sonin.mn

Оюутан байхад хичээлээ хийж, сайн сурах мэдээж чухал. Гэхдээ оюутан насанд түүнээс ч дутахгүй чухал, заавал амжуулж сурах ёстой зүйлс нэлээдгүй байдаг. Зөвхөн мэдлэгийн тал дээр боловсроод зогсохгүй хувь хүнээ зэрэг хөгжүүлвэл амьдрал дээр гараад олон зүйлд нүүр бардам байх болно.



Хичээлийнхээ хажуугаар ажил хийж сурах :

Зөөгч, үйлчлэгч, бие хамгаалагч гэх мэт түр хугацааны ажил биш шүү. Чамайг хөгжүүлэх “жинхэнэ” ажлын тухай энд ярьж байна. Их сургуульд сурдаг байхаасаа мэргэжлийнхээ дагуу ажиллаж эхэлсэн оюутан төгсөөд, ажиллаагүй оюутны хажууд хамаагүй туршлагатай, салбартаа ямар шинэчлэлт хэрэгтэйг, мөн өөрийн оруулах хувь нэмрээ тодорхойлчихсон сууж байдаг.

 

Тэгээд ч албан газрууд өөрт нь ажиллаж байсан чадварлаг хүнийг төгсөнгүүт нь жинхэнэ орон тоондоо авч ажиллуулах нь элбэг байдаг. Яаж мэргэжлийнхээ дагуу ажиллах вэ гэж үү? Нийслэлийн хөдөлмөрийн газар, Хөдөлмөрийн төв биржийн сайтууд руу ороод ажил хайгч оюутан хэсэгт бүртгүүлээрэй. Хөдөлмөрийн биржүүдэд ажлын захиалга ажил хайгчаасаа хол давсан байдаг юм шүү.



Олон нийтийн ажил зохион байгуулж сурах :

Туул голын хог цэвэрлэх аянд жил бүр оролцдогийг чинь мэднэ л дээ. Гэхдээ чи өөрөө санаачилж, гардан зохион байгуулж үр дүнгээ тодорхойлсон ажлыг оюутан байхдаа заавал хийж үзэх хэрэгтэй. Салбар сургуульдаа цэвэрхэн жорлонтой болъё гээд аян өрнүүлсэн ч болно шүү дээ. Хэдий хэр хүрээг хамрах нь хамаагүй, гол нь ажилд ороод үйл ажиллагаа зохион байгуулах даалгавар авахад ямар хүмүүстэй холбогдох, дарааллаа яаж тогтоох гээд анхны мэдэгдэхүүнтэй болсон байх нь чухал. Тодорхойлолтонд чинь ч сайхан чимэг болж өгнө.



Санхүүгээ барьж сурах :

Оюутан байхад бага төсвийг олон зүйлд хэрэглэх шаардлагатай шинэ ном худалдаж авах, автобус унааны зардал, нийллэг арга хэмжээний татаас, өөртөө зарцуулах гээд мөнгөний хэрэгцээгээ оюутан байхдаа хуваарилаж сурвал амьдрал дээр гараад их мөнгө олдог болсон хойноо ч хий дэмий үрэхгүй, хэрэгтэй зүйлдээ л зарцуулдаг болно.



Хүнээс үг сонсож сурах:

Шилдэг оюутны тоонд ордог оюутан ажилд орохоороо тухайн газрынхаа хүмүүстэй таарахгүй, ажлаасаа гарах тохиолдол олон байдаг. Учир нь мэргэжлийнхээ сурах зүйлийг сурсан мөртлөө элдвийн хүнээс үг сонсож сураагүй болохоор тэр. Гэтэл энэ хорвоо дэлхий дээр дандаа сайхан ааштай, эелдэг хүмүүс тааралдаад байхгүй. “Хүмүүсийнх нь уур амьсгалаас болоод гарчихлаа” гээд сууж байхгүйн тулд оюутан дээрээ “амжиж” шүүмжлэл сонсож сурцгаая.



Шинэ хоббитой болох :

Чин сэтгэлээсээ дурлаж, хийхийг хүсдэг хоббигүй бол яг одооноос өөрийнхийгөө олоорой. Ажилд орсны чинь дараа дүүрэг, хотын тэмцээн уралдаан, байгууллагын ойн тоглолт, шинэ жил гээд хобби, хийж чаддаг зүйлээ магтуулах олон арга хэмжээ бий. Дүүргийн теннисний тэмцээнд байгууллагаа төлөөлөөд орчихдог эсвэл төгөлдөр хуур дээр ая тоглочихдог байвал ажлынхан чинь чамайг өндрөөр үнэлнэ. Тэгээд ч орой болгон арав хүргэж тардаг ажилтнаас шинэ жилээр урлагийн номер үзүүлдэг ажилтан илүү нэр хүндтэй байдаг юм шүү.



Хөгжилтэй байж сурах:

Оюутан байхдаа л хөгжилтэй байж сурахгүй бол дараа нь хэзээ ч хөгжилтэй байхыг сурах боломж олдохгүй. Ангиараа урлагийн үзлэг бэлдэж байхдаа хөгжилтэй байх, нэгнийхээ төрсөн өдрийг тэмдэглэж байхдаа хөгжилтэй байх, автобусанд чихэлдэж байхдаа хөгжилтэй байх, гуанзанд оочерлож байхдаа хөгжилтэй байх гээд олон сайхан зүйлс оюутан насанд бий. Тэр бүхнээс ярвайлт биш инээмсэглэл авч чаддаг байвал ажил амьдралын алинд ч шантрахгүй, бүхнийг өөдрөгөөр харж хөгжилтэй байна гэсэн үг юм.

Эх сурвалж: “Санхүүгийн Мэдээ”