ҮБХИС-ийн Батлан хамгаалахын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалт, эрдэм шинжилгээний албаны сургалт, төлөвлөлтийн ахлах мэргэжилтэн тэргүүн ахлагч Ц.Оюунчимэг энэ удаагийн зочны хойморт уригдлаа. Анхлан сонгосон мэргэжилдээ, амьдралаа холбосон ахлагчийн албандаа чин сэтгэлээ дэвсэж, туйлын үнэнчээр зүтгэж яваа энэ эрхэм бүсгүйтэй ажил, алба гэхээсээ илүүтэйгээр энгүүн яриа дэлгэж, дотоод ертөнцийнх нь мөн чанарыг бага ч атугай илэрхийлэхийг хүслээ. Гэвч түүний яриа аяндаа л ахлагчийн алба, түүний хэтийн хөгжил хувьслын тухай эрхгүй “халтираад” байх аж. Ажил мэргэжилдээ шунан дурлаж, бахархан омогшиж, хайрлан хүндэтгэж, тууштай тэмүүлж, хийж бүтээсэн, хэлж ярих үгтэй байхын бахархалтайг нотлох бус уу. Тэрээр өнөөдөр (2023.06.30) докторын диплом, энгэрийн тэмдгээ гардан авсан юм.
Юуны өмнө танд эрдмийн зэргээ амжилттай хамгаалж, докторуудын эгнээнд элссэнд баяр хүргэе...
-Маш их баярлалаа. “Монгол Улсын Зэвсэгт хүчний ахлагч бэлтгэх сургалт, түүнийг боловсронгуй болгох арга зам” сэдвээр докторын ажил бичиж, амжилттай хамгааллаа. Энэ ташрамд зөвлөн тусалсан Т.Соронзонболд хурандаа болон н.Цэдэв багшдаа маш их баярлаж байгаагаа уламжилъя. Түүнчлэн судалгааны ажлаа амжуулах бүхий л боломжийг бүрдүүлсэн, тусалж дэмжсэн гэр бүл, ажлын хамт олондоо талархахгүй байхын аргагүй ээ.
Судалгаа шинжилгээ хийж, эрдмийн ажил бичнэ гэдэг багагүй цаг хугацааны ажил шүү дээ. Яг энэ эгшинд тархи амрах шиг мэдрэмж төрж байгаа байх даа...
-Тийм ээ, сүүлийн нэг жил гаруйн хугацаанд үнэхээр тэвчээртэй суулаа. Энэ зуураа бас өөрийгөө илүүтэй танилаа. Би чинь их хөдөлгөөнтэй, идэвхтэй байдаг хүн юм байна шүү дээ. Ууланд алхах, фитнесээр хичээллэх, өглөөд гүйх гэх мэт дадал хэвшил маань аргагүйн эрхэнд орхигдоод байсан. Харин одоо энэ бүхнийгээ эргээд сэргээнэ ээ. (инээв)
Ингэхэд та аль нутгийн унаган охин юм бэ?
-Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. Аав минь Баянхонгор, ээж минь Булганых. Миний хувьд бага балчраасаа эхлээд л өнөөг хүртэл зун болгон амралтаараа ээжийнхээ нутаг буюу Булган хангайг зорьдог. Тиймдээ ч хүмүүс намайг Булганых гэж ойлгодог шиг байгаа юм. Ямартаа л манай сургуулийн Булганы гаралтай хүмүүс уулзалт хийхдээ над руу утас цохиж “Манай Булганыхан уулзах гэж байна, та ирээрэй” гэж урих вэ дээ (инээв). Ер нь тэгээд Булганых гэхэд нэг их буруудах зүйлгүй дээ.
Аль арван жилийн сургуулийг дүүргэв, та? Хүүхэд ахуй насны дурсамжаа эргээд сөхвөл их түүхийг өгүүлнэ дээ...
-Би 1998 онд Нийслэлийн тэргүүний 62 дугаар дунд сургуулийг төгссөн. Мах комбинатын 62 гэдгээр нь хүмүүс андахгүй дээ, манай сургуулийг. Ээж минь тэр сургуульд насаараа бага ангийн багшаар ажилласан. Миний төрсөн аав Цэрэнсанги гэж хүн байдаг. Намайг насанд хүрч, иргэний үнэмлэх авахад аав минь иргэний бүртгэл дээр хөтөлж очоод л нэрээ Цэрэнсанж болгож, Цэрэнсанжийн Оюунчимэг гээд л үнэмлэхийг минь захиалж байлаа. Харин ээжийн минь нэгэн насны хань, гурван дүүгийн минь аав Мягмарсүрэн гэж хүн бол миний амьдралын хамгийн буянтай, өмөг түшиг болсон, ачлалтай хүн. Намайг өсгөн хүмүүжүүлж, өдий зэрэгт хүргэсэн учраас би Мягмарсүрэн аавдаа хамгийн их талархаж, их ойр дотно, амь нэгтэй амьдарч ирсэн. Ер нь тэгээд хүний амьдрал баялаг шүү дээ, миний хувьд хоёр сайхан аавынхаа хайр халамжийг мэдэрч, ачлал энэрэлд нь өлгийдүүлж, эрх танхилхан насаа үдсэн дээ.
Цэргийн хүн болох сонголтыг хэрхэн хийсэн бэ?
-Сурагч ахуй насандаа цэргийн хүн болох тухай ойлголт огт байгаагүй. Ах дүү, хамаатан садан дунд ч цэргийн хүн байхгүй учраас энэ талаар ямар ч ойлголт ухагдахуунгүй, эмч болно оо гэчихсэн л тууж явсан юм даг. Аав ээж, найз нөхөд ч намайг эмч болно гээд итгэчихсэн байсан. Гэвч яагаад ч юм нэг л мэдэх нь ээ цэргийн хүний замналыг сонгочихсон, өнөөг хүртэл түүндээ үнэнчээр зүтгэж явна. Цэргийн амьдрал руу орсон мөч их сонин. Анх БХИС-ийн энгийн ангид элссэн юм. Хичээл ч эхэллээ, бүх зүйл жигдрээд л явж байтал сургалтын төлбөр нэхэгддэг юм байна. Төлбөрөө төлж амжаагүй оюутнуудыг Сургалтын албанаас байнга шаардаастай. Тэр үед аав ээж маань боломж муутай л байсан шиг байгаа юм. Тэгээд нэг өдөр зарын сонин харжээ суутал Элитийн батальонд алба хаагч сонгон шалгаруулж авна гэсэн зар байх юм. Хамгийн гол нь төлбөргүй, бүхий л хангалт нь цаанаасаа гэж байна шүү. Тэгээд л бодлоо, нэлээд тунгаасны эцэст ерөөсөө энд шалгалт өгөөд үзье гэдэг шийдэлд хүрээд аав, ээждээ ч хэлэлгүй сургуулиасаа гарчхав. Элитийн батальонд тэнцчихнэ гэсэн бүрэн дүүрэн итгэлтэй байсан тул зориглож сургуулиа орхисон хэрэг л дээ. За тэгээд өнөөх сонгон шалгаруулалтад орж, биеийн тамирын шалгалт өглөө. Ямар ч асуудалгүй гүйж харайгаад л овоо сүрхий шалгууллаа гэж бодоод хүлээж байтал дүн ч гарлаа, би ч хасагдчихсан байдаг байна шүү.
Тэгж их итгэлтэй байтал хасагдсан тухай мэдээ сонсох хүнд туссан нь гарцаагүй...
-Тэгэлгүй яах вэ, гарцаагүй тэнцэнэ гээд сургуулиа хүртэл орхичихсон, энэ тухайгаа ээж, аавдаа ч хэлээгүйг хэлэх үү. Уйлаад л, өдөржин хямарлаа. Тэгээд гэртээ иртэл ээж минь намайг анзаарч юу болсон, яасан тухай лавлаж, би үнэн учраа өчиж, хэсэг ярилцлаа. Ээж маань намайг ойлгож, өрөвдөж хайрлахын зэрэгцээ таньдаг цэргийн хүн юу билээ, ярьж хэлье гээд л байж байтал яг тэр өдөр ээжийн найз, бас 62 дугаар сургуульд багшилдаг н.Гантөмөр эгч манайд ирж таарав. Бас л өнөөх яриа өрнөлөө. Гэвч аз болж Ганаа эгч маань урьд нь Цэргийн чуулгын 10 цагааны нэг явсан тул танил талтай байж таарч, нэг хүнтэй ярилаа. Би ч маргааш өглөө нь 6 цагт Таван шарын тэнд зогсож байхаар боллоо.
Нааштай хариу хэлжээ дээ... Хэн хүнгүй л бөөн баяр болсон уу?
-Нөгөө хүн нь “өөрөө тийм их сонирхолтой хүүхэд үү” гэж байгаа бололтой яриад л байсан. Тэгээд л зөвшөөрсөн байх. Би ч баярлаж хөөрөөд маргааш өглөө нь 6 цагт чемоданаа бариад зогсож бай гэсэн газар нь очоод хүлээлээ. Хэн ч намайг ирж авдаггүй, цаг яваад л байдаг, бүр өдөр өнгөрөх нь ээ. Би ч зогсоод л байлаа. Тэгсэн 15 цагийн алдад нэг хүн ирж намайг авдаг юм байна. Жанжин штабт ажилладаг бололтой л хүн байв. “Чи шалгуур давлаа, чамайг би давхар шалгасан юм, чи тэнцлээ” гэдэг юм байна. Үнэхээр л тууштай, тэвчээртэй, яс зогссоныхоо хариуд өнөөдрийнхөө энэ замналын эхлэлийг тавьсан даа. Магадгүй би хэн ч ирж авахгүй юм байна гээд буцчихсан бол өнөөдөр ямар ажил, мэргэжилтэй болчихсон яваа билээ, таашгүй.
Эндээс үнэхээр л тууштай, тэвчээртэй чанар тань харагдаж байна шүү. Сургалт, бэлтгэлдээ хамрагдаад шантарсан уу?
-Урьд өдөр нь хамтдаа шалгалт өгчхөөд л тэнцсэн хэд дээрээ маргааш нь яваад очтол өнөө хэд маань аль хэдийнээ цэргийн хүмүүс болчихсон байсан. Нэг л өдрийн хугацаанд шүү дээ. Элитийн батальоны сургалтын хөтөлбөр ямар шахуу, шаардлага хэчнээн өндөртэй байсныг харуулж байгаа биз. Цэргийн хүн ямар байх ёстой вэ, биеэ хэрхэн авч явах вэ гэдгээс нь эхлээд бүхий л чанарыг эхнээс тэгж сайн суулгадаг байж. Анх 80 гаруй хүн элсээд төгсөхдөө 50 болсон. Гэхдээ 20-иод эмэгтэй элссэн байснаас нэг нь ч замын дундаас хасагдаагүй. Эмэгтэйчүүд үнэхээр тэсвэр хатуужилтай. Ухаан алдаад л унана, босож ирээд би чадна аа гээд л гүрийнэ. Миний хувьд сургалтын явцад би юу хийчих вэ гэсэн бодолд ээрэгдэж, эргэлзэх үе байсан. Гэлээ гэхдээ тууштай чанараа хадгалж чадсан. Магадгүй би амар хялбараар тэнцсэн бол ухрах байсан байх. Ер нь хялбар олдсон зүйл хямд л байдаг. Ахлагчийн албыг сонгосон сонголт минь миний амьдралын хамгийн зөв алхам байсан. Төгсөөд 150 дугаар ангиас ажлын гараагаа эхэлсэн. Эндээсээ АНУ руу сургуульд явсан анхны таван ахлагчийн нэг болсон. Америкаас ирээд Ахлагчийн сургуульдаа багшаар томилогдож, өнөөдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байна даа.
Ер нь ажил, амьдралдаа ямар зарчмыг баримталдаг вэ?
-Хамгийн гол нь үнэнээрээ орших учиртай, хэнийг ч ялгахгүй харьцах ёстой гэсэн гол зарчмыг баримталдаг. Би хэзээ ч худлаа ярьж, хуурмаг байж чаддаггүй. Бас аливаад шударга, тууштай, зөвд зөөлөн, бурууд хатуу, зарчимч байя гэж хичээдэг юм. Гэхдээ сүүлийн үед хэтэрхий зарчимч байна гэдэг зөв үү, буруу юу гэж боддог болсон. Яагаад гэхээр амьдрал өөрөө баян учраас зарим юманд уян хатан байх ёстой ч юм уу. Мөн ахмадуудынхаа үгийг сонсож, тэднээсээ суралцахыг эрмэлздэг. Олон жилийн ажил, амьдралыг туулсан хүмүүсийн үг сургаал үнэхээр үнэтэй шүү дээ.
Танайхыг үлгэр жишээч цэргийн гэр бүл гэдгээр нь хүмүүс андахгүй болов уу. Та ханьтайгаа хэрхэн учирч байсан дурсамжаа дэлгэхгүй юү?
-Бид хоёр аль аль нь 150 дугаар ангиас ажлын гараагаа эхэлж байлаа. Намайг 2001 онд сургуулиа төгсөөд 150 дугаар ангид томилогдоход Ялалт ангидаа байгаагүй, Турк явчихсан байж таарсан. Ялалтыг Туркээс ирэхэд нь би зөрөөд Америк руу явсан. Тэгэхээр бид хоёр 150 дугаар ангийн хашаанд бие биеэ хараагүй гэж болно. Хожим нь тэргүүн ахлагч Д.Энхбаяр, түүний гэргий Ганчимэг эгч хоёр биднийг танилцуулж билээ. Тухайн үедээ тэрхүү даруухан бор дэслэгч залуутай нэгэн насныхаа амьдралыг холбоно гэж огт бодоогүй. Миний хувьд АНУ-д дамжаанд суралцаж төгсөөд ирчихсэн байсан учраас АНУ-ын зарчмаар офицер, ахлагч хоорондоо суухгүй л гэж бодож байлаа. Гэтэл нэг мэдэх нь ээ дотносчихсон байсан. (инээв) Миний хадам аав хурандаа цолтой, хадам ээж минь мөн ялгаагүй ахлагч цолтой цэргийн хүмүүс байсан. Тиймээс бид хоёр энэхүү цэргийн гэр бүлийн залгамж халаа болж яваагаараа бахархдаг юм. Миний ханийн ахан дүүс ч манай гэр бүлийг их хүндэтгэдэг дээ.
Цэргийн гэр бүл байхын бахархал, ажлын онцлогоос шалтгаалан ар гэрийн амьдрал орхигдохоос эхлээд бишгүй л сорилттой нүүр тулах нь мэдээж. Үлгэр жишээ цэргийн гэр бүлийг цогцлоосон жороо хуваалцвал...
-Бид хоёрын хувьд хоёулаа цэргийн хүмүүс учир бие биеийнхээ ажлыг маш сайн ойлгодог, гэхдээ хэзээ ч нэг нэгнийхээ ажилд оролцдоггүй зарчимтай. Дээр нь бид их азтай хүмүүс. Ар гэр, үр хүүхэд гэж сэтгэл санаагаа хоёрдуулахгүйгээр ажилдаа сэтгэлээ шингээж, ажлаа тайван хийх боломжийг манай аав ээж бидэнд олгосон. Манай хоёр том хүүхдийг тэд минь л өсгөсөн дөө, гэрт ирээд харчихдаг байв. Хүүхдээ аав ээждээ даатгачхаад ажилдаа тайван явна гэдэг залуу гэр бүлд асар том тус шүү дээ. Харин одоо бага дээрээ л жинхэнэ аав, ээжийн үүрэг хариуцлагыг мэдэрч байна даа, бид хоёр. (инээв) Одоо Ялалт бид хоёр ярьдаг юм. Аав ээжийнхээ буянд хүүхэдгүй мэт л ажиллаж иржээ гэж. Тэгээд бас хожим нь өөрсдөө ч ач зээ нараа маш сайн харж өгнө, их сайн өвөө эмээ байна гэж ярилцдаг юм. Монгол хүний амьдралын хэлхээ юм даа.
Хүүхдүүдээ өөрсдийнхөө мэргэжлийг өвлөсөн цэргийн хүн болгох талаар боддог биз ээ...
-Өөрсдийнхөө хүсэл сонирхлоор мэргэжлээ сонгоод яваасай гэж хүсдэг. Яах вэ, гэр бүлийнхээ хүнийг бодохоор цэргийн удам битгий тасраасай гэж бас боддог. Тэгэхээр магадгүй аавынхаа мэргэжлийг өвлөөд явна аа гэвэл хоёр гараа өргөөд л дэмжинэ, огт татгалзахгүй.
Эх орны үнэ цэний тухайд ярилцлагаа үргэлжлүүлье, хоёулаа...
-Энэ ойлголт бол миний хувьд юутай ч харьцуулшгүй үнэт зүйл. Өөрийн гэсэн ямар ч зүйл үнэхээр өөр шүү дээ. Цаанаасаа нэг тийм өөриймсөг, дотно, тав тухтай мэдрэмжийг өгдөг. Бусад газар очлоо гэхэд хэчнээн өндөр хөгжилтэй байлаа ч миний эх орон шиг мэдрэмжийг өгдөггүй. Харин тэндээс хөгжил, сайхан зүйлийг нь хараад манайх ийм болчхоосой гэж их хүсэж харж явдаг.
Ингэхэд та энхийг сахиулах ажиллагаанд оролцсон бил үү?
-Нэг ч удаа явж байгаагүй. Яагаад гэхээр сургалтын байгууллагад ажиллаж байгаа учраас тэр болгон ажлаа орхиод явах боломж хомс. Сүүлийн жилүүдэд л сургуулиас нэлээд олон хүн бодлогоор явдаг болсон. Миний хань өөрөө маш олон ажиллагаа удирдаж явсан тул намайг явахыг нэг их дэмждэггүй. Гэхдээ би цэргийн хүний хувьд хэзээ нэгэн цагт ажиллагаанд явна даа гэсэн бодлоо хэзээ ч орхиж байгаагүй. Магадгүй ойрын ирээдүйд явахыг үгүйсгэхгүй.
Таны бахархал юу вэ?
-Монгол Улсын Зэвсэгт хүчний байнгын бүрэлдэхүүний ихэнх хувийг ахлагчийн бүрэлдэхүүн бүрдүүлж байна. Бид мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчинтэй болно оо гэж байгаа бол энэ үндэс нь өөрөө ахлагч нар юм. Ахлагч нарыг эхлэн бэлтгэх хариуцлагатай үүргийг гүйцэтгэж байгаа сургалтын байгууллага маань анхны сургалтаасаа л сайн бэлтгээд явчихвал дараа дараагийн сургалт маань сайн болоод л явчихна гэсэн зарчмаар бид үйл ажиллагаандаа анхаарал хандуулдаг. Тиймээс манай сургуулийн үнэт зүйл нь өөрөө чадварлаг боловсон хүчин, чанартай сургалт, чадамжтай төгсөгч. Үндсэндээ төгсөгчөө бид үнэт зүйл болгодог. Төгсөгчид маань ч энэхүү үнэт зүйл болгож баримжаалсан уриаг маань алдаагүй яваа гэдгийг манай салбар, улс орон, тэр ч байтугай олон улс хүлээн зөвшөөрсөн нь бидний бахархал юм даа. Гагцхүү ахлагчийн албыг илүү хөгжүүлэхэд бодлогоор сайжруулах асуудлууд байгаа. Тогтвортой ажиллуулах, үнэт зүйлээрээ бахархуулах, өдий хүрээд хөгжчихсөн байгаа энэхүү албыг ухраахгүй байхад бодлогоо чиглүүлээсэй гэж боддог.
Үнэт зүйлээ тогтвортой байлгах талаар багш, судлаач хүний хувьд юу хэлэх вэ?
-Энд хэд хэдэн шалтгаан байдаг юм билээ. Судлаачийн хувиар би ЗХЖШ-ын удирдлагын дэмжлэгтэйгээр Зэвсэгт хүчний анги, салбаруудын ахлагч нараас судалгаа авч, тайланг нь гаргалаа. Цалин мөнгө багаас гадна ар гэртээ гаргах цаг зав, ажлын цагийн ачаалал, гэнэтийн төлөвлөгдөөгүй ажил зэрэг нь албанаасаа татгалзах, Зэвсэгт хүчнээс гарах нэг шалтгаан болж байна. Тэгэхээр хийх ажил, хүрэх түвшин тодорхой байх нь чухал байна. Мөн ар гэртээ санаа зовохгүй ажлаа хийхэд сургууль, цэцэрлэг гээд их өргөн хүрээний асуудлууд хөндөгдөнө. Олон талаас нь харж мэдрэмжтэй шийдвэр гаргах л хэрэгтэй.
Тухайлбал, АНУ-ын цэргийн алба хаагч өөрийгөө хөгжүүлэх төлөвлөгөө гаргаад түүнийгээ батлуулчихсан байдаг. Тухайн ахлагчийн ирээдүй нь тодорхой гэсэн үг. Мөн сургалт, томилгоо, чухал хариуцлагатай үүрэг даалгавар гүйцэтгэсэн байдал, шалгалт, сургалт бэлтгэлийн дүн болгоноор оноо цуглуулаад явж байдаг. Ийм онооны системийг нэвтрүүлэх хэрэгтэй.
Ингэвэл хүн өөрийгөө шахах, өрсөлдөх, дээр нь хажууд байгаа хүний оноо ил байж байдаг, шударга. Ингэвэл хүн албандаа тууштай, зорилготой, хариуцлагатай байх үндэс тавигдах юм. Энэ мэтээр олон улсын жишиг стандартыг өөрийн хөрсөндөө нийцүүлэн хэрэгжүүлж ажил болгох хэрэгтэй. Энэ бүхний эхлэл манайд тавигдсаар л байгаа. Бид хамгийн түрүүнд ахлагчийн стандарт дээр ажиллаж эхэлсэн. Ахлагчийн сургалт, бэлтгэлийн стандарт их чухал юм байна. Стандарт дотроо төгсөлтийн дараах албан тушаалын шаталсан сургалтуудын стандартыг гаргаж ирсэн. Энэ сургалтыг эхлээд АНУ, Аляск, Батлан хамгаалахын боловсролыг хөгжүүлэх төслийн хүрээнд олон хүнтэй хамтран туршиж эхлээд өөрийн орны хөрсөнд буулгаж, 2010 онд анхны стандарт батлагдсанаас хойш даргалах албан тушаалын ахлагчийн сургалтыг зохион байгуулж, өдгөө 1500 гаруй ахлагчийг төгсгөөд байна. Энэ маань Зэвсэгт хүчний болон ангийн удирдлага, ахлагч нараас маш өндөр үнэлгээ авсан.
Энэ хүмүүсийн харилцаа хандлага, хүн удирдах арга барил, ухамсарлах чадвар өөр болсон. Олон улсад ч удирдах албан тушаалын үүрэг гүйцэтгэх боломжтой болжээ. Ахлагч бол гүйцэтгэх албан тушаалтан гэсэн ойлголтоор яваад байж болохгүй. Тэгвэл олон улсын түвшинд ч энэ л хандлагаараа явна шүү дээ.
Ахлагчийн албыг хөгжүүлэхэд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол яг энэ даргалах албан тушаалын ахлагчийн шаталсан сургалт шиг мэргэжлээрээ төгссөн ахлагч нарыг тасралтгүйгээр шатлан жинхэнэ утгаар нь мэргэшүүлэх сургалтыг гаргаж ирэх ёстой юм байна. Тэгэхийн тулд энэ сургуулийн орон тоог дадлагын мастер багш нараар бүрдүүлэх ёстой. Одоогоор бэлтгэгдсэн даргалах албан тушаалын 1500 гаруй ахлагчийн ихэнх нь тэтгэвэр чөлөөнд гарч байна. Ингэхээр бусад ахлагч нарыг ч тасралтгүй хөгжүүлж, даргалах албан тушаалын ахлагч нартай адилхан нэр төр, үнэлэмж, цалин хангамжийг нь сайжруулж, хүний нөөцийн бодлоготойгоо уялдуулаад явбал ахлагчийн албаны үнэлэмж дээшилнэ гэсэн судалгааны үр дүн гарсан. Энэ ч утгаараа дээрх саналаа дэвшүүлээд хөтөлбөрүүдийн төслийг бэлтгээд явж байна. Ер нь ахлагч нарын ирээдүй сайхан болно оо.
Бас нэг зүйлийг тодруулахад офицер, ахлагч хамтарч ажиллах ёстой. Үүнийг тусдаа гэж ойлгоод байдаг. Жишээ нь, дөнгөж төгсөөд ирж байгаа дэслэгч салааны дарга боллоо. Гэтэл түүний хажууд зургаагаас доошгүй жил алба хаасан, салааны ахлагчийн дамжаанд суралцаад төгсчихсөн бэлээхэн зөвлөх, туслах, хамтрагч байна.
Тэр ахлагчтайгаа салааны захирагч хамтарч ажиллаад салаагаа аваад явах учиртай. Ротын захирагчийн хажууд ротын ахлагч гээд 10-аас дээш жил алба хаачихсан туршлагатай хүн байна. Мөн л ротын даргынхаа туслах, зөвлөх, хамтрагч шүү дээ. Энэ мэтээр офицер, ахлагч хоёр эхнэр нөхөр мэт хамтарч үүрэг гүйцэтгэх ёстой. Үүнийг манай офицер, ахлагч нар аль аль нь ойлгох ёстой. Тэр утгаараа даргалах албан тушаалын ахлагчийг бий болгосон. Америкийн нэг генерал хэлж байсан юм билээ. Анх дэслэгч болоод очсон ангид минь хур туршлагатай ахлагч байсан учраас арга барилаа олоогүй явсан би салаагаа маш сайн удирдсан. Тэр бид хоёр эхнэр нөхөр мэт нягт байлаа гэж хэлсэн байдаг юм билээ.
Цаг гарган ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажилд амжилт хүсье...
-Намайг урьж ярилцсан “Соёмбо” сониныхоо хамт олонд маш их баярлалаа. Намайг үргэлж ойлгон дэмждэг, миний амьдралын туршид учирсан бүхий л сайхан хүмүүст талархал илэрхийлье ээ.
Хошууч Д.Мэндбаяр
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Ням - 12 сарын 14,
2025

Сэтгэгдэл1
Манайхан хунийг нэг магтахаараа арай хэтруулнээ нутгийн охин болгочихлоо, тэр нохор онгоний нь мэддэг байхнээ!!!
Ялалт одоо яаманд ажиллаж бна уу ?
Ялалт одоо хаана ажиллаж байна. Хишгээ эгч нь дүү нараа сайн авч явдаг. Хүмүүжил сайтай Увс аймгийн Бөхмөрөнгийн хүмүүс байхаа…
Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.