sonin.mn

1927 онд Францад авахуулсан дөрвөн монгол оюутны нэн сонин зургийг жилийн өмнө нэгэн блогоос олж үзэж билээ. Парис хотын Мишель хэмээх алдартай лицей сургуульд суралцаж байсан Ж.Дүгэрсүрэн, Т.Аюурзана, Л.Уртнасан, Л.Намсрай нарын талаар лавшруулж хайсан боловч дорвитой мэдээлэл олж чадаагүй. Тэр явдал ч тэгсхийгээд мартагдсан юм.

Гэтэл саяхны нэгэн өдөр хуульч Д.Бат-Өлзийгөөс дээрх зурагтай холбоотой тун сонирхолтой мэдээлэл олж сонслоо. Тэрбээр энэ зун нутагтаа амарч байхдаа Л.Намсрай хэмээх танил бус хүний нэрийг ургийн бичгээсээ олж үзжээ.

Л.Намсрай 1926 онд Герман улсыг 35 хүүхдийн тоонд багтаж, “Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас эрдэм өвөртлөн ирэхээр” хилийн дээс алхжээ. Германд зургаан сар болсны дараа тэрбээр хамт сурч байсан Ж.Дүгэрсүрэн, Т.Аюурзана, Л.Уртнасан нарын хамт Франц улсад шилжин суралцах болсон байна.

Эл дөрвөн оюутан 1930 оны долоодугаар сарын 13-нд сургуулиа төгсөж, эх орондоо эргэн ирсэн бөгөөд улс нийгэмдээ нэр хүндтэй, түмэн олондоо хүндлэгдсэн сэхээтнүүд болжээ. Тэдний намтар Монголын түүхийн хуудаснаа тод томруунаар тэмдэглэгдэн үлдсэн аж. Гэвч Л.Намсрайн түүх намтар тун бүдэг. 1938 оны их хэлмэгдэлд өртөж, цаазлуулсан гэхээс өөр мэдээлэл үгүй.

Хуульч Д.Бат-Өлзийгөөс энэхүү сонин түүхийг сонсоод, жилийн өмнө олж үзсэн өнөөх зургаа эргэн санав. Цахим ертөнцийг “шүүж”, “эртний танил” зургаа хайж олоод баярласан гэж жигтэйхэн. Тэрхүү зургийг Л.Намсрайтай хамт Мишель лицейд сурч байсан Л.Уртнасан Герман руу явуулсан захидалдаа хавсаргаж илгээсэн нь ийнхүү түүхийн гэрч болон үлджээ.

Ардын засгийн буянаар алс газар сурахаар одсон оюутнуудын талаар сонир­хож, судалдаг хүмүүсээс асууж, сурагласан боловч хангалттай мэдээлэл олж сонссонгүй. Харин хуульч Д.Бат-Өлзийгөөс удам уг­сааных нь талаар асууж сурагласны үр дүнд Л.Намс­рай хэмээх хүний талаар багагүй мэдээлэл олов. Энэ хүний намтрыг “ухаж төнхөх” тусам түүхийн нууцлаг хэлхээ хөвөрч, төрөлхийн сониуч зангийн минь үзүүрээс “атгачихаад” тавьсангүй.

Хуульч Д.Бат-Өлзийн хуланц эцэг Баттөгсийн Лагнаадорж 1950-1926 онд амьдарч байжээ. Тэрбээр Нарангэрэлт Алтан ургийн Хэргүүд овгийн хүн бөгөөд манай нийтлэлийн баатар Л.Намсрайн төрсөн эцэг аж. Б.Лагнаадорж Түшээт хан аймгийн Со засгийн хошууны тамгын захирагчаар ажиллаж байжээ.

Тэрбээр хошуу ноён Ж.Содномдоржийн хүү С.Наваандоржийг насанд хүрээгүй байхад нь дагуулан Бээжинд хүрч, Манжийн хаанд мэдүүлэн зэрэг залгуулж байсан түүхтэй. Б.Лагнаадорж олон жил ноён ор залгасан, нутаг усныхандаа нэр хүндтэй нэгэн байжээ. Тиймээс ч түүний хүүхдүүд бүгд авхай, тайж зэрэгтэй.

Улс, нийгмийн нэрт зүтгэлтэн Л.Санжаажамц мээрэн Б.Лагнаадоржийн төрсөн хүү. Тэрбээр Дотоодыг хамгаалах газрын түшмэл, Богд хан уулын аймгийн чуулган дарга, яамдын сайд, дэд сайд, Улсын тээхийн Ерөнхий хорооны дарга зэрэг төрийн өндөр алба хашиж байв. Түүнчлэн орчин цагийн шатрыг Монгол Улсад анх нэвтрүүлж, Монголын шатрын холбооны анхны ерөнхийлөгчөөр ажиллаж байсан түүхтэй.

Энэ мэтээр ургийн бичгийг нарийн судалсны үр дүнд нийтлэлийнхээ баатрыг 1909 онд одоогийн Өмнөговь аймагт төрсөн болохыг олж мэдлээ.  

Эцгийнх нь нийгэмд эзлэх байр суурь, хэргэм зэрэг өндрөөс гадна хошуу ноён Ж.Содномдорж Цэргийн болон шүүх яаманд сайд, түшмэлийн алба хашиж, анхдугаар Үндсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэгт ажиллаж байв. Ах Л.Санжаажамц мээрэн нь ДХГ-ын түшмэл, Богд хан уулын аймгийн чуулган даргаар сонгогдож, хожмоо бусад өндөр албан тушаалд томилогдон, эрдэм, бүтээл туурвих, нутгийн адууны угшил угсааг сайжруулах зэрэг үйл хэргээрээ тэр үеийн нийгмийг манлайлах хүрээлэлд багтаж байжээ. Энэ бүхэн Л.Намсрайг өндөр хөгжилтэй улсад эрдэм боловсрол эзэмшиж, зохиолч сэхээтэн болж төлөвшихөд нөлөөлсөн нь дамжиггүй.

Л.Намсрай дээд сургуульд суралцахаар нутгаасаа гарч, нийслэлийг зорьжээ. Улмаар Ардын засгийн шийдвэрээр гадаадад суралцах шалгалт өгч тэнцсэнээр алс холын Герман улсыг зорьсон аж. Тэрээр эх орондоо эргэж ирээд төр засгийн томилгоогоор Намын түр сургуульд багш, Ардын гэгээрлийн ба хэвлэлийн хороо, хувьсгалын музей зэрэг газарт гэрэл зурагчин, Цэргийн театрт найруулагчаар ажиллаж байгаад 1938 онд хэлмэгдсэн байна.

Нийтлэлийн маань баатар цэл залуудаа бурхны оронд одсон бо­ловч чамлахааргүй зүй­лийг хийж бүтээж, өндөр хөгжилтэй орны соёлт нийг­мээс олж авсан мэдлэгээ ард түмэндээ батлан харуулж чадсан байна. Тэрээр “Цэрэг Янжив”, “Цэргийн арван таван нас”, “Жанжин туг”, “Аль муу арав”, “Партизан Батхүүгийн зам”, “Мунхаг засаг”, “Тэсвэргүй сэтгэл”, “Өргөмөл Сувд”, “Ванчин лам”, “Буянхишиг Да лам” зэрэг жүжгийн зохио­лыг бичиж, найруулан Цэргийн театрын тайзнаа “амилуулжээ”.

Мөн “Миний шинэ гутал”, “Миний шинэ дээл”, “Манай Монголын таван хошуу мал”, “Манай цэцэрлэг” зэрэг хүүхдийн анхны зурагт номыг зохиосон байна.

Тэрээр 1938 онд “Герман оюутнуудын хэрэг” гэгчид холбогдон баривчлагдсаныг түүх гэрчилж байна. Парист суралцаж байсан оюутнууд бүгд хэрэгт татагдсан боловч Л.Намсрайгаас бусад нь хорих ял авч, хожим суллагдсан аж.

Гэтэл яагаад Л.Намсрай цаазын ял сонсох болов? Магадгүй, энэ нь түүний тайж угсаа, эрхэм дээд язгууртай холбоотой байж болох талтай. Учир нь, 1938 онд түүний удмын гурван хүн хилс хэрэгт тулгагдаж, цаазын ял сонссон байна. Л.Намсрайн ах Л.Санжаажамц тэргүүний сэхээтэн, тайж гаралтайгаасаа болж, намын гуравдугаар цэвэрлэгээнд өртөн, намаасаа хөөгдөж, албан тушаал буурч, хилс хэрэгт гүтгэгдэн цаазлагджээ.

Мөн Лагнаадоржийн Жам­балдорж тэргүүн, ойрын хамаатан, хошууны тамгын дарга, цэргийн түшмэлийн алба хашиж, анхдугаар Үндсэн хуулийг батлалцаж явсан А.Гэлэг-Ёндон нар хэлмэгдэлд өртөн, цаазлагдсан байна.

Л.Намсрайг Цэрэндулам хэмээх бүсгүйтэй ханилан суусан хэмээн ургийн бичигт тэмдэглэжээ. Гэвч тэрбээр хүүхэдгүй байсан бололтой. Нөгөө талаар түүнийг хэлмэгдэх үеэр хүүхэд нь бага балчир байж, төөрөлдсөн байх магадлалтай.

Түүний ах, эгч нарын дотор улс орныхоо сайн сайхны төлөө үнэнчээр зүтгэж, төр нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулан, түүхэнд нэрээ мөнхөлсөн хүн олон.

Л.Намсрайн намтар түүх бүдэг бадаг боловч удам судар, эрдэм боловсрол, авьяас билигтэй, Монголын анхны сэхээтнүүдийн нэг байсан нь тодорхой байна. Тиймээс түүхэнд үлдээсэн мөр, түмэндээ цоллуулах гавьяатай энэ эрхмийг Монголын ард түмэн мартах учиргүй хэмээн сэтгэж, үзэг, цаас нийлүүлсэн минь энэ.

Түүнчлэн Л.Намсрайн үр хүүхэд байдаг аваас ураг төрлөө таньж олох, түүнийг мэддэг хүмүүс байдаг бол хамаатан садан, ойр дотныхонтой нь уулзаж, бидний олж мэдсэнээс илүү зүйлийг хэлж өгч магад гэсэн давхар санаа өвөрлөснөө нуух юун. Тиймээс түүний талаар мэддэг хүн байвал манай сонины редакцийн хамт олонтой холбогдоно уу.


Эх сурвалж: "Өглөөний сонин"