sonin.mn

Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Жамъян гуайтай хөөрөлдлөө. Түүний хөгжмийн ертөнцөд хөл тавьж, анхны хөгжмийн зохиолоо бичсэн 45 жилийн ой энэ онд тохиож байгаа юм. Тэрбээр ойдоо зориулан энэ сарын 12-нд уран бүтээлийн тайлан тоглолтоо хийхээр зэхэж байна.

-45 жилийн өмнөх анхны уран бүтээлээс тань яриагаа эхэлье?

-12 настайгаасаа хөгжмийн мөр хөөсөн хүн дээ, би. Тухайн үед сургуулийнхаа ганц хөгжимчин нь байсан. Хөдөө суманд өөр юм байх биш, баянхуур л тоглоно. Бас болоогүй, орой болгоны нийтийн бүжгийн хөгжимчин нь байлаа. Тэр үед би "Өнөр багачууд" нэртэй хөгжим бичсэн.

Бүтээлийн маань анхны сонсогч нь манай ангийн хүүхэд байсан санагдана. Түүнд өнөөх бүтээлээ сонсгосон чинь намайг зохиосон гэдэгт итгэж өгдөггүй, "Л.Мөрдорж гэдэг хүний зохиосон бүтээл байх" гэсэн. Тухайн үед олон төрлийн хөгжмийн ая, дууг зөвхөн радиогоос л сонсдог байлаа шүү дээ.

Тэгээд л мань хүн тэгж хэлсэн байх. Орой нь нөгөө аяа нийтийн бүжгийн үеэр тоглосон чинь хумүүс тоож байна аа. Тэгэхээр нь урам ороод 16 настайдаа "Цас бударсан үдэш" нэртэй лимбэний гоцлол бичиж Завхан аймгийн Соёлын ордны үзэгчдэд хүргэсэн юм. Тэр бүтээлээ туурвиснаас хойш 45 жил өнгөрч дээ.

-Хүүхэд ахуй насаа дурсвал?

-Би Завхан аймгийн Тэс сумын хүүхэд. Найман настайдаа сургуульд орсон. Манай нутагт Дооно нэртэй Хан хөхийн салбар сүрлэг сайхан уул бий. Тэр ууланд л бусдын адил наадаж, хүүхэд насаа өнгөрүүлсэн.

Уран бүтээлийн санд маань нутагтай минь холбоотой дуу олон бий. Ер нь хүн залуудаа юу ч боддоггүй мөртлөө нас явсан хойноо нутгийнхаа талаар уран бүтээл хийе гэж санадаг юм билээ.

-Ер нь та анх хэрхэн хөгжим сурсан бэ?

-Намайг хүүхэд байхад сум болгон радиотой байлаа. Тухайн үед хүүхэд дуу хөгжмийн тухай анх радиогоос мэддэг байсан байх. Манай гэрт нэг хэсэг нь эвдэрчихсэн баянхуур байсан. Тэгээд л түүнийгээ оролдсоор байгаад радиогоор явж байгаа хөгжмийг дагаад тоглож сурсан. Тэгээд нэг мэдсэн чинь аймгийн ганц хөгжимчин нь болчихсон байсан.

-Суманд өссөн хүүхэд аймгийн төвд ирээд хамгийн түрүүнд юу үзсэн бол?

-Аймгийн төвд ирсэн намраа анх Соёлын ордонд тоглолт үзсэн юм. Тухайн үед Соёлын ордны жүжигчид, охидууд нь царайлаг харагдаад "Би л Соёлын ордонд орохгүй бол болохгүй юм байна" гэж бодох болсон. Түүнээс хойш тэдэнд татагдсаар яваад Соёлын ордондоо орсон доо.

Намайг Соёлын ордонд ороход Доржсүрэн багш маань угтаж авсан. Би аймагт ирээд клубт бүжгийн ая тоглоод хэрэндээ л нэрд гарсан /инээв/. Ямар сайндаа л сайн дурын уран сайханчийн үзлэгт ороод мөнгөн шагнал авч байхав дээ. Тэндээсээ сургуульд сурахаар болж Багшийн сургуулийн Соёлын ангид орсон.

Түүний дараа Ленинградад Соёлын дээд сургуульд номын дуу сонсч, төгсөөд Завхандаа ирсэн. Ер нь ингэж л бүх насаа нутагтаа өнгөрүүлсэн юм. Ленинградаас ирээд аймагтаа хөгжмийн багш болсон. Дараа нь аймгийн театр байгуулагдахад найрал хөгжмийн ангийг байгуулсан. Хөгжмийн багш, найрал дууны багш, удирдаач, уран сайхны удирдаач гээд 30 гаруй жил ажилласан даа.

-Хүмүүс хотод үлдэх сонирхолтой байхад та яагаад хөдөө ажиллахаар тэмүүлэх болов?

-Тухайн үед бүх юмыг чадах юм шиг санагдаж, бяр амтагдаад хөдөө явсан. Намайг хөдөө явна гэхэд "Чи хөдөө очоод Соёлын төвийн эрхлэгч л болно биз. Мэргэжпээрээ өсөж чадахгүй зэвэрнэ" гэж хүмүүс хэлж байсан. Залуу байхад хүний хийгээгүйг хийнэ, чадаагүйг чадна гэсэн мөрөөдөл өвөртлөөд нутаг руугаа зүтгэсэн.

Завхан аймагт 1983 онд Хөгжимт драмын театр байгуулагдахад    наймдугаар анги төгссөн хүүхдүүд шалгаж аваад, ёочин, хуучир, морин хуур хөгжмийг өөрөө зааж, найрал хөгжим байгуулсан. Орон нутгийн найрал хөгжмүүдээс хамгийн сайн нь манайх байсан. Хууль зүйн яаманд бүртгэлтэй морин хуурын хоёр чуулгын нэг нь Завханд бий.

Мөн "Хос вансэмбэрүү" цэнгээнт бүжгийн чуулга, улсад ганц байдаг хуучир, шанзны чуулгыг манай сургуулийнхан байгуулсан. Эргээд харахад хэтэрхий их мөрөөдөөд, үүнийхээ нэлээд хувийг биелүүлсэн байна.



-Завханаас төрсөн нэг үеийн уран бүтээлчид бий. Та тэдэнтэй хамтран уран бүтээл хийж байсан болов уу?

-С.Батсүх, У.Далантай, С.Сандагдорж, Ц.Бавуудорж, Н.Лутбаяр, Ж.Батсайхан гээд бүгд л тэнд л байлаа шүү дээ. Ж.Батсайхан мэргэжлийн хяналтын албанд байцаагч, У.Далантай Тосонцэнгэлийн дунд сургуульд байхаасаа л дуулдаг хүүхэд байсан. Тэр үеэс л бид дуу хийсэн дээ.

-Та П.Адарсүрэнг таньдаг байсан байх?

-Намайг 14-тэй клубт баян хуур тоглодог байхад нүдний шилтэй бор залуу "Алив баян хуураа өгөөдөх" гээд аваад өөрөө дуулж, бүжиглээд ёстой үзүүлээд өгсөн. Тэр үед тэр хүнийг П.Адарсүрэн гэдгийг мэдээгүй. Харин сүүлд нь таньсан. Ер нь цэргийн дарга л гэж сонссоноос биш таньдаггүй байсан даа.

Түүнээс хойш "Хадат ухаа" гэдэг дуу нь нэрд гарсан. Сүүлд намайг Завханы театрт байхад архинаас гараад очсон юм. Архины эмчилгээнд аймгийн төвд ороод бүтэн жил сайхан ажилласан юм шүү дээ. Хөдөө орон нутгаар тоглолтод явж, мотоцикль хүртэл авч унаад их сайхан болсон / бодол хийлэв/.

-Та дуунд хэдий үеэс шимтэх болов?

-Дуунд их хожуу орсон гэж боддог юм. Би Соёлын дунд сургуульд хоёрдугаар курст байхдаа дуу зохиосон. Зуныхаа амралтаар нутагтаа очоод намар Отгон сумын урлагийн тоглолтыг бэлтгэх боллоо л доо. Тэгээд сайхан дуулдаг хоёр уран сайханчаар дуэт дуулуулахаар болсон чинь дуу олдож өгдөггүй.

Тэгэхлээр нь өөрөө зохиочихож болмоор санагдаад яруу найрагч А.Самба лхүндэвийн шүлгээр дуу хийгээд нөгөө хоёртоо заасан, дуртай байна аа. Гэтэл аймгийн төв дээр ирээд "Балай юм зохиолоо" гэж загнуулсан. Бүр сүүлдээ намайг сургуулиас хөөхөөр болсон шүү. Тэгж анхны дуу маань бүтэлгүйтсэн.

Түүнээс хойш дуу зохиох гэхээр ууртай даргын нүүр харагдаад ерөөсөө болдоггүй. Заримдаа дуу зохиогоод өөр хүний нэрээр зарлуулдаг болсон. Тэгж байтал "Аав минь" дууны шүлгийг С.Батсүх олоод ирсэн.

Дараа нь "Аав уул" гэдэг дууны шүлгийг бас л С.Батсүх авчирсан даа. Тэгээд би ая зохиож өгөөд С.Батсүхээр тоглолтод нь дуулуулсан чинь хүмүүс аятайхан хүлээж авч байна аа. Ингэж л олон дуу ар араасаа гарсан.

-1990-ээд онд зохиолын дууны оргилуудыг Д.Цэвээнравдан та хоёр бүтээж байсан. Бүр зарим дуу нь адилхан сэдэвтэй нэгэн зэрэг сонсогчдод хүрдэг байсан гэдэг юм билээ?

-Тухайн үеийн дуучид, яруу найрагчид сайн байсан л даа. Ер нь яах аргагүй тэнд тийм хамтлаг бий болчихсон юм. Нэг удаа Ц.Бавуудоржийн шүлгийн түүврийг хараад сууж байсан чинь "Дөрвөн өнгө" шүлэг байсан. Дахилт байхгүй ч шүлгэнд ая хийсэн чинь аятайхан байна аа.

Тэгэхээр нь С.Батсүхээр Дуулуулаад үзсэн чинь болохоор санагдсан. Ер нь нэг сонин юм байдаг. Д.Цэвээнравдангийн "Дуут нуур" сонсогчдод хүрэхэд миний "Завхан гол" гардаг. Бас "Бүүвэй ээж" дуу гарахад миний "Аав уул" дуу төрөх жишээтэй. Уул нь Д.Цэвээнравдан бид хоёр өрсөлдөөгүй л юм даа.

-"Завхан гол" дуу хэрхэн бүтсэн талаар сонирхуулаач?

-"Завхан гол"-ыг Н.Лутбаяр эхлээд өөр хувилбараар бичсэн. Эрдэмтэй хүн даруу, их мөрөн дөлгөөн гэсэн зүйр үгтэй адилхан шүлэгтэй байсан юм. Тэгээд бид ярилцаад шүлгийг нь бага зэрэг өөрчлөхөөр болсон. Тэгээд мань хүн голын зах дээр сууж байсан чинь нэг эмгэн "Ээ, Завхан гол минь" гэж дуу алдаад мөргөөд байсан гэдэг. Түүнээс л санаа авч удалгүй "Завхан гол" нэртэй сайхан дуу төрсөн түүхтэй. Энэ дууг анх С.Батсүх Завханы театрын тайзан дээр улсын баяраар дуулсан юм даа.

-Ярилцсанд баярлалаа.


Б.Сэлэнгэ

Эх сурвалж: