сонин mn
Монголд төвдийн шашин ямарч гадны нөлөөлгүйгээр ороод ирсэн юм. Түвд дотроо улаан, шар урсгалууд нь мөргөлдөөд ирэхээр дэлхийн хүчирхэг гүрний үлдэгдэл, хүч чадалтай монголчуудаас тусламж гуйсан хэрэг. Төвдийн энэ хандлагыг манж болон хятадууд уухайн тус дэмжсэн. Үргэлжийн мөнхөд тэднийг дайрч давшлан амар заяа үзүүлэхгүй явж ирсэн монголчуудад номхон хүлцэнгүй байхыг номлодог төвд шашин яг таарна гэж үзсэн аж. Манж хийгээд хятадууд ихэд дөгөөн өөгшүүлж янз бүрээр буддын шашныг Монголд нутагшихыг дэмжсэн билээ. 
 
Мин династийн үеэс хятадууд төвдийн шарын шашныг илэрхий дэмждэг байсан ба манж нар Хятадын төрийг авсны дараа энэ бодлогыг идэвхтэй үргэлжлүүлсэн билээ. Догшин ширүүн монголчуудыг шарын шашны хүлцэнгүй үзлээр боож болохыг хятадууд хэзээний ажиглаад энэ шажин Монголд дэлгэрч буйг хараад баяртайгаар харан өөгшүүлж байв. Манж нар өөрснөө шарын шашинд орж байна хэмээн Манжийн хаан зарлаж, нэг талаас монголчуудыг уруу татах, нөгөө талаас үлгэр домог холилдсон энэ шажинд буй хэн нь хэн ч болж хувилж болдог онцлогийн ашиглан өөрийгөө Манзшир бурханы (Manjushri) хувилгаан гэж зарлан, дамжуулан нөлөөлөх бодлогоо эрчимтэй явууллаа. Тэд шарын шашинд орж буйн баталгаа болгон Төвдөөс лам залж, Мүгдэнд гэлэгпагийн сүм хийд байгуулж байлаа. Гэвч эцэст нь зорилгоо биелүүлсний дараа шарын шашныг нэг их тоохоо болин гол төлөв күнзийн сургаалд дагаар орж хятаджээ. 
 
 
Чин династийн манж нараас монголчуудын дунд шарын шашныг дэлгэрүүлэх гэж улайран зүтгэж байсан нь ерөөс Мин династийн үеийн хятадуудын тууштай бодлогын улам эрчимжсэн үргэлжлэл байлаа. Мингийн нэгэн мужийн захирагч Ван Чунгу (Wang Chung-Gu) гэгчээс Эзэн хаандаа өргөсөн илтгэлдээ “шарын шашин цус урсгаж, амьтны амь таслахыг нүгэлт үйлс хэмээн хориглож, буян үйлдэх, номхон хүлцэнгүй байхыг номлож байна. Бид нүүдэлчний дотор шарын шашин дэлгэрүүлэх явдалд нь аль болох дэмжлэг нөлөө үзүүлэх ёстой” гэжээ. 
 
 
 
Догшин нүүдэлчин монголчуудыг сүсэг бишрэлээр номхон хүлцэнгүй болгох бодлого байсан, үүний зэрэгцээ монголчууд улс төрийн хувьд биш харин сүсэг бишрэлийн хувьд нэгдээд нэг удирдлагатай болоодохвол мөнөөх шашны удирдагчтай нь “шашны хэлээр” ярьж болох талтай. Иймээс Халхад шарын шашныг анх дэлгэрүүлсэн Абтай ханы хүү Түшээт хан Гомбодоржийнд нэгэн хүү 1635 онд төрснийг нийт Монголын шашны тэргүүн хэмээн зарлаж Дарнатын (Taranatha) хойд дүр гэж өргөмжлөн анхдугаар Богд Жавзандамба болгоход манж чингийнхний ил далд оролцоо нэлээд байв. Хувилгаан гэдэг бол амьтныг зовлонгоос аврахын тулд орчлонд хүний дүрээр хувилан төрсөн амьд бурхан бөгөөд бүрмөсөн үхнэ гэж байхгүй дахин дахин төрөөд л байдаг шидтэй аж. Гомбодоржийн хүү амьд бурхан болох нь мэдэгдэхээс өмнө Монголд Ойрдын Заяа бандид Намхайжамц, донхор Манзшир гэгээн зэрэг хутагт хувилгаад нэгэнт төрөөд суудлаа эзэлчилчихсэн байв. Гэхдээ Жавзандамба хутагтыг зарласнаар монголчууд төр, шашны хувьд нэгдмэл удирдлагатай болно гэж Монголын феодалууд ч найдаж байсныг үгүйсгэх аргагүй. Ялангуяа энэ хувилгааны аав Түшээт хан Гомбодорж болон Сэцэн хан Шолой нар ихээхэн найдлага тавьж байлаа. Нөгөө талаас шарын шашинжиж яваа монголчууд төр, шашны нэгдмэл удирдлагатай болоод авбал Төвдөд тусах дэмжлэг жинтэй болно гэсэн санаа Лхасаас ч гарсан байж болно.
 
Тухайн үед Манжийн хаан өөрийгөө Майдар гэж зарласан. Будда бол гурван хувилбартай байдаг гэх. Будда өөрөө хэлэхдээ миний өмнө мянган будда байсан гэж. Жанрайсаг гэж олон гартай, олон нүүртэй бурхан бий бий. Тэр нь мянга бөгөөд өнгөрсөн цагийн будда юм. Одоо цагийн будда бол Шагжмүнэгийн будда Сэддарха. Харин ирээдүйд тодрох Буддаг Майдар гэдэг билээ. Тэгэхээр ирээдүй цагийн будда чинь би байна, хүрээд ирлээ гэж Манжийн хаан өөрийгөө зарласаж буй хэрэг. 
 
 
1938 оны тооцоолсноор БНМАУ-д 797 сүмийн 6 мянга 500 орчим барилга байгууламж байжээ. Эдний дийлэнх нь Манж Чин улсын үед баригдсан. Санхүүжилт нь Бээжингээс гарсан байж таарна. Иймээс сүм хийд барилга байгууламж барих нь нэгэнт гаднаас бэлэн санхүүжилттэй учир авилга шамшигдуулалтыг гааруулж байв. Харин нүүдэлчид өөрснөө барилга байшин барихыг боолын хөдөлмөр гэж үздэг, барилгыг зөвхөн боолчууд, олзлогдосод, гадны хүмүүсээр бариулдаг байжээ. 
 
 
 
Манж нар нийт Монголыг эрхшээснийхээ дараа монголчуудыг барьж байхын тулд буддын шашныг ихэд дэмжсэний нэг илрэл Амарбаясгалант хийдийг Манжийн хааны сан хөмрөгөөс шууд санхүүжүүлэн бариулсан явдал юм. Үүгээрээ манж, хятадын онцгой ивээн тэтгэлэгтэй сүм. Эхний санхүүжилт болох 100 мянган ланмөнгийг Бээжингээс ирэх замд нь монгол эрх эдэлтнүүд дундаас нь хумслаад байснаас болж удаан хугацаанд баригдсан байдаг. Ингээд тэр их мөнгөний үлдэгдлээр 1727 оны зун Амарбаясгалант хийдийг барих ажлыг эхлүүлжээ. 1736 онд хийдийн байгуулалтын эхний үе дуусахад Цогчин дугана нээгдэж хийдийн нэрийг албан ёсоор өгч “Дигасирлан” буюу монголоор “Амарбаясгалантай” гэж нэрлэж Далай ламын багш Ванчин богдын бие төлөөлөгч, Их Хүрээнээс Агваанжамба тэргүүтэй ихэс лам нар ирж аравнайлжээ. Ийм их хөл болж байгуулагдсан, сүр дуулиантай нээгдсэн хийд Монголд өөр байхгүй. Цогчин дугана нээгдсэнээр хоёр жилийн дараа 1738 оны гуравдугаар сарын эцсээр урь унамагц хийдийн барилга байгууламжийн ажил үргэлжилж 100 гаруй хүнийг шинээр нэмж Зуугийн, Манал, Аюуш, Лүнхха, Лабрин, Махранз, Жин хонхны, Жин хэнгэрэгний, Бичигт хөшөөний хоёр сүм, тамгийн сүм, дотоод Шар ордыг барьж дуусгажээ. 
 
Улмаар Манжийн хааны явуулсан мөнгөнөөс монголчууд дахиад шамшигдуулснаас болж ажил нь 20 гаруй жил завсарлаад 1763 - 1780 онд хийд байгуулалтын гурав дахь өргөтгөл хийгджээ. Энэ онуудад баруун, зүүн Цанидын дуган Өндөр гэгээний шарилын сүм дотоод хэрмийг барьж дуусгасан байна. Өндөр гэгээний шарилыг 1723 оноос Дамбадаржаалин хийдэд шилжүүлэн залжээ. Энэ оноос эхлэн Амарбаясгалантыг Өндөр гэгээний хийд гэж нэг хэсэг нэрлэж байсан. 1815 онд дөрөвдүгээр богд Жавзандамба хутагт Лувсандондоваанчигийн шарилын сүмийг Өндөр гэгээний сүмтэй ижилсүүлэн барьжээ. Энэ үед Манжийн зүгээс дахиад санхүүжилт өгснөөр өргөтгөн цогцлуулах ажил эхэлж 1847 онд Эргэдэг Майдарын сүм, Хажидын сүмийг дотоод хэрмийн гадна барьж, Арван хангалын дуганыг барьж дуусгасан байна. Дээрх дуган сүмүүдийг барих, тоноглож чимэглэн төвхнүүлэх ажлыг 1880-аад оны эцсээр бүрэн дуусгаснаар Амарбаясгалант хийдийг байгуулсан 160-аад жилийн ажил төгсжээ. Амарбаясгалант хийдийг барьж байгуулах ид ажлын үед таван хэлийн 500-аад хүн ажиллаж байсан. Амарбаясгалант хийд бүрэн бүтэн байх үедээ Сангай, Зоогой, Шүтээний, Чойнхор, Пунцаглин,Дэжидлэн гэсэн зургаан аймагтай, гурван их дацан, найман бага дацантай, Цэдэрлхам, Гаанжуур хурж, Майдар эргэдэг, бүрэн их цам гаргадаг Монголын гурван том хийдийн нэгэн байсан гэж тус хийдийн намтар цадигт өгүүлсэн байна. Мөн Амарбаясгалант хийдэд Нэгдүгээр богд, Дөрөвдүгээр богд, Наймдугаар богдууд удаа дараа заларсан гэж байна. 
 
Амарбаясгалант хийдийг байгуулсан гол зорилго бол эхэнд цухас хэлснээр дайнч байлдаанч, хүчирхэг, бас зэрлэг монголчуудын сэтгэл зүйг номхотгож, бурхны сургаалыг хүчтэй дэлгэрүүлэх, аль болохоор амгалан дөлгөөн, номхон хүлцэнгүй хүмүүс болгон хувиргах улс төрийн зорилготой байсан аж. Олны дотор ам дамжин яригддаг домогт энэ хийдийг барихаар, газар шинжээчид анх ирэхэд тэнд Амар, Баясгалан гэдэг хоёр хүүхэд хонь хариулж байжээ. Ингээд энэ хийдийг тэр хоёр хүүхдийн нэрээр Амарбаясгалант гэж нэрлэсэн юм гэдэг нь худлаа бөгөөд нутгийн ард түмний уран сэтгэмжийн зохиомж юм.
Энэ мэт түүхэн замналаасаа болоод Амарбаясгалант хийд нь маш их домогшиж монголчуудын анхаарлын төвд орсон байх. Ингэж хүн бүр очиж үзэх юмсан, мөргөхсөн гэж хүсдэг газар болсон байлтай. Өнөөдөр Өмнөговь руу Энергийн төв үзнэ гээд хүмүүс гүйлдээд байгаатай адил юмуу даа. 
Авилга, хулгай шамшигдуулалтаас болж ингэж олон жил арай гэж баригдсан барилгын цогцолборыг хувьсгалчид нэгмөсөн бодийг нь хөтөлсөн. 1937-1938 онд Амарбаясгаланг бараг л газрын хөрстэй тэгшилжээ. Өөрснөө нурааж хүчрэхгүй болохоор “Сүм,дацангын гол багана болон ханыг алтаар доторлосон” гэсэн цуу тарааснаар сүх барьсан сайн дурын эвдэн бусинуулагчид олноор татагдан ирцгээсэн гэдэг.
 
 
Баабар