sonin.mn
Анагаах ухааны доктор, профессор Д.Оюунчимэгтэй ярилцлаа.
 
-Та Монголын анагаах ухаан, судалгаа шинжилгээний салбарт олон жил ажиллажээ. Тэр тухайгаа уншигчдад товчхон танилцуулахгүй юу?
 
-Би Анагаах ухааны дээд сургуулийн эмчилгээний ангид 1973 онд элсэн орж, 1980 онд төгссөн.  Тэр цагаас хойш тасралтгүй Монголын анагаах ухааны салбарт 40 гаруй жил ажиллаж байна.  Ажлын гараагаа их хэцүү салбараас эхэлсэн байдаг.  Хувь тавилангаар Гомбо хэмээх  мундаг багштай учирч ажлын дадлага, туршлагаас суралцсан даа. Шүүх эмнэлэг буюу Улсын эмгэг анатомийн товчоонд хуваарилагдаж байсан. Их онцгой объект байлаа.  Нас барсан хүнд задлан шинжилгээ хийдэг газар учраас баргийн хүн очихгүй. Би тэнд дөрвөн жил ажилласан. Тэнд ажилласан дөрвөн жил миний дараа дараагийн ажилд маш том суурь болсон. Өдий зэрэгтэй яваа минь ажлын гараагаа зөв тавьсантайгаа холбож боддог доо.   Би  Монголын эмгэг анатомийн эмэгтэй эмч нарын эхний тавд багтдаг.  Улмаар  Барилгачдын  нэгдсэн эмнэлэгт дотрын эмч, амбульторын эрхлэгчээр ажилласан. 1990 оноос 2001 он хүртэл  Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн хоёрдугаар төвийн Ерөнхий эмч, амбульторын даргаар ажилласан.  2001 оноос  Улаанбаатар хотын эрүүл мэндийн газарт мэргэжилтэн, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Тамгын газарт Эрүүл мэндийн асуудал хариуцсан түшмэл, улмаар Хавдар судлалын үндэсний төвд Эрдэм шинжилгээ, сургалт хариуцсан албаны даргаар ажилласан. Одоо Анагаах ухааны  “Этүгэн” их сургуульд багшилж байна. Энэ хугацаанд судалгаа шинжилгээний томоохон төсөл хөтөлбөрүүд болох Мянганы сорилтын сангаас явуулсан хоёр жилийн төсөл хөтөлбөр, Япон Монголын хамтарсан судалгаа шинжилгээний төсөл хөтөлбөр, Хавдар судлалын үндэсний төвөөс хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр, Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас сүүлийн 30 гаруй жил хэрэгжүүлсэн олон судалгаа шинжилгээний ажилд биечлэн оролцож байсан.   
 
-Та хүний дархлаа, биеийн онцлогийн талаар олон судалгаа шинжилгээний ажилд оролцсон хүний хувьд монгол хүний биеийн онцлог тэр дундаа дархлааны тухай ярихгүй юу?
 
-1990-ээд оны үед нийгмийн шилжилт, улс төрийн хямралаас шалтгаалан Монгол Улсад  хоол хүнс, эд материал маш дутмаг байлаа. Нийт хүн амын дунд өлсгөлөн, ядуурал ихтэй, өрхийн амьжиргаа маш доогуур байсан цаг үе. Тухайн үед монгол хүүхдүүдийн өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдал, дархлааны асуудлыг Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас олон улсын эрдэмтдийн багтай хамтран судалсан.   Сонирхолтой нь тэр хэцүү цаг үед манай судалгааны үр дүнгээр  Монгол Улсад хоол тэжээлийн дутагдалтай хүүхэд  огт байхгүй байсан нь их сонин.  Олон улсын эрдэмтдийн баг судалгааны өмнө хэлэхдээ танай хүүхдүүд жимс ногоо  огт идэхгүй юм.  Зөвхөн  мах гурилаар хооллож байна.  Энэ нь хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзэж байсан.  Гэвч  судалгааны явцад тэжээл, эрдэс бодисын дутагдалд орсон хүүхэд гараагүй.  Судалгааны багийнхан их гайхаж байсан л даа. Монголын мах, хөрсөнд нь ургасан улаанбуудай хоёр тэр чигээрээ л амин дэм юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хоёрхон төрлийн хоолтой юм шиг атлаа олон амин дэмийг  тэндээс авч чаддаг гэдэг үр дүнд хүрээд буцсан даа. Үүнтэй адил Монголын алдарт эрдэмтэн Ренчинбямбааюу гуай  “ Гадныхан сайндаа л 20-оод төрлийн жимс ногоо идэж байгаа. Харин  бид малынхаа махнаас 500 гаруй нэр төрлийн өвс, ургамал иддэг” гэж байлаа.  Энэ л шүү дээ.
 
 
 
Сургуулиа төгсөөд Шүүх эмнэлэг буюу Улсын эмгэг анатомийн товчоонд хуваарилагдаж байсан.  Нас барсан хүнд задлан шинжилгээ хийдэг газар учраас их онцгой объект байлаа.  Тэнд ажилласан дөрвөн жил миний дараа дараагийн судалгаа шинжилгээний ажлуудад маш том суурь болсон гэж боддог. 
 
 
 
-Тэгэхээр хоол хүнс дутмаг тэр хэцүү цаг үед тэжээлийн дутагдалд ороогүй шалтгааны талаар та ярихгүй юу?
 
-Шуудхан хэлэхэд мах.Тэр дундаа адууны махыг би нэрлэнэ. Адууны махны ашиг тус  маш өндөр.Илчлэг чанар 2886-3000 ккал, өөх нь ханаагүй тосны хүчлээр баялгаас гадна махны найрлагад хүний бие махбодод онц чухал хэрэгтэй глютамины болон хялбар байгуулалт бүхий альбумин, глобулин, миогений бүлэг уураг 16.2 хувь  агуулдаг.  Тиймээс хүний биед шим тэжээлтэй, шингэц сайтай байдаг. Мөн адууны мах нь хонь, үхрийнхийг бодвол чийг ихтэи. Усанд уусдаг витамин, амин дэмийн хувь их агуулдгаараа маш онцлог.  Мөн халуун чанартай тул  олон төрлийн вирусыг устгах, ханиад томууг намтгах, хүний биеийн дархлааг дэмжих, судсан дахь холестеринийг цэвэрлэх  болон бусад төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх, анагаах чадалтай хүнсний бүтээгдэхүүн юм. Тиймээс хүнс, тэжээлийн дутагдалтай тэр хэцүү цаг үед монгол хүн, тэр дундаа хүүхдүүд мах махан бүтээгдэхүүний ач тусаар хүнс, тэжээлийн дутагдалд оролгүйгээр даван гарсан, туршлага, түүх монголчууд бидэнд байгаа.
 
-Одоо монгол хүний дархлааны асуудал ид яригдаж байна.  Ялангуяа, адууны мах дархлалын системд сайнаар нөлөөлж байна гэдэг. Энэ тухай тайлбарлахгүй юу?
 
- Адуу гэдэг амьтан өөрөө цөсгүй. Цөс гэдэг эрхтэн нь биеийн өөх тосыг задлах үүрэгтэй. Тэгэхээр цөсгүй учраас  адууны мах нь өөрөө өөх тосыг амархан задалдаг фермент агуулдаг юм байна. Тиймдээ ч адууны мах маш их калорыг агуулдаг атлаа ашиг тустай уураг ихтэй.  Энэ нь хүний биед их амархан шингэдэг,өөх тос нь ч тэр чигтээ хөнгөн бүтэцтэй, ашигтай өөх тос байдаг.   Царцдаггүй, бид махаа идчихээд хүйтэн  ус уухад яадаг үгүй байдаг нь ийм учиртай.  Мөн хүний судасны хананд очоод наалддаггүй, судасыг уян хатан болгож зөөлрүүлэхээс  гадна судсан дахь холестериныг цэвэрлэдгээрээ маш онцлог. Түүнчлэн адууны мах их усархаг бүтэцтэй учраас усанд уусдаг витаминуудыг агуулсан байдаг. Витаминуудыг усанд уусдаг, тосонд уусдаг гэж хоёр ангилдаг.  Тэгвэл усанд уусдаг нь адууны маханд ихээр агуулагддаг байх нь.    Тиймээс хүний биед тэр чигтээ эм болж шингэдэг  мах л даа.   Энэ нь цаашлаад адууны махаа иддэг монгол хүний дархлаанд сайнаар нөлөөлөөд байгаа юм.  Үүнийг дан ганц манайх ч биш зарим оронд дээд зэрэглэлийн тусгай хүнсээр аль хэдийнэ хүлээн зөвшөөрөөд хэрэглэж байна. Манай адууны махыг ч экспортод гаргаад эхэлсэн.
 
-Дэлхий дахинд коронавирусын халдвар гарч, нөхцөл байдал нэлээд хүнд байна.  Монгол Улсад нэлээд хожуу буюу саяхнаас бүртгэгдлээ.  Үүнийг зарим хүн адууны мах хоол хүнсэндээ хэрэглэдэгтэй ч холбож тайлбарлаж байв. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?
 
- Тийм ээ.  Монгол Улсад дэлхий дахинд короновирус бүртгэгдсэнээс хойш нэг жил гаруй хугацааны дараа дотооддоо халдвар бүртгэгдсэн.  Өмнө нь ДОХ гэдэг аймшигт өвчин дэлхий дахиныг цочроож, гарч ирсэн.   Бас л Монгол Улсад нэлээд хожуу бүртгэгдсэн. Одоо  ч  манай улсад ДОХ айхтар газар авчихаагүй байна. Үүнийг юу гэж үзсэн гэхээр нөгөө бэлчээрийн малын мах, эрүүл хоол хүнстэй холбоотой гэсэн дүгнэлтийг олон улсын эрдэмтэд гаргасан.  Монгол малын маханд хүний биеийн эсэргүүцлийг сайжруулдаг, дархлал хомсдолын өвчнийг даамжируулдаггүй, дархлааг сайжруулдаг бүтэц байна гэдгийг баталсан. Түүнтэй одоо дэлхий дахиныг цочроогоод байгаа коронавирусын өвчлөлийн асуудал яг л адилхан.  Монгол хүний дархлаа эрүүл мэндийг монгол малын мах, чацаргана, аарц, жамц давс маань хамгаалж чадаж байна.
 
 
 
990-ээд оны үед Олон улсын эрдэмтдийн баг  танай хүүхдүүд зөвхөн  мах гурилаар хооллож байна.  Энэ нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж үзэж байсан.  Ингээд орон даяар судалгаа хийлээ. Гэвч  судалгааны явцад тэжээл, эрдэс бодисын дутагдалд орсон хүүхэд гараагүй.  Эрдэмтдийн баг Монголын мах, хөрсөнд нь ургасан улаанбуудай хоёр тэр чигээрээ л амин дэм юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд буцсан.  
 
 
 
-Ер нь хүний идэж, ууж байгаа хоол хүнснээс эрүүл байх эсэх нь хэдэн хувь хамаардаг вэ?
 
-Дийлэнх хувь нь хамаарна. Би хавдрын мэргэжилтэн хүн.  Энэ чиглэлээр олон жил судалгаа шинжилгээний ажил хийж байна. Хавдрын жишээгээр авч үзэхэд одоогоор  200 гаруй төрлийн хавдар байна.  Тэр  дундаас хоол боловсруулах эрхтэн бүтэцтэй холбоотой хавдар нийт хавдраар өвчилсөн хүмүүсийн 80 гаруй  хувийг эзэлж байдаг. Тухайлбал, элэг, улаан хоолой, ходоод, нойр булчирхай, дэлүү, бүдүүн шулуун гэдэс гээд 5-6-хан хавдар түрүүний хэлсэн 80 гаруй хувийг эзэлж байна. Тэгэхээр хүний биеийн эрүүл байх эсэх нь шууд л хоол хүнстэй холбоотой нь харагдаж байна.  Бид зөв хооллолт эрүүл хүнс, тэр дундаа илчлэг амин дэм өөртөө агуулсан хоол хүнсийг сонгож хэрэглэх нь өөрийн болон үр хүүхэд, дотны хүмүүсийнхээ биеийн дархлаа, эрүүл мэндийг хамгаалахад чухал нөлөө үзүүлж байгаа хэрэг юм.  Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж байхдаа Японы эрдэмтдийн баг хамт олонтой хамтран  ясны сийрэгжилтийн судалгаа хийсэн.   Тэгэхэд 50-аас дээш насныханд ясны сийрэгжилт огт илрээгүй.  Харин 30 гаруй насны залуучуудад ясны сийрэгжилт бага зэрэг  ажиглагдаж байсан. Үүнийг манай судалгааны багийн эрдэмтэд монгол мах, сүүний ач тус, зөв хүнсний хэрэглээтэй гэсэн дүгнэлтэд хүрээд буцсан даа. Тэгэхээр хүний эрүүл байх асуудал ерөөсөө л хоол хүнстэй холбоотой.  Монгол хүний дархлааны систем бидний идэж байгаа хүнсний бүтээгдэхүүнээс шалтгаалж байна.
 
-Та цар тахлын хүнд хэцүү цаг үед эмч хүний хувьд нийт уншигчдад юу гэж зөвлөх вэ?
 
-Мэдээж Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-наас цар тахлын эсрэг зохион байгуулж буй ажлуудыг нийт иргэд маань хүндэтгэн биелүүлэх учиртай.  Үүнээс гадна дор бүрнээ гэр бүл болон өөрийн биеийн дархлаа, эсэргүүцлийг дэмжих амин дэм өөртөө ихээр агуулсан  хоол хүнсээ сонгон хэрэглэх нь чухал. Ингэж дархлаагаа дэмжих нь энэ аймшигт өвчний үед өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хамгийн зөв сонголт гэж бодож байна.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин