээр ашиглалтын талаар хэрхэн туссан байдлыг тодруулж хүргэхэд Бэлчээрийг улирлын бэлчээр, отрын нөөц бэлчээр, эрчимжсэн мал аж ахуй эрхлэх бэлчээр, дамжин өнгөрөх бэлчээр, байгалийн тогтцоор бий болсон гол, горхи, нуур, цөөрөм, хужир, мараа, уст цэг бүхий бэлчээр гэж ангилсан. Улирлын бэлчээр, отрын нөөц бэлчээр, эрчимжсэн мал аж ахуйн бэлчээрийг гэрээгээр ашиглуулна. Үүнд, улирлын бэлчээрийг бэлчээр ашиглалтад суурилан сэлгээ нүүдэл хийх, зохистой ашиглах, хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулсан,  өөрийн дүрэмтэй малчин өрх, мал бүхий этгээдийн хамтын зохион байгуулалтын нэгдэл буюу “бэлчээр ашиглагчдын бүлэг”-т гэрээгээр ашиглуулна. Отрын нөөц бэлчээрийг малчин, малчин өрхөд гэрээгээр ашиглуулж болох ба эрчимжсэн мал ахуйн бэлчээрийг иргэн, хуулийн этгээдэд гэрээгээр ашиглуулж болно. Дамжин өнгөрөх бэлчээр, байгалийн тогтцоор бий болсон гол, горхи, нуур, цөөрөм, хужир, мараа, уст цэг бүхий бэлчээрийг нийтээрээ ашиглана.
 
 
Бэлчээр ашиглалтын гэрээний үндсэн нөхцөл нь бэлчээрээ зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээхэд малчдыг үүрэгжүүлж талхагдал, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах явдал юм. Нийт бэлчээр нутгийн 65 хувь доройтсон ч үүний 90 хувь ачааллыг тохируулж, ургамал ургалтын чухал үе шатуудад сэлгэж амраавал байгалийн аясаар нөхөн сэргээх чадвараа хадгалж үлдсэн гэж эрдэмтэд судалж тогтоосон байна. 
 
 
Хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн хэлэлцүүлгийг нийт орон даяар 18 аймгийг хамруулж, 2023 оны 4 сарын 10-18-ны хооронд 5 бүс болгон зохион байгуулж 960  гаруй малчин, мал бүхий иргэд, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчид, орон нутгийн газар, бэлчээрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд, баг, сум, аймгийн засаг дарга нарын  саналыг авч, хэлэлцүүллээ. Нийтдээ 20 гаруй чиглэлийн санал, хүсэлт ирүүлснийг нэг бүрчлэн задлан шинжилж, хуулийн төсөл болон дагалдах хуулийн өөрчлөлтийн төслүүдэд тусгалаа. Хэлэлцүүлгийн үед явуулсан санал асуулгын дүнгээс харахад нийт оролцогчдын 97.7 хувь нь бэлчээр доройтож байгаатай санал нийлсэн байна. Эрх зүйн орчныг өөрчлөх шаардага байна уу гэсэн асуултад оролцогчдын 90.6 хувь заавал өөрчлөх хэрэгтэй гэж хариулсан байна. Бэлчээр ашиглалтыг хэрхэн хариуцлагажуулах вэ гэсэн асуултад 46 хувь нь гэрээгээр, 27 хувь нь малын тоо толгойн албан татвараар гэж хариулсан байна.
 
Бэлчээрийн унаган төрхийг сэргээн хадгалснаар байгалийн бэлчээрийн малын гаралтай хүнс, түүхий эд, бүтээгдэхүүнээр олон улсын зах зээлд өрсөлдөж, эдийн засгийг солонгоруулах гарцыг нээх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэн өсөн нэмэгдэж байгаа дотоодын болон экспортын хэрэгцээг хангах боломж бүрдэнэ.
 
 
Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо