sonin.mn
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Узбекистан улсын бүрэлдэхүүнд багтдаг өөртөө засах эрх бүхий Бүгд Найрамдах Каракалпакстан улсын  нийслэл Нукус хотод олон мянган хүн оролцсон жагсаал цуглаан болж, улмаар үймээн самуун дэгдлээ. Үүний шалтгаан нь Узбекистаны Үндсэн хуульд оруулахаар төлөвлөж буй хоёр өөрчлөлттэй холбоотой ажээ. Эхний өөрчлөлт нь тус БНУ-ын бие даасан статусыг цуцлах; дараагийнх нь “бүх нийтийн санал асуулгын дүнд үндэслэн тус БНУ Узбекистаны бүрэлдэхүүнээс гарах эрхтэй” гэсэн Үндсэн хуулийн заалтыг хүчингүй болгохтой холбоотой байсан нь каракалпакчуудын дургүйцлийг төрүүлсэн байна.
 
Ингээд үйл явдлын өрнөлийг товчхон сийрүүлбэл:
 
7 дугаар сарын 1-ний өдөр Нукус хотод олон нийтийн эсэргүүцлийн жагсаал цуглаан болж буйг харуулсан дүрс бичлэгүүд нийгмийн сүлжээгээр цацагдаж эхлэв. Эсэргүүцлийн ажиллагааг санаачилсан сэтгүүлч, блогч Даулетмурат Тажимуратов  иргэдийг парламентын ордны өмнө цугларахыг уриалжээ.
 
Тухайн өдрийн орой Узбекистаны Дотоод хэргийн яам мэдэгдэл гаргаж “нийгмийн дэг журмыг сэргээсэн бөгөөд болсон явдлын шалтгаан нь Каракалпакстаны иргэд Үндсэн хуулийн шинэчлэлийн утга учрыг буруугаар ойлгосонтой холбоотой” байсныг дурдав. Гэвч 2-ны өдөр эсэргүүцлийн ажиллагаа үргэлжилсээр түүнд оролцогчид ба хууль сахиулах байгууллагуудын ажилтнуудын хооронд ширүүн мөргөлдөөн болсны улмаас 18 хүн амиа алдсан тухай daryo.uz цахим хуудсанд мэдээллээ.  
 
 
Нийгмийн сүлжээнүүдээр тархсан дүрс бичлэгүүдэд үзүүлснээр, гудамж талбай нэлдээ цусанд будагдсан байгаа нь харагдана. Харин эрх баригчид үүнийг “фэйк-ньюс” гэж нэрлэсэн бөгөөд ус шүршигч машин дахь усанд улаан будаг хийж,  жагсагчид руу цацсан нь ингэж харагдуулсан гэдгийг тайлбарлажээ. Хүний амь үрэгдсэн байж болзошгүйг эрх баригчид үгүйсгээгүй боловч албан ёсны баримт алга. Сөрөг хүчний идэвхтэнүүдийн ярьж байгаагаар, интернэт сүлжээ тасарсан учраас гадаад ертөнцтэй холбоо барих боломжгүй болжээ.
 
Бямба гарагт Узбекистаны Ерөнхийлөгч Ш.Мирзиёев тус БНУ-ын нутаг дэвсгэрт бүтэн сарын хугацаагаар онц байдал тогтоох тухай зарлиг гаргав. Ням гарагт тэрбээр Каракалпакстанд хүрэлцэн ирж, парламентын гишүүд ба иргэдтэй уулзах үеэрээ байдал намжсан гэдгийг мэдэгдсэн байна. Хэрвээ Каракалпакстаны ард иргэд Үндсэн хуулийн өөрчлөлтүүдтэй санал нийлэхгүй байгаа бол тус БНУ-ын статустай холбоотой өөрчлөлтийг оруулахгүй байж болно гэдгийг Ерөнхийлөгч хэлжээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг тэрбээр өөрөө 2021 оны 12 дугаар сард гаргасан бөгөөд нийтдээ 170 нэмэлт өөрчлөлт оруулахаар төлөвлөжээ. Тухайлбал, ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа 5 жил байгааг 7 жил болгож нэмэгдүүлэх гэх мэт. Түүний дүгнэн хэлснээр “энэ удаагийн жагсаал цуглаан нь Үндсэн хуулийн шинэчлэлийг эсэргүүцэх нэрийн дор Узбекистаны байдлыг тогтворгүй болгож, хүчирхийллийг дэгдээх зорилгоор хорлон сүйтгэгч хүчнүүдийн өдөөсөн ажиллагаа бөгөөд Узбекистан улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд аюул учруулж байна”.
 
 
Каракалпакстан
 
Каракалпакстан бол Узбекистан улсын нутаг дэвсгэрийн 40 орчим хувийг эзэлдэг том бүс нутаг боловч хүн ам харьцангуй цөөтэй буюу 2 сая орчим хүн амьдардаг. Энэ нь 35 сая хүн амтай Узбекистан улсын хүн амын 6 хувийг эзэлж байна. Каракалпакчууд бол түрэг хэлтнүүдийн бүлэгт багтдаг үндэстэн бөгөөд казахууд, киргизчүүдтэй угсаатны хувьд илүү ойр ард түмэн юм.
 
Кара-Калпакийн өөртөө засах муж 1924 онд байгуулагдаж, 1930 он хүртэл ЗСБНКазах улсын бүрэлдэхүүнд багтаж байгаад 1936 онд ЗСНБУзбек улсын харьяанд оржээ. ЗХУ задарсны дараа 1993 онд Узбекистаны бүрэлдэхүүнд БНКаракалпакстан улсыг байгуулах тухай 20 жилийн хугацаатай гэрээ байгуулагджээ. Өмнөх ерөнхийлөгч И.Каримовын үед 2013 онд уг гэрээ автоматаар сунгагджээ. Газар нутгийнх нь 80 гаруй хувийг цөл эзэлдэг Каракалпакстан бол Узбекистаны хамгийн ядуу бүс нутаг бөгөөд байнга болдог ган гачгийн улмаас хөдөө аж ахуйн салбар нь хүнд хямралд нэрвэгджээ. Үүний улмаас нийгэм-эдийн засгийн таагүй нөхцөл байдал үүсэж, ажилгүйдэл газар авсан нь олон нийтийн дунд засгийн газрыг эсэргүүцсэн уур амьсгал бий болоход нөлөөлөв.  
 
Шинжээчдийн дүгнэлт   
 
Одоогоор гадаадад оршин сууж буй сөрөг хүчний төлөөлөгч Пулат Ахунов-ын ярьснаар бол, зарим газарт хүмүүс жагсаал цуглаан хийсээр байгаа бөгөөд нөхцөл байдал хяналтаас гарч магадгүй байгаа аж. Түүнээс гадна, Каракалпакстаны статусаас илүүтэй каракалпакчууд ба узбекүүдийн хооронд сөргөлдөөн гарч магадгүй байгаа нь хамгийн аюултай гэдгийг тэрбээр хэллээ. Энхийн санаачилга ба хямрал сөргөлдөөнийг судлах хүрээлэнгийн захирал Денис Денисовын хийсэн дүгнэлтээр, хэрвээ төв засгийн газраас каракалпакчуудын дунд санал асуулга явуулж, орон нутгийн элитүүдтэй зөвлөлдөж байсан бол энэ удаагийнх шиг үймээн самуун дэгдэхгүй байлаа. “Нөхцөл байдал ингэж хурцадсанд гайхах зүйл алга. Энэ бол Зөвлөлтийн дараах үеийн орон зайд байнга л болж байдаг үзэгдэл.
 
Узбекистан улс байгуулагдсан тэр үеэс хойш Каракалпасктан дахь орон нутгийн өөрөө удирдах байгууллагууд өргөн хэмжээний эрх мэдэлтэй байсан учраас тэдгээрийн эрхийг хөндсөнөөр иргэдийн дургүйцлийг өдөөсөн” гэдгийг шинжээч дурдлаа. Д.Денисовын дүгнэснээр, Узбекистаны ерөнхийлөгч өргөн хэмжээний цус урсгасан мөргөлдөөн гаргахыг огтхон ч хүсэхгүй байгаа. Улс орноо хатуу гараар барьж байсан өмнөх ерөнхийлөгч Ислам Каримов нас барсны дараа төрийн тэргүүнээр сонгогдсон Шавлат Мирзиеев авторитар дэглэмийн хатуу арга барилаас аажмаар татгалзаж, улс  төр, нийгэм, эдийн засгийн шинэчлэл хийж эхэлсэн юм.  Захиргаадалтын дэглэмд нухлагдсан,  дэлхий дээрх хамгийн хаалттай улсуудын нэг байсан Төв Азийн Узбекистан улсад сүүлийн 5 жилийн хугацаанд санаанд оромгүй олон дэвшилтэт өөрчлөлтүүд гарчээ. 
 
Ерөнхийлөгч Ш.Мирзиёев Каракалпакстанд ирэв 
 
Шинжээч Аждар Куртов-ын үзэж байгаагаар, үүссэн нөхцөл байдлыг “ташуур ба зөөлөн боов”-ны аргыг хослуулан хэрэглэснээр намжаах болов уу. Өөрөөр хэлбэл, байдлыг хэвийн болгохын тулд хууль сахиулах байгууллагуудын хүчийг ашиглахын зэрэгцээ Каракалпакстаны нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулсан санхүүжилтыг нэмэгдүүлнэ гэсэн үг. 
 
Узбекистаны улс төр судлаач Рафаэль Сатиров хэлэхдээ “хамгийн муу хувилбараар төсөөлөхөд, Узбекистаны эрх баригчид ба Каракалпакстаны иргэд хоорондын харилцаа нь Туркийн төр засаг ба курдуудын хоорондын харилцаатай төстэй байдлаар хурцдаж магадгүй” гэж дүгнэжээ.
 
Одоо түгшүүрт байдал даамжрах уу эсвэл намжих уу гэдэг нь Ташкентын эрх баригчид ба Каракалпакстаны сөрөг хүчний хоорондын яриа хэлэлцээнээс хамаарна.
 
Хэрвээ тохиролцоонд хүрч чадахгүй бол Афганистантай хамгийн урт газраар хиллэдэг Төв Азийн хамгийн том улс болох Узбекистаны тогтворгүй байдал нь бүс нутгийн бусад улсад халдварлах эрсдэлтэй бөгөөд улмаар ОХУ-ын хувьд ч таагүй асуудал үүсгэж мэднэ, гэхдээ ийм магадлал бага гэдгийг шинжээчид хэлж байна. 90-ээд оны үед Узбекистаны эрх баригчид  олон хүнд сорилтуудтай тулгарч байсны дотор исламын хэт даврагчдын довтолгоог няцааж байсныг А.Куртов дурдлаа. 
 
 
 
Б.Адъяахүү