Биднийг хүүхэд байхад зориг, зүрхгүй, асуудалтайгаа нүүр тулж чаддаггүй, хөвгүүдтэй ана мана, ач тач зодолдохоос зугтдаг нэгнээ “Аймхай Америкийн шонхор” хэмээн шоглодог байв. Тэгвэл ойрын өдрүүдэд өрнөсөн уул уурхайг тойрсон улс төрийн халуун сэдэв дунд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир л энэ тодорхойлолт шиг байлаа. “Олон улсын хүүхдийн эрхийн өдөр”-ийн өмнөхөн хариуцлагагүй уул уурхайгаас шалтгаалж хүүхэд эндсэн харамсалтай хоёр ч осол бүртгэгдлээ.
Нэгдүгээрт, бидний өчигдөрхөн шуурч, халаглаж, харамсаж байгаад өнөөдөр мартчихсан суугаа гурван настай охины гунигтай, харамсалтай үхэл.
Хоёрдугаарт, Дорноговь аймгийн Өргөн сумын нутагт уурхайн олборлолт явуулсан шороогоо тэгшлээгүй компаний буруутай үйлдлээс шалтгаалан тэнд тоглож байсан 13 настай хүү шороонд дарагдаж энэ хорвоог орхив.
Заамар суманд хайгуулын үйл ажиллагаа явуулж байсан уурхайн 50 метр гүн цооногт унаж амиа алдсан гурван настай охин, олборлолт явуулсан шороогоо тэгшлээгүй уурхайн компаний буруутай үйлдлээс болж шороонд дарагдсан хүүгийн үхэл бол цэвэр байгаль орчны салбарын хариуцлагагүй асуудал гэдгийг хэн ч ярихгүй байгаа нь гайхмаар. Хуулиараа тухайн сумын байгаль орчны байцаагч нар олборлолт явуулсан, хайгуул хийсэн лицензтэй нэгж талбайд нөхөн сэргээлт хуулийн хүрээнд хийгдэж байгаа эсэх, нөхөн сэргээлт дууссан эсэхийг хянах үүрэгтэй юм. Гэтэл Ц.Сандаг-Очирын ахалж буй энэ салбарын алба хаагчид ажлаа хийж чадаагүйг дээрх хоёр харамсалтай хэрэг харууллаа. Харанхуй шөнөөр гэнэт гарч ирсэн Заамар сумын Засаг дарга нь “Ажилтнууд маань ачааллаа даахгүй байна” хэмээн гомдоллож, сэтгүүлчдийг элдэв янзаар доромжилж байгаад л алга болжээ. Ажлаа мэддэг, асуудлаа ойлгодог байгаль орчны албан хаагч тэнд ажиллаж байсансан бол уурхайн бүсийн аюулгүй байдлыг хангуулахаас гадна ухаж сэндийлсэн газар бүхэнд нь нөхөн сэргээлт хийлгэчих байлаа. Бяцхан охин өнөөдөр бамбарууштай цүнхээ үүрээд л бидний дунд гүйж, эх үрсийн баяраар ээж, аавтайгаа баярлаж явах байлаа. Сэтгэлтэй, зүтгэлтэй сайдтай байсансан бол ниргэсэн хойно нь биш ниргэхээс өмнө Дорноговьд хяналт, шалгалт хийлгэчихсэн бол 13 настай хүү ангийн найзуудтайгаа хамт мөрөөдлөө яриад сууж байх байлаа. Гэтэл амьтны нялх үрс хариуцлагагүй уул уурхайгаас шалтгаалан амиа алдчихаад байхад гэгээн дүрээ харуулж мэдэгдэл хийх байтугай ганц удаа ч эмгэнэл илэрхийлж, үг холбохгүй арьсаа хамгаалаад алга болсон.
Эрхэм сайдтан хүүхэд золгүй байдлаар амиа алдсаны дараа л ажлаа гэнэтхэн санаж Дорноговь, Баянхонгор, Төв, Сэлэнгэ аймгуудад уул уурхайн компаниуд холбогдох хууль тогтоомжийг зөрчиж байгаа эсэхэд хяналт шалгалт хийнэ хэмээн хар шил зүүчихээд хар машинтайгаа даналзаж явах ажээ.
Бяцхан охиныг аврах гэж гурван хоног улсаараа нойргүй шаналж, аврах ажиллагаа явуулж буй Онцгой байдлын алба хаагчдаа л сошиалаар нүдэж, хэмлэж байхад эрхэм сайд хариуцлагагүй уул уурхайн асуудлаараа ганц ч үг ганхийсэнгүй. Яав, ийм гэж тухайн бүсэд ч очоогүй атлаа хэрэг явдал дууссаны дараа ухсан нүхний дэргэд ногоон хувцастай зураг даруулахаа харин мартсангүй шүү. Аж үйлдвэрийн сайд нь лиценз цуцалж, Ерөнхий сайд нь галыг өөр дээрээ авч, асуудлыг ул сууриар нь хянах үүрэг өгч, олны бухимдалд оновчтой хэдэн шийдвэрээр хариу өгөөд хэрэг явдал намжиж байх шиг. Дорноговь аймагт гарсан хүүгийн үхэлд ч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд нь очих бус Зам тээврийн сайд нь оччихсон лиценз цуцлаад явж байх юм. Юмс эмх замбараагаа алдана гэдэг энэ л байх. Энэ улсад, энэ засагт “Хэлдэг гурав, хийдэг ганц” гэдэг шиг асуудал болгонд л галыг өөр дээрээ авдаг цөөхөн хэдхэн сайд нар ажил хийж байгаа нь үнэн. Үлдсэн нь харин хэрхэн гоё харагдах вэ, хэнийг өөрийнхөө өмнөөс буруутан болгож түлхэх вэ, салбар ахалсан нэртэй төсөл, тендер хэрхэн завших вэ гэсэн эрх ашигт хүлэгдэн, Ерөнхий сайдынхаа араас “хутга” зооход ч бэлэн сууж байдгийн нэгээхэн жишээ нь Ц.Сандаг-Очир болов.
Асуудал хаанаас эхлэлтэйг бус хэнийг түрүүлж буруутгах вэ гэдэгт л ач холбогдол өгсөн монголчууд дэмий л онцгой байдлын хэдэн алба хаагчдаа зүхэж занаж, Шадар сайд Н.Номтойбаяраас хариуцлага нэхэж шуугицгаалаа.
Нөгөөх нь харин Ц.Сандаг-Очир шиг зугтаж гүйсэнгүй. Эр хүн шиг гарч ирээд энэ салбарыг өөрчилнө, шинэчилнэ, нинжа бус мэргэжлийн алба хаагчдадаа итгэж байсан гэж зоригтойхон дуугарчихлаа. Овоо доо. Одоо харин Ц.Сандаг-Очир сайд та асуудлын араас бус өмнө нь гарч дуугараад хариуцлагагүй уул уурхайг цэгцлэх талаар зоригтойхон ажил хийвэл ямар вэ. Ухаж сэндийлсэн газар шороо, уул уурхайг хөгжүүлэх нэрийдлээр нөхөн сэргээлтгүй орхигдсон талбай бүхнээр та орж, ногоон хувцастай зураг даруулахыг хүлээвэл энэ жилдээ байтугай ирэх жилдээ ч дуусахгүй. Харин салбарын сайд юм бол сайд шиг зангараг зааж, уурхайн эздээс хэдэн саяар нь авлига авчихаад нүдэн балай чихэн дүлий сууж байдаг алба хаагчдаа ажиллуулж, чадахгүй байвал хариуцлага тооцох ажлаа хий. Чадахгүй бол энэ салбараас өөрөө хариуцлага хүлээгээд явчихвал нэрэнд цэвэрхэн байх бус уу. Уул уурхайн олборлолт эрчимтэй өрнөх зун, намрын зургаан сард таны хариуцсан салбар дахин хэдэн хүүхдийн амиар “наадах” вэ, Ц.Сандаг-Очир сайд аа.
Мягмар - 06 сарын 02,
2026
Сэтгэгдэл0