sonin.mn

 



Нэг үе залуусыг "Зүүдний дагина" дуугаараа байлдан дагуулж, уярааж явсан “Фрийзон” хамтлагийн залуус маань хэдийн айл гэрийн эзэн ноён нуруу болоод тус тусынхаа амьдралыг хөөж, бас тус, тусдаа уран бүтээл хийх болж хамтлаг тарсан. Сураг тавих нээ хамтлагийн ахлагч Г.Баттөмөр хувийн бизнесээ эхлүүлээд тун ч завгүй яваа аж. Төрөө гадаадаас ирээд удаагүй Бэкэ гурван хүүхдийн эцэг болоод бас л хувийн амьдралаа төвхнүүлсэн сурагтай. Ингээд “Фрийзон” хамтлагийн ахлагч Г. Баттөмөртэй цөөхөн хором уулзаж ярилцлаа.

-“Фрийзон” хамтлагийнхан одоо хаагуур явна вэ?

-Манай хамтлагийн нэг гишүүн Төрөө Англид сургуульд сурч байгаад ирсэн. Төрөөгийн маань шинэ СD нь өнгөрсөн өвөл гарсан. Харин Билгүтэй бид хоёр монголдоо ажиллаж, амьдарч байна. Одоогоор тиймэрхүү сонинтой. “Фрийзон” хамтлагийнхан урьдныхаа үеийг бодвол бүгдээрэ гэр бүл, үр хүүхэдтэй болчихсон байгаа. Манай Бэкэ гурван хүүхдийн аав болсон. Би нэг хүүхэдтэй. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд гэр бүлтэй болж, сургуулиа төгссөн. Бусад хамтлагуудыг бодвол бид нар дуулахынхаа хажуугаар нь сургуульд сурч байсан.

Тэр үед бид нар сургуульд сурч байсан болохоор мэргэжлээрээ ажиллаж байна. Харин дуулах маань хоёр дахь асуудал болсон.

-Хамтлаг нэлээд удаан хугацаагаар уран бүтээл хийсэнгүй энэ нь хамтлаг тарсан гэх ойлголт төрүүлсэн. “Фрийзон” хамтлаг тарсан уу?

-Бид гурав хамтлаг болоод дуулдаг байснаасаа эхлээд уран бүтээлч гэдэг талаасаа СD-гээ гаргасан. Хамтлагийн гишүүдээс нэг нь СD гаргачихаар хүмүүс “Энэ хамтлаг тарж байгаа юм байна’’ гэж боддог. Бид сүүлийн хэдэн жил уран бүтээл хийгээгүй. 2009 онд манай хамтлагийн 10 жилийн ой болсон. Түүнийгээ бид нийтэд зарлаж концерт тоглоогүй. Гэхдээ бид нар бас ч гэж зүгээр суугаагүй. 10 жилийнхээ ойг тохиолдуулж, “Чингис” зочид буудалд “А Sound" хамтлагтай жижиг хэмжээний тоглолт хийсэн. Дандаа рок, попынхоныгоо уриад жижиг хүлээн авалт хийгээд л дууссан. Хамгийн сүүлд 2009 онд тэгж цуглаж, хамтдаа дуулцгаасан. Уран бүтээл хийнэ гэдэг манай уран бүтээлчдийн хувьд нас, бас цаг үетэйгээ холбоотой байдаг бололтой. Урьд нь бид байнга уран бүтээл хийдэг байсан гэдгийг та нар мэднэ ш дээ. Бараг сард л нэг клип гардаг. Одоо бол дуучид бүгдээрээ л уран бүтээлээсээ гадуур өөр ажиллаж хөдөлмөр хийдэг болчихсон байна. Зарим нэгэн уран бүтээлчид дахиж дуулахгүй гэчихээд дуулж л байдаг юм. Бид өнөөдөр тэгнэ, ингэнэ гэж зарлахыг хүсэхгүй байна. Дуулвал хэзээ ч дуулж болно. Асуудал байхгүй. Энэ жилээс дахин нэгдэж нийлж дуулах бодол хэн хэнд маань байгаа. Хамгийн гол нь Төрөө байхгүй байсан. Гурван гишүүнтэй хамтлагийн хоёр нь дуулаад байвал утгагүй ш дээ. Яг албан ёсоор “Фрийзон” хамтлаг тарсан ч юм алга, нийлсэн ч юм алга. Тиймэрхүү л янзтай байгаад байгаа.

-2009 онд танай хамтлаг 10 жилийнхээ ойг тэмдэглэсэн гэлээ. Хамтлагууд 15, 20 жилийнхээ ойгоор эргэн нэгдэж хүндэтгэлийн тоглолт хийдэг шүү дээ. Та гуравт хамтлагийнхаа 15 жилийн ойгоор тоглолт хийе гэсэн төлөвлөгөө бий юу?

-Хоорондоо л ярьцгааж байгаа. Бид нарын залуу нас байна. Дуулна гэдэг бид нарын хамгийн сайн чаддаг ажил. Түүнийгээ үргэлжүүлээд хийх юм бол 15 жилийн ойн тоглолтоо хийх ёстой. Яг одоо би "Фрийзон" хамтлаг 15-н жилиинхээ ойн тоглолтыг хиинэ гэж хэлж чадахгүй байна. "Номинталст” хамтлаг нэг хэсэг уран бүтээл хийхгүй байж байгаад бараг тарчихсан байсан. Тэгэж байгаад одоо нийлээд энэ жил 15 жилийнхээ ойн концертоо тоглож.СО-ийхээ ажилд орчихсон явж байна шүү дээ.

-"Фрийзон" хамтлагийг Монголд хамгийн анх удаа гадаад дууны аяыг хулгайлж дуулсан гэж буруутгадаг. Танай “Зүүдний дагина” дуу хулгайн дуу юм уу?

-Хулгайлах ч гэдэг юу юм бэ. Юу гэмээр юм. Гадны аян дээр монгол үг хийгээд дуулчихсан юм. Тэр дууг бид нар анхнаасаа хэлж байгаад дуулсан. Манай анхны “Зүүдний дагина” гээд дуу Японы хамтлагийн хоосон ая байхгүй юу. Тэр аяыг бид нарт хүн санал болгосон. Тэгээд л бид нар тэр ая дээр нь Хүрэлбаатар гуайгаар шүлэг хийлгээд дуулчихсан юм. Бусад дуунууд бол Монголын хөгжмийн зохиолчдын дуунууд. "Фрийзон" хамтлагийнхан олон дуунууд хүмүүсээс авч байгаагүй. Цөөхөн ч гэсэн чанартай, чадалтай уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг байсан. Тэд бусдын дууг хулгайлна гэж байхгүй шүү дээ. Тэр үед хамгийн анх гадаад аян дээр Монгол үг хийж дуулсан л байхгүй юу.

-"Фрийзон" хамтлаг анхны СD-гээ хэзээ гаргасан бэ?

-Манай хамтлагийн "Chuka and Freezone" гээд бид нарын хамгийн анхны СD байдаг. Тэр СD манай хамтлагийнханд маш том алхам хийж өгсөн. Тэр СD-г хийхэд дандаа мундаг хүмүүс оролцсон. Тийм учраас чадалтай сайн СD болж сонсогчидод хүрсэн. Бүх дуунуудын аяыг Чука ах зохиосон. Харин шүлэгнүүд нь О.Дашбалбар, Б.Явуухулан гэсэн мундаг хүмүүсийн шүлэг байсан. Харин нэг дууных нь үгийг Харангийн Лхагваа ах бичсэн. Бүх гитаруудыг нь Харангийн Энхманлай ах тоглож, СD-ний бүх аренжрокуудыг нь Халиун ах хийсэн. Чука ахын тоглолт болоход бид нар найман дуу дуулж байх жишээтэй. Бусад уран бүтээлчид ганц, хоёрхон дуу дуулж байсан. Би уран бүтээл чанартай байх ёстой гэж боддог. Бид нар дуу үйлдвэрлэдэг хүмүүс биш. Одоо яг тийм болчихсон юм шиг санагддаг. Өнөөдөр нэг дуу гаргаад, маргааш нь дахиад дуу, клип хийдэг байх жишээтэй. Тиймээс уран бүтээл нь ч чанаргүй, хүмүүсийн сэтгэлд зүрхэнд хоногшиж үлддэггүй.

-Та нарын үед гарч байсан дуу, одоо үеийн дуу хоорондоо заагтай болчихлоо шүү дээ. Хэн дуртай болгон нь дуулаад явж байна. Үүнд та ямар байр сууринаас ханддаг бэ?

-Тэр үед маш олон хамтлаг байсан. Та нар санаж байгаа байх “В аnd G” гээд Эрдэнэтийн хамтлаг байсан . Би чинь “Трио” гэж хамтлагт дуулдаг байсан. Тэр үед “Салхи”, “Guys”, “8 дахь гараг”, “Сүнс”, " Камертон”, “Номин талст” олон хамтлаг байлаа. Энэ дундаас уран бүтээлээрээ бусдаасаа шалгарч байгаа юм. Хоёрдугаарт мэргэжлийн талд нь байсан хамтлагууд нь үлдсэн. Би бол тэгэж боддог. Манай продюссер бол “Камертон”-ыг гаргаж ирсэн дуучин Тайванбат байсан. Тэгээд "Камертон"-оос болиод "Фрийзон" хамтлагийн продюссер болсон. Нэг хэсэг “Камертон” хамтлаг, "Фрийзон" хамтлагийнхан ах дүү шиг байсан. Тайванбат өөрөө мэргэжлийн хүн, “Камертон”-чууд бас мэргэжлийн дуугаралттай. Манай хамтлагийнхан ч гэсэн арай өөр мэргэжлийн дуугаралттай арай ондоо байсан. Тэгээд дараа нь бид Чука ахтай ажилласан. Чука ах бол өөрөө мэргэжлийн хүн. Би боддог л доо. Би бол хөгжим шүүмжлэгч ч юмуу, хөгжмийн продюссор хүн биш. Зүгээр өөрийнхөө бодлыг хэлэхэд тэр үед мэргэжлийн талдаа уран бүтээл хийсэн хамтлагууд тун цөөхөн байсан. Бид нар тэр үед дуугаа бичүүлж байхдаа нэг алдвал дахиад бүгдийг эхнээс нь дуулдаг байсан. Одоо бол гурав дуулаад бүгдийг нь компьютероор янзалдаг болчихсон.

-Хамтлагт хамгийн гол хүчин зүйл чинь санхүүгийн асуудал. Та нар санхүүгээ яаж зохицуулдаг байв? Хүндрэлтэй зүйл багагүй байсан биз?

-Юм өөрчлөгдөж байна. Тайз гэхэд л асар их өөрчлөгдлөө. Том LED ч юм уу ЗD телевизтэй, за тэгээд л программ, тавилт, дуугаралт гээд л бүхий л техник хөгжчихөөд байна ш дээ. Аятайхаан дуулчихвал программ дээр янзлаад л сайхан клип хийгээд л боллоо. Харин бидний үед тоглолт хийх гэдэг асар их ажил болдог байсан Хэвлэлтээ хийлгэх гээд хэвлэлт хийдэг газар байхгүй байдаг байсан. Гадаа самбараа хүнээр зуруулдаг байлаа. Одоо залуучуудын голоод байгаа хулдаасан хэвлэл ч тэр үед байгаагүй. Бид нар тэр үед 3000 доллар олох гэж их зовдог байсан. “Тэр үед яах бэ?” “Хэнийгээ гуйх вэ “ гээд л түмэн асуудал болдог байлаа.

-Та нарын үед чинь “Сүнс”, “Guys 666”, “Салхи”, “8 дахь гариг”, “Номин талст”, “Камертон” гээд олон хамтлагууд хоорондоо уран бүтээлээрээ өрсөлдөж байсан. Тэр ч утгаараа ч чанартай уран бүтээл гардаг байсан байх?

-Мэдээж олон хамтлаг дундаас ялгарч гарч ирнэ гэдэг хэцүү. Тиймээс хэн сайн хөдөлмөрлөсөн нь л амжилтанд хүрч байсан. Хэдийгээр өрсөлдөж байсан ч яг л ахан дүүс шиг байж чаддаг байж.

-Та нарын үед байсан хамтлаг дуучид одоо ер нь нам гүм болсон.

-Хувийн амьдралаа хөөгөөд л тус тусдаа бас амьдрах гээд л байна шүү дээ. Бас л бидний адилаар ганц нэгээрээ уран бүтээлээ хийж байгаа нэгэн ч байгаа. Хувийн студитэй болоод шинэ уран бүтээлч гаргаж ирж байгаа нэгэн ч байгаа. “Салхи” хамтлагийнхан эргэж нэгдээд уран бүтээлээ хийхээр болсон. “Номин талст”-ынхан эргэж нэгдсэн, “Камертон” ч саяхнаас бас л нэгдээд байна. Тус тусын маань ч амьдрал хөлөө олчихлоо. Эргээд уран бүтээлдээ орох санаа бидэнд ч гэсэн байгаа.

-Ганцаараа дуулах сонирхол байгаа юу? СD -гээ гаргах ч юмуу?

-Энэ жил хийх санаа байна. Ямартай ч нэг цомог гаргая гэсэн бодол байгаа. Гэхдээ би ямар СD гаргаад л тэрийгээ зараад л мөнгө олох гээд л байгаа биш. Уран бүтээл ч гэдэг утгаараа өөрийн дуунд дуртай хайртай хүслээ орхигдуулахгүй тулд уран бүтээл хийнэ. Надтай хамтарч ажилдаг сайн уран бүтээлч нар байгаа. Хүн хүсээд мөрөөдхөөрөө сэтгэл зүрхнээсээ хийдэг. Яг тэрэн шиг би хүсэл мөрөөдлөө дагаал СD гаргана.

-Өөрийг тань нэг хэсэг архины бизнес эрхлээд байна гэсэн.Энэ үнэн үү?

-/инээв/ Архины ч бизнес гэж юу байх бэ. “Алко” групп гэж байсан. Одоо ч байгаа ш дээ. Бас АПУ шиг үйлдвэрлэл явуулдаг. Тэдний маркетингийн албанд нь ажилладаг байсан. Харин АПУ компанитай бол байнгын хамтарч ажилладаг.


Эх сурвалж: "Тэргүүн"