sonin.mn

-Амар сайн байна уу? Та Монгол оронд тавтай сайхан морилж байна уу? Монгол оронд хүрэлцэн ирээд лам хувраг, сүсэгтэн олонд номын рашаанаа хүртээж байна. Монгол орон танд хэрхэн санагдаж байна вэ?


-Би өмнө нь анх удаа 1993 онд Монгол оронд хүрэлцэн ирж байлаа. Тэр үед ийм их материаллаг хөгжил байгаагүй, хоёр гуравхан л өндөр барилгууд харагддаг байлаа. Нэг нь одоогийн Баянгол, нөгөөдөх нь Улаанбаатар зочид буудал байсан санагдаж байна. Түүнээс биш машин тэрэг багширалдаад, байшин барилга олон байгаагүй.

Өнөөдөр бол хаа сайгүй машин тэрэг, гудамж талбай бүрт олон хүмүүс, барилга байгууламжууд олноор баригдсан байгааг харлаа. Энэ хэдхэн жилийн хугацаанд танигдахын аргагүй өөрчлөгдсөн байна.

Бид хичнээн мөнгөтэй, хөрөнгөтэй болсон ч гэсэн дотоод сэтгэлээ ямагт орхиж болохгүй


-Материаллаг зүйлсийн хөгжил их байна гэж та яриандаа дурьдлаа. Монголд төдийгүй дэлхий даяар материаллаг зүйлсийн нөлөө маш их байна. Хэтэрхий их материаллаг зүйлсэд анхаарлаа хандуулахаар сэтгэл, оюуны боловсрол дутагдаж байна уу даа гэмээр санагддаг. Үүнд бурханы шашны гүйцэтгэх үүрэг юу вэ? Ирээдүй хойч үеийн залуус маань цаашид юу хийх нь чухал вэ?


-Өнөөдрийн нийгэмд өдрөөс өдөрт материаллаг хөгжил маш их хурдацтай хөгжиж байна. Материаллаг зүйлс их хөгжсөний шалтгаан нь шинжлэх ухааны хөгжлийн үр нөлөө гэж хэлж болно. Энэ бүхэн бол ердөө гадна талын хөгжил юм. Эдгээр шинжлэх ухааны хегжлүүд нь бидэнд маш их хөрөнгөлөг хүмүүсийг бүтээж байна.

Тэдгээр херөнгөлөг хүмүүс гадна талаа маш өндөр хөгжүүлж байгаа хэдий ч, дотоод сэтгэлээ хөгжүүлэхээ орхигдуулж дотоод сэтгэлдээ хоосролтой байсаар л байна. Бид хичнээн мөнгөтэй, хөрөнгөтэй болсон ч гэсэн дотоод сэтгэлээ ямагт орхиж болохгүй. Гадна талдаа юугаар ч дутахааргүй байгаа атлаа дотоод сэтгэлдээ хоосон байгаагийн гол учир нь гэвэл бидний ханаж мэддэггүй зангаас болж байгаа юм.

Аливаа зүйлийг надад байхгүй байлаа ч гэсэн, би энэ зүйлгүйгээр ч гэсэн амьдарч болно шүү дээ гэсэн болио мэдэл байх хэрэгтэй. Энэ бүхэн л дутагдсанаас болж бидний гадаад тал яаж хөгжинө, түүнийг дагаад л гадна талтай барьцалдаад явж байна шүү дээ

Ингээд бид нар өөрийнхөө жинхэнэ дотоод сэтгэлийг орхичихдог. Бурханы шашинд энэ талаар юу гэж айлдсан байдаг вэ гэхээр хүн аливаа зүйлийг хэр хэмжээндээ хүссэнээрээ тохируулан хэрэглэхийг хүсэж байгаа бол болио мэдлийг хамгийн түрүүнд сэтгэлдээ бий болгох хэрэгтэй.

Аливаа зүйлд ханаж цадаж, мэддэг зангийн үүднээс юу ч хийлээ гэсэн ерөнхийдөө тэр хүний дотоод оюун нь боловсорсон байгаагийн илрэл юм. Аливаа сайхан зүйл тааралдсан ч гэсэн шаардлагагүй бол түүнээс татгалзаж чаддаг байх хэрэгтэй.

Шинжлэх ухаан нь бурханы шашинтай шүтэлцэж байж маш их зүйлийг нээж чадах юм


-Шинжлэх ухаан асар хурдацтай хегжиж байна. Мөн шинжлэх ухааны эрдэмтэд бурханы шашныг судлан шинжилж байна. Шинжлэх ухаан болон Бурханы шашны харилцан хамаарлын тухай?


-Өнөөдер шинжлэх ухаан маш их хөгжсөн нь үнэн. Далай багш "Өнөөдөр шинжлэх ухаантай хөл нийлүүлэн алхаж чадах ганц шашин бол Бурханы шашин яалт ч үгүй мөн байна" гэж айлдсан байдаг. Бурханы шашин бол сэтгэлийн шинжлэх ухаан юм.

Зуугаад жилийн өмнө Амдо нутгийн Гэндэнчойнбол гэдэг эрдэмтэй хувраг амьдарч байсан гэдэг. Түүний тэмдэглэлийн дэвтэрт: "Зуугаад жилийн өмнөөс шинжлэх ухаан хөгжөөд ирлээ. Харин одоо л үүд хаалгаа нээх гэж байна. Миний ажиглаж байгаагаар бол бусад шашинууд шинжлэх ухаанаас маш их айж байна.

Яагаад гэвэл энэ шинжпэх ухаан маш хүчтэй хөгжөөд ирэхээр бидний үзэл, номлолд маш хүчтэй хорлолтой байна гэж үзээд зайгаа барин эмээж эхлэж байна. Харин шинжлэх ухааныг бурханы шашны дэргэд үзэхээр ердөө бүдүүн бараг л зүйл байх юм.

Ерөөсөө түүнээс эмээгээд байх зүйл биш байна. Харин ч манайхтай хөл нийлүүлэн алхаж чадвал хэн хэндээ дэм болно. Шинжлэх ухаан нь бурханы шашинтай шүтэлцэж байж маш их зүйлийг нээж чадах юм" гэж дурьдагдсан байдаг.

Далай багш шинжлэх ухааны эрдэмтэдийн санаа бодлыг сонсоод гучаад жилийг өнгөрөөсөн байна. Далай багш "Та бүхний гадаад хүчин зүйлсийг зэвсгийн хүчээр мэдэж авч чаддаг зүйлс нь шинжлэх ухаан мөн. Харин дотоод сэтгэл рүү хандаж, дотоод сэтгэлийн хүчийг мэдэж авъя гэвэл энэ нь зөвхөн бурханы шашинд л гүн гүнзгий үзүүлсэн байдаг. Тийм учраас та бүхэн манайд шүтэлцэж мэдэх ёстой" гэж айлддаг.

Тэдгээр эрдэмтэд ч гэсэн "Бидний эрэлхийлээд байгаа дотоод сэтгэлийн хүч чадал гээд байгаа зүйл нь зөвхөн бурханы шашинд л маш тодорхой бөгөөд нарийн байна" гэж Далай багшид хэлдэг байна.. Энэ хоёрын ялгааг би энэ талаас нь хэлнэ дээ.

-Өөрийн орны уламжпалт шашин соёлыг цааш уламжлан авч үлдэхэд ирээдүй хойч маань ямар зүйлд анхаарвал зохилтой вэ?


-Бидний урдаас дамжиж ирсэн нийт бусын дамжлагыг цааш нь үргэлжлүүлж, өвлүүлэн үлдээхэд одоо үе маань өөрсөддөө эзэн болоод маш сайн суралцах хэрэгтэй.
Өмнө байсан ёс заншил, уламжлалаа сэргээх, Монголын зан үйл гэж юу байгааг хадгалан өвлүүлэхэд хамгийн түрүүнд өөрөө суралцах хэрэгтэй.

Өмнө нь Монгол оронд бурханы шашин маш хүчтэй дэлгэрч байсан. Тэгээд цаг төр эргээд шашин устаж үгүй болсон. Өнөөдөр та бүхэн бурханы шашнаа сэргээх гээд оролдож байна. Та бүхэн юу хийх хэрэгтэй байна вэ гэхээр маш сайтар суралцах хэрэгтэй. Дотоод зан үйл, ёс заншилуудыг би үүнийг мэдэх хэрэгтэй гэсэн үүргийн дагуу суралц.

Суралцсаны үндсэн дээр доройтсон зүйлийг нь мэдэж аваад сэргээнэ шүү дээ. Энэ чинь буруу болсон байна, үүнийг засах ёстой юм байна гэдгийг хамгийн түрүүнд өөрөө мэдэх хэрэгтэй. Ингээд мэдсэний үндсэн дээр дараагийн хойч үедээ залгамжпуулан үлдээх хэрэгтэй.

-Олон зуун жилийн түүхтэй Балданбрайбүн хийдтэй Монголчууд хэрхэн холбогдож ирсэн түүхэн уламжлалын талаар ярьж өгнө үү?


-Балданбрайбүн хийд бол 1400-аад оны хийд. Зургаан зуун жилийн тэртээд байгуулагдсан хийд юм. Балданбрайбүн хийдтэй Монголчууд хэрхэн холбогдож хамгийн гол барилдпага тогтоож байсан үе гэхээр V Далай ламын үед энэ барилдлага хамгийн их хүчтэй, бүх зүйлийн үндэс болж өгсөн юм.

Ингээд V Далай ламын үеээс эхэлж Балданбрайбүн хийдтэй холбогдож ном судраа залсан байдаг. Ингээд Гоман дацангийн сурах бичгийг зохиосон Гүнчэн ламын үеээс Монголчууд энэ дацанд ирж ном сонсоод буцаж эх орондоо очиж хийд орноо байгуулж түүнийг ёсчлон авч явдаг байсан байна. Ингээд холбоо харилцаа нь гүнзгий болж байсан байдаг.

-Балданбрайбүн хийдийн талаар танилцуулж өгнө үү? Хийд нь хэдэн дацантай, сургалтын үйл ажиллагааны талаар?

 


-Балданбрайбүн хийд нь дотроо олон дацантай хурал номын үйл ажиллагаа явуулдаг. Энэ дацангууд нь тус тусын чиглэлтэй ч хэдий ч өглөө бүр дацангийн лам нар маань нийлж нийтийн хурал болох манжа гэдэг хурлаа хурдаг уламжлалтай. Ерөнхийдөө Гоман дацан, Лосаллин дацан бол гүн ухааны буюу чойрын таван боть номыг голлож үздэг.

Өмнө нь Төвдийн Лхас хотод байсан дацанд өнөөдрийн бидний оруулсан шинжлэх ухаан гэх мэт зүйлийн ойлголтууд байхгүй байсан. Харин өнөөдөр байгаа Гоман, Лосаллин дацангуудад хичээлийн хажуугаараа шинжлэх ухааныг үзэж байна. Тэгээд урлахуй ухаан, эм зүй, зурхай зэрэг хичээлүүд дашрамд нь бие дааж судлаж болдог.

-Эрт эдүгээгийн мэргэд бүхэн багшийг шүтсэнээр гарсан байдаг. Та Багшийг шүтэх есны талаар айлдаж өгнө үү?


-Буяны саданг шүтнэ гэдэг бол маш чухал. Буяны саданг шүтнэ гэдгийг хамгийн голчлон "Бодь мөрийн зэрэг" номонд үзүүлсэн байгаа. Үзүүлэхдээ хоёр янзаар үзүүлсэн байдаг. Оюун бодлоор багшийг шүтэх, найрлагаар багшийг шүтэх гэж айлдсан байдаг.

Оюунаараа багшийг шүтнэ гэдэг нь багшдаа сүсэглэж сурахыг хэлдэг. Найрлагаар багшийг шүтнэ гэдэг нь багшийг юу гэж зарлиглана, түүнийг зарлигийн дагуу бүтээхийг хэлнэ. Хамгийн гол нь энэ хоёрын үүднээс багшийг шүтэхийг буяны саданг шүтнэ гэдэг.

Надад Монгол шавь нар олон байдаг


-Монгол болон Төвд орны шашин соёлын харилцааны талаар таны байр суурь?


-Ерөнхийдөө бурханы шашныг өмнө дэлгэрэлт, хойно дэлгэрэлт гэж хоёр хуваадаг. Өмнөх дэлгэрэлт нь Хятадын нутгаас урагш хүчтэй дэлгэрч байсан. Хойно дэлгэрэлт нь Шар малгайтны шашин буюу Богд Зонхавын шашныг "Жидор" буюу хойдын их дэлгэрэлт гэдэг юм.

Монголын шашин бол Төвдөөс улбаалж дамжиж орж ирсэн шашин юм. Ингээд Төвдөөс маш хүчтэй дэлгэрч, бид номын ахан дүүсийн барилдлагатай болж байлаа. Тэгээд энэ дундуур цаг эргэж бүгд байхгүй болсон байдаг. Өмнө нь Монголчуудаас маш ихээр Төвдөд ирж шашны эрдэмд суралцаж байсан их мэргэдүүд байсан.

Харин харилцаа маань Төвдийн болон Монголын асуудлаас болоод барилдлага маань нилээд доройтсон байдаг. Миний 1993 онд Монголд ирж байсан хамгийн гол зорилго бол өмнө нь байсан шашин номын сайхан харилцааг хэрхэн үргэлжлүүлж Монголчуудыг Энэтхэгг суралцах асуудлыг шийдэх байсан юм.

Мөн энэ асуудлаар Тува, Буриад зэрэг газруудаар очиж байлаа. Бидний зүгээс багш явуулах бол явуулах хэрэгтэй бол явуулъя. Харин та бүхний зугээс хүн сургая гэвэл бид хүлээн авч бүгдийг нь сургаж явуулъя гэж шийдсэн юм.

Энэхүү ярианы үндсэн дээр анх цөөн тооны хүмүүс ирж суралцаж байсан бол өнөөдрийн байдлаар Энэтхэгт ирээд ном эрдэмд шамдан суралцаад буцсан тав, зургаан зуун лам нар байна. Одоо 300 гаруй Монголчууд Энэтхэгт суралцаж байгаа. Суралцаж байсан анхны лам нараас номтой эрдэмтэй сайн гэвш нар гарч ирсэн байна.

Манай Гоман дацанд чойрын буюу буддын гүн ухааны 16 зиндаа байдаг. Энэ арван зургаан зиндааны бүгдэд нь Монголчууд зөндөө байна шүү дээ. Монголчуудгүй нэг ч зиндаа алга. Монголчууд тийм олуулаа болсон байна.

Хамгийн гол нь тэр хүмүүс сурч ирээд шашнаа цааш нь аваад явахыг л бидний хоорондын харилцаа гэнэ. Бид бүгдийг сайтар сургасан. Бидний хүсэл зорилго бол Бурханы шашнаа сайтар авч явахын тухайд байсан. Монголд байсан тэр шашныг буцаагаад сайхан сэргээхийн төлөө байсан. Энэ бүгдийг сэргээсний үндсэн дээр олон хүмүүс суралцаж байна.

Тэгээд надад нэг ийм бодол байдаг. Юу вэ гэхээр. Тэнд сураад олон хүүхдүүд нутагтаа ирж байна. Тэнд сураад ирсэн хүмүүст бид өөрсдөө эзэн болох хэрэгтэй байна. Монголд буцаад ирдэг хаачсан нь мэдэгдэхгүй алга болчихдог баймааргүй байна. Бүгдээрээ тэнд нэг газарт байсан шиг, энд ч мөн адил нэг газарт байлгаж чадах юм бол жинхэнэ энэ үйл ажиллагаа маань ном ёсчлон бүтнэ шүү дээ.

Бид тэнд олон хүүхдүүдийг суръя гээд ирэхэд нь хүлээж аваад хоол унд, орон байр, ном сурах багшийг нь хүртэл бэлдэж өгдөг.

Жишээ нь: Гоман дацанд хүрч ирээд л харгалздаг нэг багштай заавал болох ёстой. Мөн гэрийн багш, хичээлийн багш нартай болох ёстой. Бид өөрсдөө хэдий цагаач ч гэсэн, ирж суралцаж байгаа сурагч нараа ерөөсөө цалгардуулахгүй барьдаг. Хэн хэзээ ирсэн, хэзээ явсан гээд бүгдийг нарийн мэддэг. Түүн шиг энд буцаад ирэхэд нь та бүхэн яг эзэн нь болж хамгаалж баймаар байна.

Түүнийгээ арчилж тордохгүй бол энэ бүхний маань хүч нь тарж сарниад, юу ч үгүй болчих вий гэж би их эмээж байна. Бүгдээрээ нэг газар байж чаддаг. Тэнд явуулж байсан үйл ажиллагааг энд буцаагаад явуулж чаддаг байхад өөрсдөө зүтгэх ёстой юу, Гандан хийдээс зүтгэх ёстой юу, ямартай ч байсан энэ асуудлыг орхигдуулж болохгүй.

Би ийм зүйлийг дахин дахин бодож байна. Энэ маш чухал гэж үзэж байна. Надад Монгол шавь нар олон байдаг. Энд буцаад ирсэн ч олон байна. Анх Гоманд очиж байсан ахмад лам нар бүгд миний шавь нар мөн. Бүгд энд сууж байна. Надтай уулзахаар ирж байна. Тэгээд "За, чи хаана юу хийж байна" гэхээр "би тэр сумынхаа хийдэд байгаа", зарим нь "би гэртээ байгаа багшаа" гэж хэлж байна.

Ерөнхийдөө бол бидний зарчим бол тэр биш юм. Хийдэд сураад буцаад гэргийтэний амьдрал руу орчихдог бол тэр биш шүү дээ. Хийдэд бүх сургалтаа аваад, буцаад тэр хороолол руугаа яваад өгчихдөг биш байх хэрэгтэй.

Хүн хийдэд сурчихаад буцаад хийддээ хүрч ирээд хийд орондоо тус хүргээд, лам нараа арвижуулаад, шашныхаа зан үйлийг яг номоор нь хийж шинэ хүмүүстээ өөрийн сурсан мэдлэгээ өвлүүлж үлдээдэг байх хэрэгтэй. Бүх эрдэм чадалаа хийдийн багш нараасаа авчихаад гэртээ очоод хөнжилөө нөмрөөд хэвтчихдэг байж болохгүй.

Өмнө нь Төвдөд олон мянган лам нартай байсан. Тэдгээр лам нарын хоолыг нь хийгээд тараах зардал хийдэд байгаагүй юм. Тэд өөрөө өөрсдийнхөө хоолыг олдог байсан.

Бид эх орноо алдаж хүний нутагт цагаачилж хүрээд ирчихсэн. Одоо хүний нутагт хоолоо хэрхэн олох вэ гэсэн асуудал тулгарсан. Уг нь бид сурах хэрэгтэй байдаг. Сурахын тулд нэн тэргүүнд хоолоо олох хэрэгтэй болсон. Ингээд хоолыг хийдээсээ өгдөг болох арга хайсан. Одоо дацанд суралцаж байгаа лам нарт өглөө, өдөр, оройн хоолыг хийдээс өгдөг болсон.

Мөн дараагийн хамгийн чухал асуудал бол лам нар бөөнөөреө байх, нэгдмэл байх тийм байр орон заавал байх хэрэгтэй. Хоол тусдаа байж болно. Харин байр бол хийдийнхээ хажууд байх хэрэгтэй. Хийдийн зүгээс хүмүүстээ эзэн болж буцаагаад хийдийнх нь ажлыг хийлгэдэг, ном эрдмийг нь өвлүүлэн үлдээдэг байх ёстой.



-Энэ асуудлуудыг шийдэхэд гарч буй хүндрэлүүдийг хэрхэн даван туулах вэ?


-Бид тэнд очоод хэрхэн үүнийг хийсэн вэ гэхээр өмнө нь бол энэ ёс Төвдөд байгаагүй юм. Хүний нутагт ирээд хүн болгон өөрөө өөрсдийнхөө хоолны төлөө гэвэл амжихгүй байсан. Энэ асуудлын талаар дацангийн удирдлагууд элдэв аргыг оюун ухаанаа заран байж нийтийн гал тогоо гэдэг газрыг байгуулсан. Нийтийн гал тогоо байвал бүх юм хялбар шийдэгдэх боломжтой.

Санхүүгийн асуудлыг нь янз бүрийн аргаар шийдэж хоол ундыг нь залгуулсан. Энд ч гэсэн нийтийн гал тогоотой болж болно. Хамгийн гол аньс нь юундаа байдаг вэ гэхээр, хийд маань нэг хүний хийд биш, нийтийн хийд гэдэг дээр байх юм бол энэ яг хэрэгжиж чаддаг зүйл.

Түүнээс биш би хамба нь гэдгээрээ түүнийг эзэмдсэн тохиолдолд нийтэд хоол тараана гэсэн ойлголт ер нь их хэцүү шүү дээ. Тэгэхээр хийд өөреө уийтийнх байх ёстой. Хийд өөрөө нийт лам нарын эдлэл хэрэглэл мөн байх ёстой. Тэр утгаар нь бид барьж чадах юм бол энэ ерөөсөө асуудал байхгүй.

Нэгдүгээрт та нарт өөрсдийн чинь хийд байна. Хоёрдугаарт өөрсдийнхөө эх орондоо байна. Мөн гэр бүл чинь та нартай хамт байна шүү дээ. Тийм учраас энэ тал дээр асуудал огт байхгүй юм шиг надад санагддаг. Та нар хичээх л юм бол нийтийн гал тогоотой болж чадна. Бүр тус тусдаа хоолоо олоод идсэн ч чадна шүү дээ.

Яагаад гэвэл энэ эх орон, эдлэл хэрэглэл гээд бүх юм та нарынх. Бидэн шиг биш шүү дээ. Бидэнд минийх гэсэн юм байхгүй байсан учраас биднийх гэсэн юм байх ёстой гэж үзсэн. Ерөнхийдөө хийд гэдэг бол нийтийнх байх ёстой. Нийтийнх байх тусмаа хялбар байдаг. Нэг хүн эзэн болчихвол энэ байдал маш их хүндрэлтэй болчихдог.



-Та Монголын сүсэгтэн олон болон лам хуврагуудад зориулж номын айлдвараа хайрлана уу хэмээн хүсэж байна?

 


-Надад хайрлаад байх зарлиг гэж юу байхав. Гэхдээ би өөрийн бодлыг хүргэе. Өөрийн эрх чөлөөт Монгол орноо хэрхэн цааш нь авч явах вэ гэхээр, бидний толгой дээр байгаа хүмүүс ажлаа сайн хийдэг байх хэрэгтэй. Бидний юу хүсэж, юу бодож тавьсан хүн маань бидний хүссэн тэр ажлыг хийж өгдөг баймаар.

Дээр нь байгаа удирдлагууд нь сайн хийж чаддаг, доор нь байгаа хүмүүс нь тэр хүмүүсээ үнэлж чаддаг, хүндэлж чаддаг харилцан өндөр ойлголтон дээр энэ бүхэн цаашаа явах учраас үүнийг хамгийн түрүүнд өөрсдийн үүргэнд авч хэрэгжүүлээсэй. Тэгэхгүй дээд талаас хүндлэл байхгүй, доод талаа ч харж байгаа юм байхгүй хоёр тусдаа яваад байх юм бол эх орон гэдэг чинь юу болж үлдэх юм билээ.

Харилцан нэг нэгэндээ хүндэтгэлтэй байх хэрэгтэй. Төвд яагаад эх орноо алдсан вэ гэвэл дээгүүр байгаа хүмүүс нь ажлаа сайн хийгээгүй. Мөн төр засгийн удирдлагууд нь ажпаа сайн хийхгүй цалгардуулж хувьдаа их зүйлийг завшиж зөвхөн амин хувийнхаа төлөө явсанаас эх орноо алдсан юм.

Тэд буруу үйл хийгээд эх орноо алдахаар, тэдний доор байгаа хэдэн сайн хүмүүс ялгаа байхгүй, явах замруугаа л явах хэрэгтэй болж байна. Дээр байгаа хүмүүс нь доор байгаа хүмүүсийн асуудлыг үүрч чаддаг байх нь чухал юм. Далай багш үргэлж Төвдийн засгийн газрын удирдлагуудад ийн хэлдэг.

"Та бүхэн ард түмний төлөөлөл болсон ажилчин шүү. Түүнээс биш толгой дээр суусан захирал гэж хэзээ ч битгий бод. Та бүхэн ард түмний дээр байгаа удирдлага гэхээсээ илүү би ард түмний төлөөх ажилчин гэж бодох хэрэгтэй" гэж айлддаг. Би үүнийг Далай багшийн чухал айлдвар мөн гэж боддог. Та бүхэн ч гэсэн ийм байгаасай гэж хүсэж байна.

Та бүхэн ажил хийж байгаа удирдлагууддаа хүндлэлтэй бай, хүндлэлтэй байсан шиг удирдлагууд нь ард түмнийхээ төлөө чин шударгаар зүтгэх хэрэгтэй. Энэ маш чухал шүү. За тэгээд хуврагуудад хандаж хэлэх зүйл гэвэл хийд орон, шашин оршино гэдэг нь ерөнхийдөө хуврагийн аймгаас харгалзаатай байдаг юм. Хуврагийн аймаг байх уу, байхгүй юу гэдэг нь Бурхан багшийн айлдсан номхотголын ёсонд харъяалагдаж байна.

Номхотголын ёсоо ном дүлбанд айлдсан шиг хэн сайн сахиж чадна хуврагуудын аймаг баттай байна гэсэн үг. Тийм учраас шашнаа сайтар авч явахын тухайд хуврагууд хичээгээрэй. Улс төрөө авч явахын тухайд удирдлагууд нь хичээгээрэй. Ингэж явбал та бүхний ирээдүй гэрэлтэх нь дамжиггүй юм. Үүнийг гэрэлтүүлэх өөр гуравдагч арга гэж байхгүй. Энэ бүхэн та бүхний гарт байна. Гарт байгаа бүхнээ багаж болгон хэрэглээрэй.

-Алжаалыг умартан байж манай сонинд ярилцлага өгсөн танд баярлалаа. Та Монгол оронд дахин морилоорой гэж хүсэж байна?


-Танд энэ "Шаамар ламрим" судрыг өгч байна. Та энэ номыг заавал уншиж судлаарай.

-Танд баярлалаа.

Ж.Найданжав

 

Эх сурвалж: "Билгийн мэлмий" сонин