sonin.mn
МАССАЧУСЕТТС. /BBC/. Хойд Америкийн түүхэн дэх хамгийн өндөр шагнал болох 758.7 сая доллар хожсон азтан шагналаа гардаж авчээ.
 
Хоёр хүүхдийн эх 53 настай Мэвис Ванчик Массачусеттс муж улсын Чикопи хотын нэгэн шатахуун түгээх станцаас бохь худалдан авахдаа сугалаанд оролцсон байна. Түүнд 6,7,16,23,26,4 гэсэн тоонууд азын хожлыг авчирсан бөгөөд ажлаасаа аль хэдийн гарчихсан тухайгаа сэтгүүлчдэд ярьжээ.  Түүнээс юу хийхээр төлөвлөж байгааг нь сэтгүүлчид сонирхон асуухад  “Орноосоо босохгүй хэсэг нуугдана” гэж хариулжээ.
 
2016 оны 1 дүгээр сард US Powerball сугалаанаас 1.6 тэрбум долларыг хожсон тохиолдол гарч байсан бөгөөд уг сугалаанд хожсон мөнгийг 3 хүн хувааж авч байжээ.
 
Азтан болсон эмэгтэй хамаатан саднуудынхаа төрсөн өдрийн тоог бичиж сугалаанд хожсон байна. Хатагтай М.Ванчик эрүүл мэндийн төвд 32 жил ажилласан бөгөөд тэрбээр ажлын газар луугаа утасдаад дахин ажил хийхгүй гэдгээ хэлжээ.
 
Сугалааныхаа хонжворыг 29 жил хувааж юм уу эсвэл нэг дор бөөнд нь авч болдог бөгөөд хэрэв бөөнд нь авбал татвар төлж нийт 443 сая доллар гар дээрээ авах юм.
 
Үүнээс гадна Коннектикут, Иллиной, Луйзиана, Нью-Мексико, Пеннсилвани болон Виржинийн арлуудад зарагдсан өөр 6 билет тус бүр 2 сая доллар хожсон байна. АНУ даяар нийтдээ 34 сугалаа 1 сая доллар хожсон байна.
 
Их хэмжээний шагнал хожих явдал нь 292.2 саяд нэг тохиолдох магадлалтай байдаг ажээ.  
 
Х.Сарнай 
Эх сурвалж: Монцамэ агентлаг