sonin.mn
Өнөөдөр хүн бүр л эрүүл мэндийн салбарын уналын талаар ярьж байна. Эмч нар хүний эрүүл мэндийг манах бус харин ч хорвоог орхиход нь тусалж байх шиг. Эмч мэргэжилтнүүд нь алдаа дутагдал гаргах нь ч элбэг болж.
 
Саяхан УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг хэвлэлд яриа өгөхдөө эрүүл мэндийн салбарын талаар ийнхүү ярьжээ. Тэрээр “Манай эрүүл мэндийн салбар социалист системээсээ салж чадахгүй байна” гэлээ. Эрүүл мэндийн даатгал төлж байгаа иргэн хүний оролцоо шийдвэр гаргах түвшинд алга.
 
Төсвийн эрүүл мэндийн даатгалын мөнгийг эмнэлгийн байгууллагуудад шилжүүлдэг. Ингэж тухайн байгуллагын дарга нарт хандсан ажил явуулдаг. Түүнээс биш даатгал төлөгч иргэдэд ханддаггүй” гэжээ.
 
Тиймээс УИХ дахь эмэгтэй гишүүд дээрх байдлыг өөрчлөхөөр Эрүүл мэндийн даатгалын тухай хууль дээр ажиллаж байгаа гэнэ. Түүнчлэн эмч нарын харилцаа, чадварын талаар ийнхүү ярьсан юм.
 
“Монгол эмч нарын хүнтэй харьцах харьцаа муу байдаг талаар Ц.Оюунгэрэл сайд уулзалтын үеэр ярьсан. Дотоодод сургууль төгссөн, гадаадад мэргэжил эзэмшсэн хоёр эмчийн хүнтэй харьцах харьцаа тэс өөр байна. Монголд сургууль төгссөн эмч нэг эмийг зургаан цаг тутам уух ёстой гээд л бичээд өгдөг.
 
Гэтэл гадаад сургууль төгссөн эмч тэр эмийг яаж уухыг нь нарийн сайн тайлбарлаж өгдөг байх жишээтэй. Тиймээс эмч нарын эн хандлагыг өөрчлөх шаардлагатай байгааг ярьсэн. ДЭМБ ч энэ талаар улс орнуудад том зөвлөмж өгдөг. Яагаад гэвэл эмч хүний харьцаанаас өвчтөний эдгэлтийн 50 хувь нь шалтгаалдаг гэсэн зүйл бий.
 
Сэжгээр өвдөж, сүжгээр эдгэнэ гэгчээр эмч хүн өвчтөнтэйгээ сайн ойлголцож байх нь эдгэрэлтэд нь нөлөөлдөг гэсэн үг” гэжээ.
 
Угаасаа ямарваа ажил харилцаан дээр тогтдог. Монголд өвчтэй хүн аврал эрэн эмч дээр очоод зэмлүүлээд, загнуулаад сэтгэл санаа нь улам л стресстээд гарна уу гэхээс баярлаад гарах нь ховор  гэж хэлвэл хэлсдүүлсэн болохгүй биз ээ.  
 
Н.Батаа
 
Эх сурвалж: "new.mn"