sonin.mn
Одоогоос 200 гаруй жилийн тэртээ цахилгааны систем буюу хувьсах гүйдлийн хөдөлгүүрийг Никола Тесла хэмээх эрдэмтэн зохион бүтээсэн нь өдгөө байгалийн нарнаас бусад үеийн түнэр харанхуйг гэрлээр гийгүүлж байна.
Тесла 1856 оны долоодугаар сарын 10-нд Австри, Унгарын эзэнт гүрний нэгэн тосгонд үнэн алдартны шашны санваартны гэр бүлд төржээ. Тэрбээр найман нас хүртлээ номой дорой хүүхэд байсан ч аавынхаа хувийн номын санд сууж, ном уншиж судалж эхэлснээр тэсвэр хатуужилтай, аливаа ажлыг дуустал хийж чадах тэсвэртэй, тууштай нэгэн болж хүмүүжсэн байна. Мөн хийсвэрлэн сэтгэх гоц авьяасаа хөгжүүлснээр 22 насандаа Прага хотын Техникийн институтэд элсэн суралцжээ. Тэрбээр зөвхөн өөрийгөө нээгээд зогсохгүй эцэг эхээ баярлуулахын тулд маш хичээн суралцаж, сургуулийнхаа тэргүүний оюутны хэмжээнд очсон байна.
 
 
 
Гэвч эцэг нь түүнээс илүү ихийг хүлээж байсан болохоор Тесла өглөөний 03:00 цагаас шөнийн 23:00 цаг хүртэл тасралтгүй суралцаж, шинжлэх ухааны ололт амжилт, үүх түүхийг шимтэн судалж байжээ.
 
 
 
Тиймээс багш нар нь түүний эцэг эхэд хандаж, хүүхдийнхээ хичээл сурлага, цагийн хуваарьт анхаарал хандуулахгүй бол хэт ачаалалд орж, эрүүл мэндээрээ хохирч болзошгүйг сануулан захидал ирүүлж байсан гэдэг.
 
 
 
Тесла нь соронзон урсгалын нягтыг илэрхийлдэг нэгж бөгөөд үүнийг 1960 оны Парисын олон улсын хэмжилзүйн хуралдаанаас Теслагийн нэрээр нэрлэхийг дэмжиж баталсан байдаг. 1881 онд Тесла Будапешт хотын захиргааны цахилгаанчнаар ажлын гараагаа эхэлсэн бөгөөд ажлынхаа явцад цахилгаан гүйдлийн агуу нээлтүүдийнхээ санааг анх олсон байна.
 
 
 
Хэдэн жилийн дараа дэлхийн суут зохион бүтээгчдийн нэг, АНУ-ын эрдэмтэн Томас Эдисонтой уулзахаар эрх чөлөөний орныг зорьсон байдаг. Эдисон өөрийн тоож харсан залуу ажилтнаа сорьж үзэх дуртай нэгэн байсан бөгөөд Теслад “Тогтмол гүйдлийн учрыг олчихвол чамд ам.долларын шагнал өгье” гэж хэлжээ. Үүний дагуу Тесла маш идэвх чармайлттай ажиллаж эхэлсэн бөгөөд шинжлэх ухаанд томоохон өөрчлөлт хийх 50 гаруй санааг дэвшүүлж, патент авсан байна. Үүний дараа Эдисоноос шагнал урамшууллаа нэхэхэд “Чи америк хошигнол ойлгодоггүй юм уу" гэж хээв нэг хэлжээ. Үүнээс үүдэн тэдний харилцаанд сэв сууж, өөрсдийн мөрөө хөөж, Эдисон тогтмол цахилгаан гүйдлийг судалж, Тесла хувьсах гүйдэлд оюун бодол, сэтгэл санаагаа зориулах болсон байна.
Никола Теслагийн хувьсах гүйдлийн хөдөлгүүрийн санаа нь цахилгааны хүртээмжийн хүрээг өргөтгөж, холын зайд хүрэх боломжтой эрчим хүчний эх үүсвэрийг бий болгоход оршиж байсан бөгөөд 1891 онд хэдэн мянган вольтын хүчин чадалтай, өндөр үелзэлт хүчтэй үлэмж трансформатор бүтээж, газрын цахилгаан дамжуулах шинж чанарыг ашиглан дэлхийн аль ч өнцөг булангийн хүссэн зайд энерги хүргэх боломжтойг баталжээ. Шаардлагатай үелзэл нь найман герц байх ёстой гэж тэрээр тооцоолсныг 1950 онд туршилтаар баталж байжээ. Түүний олон арван бүтээл, санааны нэг нь хувьсах гүйдлийн шахуурга байжээ.
 
Энэ нь тогтмол 220 вольтын хувьсах гүйдлийг 5000 вольт болгож өсгөх чадалтай трансформатор байсан бол робот (хиймэл хүн) бусдын туслалцаагүйгээр бүх зүйлийг хийж чаддаг болно гэдэгт өчүүхэн ч эргэлздэггүй нэгэн байлаа. 1898 онд Тесла радио удирдлагатай хөнгөн онгоц бүтээсэн бөгөөд үүнийг дэлхийн анхны робот гэж тооцдог байх юм.
 
Тухайн нэг хэсэгт аялж буй хөлөг онгоц, пуужин, нисдэг төхөөрөмжийг илрүүлдэг багажийг радар гэж нэрлэдгийг одоо хүн бүхэн мэддэг болсон. Үүнийг Английн эрдэмтэн Роберт Ватсон 1935 онд бүтээсэн гэж шинжлэх ухааны түүхэнд тэмдэглэсэн байдаг ч үүнээс 18 жилийн өмнө Никола Тесла энэ санааг гаргаж байжээ. Рентген цацрагийн хүний биед нөлөөлөх нөлөө, үйлчлэл ямар байх, утасгүйгээр цахилгааныг хэрхэн дамжуулж болох, хувьсах гүйдлийг яаж түгээх гээд маш олон санааг тэрбээр анх гаргаж, заримыг нь туршин баталгаажуулсан байдаг. Гадаад сансраас радио долгионыг бичиж авсан анхны хүн нь мөн л Тесла байлаа. Алсын удирдлага, неон гэрэл, цахилгаан хөдөлгүүр, утасгүй холбоо гээд маш олон санааг Тесла гаргасан байх бөгөөд энэ хэрээр нэр хүндтэй, баян эрхэм байсан уу гэвэл, харамсалтай нь тийм биш.
 
 
 
Тэрээр хоногийн дөрвөн цагт л унтаж амардаг байсан төдийгүй өөрийнхөө лабораторид цоожлогдоод элдэв янзын туршилт судалгаа явуулж өнгөрүүлсэн цаг хугацааг хамгийн аз жаргалтай мөч гэж тодорхойлсон байна.
 
 
 
Тесла амьдралынхаа сүүлчийн 10-аад жилийг зочид буудлын хямдхан өрөөг түрээслэн амьдарч өнгөрөөжээ. 1915 онд Теслаг физикийн шинжлэх ухааны салбарын Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн ч өөрөө татгалзсан байдаг. Учир нь, түүний хамт Томас Эдисоны нэрийг дэвшүүлсэнд эгдүүцэж, өөрийг нь олон удаа хуурсан түүнтэй шагналаа хуваахгүй гэж мэдэгдсэн байдаг. XX зууны эхэн үе буюу Никола Теслагийн амьдарч ахуй цаг дор нэрт эрдэмтдийн дэвшүүлсэн шинэ санаа, авсан патентыг мөнгө санхүүтэй холбож хардаг байсан учраас түүнийг өнөөгийн өндөрлөгөөс “цаг үеэсээ түрүүлж төрсөн зохион бүтээгч, сэтгэгч” гэж үнэлдэг байна. Харин өдгөө дэлхий ертөнцийг өдөр нь нар гэрэлтүүлж, шөнө нь Никола Тесла гийгүүлж байна гэж ярьж талархдаг болжээ. Учир нь, гэрлийн чийдэнг Томас Эдисон санаачилж бүтээсэн гэж шинжлэх ухааны ном зохиолд тэмдэглэсэн байдаг ч тэрээр өөрөөсөө өмнөх үеийн 22 эрдэмтэн судлаачийн судалгааны үр дүнг нэгтгэж, сайжруулсан төдий л ажил хийсэн байжээ. Үүнд Никола Теслагийн хувь нэмэр томоохон үүрэг гүйцэтгэснийг физикийн салбарын судлаачид онцолсон байдаг аж.
 
 
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин