Монгол Улсын Шадар сайд асан, УИХ, Засгийн Газрын гишүүн, Хууль зүй, Дотоод Хэргийн Сайд С.Амарсайхан цаг үеийн сэдвээр сэтгүүлчдийн асуултад хариулав.
Энэ үеэрээ тэрээр: “Бүх шаардлагатай усан доорх аврах ажиллагааны болон шумбах, гүний ажиллагааны тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг хэрэгцээ шаардлагад нь үндэслэн үе шаттайгаар худалдан авах ажлыг зохион байгуулж ирсэн. Гал унтраах шатны тухайд, жишээлбэл 35-55 метрийн өндөрт ажиллах боломжтой шат шаардлагатай байдаг. Манайд өнөөдөр 42 метрийн шаттай автомашинууд ашиглагдаж байна.
Бүх төрлийн тоног төхөөрөмж, хэрэгслүүд тухайн үедээ байсан. Харин ямар нөхцөлд ямар техник, хэрэгслийг ашиглах вэ гэдгийг аваар ослын нөхцөл байдалд үндэслэн мэргэжлийн аврагчид, Онцгой байдлын алба хаагчид өөрсдөө шийдвэрлэдэг.
Шаардлагатай хангалт, нийлүүлэлтүүд үе шаттайгаар хийгдсээр ирсэн. Гэхдээ энэ нь хангалттай биш байгааг би хэлж байгаа юм. Цаашид шаардлагатай хэмжээнд хөрөнгө оруулалт хийх ёстой.
Хамгийн сүүлд өнгөрсөн оны 11 сард улсын төсөв батлагдах үед 500 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн. Нэгдүгээрт, орон даяар гамшиг, ослын үед иргэдэд шуурхай мэдээлэл хүргэх, урьдчилан сэрэмжлүүлэх зарлан мэдээллийн системийг бий болгох ажилд хөрөнгө оруулалт тусгагдсан.
Үлдсэн хөрөнгийг гал унтраах нисдэг тэрэгний чадавхыг нэмэгдүүлэх, ой, хээрийн түймэртэй тэмцэх нэмэлт техник, тоног төхөөрөмж худалдан авахад зориулан төсөвлөсөн.
Онцгой байдлын байгууллагынхан энэхүү хөрөнгөөр ямар тоног төхөөрөмж авах шаардлагатайгаа өөрсдөө тодорхойлж, хэрэгцээ шаардлагадаа үндэслэн ангилж, эрэмбэлэн худалдан авалтаа хийх ёстой. Ер нь бол ОБЕГ-т шаардлагатай үндсэн төхөөрөмжүүд бий.” гэв.
Б.Төгсбаясгалан
Мягмар - 06 сарын 02,
2026
Сэтгэгдэл0