sonin.mn
“Европын Холбооныхон хазгай муруй англи хэлээр ярихаа болих хэрэгтэй”. Энэ үгийг Их Британи улс тус холбооноос гарснаас хойш хэдхэн хоногийн дараа Францын ГХЯ-ны Европын хэрэг эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Клеман Бон хэлсэн юм. Гэвч европчууд түүний үгийг сонсох нь юу л бол. Тус холбооныхон Их Британиас бус харин Дорнод Европын улсуудаас шалтгаалаад англиар ярьдаг юм шүү дээ. 
“Нэгэнт Брексит болоод өнгөрчихсөн байхад яагаад бид нар хазгай муруй /зарим талаар/ англи хэлтэй зууралдаад байна вэ гэдгийг хүмүүс ойлгоход хэцүү, тэгэхээр өөрсдийн хэлээрээ ярьцгаая л даа” гэж Францын ГХЯ-ны Европын хэрэг эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Клеман Бон сэтгүүлчдийн өмнө францаар хэлж уриалжээ.  
Бон ингэж хэлэхээс өмнө 2018 онд Европ дахь англи хэлний давамгайллын эсрэг Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Европын Комиссыг тэргүүлж байсан, Люксембургийн иргэн, францаар ярьдаг Жан-Клод Юнкер нар өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж байсан юм.
 
 
 
Европын Холбоо хазгай муруй англи хэлээр ярихаа болих хэрэгтэй 
 
 
“Ийм давамгайлал нь зайлшгүй байх ёстой зүйл биш. Франц хэлтэй хүний хувьд цаашид өсөн дэвших ирээдүй байх ёстой гэдэг үүднээс ямар нэгэн дүрэм журам тогтоох нь бидний хийх ёстой зүйл” гэж англиар маш сайн ярьдаг Макрон хэлж байлаа. Тэгвэл Жан Клод Юнкер хэлэхдээ “Шекспирийн хэлийг яагаад Вольтерийн хэлнээс дээгүүрт тавих ёстой бэ гэдгийг ойлгохгүй байна” гэжээ.
 
Ж.К.Юнкер, Э.Макрон нар 
 
Үүний сацуу Бон, Макрон, Юнкер нар тайлбарлахдаа “англиар ярихыг эсэргүүцэж байгаа хэрэг биш харин олон хэлний статусын төлөө байгаа” гэдгээ илэрхийлж байсан юм.
 
Англи хэлний хувь заяаны талаарх таамаглал
 
Их Британи улс ЕХ-ноос гарсны дараа англи хэлийг яах вэ гэдэг асуудлыг Брекситийн санал асуулгаас хойших бүхэл бүтэн 4 жил хагасын туршид хэлэлцэж байна. Энэ талаар хоорондоо эрс зөрүүтэй таамаглалуудыг Европын хэвлэлүүдэд дэвшүүлжээ.
--Их Британи улс ЕХ-ноос гарснаар англи хэл нь тус холбооны албан ёсны хэлний статусаа алдана
--Албан ёсны хэлний статусаа алдахгүй, учир нь англи хэл бол Ирланд ба Мальт улсын албан ёсны хэл мөн
--Статусаа алдахгүй, гэхдээ англи хэлээр ярьдаг гол улс болох Их Британи ЕХ-ноос гарсан учраас аажимдаа уг хэл ач холбогдлоо алдана
 
Статусын асуудал
 
Ирланд, Мальт хоёроос шалтгаалан англи хэл нь ЕХ-ны албан ёсны хэл хэвээр үлдэнэ гэсэн тайлбарыг Брюссельд ажилладаг сэтгүүлчид болон албаны хүмүүсээс сонслоо. Гэтэл бодит байдал дээр хэлний статус гэдэг бол ийм амархан шийдчих асуудал биш ээ.
Европын Холбоо “цэл залуухнаараа“ буюу Европын хамтын нийгэмлэг гэдэг нэртэй байх үед 1958 онд баталсан тогтоолд дурдсанаар, албан ёсны баримт бичгүүд, албаны хүмүүсийн хэлсэн үгний орчуулгыг ямар хэлээр хүлээж авах вэ гэдгээ гишүүн улс бүр тус тусдаа шийдэх ёстой.
Өнөөдөр тус холбоо 24 хэлийг албан ёсны хэл гэж зарлаад байна.
Үүний зэрэгцээ Ирланд улс ирланд хэлийг /гель/, Мальт улс мальт хэлийг албан ёсны хэл болгон зарласан ба эх хэлээ англи хэлээр солих бодолгүй байна.
Харин англи хэл Их Британи улсын нэр дээр бичигджээ. Тэгэхээр тус улс ЕХ-ноос гарснаар албан ёсны хэлнүүдийн жагсаалтаас англи хэл хасагдана гэсэн үг үү? – Үгүй, хасагдахгүй.  
Учир нь гэвэл, ЕХ-ны үндсэн баримт бичгүүдийн нэг болох Үйл ажиллагааны тухай Гэрээнд дурдсанаар, албан ёсны хэлний тухай асуудлыг Европын зөвлөл санал нэгтэйгээр шийдэх ёстой. Өөрөөр хэлбэл, ЕХ-ны гишүүн 27 улс бүгдээрээ англи хэлнээс санал нэгтэйгээр татгалзах ёстой гэсэн үг. Гэвч одоогоор ийм шийдвэр гаргах магадлал тун бага.
 
Дорно зүгээс ирсэн англи хэл
 
Их Британи гарч явсан нь англи хэл ЕХ дахь үндэстэн хоорондын харилцааны хэл /лингва франка/ байхаа болино гэсэн үг биш хэмээн Польшийн улс төр судлаач Элжбета Кузелевска болон бусад олон хүмүүс үзэж байна. Хачирхалтай сонсогдож магадгүй, гэхдээ британичууд бус харин дорнод европчууд болон АНУ-ын дам нөлөөгөөр англи хэл нь лингва франка болсон нь үнэн.  
Их Британи улс ЕХ-нд байсан эхний 30 жилийн хугацаанд Брюссель, Страсбург, Люксембург дахь ажил хэргийн харилцааны гол хэл нь франц хэл байсан, одоо ч Европын шүүхийн хэл хэвээр байгаа.  
Харин 2004 онд социалист лагерийн гишүүн байсан 8 улс ЕХ-нд бөөнөөрөө шуугилдан орж ирснээр байдал өөрчлөгдлөө. Дэлхийн хамгийн нөлөө бүхий орон болох АНУ-ын иргэдийн ярьдаг хэлийг хуучин социалист орнуудын дунд сургуулиудад заадаг байв. Үүний сацуу иргэд нь бараг бүгдээрээ англиар ярьдаг Мальт, Кипр улсууд ЕХ-нд элссэнээр хэл хоорондын тэнцвэртэй байдал өөрчлөгдсөн юм.  
 
 
ЕХ-ны орнууд дахь англиар ярьдаг хүмүүсийн эзлэх хувь 
 
Одоо франц хэл нь англи, герман хэлнүүдийн адил ЕХ-ны албан ёсны бус ажил хэргийн харилцааны хэл хэвээрээ байгаа боловч “Европын дипломат албаны”-ын хэл байхаа нэгэнт больжээ.
“Англи хэл нь ЕХ-ны байгууллагуудын өдөр тутмын ажил хэргийн харилцааны хэл болсон. Барууны Европынхноос бусад нь англиар яриад нэгэнт хэвшчихсэн учраас Брекситээс болж юу ч өөрчлөгдөхгүй” гэж Жан Клод Юнкер үзэж байна.
Англи хэл бол Европын ард иргэдийн хувьд ямар ч өрсөлдөгчгүй хамгийн түгээмэл гадаад хэл юм.
2012 онд “Евробарометр” хөтөлбөрийн хүрээнд явуулсан судалгааны дүнг үзвэл, ЕХ-ны ард иргэдийн 38 хувь нь англи хэлийг бусадтай яриа өрнүүлэх хэмжээнд эзэмшжээ. Харин Европын хойд нутагт бараг бүгд англиар ярьдаг /нидерландчуудын 90 хувь, финландчуудын 70 хувь/ байна.
Энэ тал дээр бусад хэлнүүд англи хэлнээс илт хоцорчээ. Тухайлбал, ЕХ-ны гишүүн улсуудын хүн амын 12 хувь нь франц, 11 хувь нь герман, 7 хувь нь испани, 5 хувь нь оросоор ярьдаг байна.
Дээрх судалгааг хийснээс хойш 8 жилийн дараа Европ дахь англиар ярьдаг хүмүүсийн тоо өссөн нь мэдээж, учир нь Европын дунд сургуулийн сурагчид ба оюутнуудын 91 хувь нь англи хэлийг сонгон судалдаг болой.  
 
Англи хэлнээс татгалзах магадлал
 
ЕХ-ны баримт бичгүүд болон улс төрчдийн хэлсэн үгийг тус холбооны албан ёсны 24 хэл рүү орчуулдаг учраас онолын хувьд тус холбоо нь англи хэлнээс татгалзах бүрэн боломжтой. Орчуулагчдын бүхэл бүтэн арми байгаа учраас бүх ажил хэргийг англи хэлгүйгээр явуулах боломж бий.
 
 
Европын Холбооны төв байгууллагуудад 4300 бичгийн орчуулагч, 800 синхрон орчуулагчид ажилладаг 
 
ЕХ-ны харьяа байгууллагуудад англи, франц, герман гэсэн ажил хэргийн гурван хэлээр харилцдаг. Энд ажиллахын тулд дор хаяж тус холбооны 3 албан ёсны хэлийг мэддэг байх ёстой. Ер нь бол, анх ажилд орохдоо 3 хэлтэй байдаг бол цаашдаа дахиад хэд хэдэн хэлийг сурдаг” гэж ЕХ-нд ажилладаг мэргэжлийн орчуулагч бүсгүй ярьсан юм.  Өөрөөр хэлбэл, англи хэлийг ажил хэргийн хэлний тооноос хаслаа ч гэсэн ЕХ-ны үйл ажиллагаа доголдохгүй гэсэн үг.
“Гэхдээ англи хэлийг хэсэгчилсэн байдлаар ч гэсэн хязгаарлах  боломжгүй. Учир нь, 2004 онд ЕХ-нд шинээр элссэн улсуудын ихэнх нь англи хэлээр яриа хөөрөө өрнүүлж, ажил хэргээ хөтлөн явуулахыг илүүд үздэг. Манай байгууллагын хувьд, албаны хүмүүс өөрсдийн тайлан, баримт бичгүүдийнхээ 99 хувийг англиар бичдэг” гэж орчуулагч бүсгүй ярилаа. 
 
Евроинглиш
 
Их Британи гарч явснаар англи хэл ЕХ-ны хүрээнд хэрэглээнээс гарахгүй нь. Энэ хэл анх үүссэн нутгаасаа аль хэдийнэ тасран одож, өөрийн гэсэн жамаар хөгжиж байна.
Хэл судлаачдын үзэж байгаагаар, Европын эх газрын англи хэл /евроинглиш/ нь америкэн инглиш, австралиэн инглиш, нигерийн пижин инглишийн нэгэн адилаар хэзээ нэгэн цагт англи хэлний тусдаа бие даасан төрөл болж чадна.  
Евроинглиш бол бүрэлдэн тогтох шатандаа байгаа англи хэлний нэгэн шинэ хувилбар бөгөөд төрөлх хэл нь англи биш европчууд англиар хоорондоо харилцаж байна. Иймээс уг хэлийг евроинглиш гэж нэрлэх боломжтой” хэмээн Польшийн улс төр судлаач Э.Кузелевска дүгнэн бичжээ.
 
 
Хэрвээ Эстонийн Ерөнхий сайд Юри Ратас франц, герман хэл мэдэхгүй бол Европын Комиссын тэргүүн, герман үндэстэн Урсула фон дер Ляйен-тэй ямар хэлээр ойлголцох вэ? 
 
Евроинглишийн хэлзүйн дүрэм нь язгуур англи хэлнийхтэй ижил боловч үгийн сангийн нөөцийн хувьд ялгаатай.  Европчууд хялбаршуулсан англи хэлээр өөр хоорондоо өдөр тутам харилцдаг бол албаны хүмүүсийн хувьд англи хэл гэдэг бол ЕХ-ны бодит байдлыг тусгасан нэршлүүдтэй, оффисын хэл ярианы өвөрмөц хэллэгүүдтэй, Европын бусад хэлнээс орж ирсэн товч хэллэгүүд бүхий тусдаа хэл юм.  Жишээ нь, англи хэлний content /агуулга/ гэдэг үг нь ганц тоонд хэрэглэгддэг бол евроинглиш хувилбараар contents гэж олон тоонд хувирдаг гэх мэт.  
 
 
 
Европын Холбооны төв байгууллагуудад 4300 бичгийн орчуулагч, 800 синхрон орчуулагчид ажилладаг 
 
 
 
 
Цаашдаа англи хэлийг албан ёсны төдийгүй ажил хэргийн хэл хэвээр байлгахыг ЕХ-ны гишүүн улсуудын төлөөлөгчид санал нэгтэйгээр дэмжих нь хууль эрхзүйн хувьд боломжтой гэдгийг Э.Кузелевска онцлон дурдлаа.    
“Европын хууль тогтоогчдын хувьд англи хэл нь лингва франка хэвээр үлдэнэ, ЕХ-ны ихэнх иргэдийн хувьд хоорондоо харилцах хэл хэвээр байх болно. Брекситийн гэрээ үүнийг өөрчилж чадахгүй” гэж Брюссельд ажилладаг сэтгүүлч Дэйв Китинг “Форбес” сэтгүүлд бичжээ.
ЕХ-ны хүрээнд англиар хоорондоо харилцах нь маш зүйтэй бөгөөд учир нь, англи хэл одоо хэний ч хувьд төрөлх хэл нь биш болсон гэж Европын парламентад Шведээс сонгогдсон депутат ярьсан байна.
 
 
Б.Адъяахүү
Эх сурвалж: http:// https://www.bbc.com