sonin.mn
Монгол Улсад батлан хамгаалах төрийн захиргааны төв байгууллага үүсэн байгуулагдсаны 110 жилийн ойн хүрээнд эрхлэн бэлтгэж байгаа “Батлан хамгаалахын сайд ярьж байна” булангийнхаа энэ удаагийн зочноор 2014-2016 онд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд асан, эдийн засгийн ухааны доктор Ц.ЦОЛМОНГ урьж ярилцлаа.
 
Сайхан намаржиж байна уу, та. Ажил хэрэг өрнүүн л байгаа бололтой?
 
-Тэтгэвэрт гарснаасаа хойш Гадаад харилцааны яамны дэргэдэх Дипломатын академид судлаач-багшаар ажиллаж байна. Үе үе судалгааны ажилд дайчлагдаж, заримдаа залуу дипломатчдад лекц унших, илтгэл тавих зэрэг ажил хийхийн зэрэгцээ сонирхлоо дагаж “Эртний Хархорум санаачилга Олон улсын сан” төрийн бус байгууллагыг тэргүүлэн ажиллаж байна. Хархорум хотынхоо түүхэн дурсгалт газрыг илүү өргөн дэлгэр сурталчлах, түүх дурсгалын зүйлсийг сэргээх, шинээр барих ажлыг дэлхийн монголчуудтай холбох, олон улсын хүрээнд гаргах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой ажиллаж байна даа.
 
Аль ч улсад дипломатын академи, академийн түвшний сургууль байдаг л даа. Манай залуучууд гадаадад дипломатын чиглэлээр их дээд сургууль төгсөөд ирж байна. Эх орондоо ирэхээрээ монгол ахуй амьдралын онцлог, дипломат албаны уламжлал зэргээ сайн мэддэггүй учраас тэднийг нөхөх сургалт зайлшгүй хэрэгтэй байна. Нөгөө талаас өнөөдөр дипломат албанд зөвхөн Гадаад харилцааны яам бус улс төр, батлан хамгаалах, уул уурхай гээд салбарын чиглэлээр ажлын шаардлагаар дипломат харилцаа руу орсон ахмад, дунд үеийнхэнд энэ чиглэлийн номын дуу сонсгож, сургалт орох зайлшгүй шаардлага байгаа. Иймээс төрийн бус байгууллага ч гэлээ бид нэлээд ачаалалтай, зав зайгаа зориулан шахуу ажилладаг.
 
Тантай дипломат албаны сонин сайхан асуудлын талаар яривал дуусахгүй бөгөөд сонирхолтой байх нь мэдээж. Гэхдээ одоо хоёулаа гол яриандаа оръё. Батлан хамгаалахын сайдаар томилогдож байхад танд хамгийн түрүүнд төрсөн бодол, сэтгэгдэл юу байв?
 
-Тэр үед УИХ-д суудалтай МАХН-аас нэрийг минь дэвшүүлсэн. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тэргүүлсэн “Шинэчлэлийн” Засгийн газар эмхлэгдэн байгуулагдаж, дипломатч мэргэжлээрээ ажилласан ажлын туршлага, мөн багагүй хугацаанд улс төрийн ажил хийсэн зэргийг харж итгэл хүлээлгэсэн болов уу. Батлан хамгаалах салбарын ажлаа улс төр-дипломатын аргаар шийдэж, тусгаар тогтнол аюулгүй байдлаа хангах зорилготой байдаг учраас өөрийн мэргэжил мэдлэгийг энэ салбарт зориулж болох байх гэсэн итгэл үнэмшил төрсөн хэрэг л дээ. Яг цэргийн мэргэжлийн тухайд бүхэл бүтэн яам, ЗХЖШ гээд чадварлаг боловсон хүчнээр хангагдсан аппарат ажиллаж байсан учраас санаа зоволгүй ажлаа хүлээж авснаа санаж байна. Сайд болоод Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагын нэгдсэн цугларалтад анх удаа үг хэлж, цаашид хийхээр зорьсон ажлынхаа талаар танилцуулж байсан. Тэр хурал дээр хэлсэн гол санаа бол Монгол Улсын Зэвсэгт хүчин Агаарын цэрэгтэй байх ёстой. Нисэх хүчин орхигдсон, хоцрогдсон байдалтай байгааг хэлж байсан. Мөн батлан хамгаалах салбар хүний нөөц, зохион байгуулалтын талаар маш их нөөц боломжтой байдаг учир улс орны бүтээн байгуулалтад оролцох эхпэл нь тавигдсан ажлыг бүрэн төгөлдөржүүлэх, өргөжүүлэх талаар анхаарч ажиллана. Тэгээд мэдээж мэргэжпийнхээ чиглэлээр хөрш болон гуравдапн орнуудтай харилцаагаа өргөжүүлэх чиглэлээр ажиллана гэдгээ хэлсэн. Цэргийн алба миний хувьд шинэ салбар. Хөнгөн үйлдвэрийн яаманд цахилгааны инженерээр ажиллаж байхад нарийн мэргэжилтэй боловсон хүчин, мөн улсын тусгай объект гэдэг утгаараа тодорхой давтамжтайгаар цэргийн дайчилгааны сургалтад хамрагдаж, бэлтгэл сургуулилалт хийдэг байсан. Тодорхой хугацааны дараа цэргийн алба хаасантай адилтгаж цэргийн албанаас чөлөөлдөг тогтолцоотой байсан. Түүнчлэн Монголын хувьсгалт залуучуудын эвлэл, дараа нь Гадаад харилцааны яаманд ажиллаж байхдаа цэргийн бэлтгэл сургалтад хамрагддаг байсан. Одоогийнхоор дүйцүүлэх алба юм уу даа.
 
 
Таны үед буюу 2015 онд “Монгол Улсын Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг батлагдсанаар батлан хамгаалах салбарын багц хуулиуд шинэчлэгдэх эрх зүйн орчин бүрэлдсэн гэж үздэг. Энэхүү баримт бичгийн онцлог, түүхэн ач холбогдол нь юу вэ?
 
-Улс орны хөгжил, нийгмийн амьдрал маш хурдан өөрчлөгдөж байгаа цагт түүнд уялдуулан бодлогын бичиг баримтууд ч шинэчлэгдэж байх шаардлагатай. Манай салбарын мэргэжпийн хүмүүс нэлээд сайн боловсруулсан боловч хэн нь хэндээ харьяалагдах, аль нь дээр дороо байх гэдэг ашиг сонирхлоос үүдээд УИХ-д оруулж хэлэлцэгдэж чадахгүй хойшлогдоод байсан юм билээ. Миний хувьд өмнөх ажлын туршлагаасаа эрх мэдэл, байр суурийн маргаанаа хойш тавья, эрх зүй, бодлогын баримт бичгээ шинэчилж авъя гэсэн чиглэл барьж ажилласнаар амжилттай батлагдсан. Тэгээд ч УИХ-ын гишүүний хувьд танхимаараа асуудлыг урагшлуулах боломжтой байсан. “Батлан хамгаалах бодлогын үндэс” батлагдсаны дараа түүнийг дагалдан гарах бусад хуулийн шинэчлэлийн асуудал хүлээгдэж байв.
 
Тэгвэл “Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль” үүнтэй холбогдон гарсан хууль байх нь ээ?
 
-Тийм ээ, зөвхөн үүгээр ч тогтохгүй Батлан хамгаалахын багц хууль батлуулахаар ерөнхий концепц, томьёоллуудыг тодорхойлж, боловсруулалтыг нь хийсэн боловч 2016 оны сонгуулиас өмнө батлуулж амжаагүй.
 
Мөн таны үед “Зэвсэгт хүчнийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр” боловсруулан батлагдсан байдаг. Тус хөтөлбөрт Монгол Улсын Зэвсэгт хүчин мэргэжлийн цэрэгт суурилсан байхаар анх тусгагдсан байсан.
 
-Яг намайг ажиллаж байх үед 2015 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрийн хугацаа дуусаад бид үргэлжлүүлэн 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулж батлуулсан. “Батлан хамгаалах бодлогын үндэс”-дээ мэргэжлийн цэрэгт суурилсан гэсэн ойлголтыг оруулж өгсөн нь өнөөдөр биеллээ олоод явж байна. Монголын Зэвсэгт хүчнийг ерөнхий зориулалтын цэрэг гэж байсныг мэргэжлийн хүмүүс хэд хэдэн төрөлд ангилж хөгжүүлэх саналтай байсан ч шийдэгдэж чадахгүй яваад байсан. Батлан хамгаалах салбарыг удирдаж эхлээд л би Монгол улс Агаарын цэрэгтэй байх ёстой гэх асуудлыг хөндөж тавьсан. Энэ нь нэлээд эсэргүүцэл, шүүмжлэлтэй тулж байсан ч онгоцтой болж байгаад Агаарын цэрэгтэй болох асуудал яригдах биш Агаарын цэргийн эрх зүйн үндсийг бий болгож байж цаашид хөгжинө гэж үзсэн. Тэгэхдээ зөвхөн байлдааны агаарын цэргээр тогтохгүй олон улсын жишгээр олон зориулалтын буюу энхийн цагт эдийн засагт тусалдаг, тээвэр, сургалтын чиглэлээр ашигладаг байх гэсэн чиглэлтэй байсан. Ингэж Ерөнхий цэрэг гэсэн нэг ерөнхий ойлголтыг Агаарын цэргийн командлал, Хуурай замын цэргийн командлал гэж ангилан, нэгэн дорвитой шинэчлэл хийж, одоогийн таван төрөл мэргэжлийн цэргийн анхны үндэс суурийг тавьсан байдаг. Агаарын цэргийг дотор нь ангилан хөгжүүлэх боломжтой.
 
 
Тухайлбал, нисэгчгүй төхөөрөмж. Цахим үндэстэн болно гээд байгаа Монголд маань цахим цэрэг, робот цэрэг, робот танк гэж гарч ирэх нь байна шүү дээ. Ялангуяа манайх шиг цөөн хүн амтай, цөөхөн цэрэгтэй газар маш чухал. Тэгэхдээ энгийн нэг техник бус хамгийн орчин үеийнхийг шилж сонгож авах ёстой, мөн тэр техник, тоног төхөөрөмжөө авах хөрөнгө мөнгөө бий болгосон байх ёстой.
 
 
Мөн миний хувьд хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаар нэлээд анхаарч, санал санаачилга гаргаж байсан. Тухайлбал, Батлан хамгаалах яам хэд хэдэн уурхай аваад ашиглаад, үр ашгийг нь хүртэж, салбарын үйл ажиллагааны нэг хөрөнгийн эх үүсвэр болгож болох юм гэсэн санаачилга гаргаж байсан ч тухайн үедээ дэмжлэг аваагүй л дээ. Гэхдээ саяхан наадмын дараа би хэдэн санал бичээд Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр сайдад өгсөн л дөө. Судалж үзнэ ээ гэсэн.
 
Сонин л гаргалгаа байна шүү ...
 
-Бусад улс орнууд төсвөөсөө тодорхой хувийг Батлан хамгаалах, Зэвсэгт хүчиндээ зарцуулдаг. Манайд бол зэвсэг, техник хэрэгслээ шинэчлэх хөрөнгө хангалттай байдаггүй. Тиймээс төсвийн хувь гэж хүлээж сууснаас өөрийн хөрөнгийн эх үүсвэртэй болох нь дээр гэж үзсэн. Ерөнхий санааг дэмжээд, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд болохгүй, хэрэгжихгүй асуудал биш. Ерөнхийлөгчтэй ойрын үед уулзах бололцоо гарвал мөн л саналаа илэрхийлнэ. Асгатын мөнгөний орд руу манай цэргийнхэн л зам тавьж чадсан шүү дээ. Тэр ордыг ч юм уу, хилийн зурвастай ойрхон байрлалтай алтны ордуудыг ашиглаж болно.
 
Батлан хамгаалах салбар бол гадаад харилцаа, хамтын ажиллагааг сайн хөгжүүлсэн салбар юм. Та бол Болгар, ОХУ-д Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар ажиллаж байсан мэргэжлийн дипломатч хүн. Тэгэхээр таны үед салбарын гадаад хамтын ажиллагаа өндөр түвшинд хөгжсөн болов уу. Та өөрөө юу гэж боддог вэ? Гадаад харилцааг өргөжүүлэх, бэхжүүлэх талаар ямар дорвитой ажил хийж байв?
 
-Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа илүү хөгжсөн. Үүнд ялангуяа НҮБ болон бусад шугамаар энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцсон нь өнөөгийн дэлхий дахинд Монголын цэргийн урлагийн түүх, дайчин уламжлал, зохион байгуулалтын өвөрмөц арга барил, дэг журмыг дахин нотлон харуулж чадсан юм.
 
 
 
Ер нь аль ч улс оронтой харьцсан манай батлан хамгаалах салбарыг их сонирхдог, ялангуяа Зэвсэгт хүчинтэй хамтран ажиллах дуртай, манай цэргийн алба хаагчдын чадварыг үнэлдэг. Гадныхан Монголыг эдийн засгийн нэгж гэхээсээ илүү улс төр, геополитикийн нэгж, цэргийн урлагийн аугаа түүхтэй, хамгийн их давшилтын түүхтэй хоёр орны дунд хэрхэн оршин тогтнодгийг нь сонирхоод байгаа юм. Цаашдаа ч улам хөгхүүлэх зүйл бол цэргийн урлаг, цэргийн соёл юм.
 
 
 
Би УИХ-ын гишүүн байхдаа “Монгол цэргийн гүрэн байх ёстой" гэсэн нийтлэл бичиж санал бодлоо танилцуулж байлаа. Гол санаа нь юу гэхээр, монголчуудын дайн байлдаан гэдэг тулалдаж алалцаад байхаас илүү цэргийн дэг журам, сахилга бат, бүр гэрийн суурь хүмүүжлийг харуулдаг. Энэ чанарыг л орчин үед ашиглах гээд байгаа юм шүү дээ. Тиймээс аливаа бүтээн байгуулалт, тухайлбал төмөр зам, гүүр, барилга байгууламжийн ажилд цэргүүдийг оруулахаар маш үр дүнтэй, хурдтай, зохион байгуулалттай болдог нь нотлогдсоор байна. Нэг ажилд хувийн компани, цэргийн анги орлоо гэхэд гүйцэтгэл, ажлын зохион байгуулалт, хурд тэнгэр газар шиг ялгаатай байгааг ард иргэд ч анзаарахаар болжээ. Монгол цэргийн энэ их хүч бололцоо, зохион байгуулалт, гүйцэтгэлийг эх орныхоо бүтээн байгуулалтад зориулахад ашигтай. Зарим хүмүүс цэргүүдийг зарж, мөлжиж байна гэж туйлширч, дэвэргэдэг л дээ. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд хугацаат цэргүүдийг оруулдаггүй. Бид Батлан хамгаалах бодлогын үндэс"-дээ мэргэжлийн цэрэг гэсэн ойлголтыг оруулж ирсэн нь хугацаат цэргийн албаа хаасан, цэргийн мэргэжлээс гадна бусад эдийн засаг, барилга, төмөр зам зэрэг чиглэлээр мэргэшсэн алба хаагчдыг нэгдсэн цэргийн зохион байгуулалтаар оруулахаас гадна бусад салбарын мэргэжилтнүүдийг энэхүү цэргийн бүтээн байгуулалтад татан оруулах зэрэг зорилготой байсан. Хувийн компанийг цэргийн зохион байгуулалтад оруулаад улс орны бүтээн байгуулалтад ажиллуулахад ч үр дүн нь илүү, хугацаандаа чанартай хийгдэх болно.
 
Гаднын улс орнуудаас батлан хамгаалахын чиглэлээр ирсэн зээл туспамжийг ч бүтээн байгуулалтын ажилд зарцуулах төхник хэрэгсэл, тоног төхөөрөмж авахад зарцуулдаг. Намайг сайдаар ажиллаж байх үед буюу 2015 онд БНХАУ-аас замын бүтээн байгуулалтад ашиглах авто хэрэгсэл, тоног төхөөрөмж хүлээн авч байсан нь одоо ч үр бүтээлтэй ашиглагдаж байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Манайх улс орны хөгжил, бүтээн байгуулалтаар хоцрогдож явааг нэг хүнд ноогдох ДНБ-ний хэмжээгээрээ дэлхийн 200-аад орны 100-д эрэмбэлэгдэж, сүүлийн арваад жил энэ үзүүлэлт зогсонги байгаагаас бэлээхэн харж болохоор байна.
 
Цэргийн алба хаагчдыг хос мэргэжилтэй болгох ажил таны үед эхэлж байсан байх. Одоогийн төмөр зам, барилга бүтээн байгуулалтын бэлтгэлийг хангаж байсан байна шүү дээ. Ихээхэн алсын хараатай нэлээд ажил эхлүүлжээ.
 
-Тийм ээ, “Монгол цэрэг бүтээн байгуулалт” хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд цэргийн алба хаагчдыг мэргэшүүлэхээр Налайх дүүрэгт Мэргэжил сургалтын үндэсний төв байгуулж байсан. Үүнээс гадна Хөдөлмөрийн яамтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж байлаа.
 
Манай энхийг сахиулагчид даян дэлхийд авхаалж самбаа, ур чадвараа гайхуулсаар явна. Тухайн үед энхийг сахиулах ажиллагааны хүрээнд инженерийн ротыг илгээх чиглэлээр асуудал шийдэгдэж байсан байх аа?
 
-Ер нь энхийг сахиулах ажиллагаанд монгол дайчид оролцох болсон нь салбарынхаа хувьд дэвшилттэй, цэргийн алба хаагчдын хувьд өөртөө тавих бие бялдар, эрүүл мэнд, сэтгэл зүйн шаардлага, цэргийн бэлтгэлжилтийн түвшин, хэл соёл, амьдралын төлөөх тэмцэл, ажилдаа хандах хандлагад том дэвшил гарсан үздэг. Тэгээд туршлагажаад ирэхээр улам нарийн мэргэжлийн, өндөр зэрэглэлийн цэргүүд илгээх боломжтойг харж, инженерийн чиглэлээр монгол цэрэг илгээх боломж бүрдсэний дагуу тусгай рот илгээсэн. Түүнээс цаашлаад энхийг сахиулах ажиллагаанд агаарын цэрэг илгээх талаар судлахад ОХУ, Украйн зэрэг улс монопол байдалтай байдаг юм билээ. Мөн Франц улс онгоц үйлдвэрлэл, агаарын цэрэг бэлтгэх, агаарын цэргээ энхийг сахиулах ажиллагаанд илгээх тал дээр их туршлагатайгаас гадна манай агаарын цэрэгтэй хамтарч ажиллах сонирхолтой байдгийг бид газар дээр нь очиж судалж байлаа. Манай улс агаарын цэргээ ихэвчлэн ОХУ-д бэлтгэдэг ч ирээд онгоц цөөнтэй учир боловсон хүчний ашиглалт багатай байдаг. Гэхдээ л онгоц цөөн гээд бэлтгэх мэргэжилтнээ багасгаж, тоог нь цөөлж болохгүй. Харин ч тэр хүчийг өөр оронд, өөр тивд энхийг сахиулах ажиллагаанд илгээж болно шүү дээ.
 
Нөгөө сүрхий хэл ам дагуулаад удсан 300 айлын орон сууцны асуудлыг шийдэж ашиглалтад оруулсан нь хүлээлттэй байсан олон айлын магнайг тэнийлгэсэн үйл явдал болсон. Тэр айлууд маань энэ жил Батлан хамгаалахын сайдаас тэрхүү байраа өмчлөх эрхийн бичгээ гардсан байгаа ...
 
-Тийм ээ, тэр удаан үргэлжилсэн, их адармаатай асуудал байсан. Батлан хамгаалах яам гүйцэтгэгч байгууллагад төлбөрийг нь төлчихсөн, харин нөгөө гүйцэтгэгч нь олхио муутай газар таарсан байсан. Тэгээд маргалдаад байвал дуусахгүй учир шүүх хяналтынх нь байгууллагад шилжүүлээд гарц гаргалгаа, нөхцөл боломж, дотоод нөөц бололцоог судалж, хөрөнгө мөнгийг зохицуулж барилгыг дуусгаж, ашиглалтад оруулж байсан. Энэ мэтчилэн хэд хэдэн барилгын асуудлыг шийдсэн. Нэгэнт эхэлчихсэн зүйлийг дуусгаад л учрыг нь олъё гэж бодсон доо. Маргаантай ийм барилгуудыг барьж дуусгахаас гадна шинээр барилга барьж болох юм байна гээд алба хаагчдаа орон сууцжуулах ажлыг санаачлан эрчимтэй эхлүүлсэн ч улс төрчдийн оролцоо, эсэргүүцлээр зогссон л доо. Анги, байгууллагууд өөрсдийн хүч бололцоогоор албан тушаалын байр барих зэргээр тогтсон л доо, уг нь үргэлжилсэн бол салбарт маань тун хэрэгтэй байсан юм. Үүнд л их харамсдаг даа. Манайхан яваад Польшийн туршлагыг судалчихсан байсан. Энэ бүхэнд өмнө нь барилгын бизнес эрхэлж байсан, мөн Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан ажлын дадлага туршлага, мэдлэг маань их хэрэг болж байлаа.
 
Мөн Батлан хамгаалах яам "ХААН" банк, Төрийн орон сууцны корпорац, Монголын барилгачдын холбоотой хамтран ажиллаж, салбарынхаа алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, цэргийн алба хаагчлыг орон сууцжуулах ипотекийн зээлд хамруулах, албан тушаалын орон сууцыг зах зээлийн үнээс хямдралтайгаар худалдах, байр орон сууцанд ороход нь дэмжлэг үзүүлэх зорилгоор урьдчилгаа төлбөрийг төлөх, урьдчилгаа төлбөрийг бууруулах зэргээр ажиллаж байсан.
 
“Шинэчлэлийн” Засгийн газрын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнийн үед эхлүүлсэн “Монгол цэрэг бүтээн байгуулалтад”, "Оюутан цэрэг” зэрэг олон нийтийн зүгээс сайшаал талархал, зэмлэл шүүмж, санал хүсэлт аль алиныг нь дагуулаад байсан төсөл, хөтөлбөрүүдийн залгамж халаа таныг сайд байх үед хэрхэн өрнөсөн гэж үздэг вэ?
 
-Миний бие төрийн ажил бол залгамж чанартай үргэлжпэх ёстой гэсэн зарчим баримталдаг. Аль ч салбарт очсон эхэлсэн ажлыг дуусгаж, зөв ажпыг үргэлжлүүлж, өөрөө санал санаачилга гаргах зарчмаар л ажиллаж ирсэн дээ. Тухайлбал, “Оюутан цэрэг” хөтөлбөр. Цаг үеэ олсон маш зөв ажил эхлээд явж байсан. Түүнийг дэмжин үргэлжлүүлэхийн зэрэгцээ Монголын их дээд сургуулиудад “Цэргийн эрдмийн тэнхим"-тэй болох ажлыг эхлүүлсэн. Тэгээд анх Монголын үндэсний их сургууль, "Их засаг" их сургуулиудад байгуулж байсан, өнөөг хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа юм билээ. Улсын их, дээд сургуулиудад зөвлөмж өгсөн ч хийх механизм төвөгтэй учир ажил хэрэг болж амжаагүй. Мөн манай сургалтад Монгол цэргийн урлагийн талаар судалсан гаднын эрдэмтдийн орчуулга, бусад орны цэргийн судлалын ном бүтээлээс л хэрэглэдэг талаарх оюутан, сонсогчдын эрэлт хэрэгцээтэй уялдуулж, “Монгол цэргийн урлаг" хэмээх номыг судлаачийн хамт бэлтгэн хэвлүүлсэн нь тэр жилдээ Батлан хамгаалах салбарын шилдэг бүтээлээр шалгарч байлаа. Энэ ташрамд хэлэхэд, манай багш нар төгссөн сургууль, сурсан номдоо баригдаж, Күнзийн сургаал ч гэдэг юм уу заагаад л байдаг. Гэтэл Чингис хааны байлдан дагуулалт, түүний цэргийн урлаг гэдэг асар том ойлголт орхигддог тал анзаарагддаг.
 
“Цэргийн эрдмийн тэнхим”-ийг “Оюутан цэрэг" хөтөлбөрийг өргөтгөх, тэдний хичээллэх орчныг бүрдүүлэх, монгол цэргийн дайчин уламжлалыг сурталчлан таниулах зорилготой байгуулсан. Хувийн их дээд сургуулиудад байгуулсан нь тэд бидний саналыг шуурхай хүлээн авч, асуудлыг бүтээлчээр хэрэгжүүлэх хурдтай, хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн, оюутнуудаа хамруулах чин хүсэлтэй байсанд оршино.
 
1996 оноос эхлэн Батлан хамгаалахын сайдаар энгийн хүн томилогдон ажиллаж ирсэн. Та багагүй хугацаанд энэ хийморьлог эрсийг тэргүүлэн ажилласан талаараа одоо дурсахад ямар байдаг вэ? Ер нь санаж зорьж очсоноо хииж хэрэгжүүлж амжсан уу?
 
-Энгийн хүн гэхээсээ илүү улс төрч гэдэг утгаараа дэлхий нийтэд тогтсон ойлголт л доо. Улс төрийн ардчилсан тогтолцоонд улс төрчдийг ерөнхий бодлого барих чиглэлээр Засгийн газар, яам, агентлаг, байгууллага удирдуулахаар томилдог нь энгийн үзэгдэл. Үндсэн мэргэжил минь инженер, тэгээд бас дипломат мэргэжилтэй нь аль ч салбарт ажиллахад шаардлага хангахаар байсан юм болов уу даа. Миний хувьд ч хаана ч очсон дасан зохицох, мэргэжлийнхэнтэй хэл амаа ололцох, хамтран ажиллахад асуудал гарч байгаагүй ээ. Монгол Улсын маань бараг хэвшил болсон нэг гажуудал нь засаг төр ойр ойрхон солигдоод байгаа нь төвөгтэй байдаг даа. Нэгэнт сонгуулиар сонгосон нам хүчиндээ итгэсэн шиг итгээд, нөгөөдүүл нь ажилласан шиг ажиллаад явбал улс орон, ард түмэндээ амар тайван баймаар санагддагаа энэ завшаанд хэлье дээ. Бусад орны жишгээс харахад аливаа орон нэг нам, нэгдсэн удирдлагаар олон жил явсан нь эдийн засгийн хувьд тогтвортой, хөгжпийн хувьд хурдацтай байгаа тал анзаарагддаг.
 
Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан цаг үеэ одоо бодож суухад амжилт ололт, алдаа дутагдал, харамсал гэмээр бодол байдаг уу?
 
-Байх л даа. Олон улсын нөхцөл байдлаа мэргэжлийн дагуу хараад Монголынхоо нөхцөл байдалтай уялдуулан “Батлан хамгаалах бодлогын үндэс”-ийг шинэчлэн батлуулж байсан нь Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан үеийн нэгэн бахархууштай үйл явдал юм. Батлан хамгаалах салбарт байгаа сан, санхүү эдийн засгийн нөөц боломждоо тулгуурлаад салбарын алба хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар нэлээд ажилласан. Түүнээс ч илүү ажиллах боломж байсныг дээр дурдсан. Гэхдээ одоо ч тэр үед төрж байсан санаа оноогоо төрийн удирдлагуудад бичгээр болон амаар илэрхийлэх зэргээр зүгээр суухгүй л байна, түүндээ л тайвшрах юм биз дээ.
 
Ер нь эх оронч үзэл гэж таныхаар юу вэ? Хэрхэн төлөвшиж бий болдог вэ?
 
-Эх орон гэдэг сүүлд үүссэн ойлголт шүү дээ. Д.Нацагдоржийн бүтээлүүдэд эх орон гэж байхгүй, төрсөн нутаг л гэдэг. Хүн хаана төрөхөө сонгодоггүй. Харин төрсөн нутгаа хөгжүүлэх ёстой. Орос хэлний нөлөөгөөр эх орон гэсэн ойлголт орж ирсэн л дээ. Хүн үндэстэн, төрсөн нутаг, эцэг эхээсээ уламжилж ирсэн өв соёл, үнэт зүйлээ хайрлан хамгаалж явах учиртай.Би муу явбал Монгол муу гэнэ, би сайн явбал Монгол сайн гэж магтуулна гэж сэтгэж, Монгол нэрээ хайрлаж хамгаалахаас л эхэлнэ шүү дээ.
 
 
Ер нь хүн төрөлхтөн манай, танай гэж талцах ясны чанартай гэж нэг томоохон судлаач бичсэн байна билээ. Тиймээс тэгж хуваагдаад л манай талаа хөгжүүлээд явахад ононо, тэр нь чиний эх орон байх болно. 
 
 
Дээр үед цэргийнхэн дайн тулаанаа хийгээд явдаг. Харин дипломат албаныхан нь дайны дараа сөргөлдөгч хоёр тал хэрхэн зохицож амьдрах, ашиг орлого, газар нутгаа хэрхэн хувааж авах талаар тархиа чилээж суудаг, арга зам боловсруулдаг байсан байгаа юм. Миний хувьд хувь заяаны тохиолоор энэ хоёр талын аль аль талд нь ажиллаж үзлээ дээ. Инженер, улс төрч, дипломатч гэсэн гурван мэргэжил эзэмшсэнийхээ хүчинд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллалаа, Хөдөлмөрийн яам, Барилга хот байгуулалтын яам, Батлан хамгаалах яамдыг удирдан ажиллалаа, хоёр ч нам үүсгэн байгууллаа. Энэ бүхний цаад гол утга учир нь Монгол төрдөө хоёргүй сэтгэлээр зүтгэж яваа бахархал минь юм шүү дээ. Энэ бол миний эх орон, төрсөн нутгийнхаа төлөө гэсэн амьдралын минь замнал юм.
 
Монгол Улсад Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төв байгууллага байгуулагдсаны түүхэн 110 жилийн ойн хүрээнд бид энэ булангаараа нэгэн үеийн сайдын хийж хэрэгжүүлж байсан үйл хэргийг дэлгэн харуулахаас гадна та нарынхаа салбарын талаарх үнэ цэнтэй санал бодлыг сонсох зорилготой юм. Салбарын цаашдын өнгө төрх, төлөвийг та хэрхэн төсөөлж байна вэ?
 
-Салбарын ач холбогдол улам өсөн нэмэгдэж байна гэж үзэж байна. Нэгдүгээрт, цэрэг, Зэвсэгт хүчин, хоёрдугаарт, бүтээн байгуулагч гэдэг чиглэлээрээ цаашид улам ч хөгжих ёстой. Тэр утгаараа улс, эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлага нь улам нэмэгдэж явах учиртай. Өнөөдрийн хувьд, манайх хөрш хоёр оронтойгоо найрамдалт харилцаатай байгаа тохиолдолд цэргийн талын үүрэг хариуцлагад тулгамдсан асуудал үгүй. Гэхдээ “Цэрэг хүнийг мянган жил тэжээж нэг өдөр хэрэглэнэ” гэдэгчлэн байнгын бэлтгэл сургуулилалт, хөгжил дэвшил, зэвсэг техникийн шинэчлэлийг байнга хийж, цэргийн урлагийг чадавхжуулж явах нь чухал. Мөнхийн зүйл гэж байдаггүй шүү дээ. Хожим болох сайн, муу бүхний өмнө ямагт бэлэн л байх ёстой. Батлан хамгаалах төрийн захиргааны төв байгууллагын 110 жил нь орчин үеийн ойлголт юм. Монголын цэргийн уламжлал гэдэг бол мянганаар тоологдох аугаа ойлголт шүү дээ. Тиймээс монгол цэргийн уламжпал хэмээх үнэт зүйлээрээ олноос онцгойрч, бусдыг манлайлж, дагуулж явах үйлсэд нь салбарынхандаа амжилт хүсье.
 
 
Д.ГҮНЖИЛМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин