sonin.mn

Орой болсон ч зам дөхөхөөр бид сумын төвөөс гарахад том том малгайлсан цас орж байснаа юу юугүй шуурч эхлэв. Сумын тев засмал замаас 3 километр зайтай боловч нутгийн зам цасанд аль хэдийн дарагдаж, жолооч маань ирсэн замаа олоход бэрхтэй болж, энэ цасан шуурганаар төөрчих вий хэмээн бид сэтгэл түгшиж эхлэв. Харин аймгийн сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн маань сум, орон нутагтаа байнга очиж ажилладаг учраас зам, харгуйг сайн мэддэг тулдаа төв замдаа орж, бидний санаа амарсан билээ. Энэ удаа бид БСШУЯ, НҮБ-ын Хүүхдийг ивээх сан болон Боловсролын хүрээлэнгийн хамтарсан "6 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал"-ын судалгааг Увс аймагт авч яваа нь энэ. Тус аймгийн Наранбулаг, Сагил, Түргэн болон аймгийн төвийн нийт 80 орчим 6 настай хүүхдийг судалгаанд хамруулсан билээ. Судалгааны бусад баг маань Хөвсгөл, Өмнөговь, Хэнтий, Улаанбаатар хотод судалгаа авсан юм.

Замаа олсон бид баярлацгааж, хол, ойрын сонинг ярьцгааж, зарим нь ч аян замын бүүвэйнд автан нойрмоглож эхлэв. Цасаар шуурахаа больж, том томоороо ширхэглэн орж, машины хамар, цонх ер нь л аль тааралдсан газраа чимээгүйхэн унаж хайлахыг би хэсэг харан сууж байтал янз бүрийн бодол ар араасаа хөврөн орж ирэв. Судлаач бидэнд өвөл, зун, хавар, намрын аль ч цагт судалгаа авах шаардлага гарах бөгөөд хаврын хавсарган цагт малчин айлын ая занг тааруулж судалгаа авах нь хэцүү. Яагаад гэвэл тэнгэр агаар тааруу, мал идэх өвсгүй үед янз бүрийн юм асууж шалгаагаад байхад хэн дуртай байх билээ.Өглөөхөн бид сум руу явах замдаа сумын төвиин малчид отор нүүдэлдээ явж байгаа болохоор ер нь 6 настай хүүхэд ховор байна даа гэж ярьцгааж байтал сөөвийсөн үстэй 2 хүүхэд гэрийнхээ /жовлой гэж нутгийнхан нэрлэнэ./ гадуур давхин өнгөрөх машиныг харан зогсож байгаа бололтой байхыг хараад манай судалгааны объект энд бүр хоёроороо байж байна гэж баярлан инээлдээд, буцах замдаа энэ айлаар орно гэж тохиролцсоны дагуу эрж сурсаар байгаад олж очсон билээ.

Энэ айл бол нутаг усандаа нэртэй, мал сүрэг ч арвинтай, ирэх намар сургуульд орох насны ихэр хүүхэдтэй, Увс аймгийн Сагил сумын малчин Баттөмөрийнх юм. Ихрийн нэг нь хүү, нөгөө нь охин. Бидний хоёр судлаач хүүхдүүдээс нэг дор судалгаа авахад бие биедээ саад болж, анхаарал нь сарнина гэцгээж нэг нь жовлойд, нөгөө нь машинд сууж судалгаагаа авч эхлэв. Охины нэрийг Мөнхзул гэнэ. Надад охин нь таарсан тул түүнийг машинд суулган судалгааны ерөнхий цөөн хэдэн асуултаа асуусны эцэст, үндсэн даалгаврыг гүйцэтгүүлэв. Даалгаварт хүүхдийн хэл яриа, математикийн энгийн төсөөлөл, харилцаа нийгэмшихүйн хөгжил, суралцах чадварын түвшин гэсэн багц даалгаврууд байсан бөгөөд судалгаанд хамрагдаж байгаа охинд арай л хүнддэх болов уу гэж бодож байлаа.

Гэтэл охин маань даалгаврыг эхнээс нь түгдрэлгүй хийж, заримыг нь бүр хугацаанаасаа өмне дуусгаж байсан нь миний гайхлыг төрүүлэв. Хамгийн их гайхсан зүйл юу вэ гэвэл хоорондоо яг ижил гурван хүүхдийн дүрсийг олон зургаас гурван минутад ялгаж олох даалгаврыг гүйцэтгэхдээ баруун гарын эрхий, долоовор, дунд гурван хурууны өндгийг дүрсээс ер салгалгүй, багцлан нэг зэрэг гурван дүрсийг зааж, ажиглаж байсан бөгөөд 40-өөд секундэд хоёр ижил хүүхдийг олчихлоо. Тед удалгүй гурав дахь хүүхдийг олчихов. Энэ даалгаврыг судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн ихэнх нь хийж чадаагүй юм. Чадсан хүүхдүүд ижил дүрсийг гарын 2 хуруугаар зааж байсан билээ.

Судалгааны хэд хоногт бидний ярих ярианы гол сэдэв нь байнга л судалгаанд оролцсон хүүхдүүд байв. Нэг удаа багийн ахлагч маань, 6 настай хүүхдүүд ишиг хургыг эхэд нь тавьж өгөхдөө нэгийг нь ч будилуулалгүй зев таньдаг, үүгээрээ бусад насныхнаас илүү байдаг, иймээс ч малчин аав ээжүүд нь мал теллөх цагаар хүүхдээ болж л өгвөл цэцэрлэгээс нь аваад явчихдаг гэнэ гэж ярихад нь нөгөө охин 3 хуруугаараа дүрсийг зааж байсан нь санаанд зурсхийн орж ирэв. Аргагүй л малч удмын, малд нүдтэй, малчин хүүхдүүд. Бодвол хүү нь аавыгаа даган өдөржин мал маллаж, охин ээжийгээ даган гэр зуурын ажилд туслангаа орж гаран малтай ойр байж ажил хөдөлмөрт сургадаг тухаи хэзээ хойно хотод ирсний дараа ээжтэй нь утсаар ярьж хүүхдүүдийнх нь тухай лавлан асуухдаа мэдсэн юм.

Ээж гэснээс, ихрүүдийн ээж нь хүүхдүүдтэйгээ байнга ажилладаг, хичээл ном зааж сургадаг тухай, мөн сургуулийн насны 2 хүүхэд нь сургуульд сурч байгаа болон тэдэндээ маш их анхаарал халамж тавьдаг тухай цэцэрлэгиин эрхлэгч, багш нар магтан ярьж байсныг дурдахгүй енгөрч болохгүй болов уу? Дээрээс нь нэмж хэлэхэд 6 настай хүүхдүүд нэг удаа л харсан зүйлээ фото зургийн хальсанд буулгасан мэт яг байгаа байдлаар нь тогтоодог нас, сэтгэл зүйн онцлогтой байдаг юм билээ. Харин хүүхдүүд томрох тусмаа юмсын гадаад чанараас дотоод мөн чанарыг таньж ойлгохыг хичээдэг байна. Зургаан настнуудад хичээл сургалт явуулахдаа тэдний нас, сэтгэл зүйн дээрх онцлогийг харгалзан сургалтын баримт бичгийн боловсруулалт-(сурах бичиг, хичээлийн хэрэглэгдхүүн гэх мэт)-ыг бодож хийх нь зүйтэй болов уу.

Бас нэг гайхшил төрүүлсэн зүйл юу байсан бэ гэвэл математикийн энгийн төсөөллийн түвшинг тогтоох багц даалгаварт 20-ын дотор нэмэх хасах үйлдэл хийх 10 орчим даалгавар байсан. Охин 10-ын доторх үйлдлийг гар хуруугаа тоолон зев гүйцэтгэж байгаад 10-аас дээшхи үйлдэл дээр гацчихав. Тэгэхээр нь одоо дахиад 10 хуруу байхгүй яадаг билээ? гэж асуухад нүдээ дүрлийлгэн хэсэг гайхаж байснаа муухан инээмсэглэв. Би, за тэгвэл чи энд 10 хурга байгаа гээд бодчих гээд хоосон газар багцлан зааж, энэ 10 хургаас гадна 7 хурга байна гээд 7 хурууг нь гаргуулаад, одоо 2 хургыг нэмээд хэд болов гэж асуухад хэсэг байснаа 19 гэж хариулав. За хариуг нь бичээрэй гэхэд охин солгой гарын доор баруун гарыг дэрлүүлэн бичихдээ 9-ийн тоог буруу харуулан бичиж байсап нь миний инээдийг хүргэж байв. Гэхдээ байхгүй 10 хургаа марталгүй нэмэх үйлдэл хийж байгаа нь ехөөрдмөөр санагдаж, энэ хүүхдийн хийсвэрлэхүй сайн байна даа гэж бодоход хүргэсэн юм. Аргагүй л тоог буруу харуулж бичих нь энэ насны хүүхдийн онцлог юм даа. Ер нь судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн хувьд малчин хүүхдүүд даалгаврыг гүйцэтгэхдээ суурин газрын хүүхдүүдээс илүү тогтвортой, юмыг ганц удаа хэлүүлээд л ойлгодог, анхаарлын төвлерөл нь сайн байсан бол суурин газрын хүүхдүүд малчин хүүхдийг бодвол илүү хөдөлгөөнтэй, анхаарал нь амархан сарнимтгай боловч зурах, бичих чадвар сайн байх нийтлэг шинж ажиглагдаж байсныг тэмдэглэх хэрэгтэй.


Бид судалгаанд хамрагдсан 6 настай хүүхдүүдийн эцэг эхээс асуулга авсан бегөөд хүүхдээ сургуульд оруулахад бэлэн байна уу гэсэн асуултад мал малладаг эцэг эхчүүд төдийлөн бэлэн гэж хариулалгүй, хүүхэд маань нялх байна даа, эцэг эхээсээ холдож чадахгүй байх даа гэж санаа зовсон байдалтай хариулж байсан юм. Энэ үнэн боловч 1 жилийн дараа ч бай, 2 жилийн дараа ч бай хүүхэд сургуульд сурч, ижил дасал болсон орон гэрээсээ, ишиг хурганаасаа хэсэг хугацаанд хургыг эхэд нь нэг бүрчлэн тавьж егдөг хүүхэд нь сургуульд явахаар мал малладаг аав ээжүүдэд хэцүү болох нь мэдээж.

Олон улсын болон мэргэжлийн түвшинд хүүхдийн өсөлт бойжилт, хөгжил, ёс суртахуунд хор хохирол учруулахуйц ажлыг хүүхдийн хөдөлмөр гэнэ гэж тодорхойлсон шиг малчин эцэг эхчүүд бага насны хүүхдээрээ тэдний  бие бялдар,оюун санааны өсөлт хөгжилтөд сөрөг нелөө үзүүлэх хүнд хүчир ажил хийлгэдэггүй нь лавтай. Тийм болохоор гэр орон, аав ээждээ тусалж, ишиг хургыг эхэд нь тавьж егч байгаа малчин хүүхдийн ажил бол хүүхдийн хөдөлмөр биш бөгөөд харин ч байх ёстой ажил мөн. Гэхдээ хүүхдээ багаасаа малд нүдтэй юм хөөрхий, мал дагавал ам тосдоно, үүгээрээ хоолоо олж идэг хэмээн санаж зарим малчин эцэг эхчүүд хүүхдээ сургуулиас завсардуулах, үе тэнгийнхнээс нь холдуулах, улмаар сургуульд дургүй болгох буруу хандлага байгааг нуухын аргагүй. Эдгээр завсардсан хүүхдийн талаас илүү хувь эрэгтэй хүүхэд байгаа нь боловсролын жендерийн тэнцвэргүй байдлын суурь болох магадлалтай. Сургууль завсардан мал маллаж байгаа хүүхдүүд орон гэртээ, аав ээждээ болон ах дүү, хамаатан садныдаа хугацаагүй, хелс хүчгүй хөдөлмөр эрхэлж байгаа хэрэг бөгөөд даарах, халууцах, ажлын ачаалал хэт ихсэж ядрах зэргээр эрүүл мэндээрээ хохирдгоос гадна томчуудын буруу зуршилд уруу татагдахыг ч үгүйсгэх аргагүй. Харин манай тэмдэглэлийн гол баатар Менхзул охиныг аав, ээж нь ирэх намар дүүтэй нь хамт сургуульд явуулна, аймгийн төвд хоёр ах нь байгаа болохоор ханьтай гэж байсан билээ.

Нэг л мэдэхэд хаврын хахирган цаг енгөрч, зуны дэлгэр цаг ирнэ. Хүүхдүүд ах нартайгаа хамт сэтгэл дүүрэн тоглож наадан, ишиг хургаа хариулсаар намар цагтай учирна. Хичээл сургуульд явах болоход дасаж дадаагүй анги танхим, таниж мэдэхгүй хүүхэд, багш нар угтан авна. Дээрээс нь едөр тутмын хэвшсэн амьдралаас нь тэс өөр хичээл номтой золгоно. Иймд зөвхөн Мөнхзул охины хувьд ч бус бусад 6 настай хүүхдүүдийн ой ухаанд хадгалагдан үлдсэн орчин, нөхцел тэс өөр болж өөрчлөгдөх учраас боловсролын байгууллагын ажилтан ажилчид, багш сурган хүмүүжүүлэгч бидний емнө ирээдүйн Монгол орны иргэдийг нийгмийн амьдралд бэлтгэн, сурган хүмүүжүүлэх том хариуцлага ногдож байна.

Малын буян дэлгэрч, малд нүдтэй Монголын үр сад түм бум болтугай.

Х.Цэцэгжаргал

Эх сурвалж: "Нээлттэй сургууль"