sonin.mn
Улсдаа 40 жилийн хөдөлмөр зүтгэлээ зориулсан Ч.Роза гуайг энэ удаагийн буландаа урьж ярилцлаа. Тэрбээр өдгөө 100 жилийнхээ түүхэн ойтой золгож буй Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн 30 гаруй жилийн түүхийг бичилцсэн юм.
 
Та өөрийгөө манай уншигчдад танилцуулна уу, хэдэн оноос Зэвсэгт хүчний 123 дугаар ангитай холбогдсон бэ?
 
-Би Ховд аймгийн Цэцэг суманд төрж өссөн. Ховд хотын 10 жилийн Нэгдүгээр дунд сургуулийг төгсөөд одоогийн Хүнс, технологийн политехник коллеж буюу тэр үеийн Хөнгөн хүнсний техникумийг хүнсний технологич мэргэжлээр 1978 онд төгссөн. Тэгээд 1979 онд Зэвсэгт хүчний 123 дугаар ангид тогоочоор ажилд орж байлаа. Ерөнхийдөө 1979-2008 он хүртэл 29 жил тус ангид ажиллажээ. Энэ хугацаанд бэлтгэгч, тогооч, гал зуух тасгийн дарга, буудлын эрхлэгч гээд хэд хэдэн ажил хийсэн. 1985-1989 оны хооронд таван удаа дараалан ангийн хөдөлмөрийн аваргаар шалгарч байлаа. Тавдугаар таван жилийн гавшгайч тэмдгээр хоёр удаа шагнагдсан. Ээлжийн ахлах тогооч хийж байхдаа олон ч удаа тэргүүнээр шалгарч байжээ. Ангийн ахлах тогооч өдөр бүр самбар хөтөлж, тухайн өдөр гарсан ээлжийг буухад нь гүйцэтгэсэн үүргээр нь оноо өгч сарын эцсээр шалгаруулдаг журамтай. Ээлжийн ахлах тогооч нь ээлжийн ахлах, туслах, гурван бэлтгэгчтэй нийт тавуулаа гардаг байв. 
 
Тухайн үед Ховдын хороо мянган цэрэгтэй байсан гэж ярьдаг. Тийм олон цэргийн хоолыг тавуулхнаа хийдэг байжээ...
 
-Тэгэлгүй яах вэ, мянган цэрэгт дөрвөн удаагийн халуун хоолоор үйлчилнэ. Баяр наадмын өдрүүдээр нэмэлт сонголттой хоолоор үйлчилнэ. Цэргийн баяраар мянган цэрэгтээ зориулж мянган толгой чанаж байсан нь санаанаас ер гардаггүй юм. Өдөржин хэншүү хярвас болж тэр их толгойг чанаж билээ. Ер нь хоолыг амт чанартай хийхийн тулд мөн ч их хөдөлмөрлөдөг байж дээ. Тэр олон цэргийн өдрийн дөрвөн удаагийн хоолыг 24 цагт тавуулхнаа  хийдэг байснаа эргээд бодохоор санаанд багтдаггүй юм. Тэр үеийн хүмүүс ч ажилсаг байж, удирдаж байсан дарга нар ч мундаг байж дээ гэж одоо бодож сууна. 
 
Мянган цэргийн хоол гэж бодохоор мөн ч олон, мөн ч том тогоо хэрэг болно доо...
 
-Цайны тогоо гэхэд л 500 литр орно. Дөрвөн удаа гэхээр өдөрт 2000 литр цай чанадаг байж. За тэгээд салбаруудад өгдөг цайтай нийлбэл тэрнээс ч их болох юм байна. Хоолны тогоо гэхэд л 300 литр, цэргийн дуулганд иш гагнаад шанага болгож хэрэглэнэ. Тэр дуулга хүнд, дээрээс нь 4 литр орчим хоол орчихдог байлаа. Тэгээд дуулгаараа хутгаад наймын хувин руу юүлээд байна шүү дээ. Хоёрдугаар хоолыг 200 литрийн тогоонд хийнэ. Шаврын ариутгасан шинэ хүрзээр хутгана шүү дээ. Будаатай хуурга, гоймонтой хуурга, цуйван гээд л төрөл бүрийн хоолоор үйлчилдэг байлаа. 24 цагт мянган цэргийн хоолонд 50 хонины мах хэрэглэнэ. "УАЗ-452" буюу "Аавын цээж"-ээр дүүрэн байцаа ирнэ. Тэрнийгээ өдөртөө хэрэглэж дуусгах ёстой. За тэгээд 20 ширхэг 70 кг-ийн шуудайгаар дүүрэн төмс өдөрт арилгана. 140 кг гурил зуурна. Зуураад, элдээд, хайраад, хэрчээд л байна барагдахгүй шүү дээ. Яс гэж машин машинаар гарна. Тэр их ясыг шөнөжин буцалгаад сайхан шөл гаргаж маргаашийнхаа хоолонд амт оруулахаар маргааш нь хэрэглэнэ. Ер нь тэр үеийн цэргүүд амт чанартай сайхан хоол иддэг байсан гэж хэлнэ. 
 
 
Нэг хэсэг 1990-ээд оны дундуур улсын эдийн засаг хүнд, цэргүүд тураалд орж байсан цаг. Тэр үед танай ангийн цэргүүдийн хоол ямар байсан бэ?
 
-Тэр үед шилжилтийн нийгэм гээд хүн бүрд л хэцүү цаг байсан даа. Би ангийн ахлах тогооч хийж байлаа. Хүнсний хангалт дутаад цэрэг тураалд ороод мөн ч хэцүү цаг байлаа. Манай ангийн захирагч Ё.Цэрэндаваа гэж хурандаа байв. Тэр үед хүнсний албаны даргаар манай хүргэн ах Намжил гэж хүн байсан. Тийм болохоор цэргүүддээ талхаа хүрэлцээтэй авчихдаг байсан учир арай ч цэргүүдээ тураалд оруулчхалгүй өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Отгон охиноо төрүүлчхээд гэртээ хүүхдээ харах цаг гаргая гэж бодоод ахлах тогоочоо болиод буцаад ээлжийн ахлах тогооч болов. Тус ажлыг олон жил хийсэн дээ. 
 
Манай ахлах тогооч Б.Идэш гэж үнэхээр дэг журамтай, зарчимч хүн байсан. Өглөө эрт хүмүүсийг ажилдаа ирэхэд нь ажлын хувцасны индүүдлэгийг, хумсыг нь хүртэл шалгаж оруулна. Маргааш нь ээлжинд ажилласан хүмүүсийг дүгнэнэ. Тэр үед ээлжийн бүрэлдэхүүн 15:00 цагаас дараа өдрийн 15:00 цаг хүртэл ажиллаад хоёр хоног амардаг байсан. Нэг удаа тал уут гурил илүү гарчихаад няравдаа өгөх гэтэл цэргийн нормоос гурил хассан байна гээд жигтэйхэн загнуулж билээ. 
 
Шинэ цэргүүд эхлээд хоол ундандаа дасахгүй хэцүү байсан уу?
 
-Шинэ цэргүүд хоол ундандаа дасахгүй. Халагдах цэрэг гэдэг чинь аюултай. Урт шинель, гялгар хром өмссөн дарга шиг л харагддаг байлаа. Хоёр дахь оны цэрэг нь арай даруу, шинэ цэрэг бол учраа мэдэхгүй юм л явна шүү дээ. Манай ахлах тогооч Б.Идэш гэж хүн надад ажлаа өгөхдөө хэлж байсан. "Өглөө ажилдаа ирэхдээ цэргийн жорлонгоор ороод гарах ёстой. Цэргүүдийн гэдэс эвгүйрхэж, гүйлгэж үү шалгаж бай. Цэргүүдийн гаргасан өтгөнөөр нь хоолондоо цадаж байгаа эсэхийг нь мэдэх боломжтой. Хэрвээ гүйлгэсэн байвал хоолоо сайжруулах ёстой юм байна гэж бод" хэмээн захидаг байв.  1990-ээд оны үед хүнсний хангалт муу байсан цагт цэргүүд хоолондоо цадахгүй, жорлонгоор нь ороход бүгд гүйлгэсэн байсан. Тэр үед л надад Б.Идэш гэж хүний хэлсэн үг санаанд бууж байлаа. 
 
Та хүүхдүүдийнхээ тухай яриач?
 
-Би 7 охин, нэг хүү төрүүлж өсгөсөн. Хүү Бат маань одоо Зэвсэгт хүчний 310 дугаар ангид авто техникийн албаны дарга хийдэг, хошууч цолтой. Охин Одончимэг Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төвд ажилладаг, ахмад цолтой. Отгонхишиг гэж охин бий. Одоо Зэвсэгт хүчний 142 дугаар ангид нууцын дарга хийж байгаа бол Болормаа маань Зэвсэгт хүчний 123 дугаар ангид ажиллаж байна. Нөхөр нь тус ангийн захирагчаар ажилладаг юм. Бадам охин Цэргийн төв эмнэлэгт ажиллаж байгаа, за тэгээд хүргэн, бэрүүд гээд 8 хүн мөрдэст албанд зүтгэж байна. Үүгээрээ 2016 онд би “Хатан ижий” өргөмжлөлийн эзэн болсон. 
 
Та ханийнхаа тухай дурсан ярина уу, та хоёр хэрхэн танилцаж байв...
 
-Миний хань Ч.Болд гэж сайхан хүн байлаа. 1950 онд Ховд аймгийн Алтай суманд төрсөн. 1969 онд цэрэгт татагдан Зэвсэгт хүчний 123 дугаар ангид албаа хааж дуусаад улмаар ангидаа улирч жолоочоор ажиллаж эхэлсэн. Жолооч, автын механикч гээд дандаа техникийн талын ажил хийж байсан. Олон удаа ангийн хөдөлмөрийн аварга болсон доо. Их ажилсаг хүн байсан. 2002 онд цэргийн тэтгэвэрт гараад 2005 онд өвчний улмаас бурхан болсон. Бид айл саахалт байсан учир бие биеэ мэддэг байлаа. Тэгээд л илүү дотносон танилцаж, гэр бүл болсон доо. Хүү Бат маань аавынхаа ажлыг үргэлжлүүлж яваад нь би их бахархдаг юм. ШУТИС-ийн автын инженерийн ангийг төгсөөд 123 дугаар ангид салааны захирагчаас ажлын гараагаа эхэлсэн. 
 
Найман хүүхэд төрүүлж өсгөнө гэдэг амаргүй байсан нь ойлгомжтой...
 
-Тийм шүү. Ерөнхийдөө цэцэрлэгээр л хүмүүжүүлсэн дээ. Зуны цагт гэртээ түгжиж орхиод гардаг байлаа. Хананаас уяхыг нь уяж,  манцуйлахыг нь манцуйлж орхиод л явна. Том охин маань л дүү нарыгаа харж хандаж, өсгөсөн дөө. Хань маань тээвэрт их явна, гэрийн бараа үзэхгүй шүү. Би ээлжинд гараад явчихна. Одоог бодвол нийгэм тайван, цаг сайхан байсан учир хүүхдүүд маань бүгд эрүүл энх өссөн гэж боддог. Манайх зундаа Буянт голын хөвөөгөөр зусланд гарна. Тэгсэн нэг удаа цэргийн ангийн оёдолд ажиллаж байсан Ж.Цэрэндэжид гэж эгч гэрийн хойгуур өнгөрч явсан чинь хананы нүхээр баахан жижигхэн гар гарч ирээд “Эгч ээ надад чихэр өгөөч” гэсэн гэнэ. Тэгсэн зайлуул өрөвдөөд энэ Болдын хүүхдүүд ээж аав нь эзгүй зутарч гүйцлээ гэж өрөвдөөд дэлгүүр орж зөндөө чихэр, печень авч өгчхөөд явсан байгаа юм.
 
Та цэргийн ангид олон жил ажилласан. Цэргийн хүн болъё гэж бодож байв уу?
 
-Цэргийн болгоё ахлагч болооч гэж зөндөө санал ирж байсан. Гэвч би олон хүүхэдтэй, нөхөр цэргийн хүн гэрийн бараа хардаггүй. Дээрээс нь би бас цэрэг болчихвол энэ үр хүүхдүүдийг минь хэн харж хандах билээ гэж бодоод тухай бүрд нь тэр саналаас татгалздаг байсан. Одоо бодох нь ээ юунд тэгж татгалзаж байв гэж  бодогддог л юм. Ялгаагүй л цэрэг хүнтэй адил хээр гарна шүү дээ. 
 
Таныг Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид ажиллаж байсан гэж сонссон...
 
-2008-2020 онд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангид тогоочоор ажиллалаа. Манай анги чинь жилд дөрвөн удаа шүхрийн буулт хийнэ. Тэр бүрд явна. Гадаад орны цэргүүдтэй хамтарсан бүх сургуульд мөн явна. За тэгээд ангийн хээрийн гаралт, полигоны дадлага сургууль, марш тактикийн тэмцээн уралдаан гээд явж өгнө. Ер нь хээр хөдөө байнга шахуу гардаг байсан. Олон орны цэргүүдийн хоол ундыг нь амт чанартай бэлтгэхийн тулд их хөдөлмөрлөдөг байж дээ. 
 
Та хүүхдүүдээ хэрхэн хүмүүжүүлдэг байсан бэ?
 
-Ажилсаг, шударга бай, өглөө эрт сэр, орой аажуу унтаж бай гэж захидаг. Тийм ч болохоор манай хүүхдүүд бүгд ажилсаг болж өсөж хүмүүжсэн шүү. Аав ээж маань ч их ажилсаг хүмүүс байсан. Аав маань Чойсүрэн гэж хүн байлаа. Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн сум, бригадын дарга олон жил хийсэн. Ажилч, хөдөлмөрч зангаараа олонд танигдсан хүн байв. 
 
Удахгүй Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн түүхт ой болох гэж байна. Та ангийн хамт олондоо зориулж мэндчилгээ дэвшүүлнэ үү?
 
-Ховдын хороо бол яалт ч үгүй манай гэр бүлтэй салшгүй холбоотой. Энэ ангийн буянд гэр бүлийн маань үндэс тавигдаж, үр хүүхдүүд маань энх тунх өсөж, бид одоо өдий зэрэгтэй амьдарч байна. Үнэхээр талархахгүй байхын аргагүй сайхан анги даа. Ингээд алдарт Ховдын хорооныхоо түүхт 100 жилийн ойн мэндийг надтай хамт ажиллаж байсан үе, үеийн ахмадууддаа болон одоо ажиллаж байгаа хамт олондоо хүргэж, энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
Ярилцсан Танд баярлалаа. 
Ахмад М.МӨНХЗОРИГ
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин