Төр "Найрамдал" зуслангаа яая гэж байж нийслэл дахин нэг "ТӨРИЙН ЗУСЛАН" барих нь. Хөвсгөл далай дээр бас нэг ОУ-ын хүүхдийн зуслан шав тавиад цай, хадаг булчихсан байдаг...
Энэ зуслан төрийнх болсон хойно төрөхөөсөө үхэх хүртлээ авлигалд идэгдэх болно.
ТЭЗҮ-гээсээ төмс хүртэл, даргаасаа давс хүртэл, үйлчлэгчээсээ үзэмний шүүс хүртэл, махнаасаа манаач хүртэл атом, молекул бүхэнд нь авлигал, арын хаалга шингэсэн байх болно. Танилтайсан бол энэ зуслангийн жорлонгийн цаасыг нь ч болтугай нийлүүлчих юмсан.
1000 хүүхдийн бөгс, жилийн 365 хоног арчигдана гэхээр мөнгө гэдэг чинь ёстой л кассэт шиг хөврөх нь байна шүү дээ, төсвөөр урс...
Монголын сайд, дарга, УИХ-ын гишүүдийн хувьд хүүхэд бол арааны шүлс асгарам гоё бизнес, асар их мөнгө...
Хүүхдийн нэрийг бариад явахад хэн үгүй гэх юм...
- БИ...
"Хүүхдийн сайн сайхны төлөө" нэртэй шахаа төрөөр дүүрэн байна. Монгол Улс 1 сая хүүхэдтэй. Нэг хүүхдэд 1000 төгрөгний "юм" төрийн нэрээр цор ганц удаа шахахад л тэрбумтан болно.
Ийм учраас Монголын төр хүүхдүүддээ маш их "хайртай" байдаг юм.
Төр хүүхдүүддээ хайртай боловч төрүүлсэн эцэг, эхчүүдэд нь даанч хайргүй дээ. Хүүхдийг нь хайрлах даа аав, ээжүүдийг нь татвараар гамгүй дээрэмдэнэ.
- Харав уу, эцэг эх чинь чамд мөнгө өгөхгүй байхад муу төр чинь чамд сар бүр чихэрний мөнгө өгч байна...
- Өлсөх вий дээ гээд үдийн хоол "үнэгүй" өгч байна...
- Өндөөр болоорой гээд үнээний хуурай сүү уулгаж байна...
Одоо үнэгүй зусланд амраах гэж байна шүү дээ, ах нь...
Үнэтэй юманд дургүй төр маань хүүхдийн зуслангийнхаа үнийг хамгийн багаар тогтоох нь мэдээж. Эндээс оочир дараалал гэдэг чинь орчлонгоор нэг юм болно.
Эхлээд хурган дарга нарын хүүхдүүд амрана. Мэдээж томчууд, сайд, УИХ-ын гишүүдийн маань хүүхдүүд улсын нэртэй улны зусланд амрахгүй шүү дээ. Гэх мэтээр урвуу мерит зарчмаар явсаар хэсгийн ахлагчдын ач, зээ нар амрана.
- Миний дүүгийн оочир 5 жилийн дараа юм байна.
- Төр засаг минь 3 жилийн дараа би хүүхэд биш болчихно шүү дээ...
Эндээс төрийн зуслангийн почоонк тэнгэрийн умдаг болж авлигал гэдэг зүйл чинь атгадаг гар нь болно шүү дээ.
...Ай төр засаг минь чи авлигалд цадах болоогүй юу...
Төрийн зуслан болсон хойно "төрийн түшээд"-ийн л зуслан болно.
126 маань 1000 почоонкны хэдийг нь аймаг, дүүрэг, сум, тойрогтоо үнэгүй тараах бол. Гэснээс зөвхөн хотын хүүхдүүд л амрах юм болов уу. Төр засаг маань хүүхдүүдээ хот, хөдөөгөөр нь ялгах муухай юм даа. Ялангуяа хүний эрх, тэгш эрхийн мэдрэмжтэй хүмүүс байж. Сонгуулийн царцаа гэдэг шиг зун бүр "бяцхан царцааны нүүдэл"-тэй болчих вий дээ.
Нийслэлийн өмч болохоор Иргэдийн төлөөлөгч 45-д маань бас хэдэн почоонк ногдох бол. Дүүрэг бүрт бас хэдэн почоонкны квот тогтоох бол. Урлаг, спорт, сурлагаар манлайлсан, өнчин өрөөсөн, өрөөл татуу хүүхдүүдэд "Үнэгүй амрах эрхийн бичиг" болж хэд нь очих бол...
Өө хөөрхий ингэсээр ер нь энэ зусланд мөнгө төлж амрах хүүхэд олдох нь уу, та минь ээ. Цаана нь 1000 хүүхдийн зардал, 100 багшийн цалин, 100 ажилчдын НДШ, ус, халаалт, тог, урсгал зардал дээрээс нь улстөрчдийнхөө шахааг хэн нь төлөх вэ, хүмүүс ээ...
Эцсийн эцэст хүүхэдгүй хүмүүс, хүүхдүүд нь томорсон хүмүүс, хүүхэд нь энэ зусланд хамрагдаж чадахгүй хүмүүс л бусдын хүүхдийн амралтын мөнгийг төлнө.
Ганц хүүхдээ энэ зусланд 7 хоног амраахын тулд, эсвэл танай хүүхэд энэ зусланд амрахгүй байсан ч та бусдын хүүхдүүдийн амралтын мөнгийг татвараараа насаараа төлнө гэсэн үг.
Учир нь энэ бол таны хүүхдийн зуслан биш "ТӨРИЙН ХҮҮХДИЙН ЗУСЛАН"...
Сэтгүүлч Ч.Явуухүү
Мягмар - 06 сарын 02,
2026
Сэтгэгдэл1
Учрал, хотын дарга нарын оноо авах гэсэн өчүүхэн, арчаагүй санаа. Тэгсэнд орвол сургуулиа нэмж барь