sonin.mn
Авлигын гэмт хэрэг, зөрчил болон түүнээс хэрхэн ангид байх талаар Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөнтэй ярилцлаа.
 
Хоёулаа яриагаа авлига гэж юу вэ гэдгээс эхлэх үү. Та манай уншигчдад маш энгийнээр тайлбарлаад өгөөч?
 
-Авлигын эсрэг хуульд “Албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус давуу байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг” хэлнэ гэж заасан. Эндээс харахаар авлига гэж хэн нэгэнд ямар нэг зүйлийг өгөх, авах явцыг хэлэхгүй, маш өргөн хүрээний ойлголт харагдаж байгаа биз. Тухайлбал төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, албан тушаалын байдалтайгаа холбоотойгоор хэн нэгнээс бэлэг, хандив, үйлчилгээ авсан, бусдад давуу байдал олгосон, өөрт давуу байдал олж авахаар бусдад хахууль өгсөн, санал болгосон, нэхэж, шаардсан энэ бүгд авлигын гэмт хэргийн илрэх хэлбэрүүд юм. Манай иргэдийн дунд зөвхөн мөнгө авсан үйлдлийг л авлига, хахууль гэсэн буруу ойлголт түгээмэл байна. Мөнгө гэж ойлгохоос гадна эд материал, тухайн хүний эрх зүйн байдлыг нь дээрдүүлэхэд нөлөөлөх зүйлс, хуулийн ямар нэгэн цоорхойг ашиглан бусдад, нөгөө хүндээ давуу байдал олгох, цаашлаад банк санхүүгийн байгууллагаас зээлийн нөхцөлийн хүүг нь илүү хөнгөрүүлэх гэх мэтээр илэрч болдог. Олон улсад биткойноор хүртэл хахууль авдаг болчихсон байна.
 
Танай байгууллагаас сүүлийн жилүүдэд хохирол нөхөн төлүүлэх ажиллагаанд түлхүү анхаарч байна уу, 2022 оны дүн нэлээн өндөр харагдсан?
 
-2019 оноос хойш шүүхээр шийдвэрлүүлсэн хэрэг, хөрөнгө битүүмжилсэн, хохирол нөхөн төлүүлсэн мөнгөн дүн нь огцом өссөн. Өнгөрсөн онд гэхэд л 2.4 орчим их наяд төгрөгийг төрийн санд төвлөрүүлсэн байна. Энэ нь мэдээж юунаас шалтгаалж байгаа вэ гэдэг асуулт иргэдийн дунд гарч ирнэ. Авлигатай тэмцэх газар сайн ажиллаад байна уу, эсвэл өнөөх авлига гэгч нь ихсээд байна уу. Нэг талаараа манай байгууллагын бүтэц бүрэлдэхүүн, хүний нөөцийн бодлого жил ирэх тусам өргөжиж, шинэчлэгдэж, илүү боловсронгуй болсоор байна. Харин нөгөө талаараа манай орны эдийн засгийн байдал илүүтэй нөлөөлж байна.
 
Авлигын төсөөллийн индекс саяхан зарлагдаж, манай улс түүхэн доод оноо авлаа хэмээж байна. Танай байгууллага шалтгааныг нь хэрхэн үнэлж байна вэ?
 
-Авлигын төсөөллийн индекс (CPI) гэдэг нь олон улсын байгууллагуудаас дэлхийн 180 орчим орныг 0-100 хүртэл оноогоор үнэлдэг. Манай орны хувьд 33 оноотойгоор 116 дугаар байрт жагссан. Хэдийгээр авлигын эрсдэл өндөр байгааг харуулж буй боловч энэхүү индекс төсөөлөлд тулгуурлан гаргадаг гэдгийг ойлгох нь зүйтэй юм болов уу. Гэхдээ энэ тоо бага эсвэл өндөр байгаагаас илүүтэй иргэдийн өөрсдийнх нь болон зохицуулагч байгууллагын хариуцлага, чанар, хүртээмж, төрийн үйл ажиллагааны үр дүнтэй байдал буюу тухайн татвар төлөгч, эсвэл иргэдэд хүрч буй байгалийн баялгийн зарцуулалт, эрх тэгш, улс төрийн тогтвортой байдал, бизнесийн ил тод байдал зэрэгт тулгуурлан төсөөллийн индексийг тодорхойлдог юм.
 
Мөн төрийн байгууллагын хүнд суртлыг тэдгээрээс үйлчилгээ авдаг бизнес эрхлэгчдээр үнэлүүлэн гаргадаг хувийн хэвшлийн “Хүнд суртлын индекс 2021” судалгааны тайланд бизнес эрхлэгчдийн 90 орчим хувь нь төрийн нэг үйлчилгээ авахдаа дунджаар 6 баримт бичиг бүрдүүлж, 3 төрийн албан хаагчтай харьцаж, 13 хоног зарцуулж, 360 мянган төгрөгийн албан зардал гаргадаг, ажлын уялдаа холбоо муу гэж дүгнэсэн байна. Мэдээж үүн дээр нэмэгдээд иргэдийнх нь хариуцлагатай байдал хамаарна .
 
Тухайн улсад мөрдөгдөж буй хууль тогтоомжийг мөрддөг иргэнийг хариуцлагатай иргэн гэж үзнэ тийм үү. Тиймээс авлига гэдэг хорт хавдраас ангижрах гол хүчин зүйл нь төр, хувийн хэвшил, иргэний хамтын хүч л юм.
 
Авлигатай тэмцэх газар ямар чиг үүргийг хэрэгжүүлдэг байгууллага юм бэ?
 
-Авлигатай тэмцэх газар нь Монгол Улсад шударга ёсыг бэхжүүлэх, төрийн байгууллагын үйл ажиллагааны нээлттэй ил тод байдлыг хангах, хүнд суртал чирэгдлийг арилгах, авлигын гэмт хэргийг илрүүлэх, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явуулах, хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх, хадгалах, хянан шалгах талаар цогц арга хэмжээг хэрэгжүүлэн, авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, авлига ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой өргөдөл гомдлыг хүлээн авч шалгах, авлигын эрсдэл, цар хүрээ, хэлбэр шалтгааныг тогтоох судалгаа, шинжилгээ хийх ажлыг зохион байгуулдаг.
 
Харин танай хэлтсийн хувьд?
 
-Улсын хэмжээнд авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, хувийн хэвшил, хэвлэл мэдээллийн байгууллагын өргөн оролцоонд тулгуурлан зохион байгуулж байна. Ингэхдээ авлига, ашиг сонирхол, авлигын эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн албанд мөрдөгдөж буй хууль, дүрэм, журам, тогтоомжийн хэрэгжилт хяналт, хуулийн хэрэгжилт хангуулах, хяналт шалгалт, тандалт хийх, авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн, үүсэх эрсдэлтэй гэж үзвэл хүчингүй болгуулах санал хүргүүлэх, зөрчил дутагдлыг арилгуулахаар зөвлөмж хүргүүлдэг.
 
Соён гэгээрүүлэх чиглэлийн сургалт, сурталчилгаа, нөлөөллийн арга хэмжээг иргэдийнхээ ажил, мэргэжил, насны онцлогт нь тохируулан зохион байгуулахыг хичээдэг. Тухайлбал, бид ерөнхий боловсролын 12 сургуульд шударга ёсны клубийг нээж, арга зүй удирдлагаар ханган ажиллаж байна. Манай шударга ёсны клубийн сурагчид сургуулийнхаа орчинд хэрхэн биеэ авч явах, шударга байх, үзэл бодлоо илэрхийлэх, үнэнч, тууштай, зөв хүн байх талаар нөлөөллийн арга хэмжээг багш нартайгаа хамтран зохион байгуулдаг. Үүнд багш, эцэг эхчүүдийн оролцоо маш чухал. Бангладеш Улсын “Эцэг эхчүүдийн зөвлөл”-ийн тэргүүн туршлагыг ерөнхий боловсролын 12 дугаар сургуульд хэрэгжүүлж эхэлсэн гэх мэтчилэн хүүхэд багачуудад чиглэсэн аян, арга хэмжээг явуулж, ном гарын авлага гаргаж байна.
Түүнчлэн иргэдэд авлигын талаарх ойлголт мэдээлэл өгөх, хор хөнөөлийг нь таниулан сурталчлах зорилгоор иргэдэд чиглэсэн соён гэгээрүүлэх өдөрлөг, уулзалт, арга хэмжээг тасралтгүй зохион байгуулдаг. Өнгөрсөн жилд төрийн болон хувийн хэвшлийн 53.000 гаруй байгууллагын албан хаагчдад авлига, ашиг сонирхол, ёс зүй, гэмт хэргийн талаар ойлголт өгөх сургалтыг зохион байгуулсан.
 
Улсын хэмжээнд авлига, ашиг сонирхлын тодотголтой ямар хэрэг, зөрчил түлхүү гарч байгаа вэ?
 
-Өнөөдрийн байдлаар манай орны хэмжээнд хахууль авах, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах хэрэг, зөрчлүүд хамгийн түгээмэл гарч байна. Бидний хувьд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээнд мэдэгдэж байгаагүй тохиолдлуудад тухайн авлига авсан эсвэл албан тушаалаа урвуулан ашигласан этгээдүүд хөрөнгөө нуун дарагдуулах байдлаар гадаадын оронд байршуулах хэрэг гарсан. Жишээ нь, гадаадын банк санхүүгийн байгууллага, оффшор бүсэд байршуулах эсвэл үл хөдлөх хөрөнгө, эд зүйл, тээврийн хэрэгсэл худалдаж авах тохиолдол олон гарч байна. 2021-2022 оны хугацаанд бид 12,2 сая ам.долларын хөрөнгийг эх орондоо буцаах ажиллагааг түүхэндээ анх удаа хийж чадсан. Тодруулбал, манай орны төрийн өмчит компанийн нэгэн албан тушаалтан эрх мэдлээ урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан. Тус мөнгөө оффшор бүсэд байршуулаад түүнээсээ бусад орны банк руу шилжүүлсэн байгаа юм. Тухайн банканд гарал үүслийг нь өөрчлөх замаар Лондонд дөрвөн өрөө байр худалдаж авсан хэргийг мөрдөн шалгах хэлтэс, Хууль зүйн яам, прокурор, шүүхийн байгууллага болон олон улсын бусад байгууллагуудтай хамтраад тухайн хөрөнгийг буцаан авах ажиллагааг зохион байгуулсан. Монгол Улсын Засгийн газраас дээрх орон сууцыг заавал зарж борлуулахгүйгээр илүү ашигтайгаар захиран зарцуулах үүднээс долоо хоногийн 550 фунт стерлингээр түрээслүүлж байгаа.
 
Олон улсын жишгээс харахад хулгайлагдсан хөрөнгийг буцаан авах ажиллагааны тодорхой хувийг нийгмийн зорилтод бүлэг, дэд бүтцийн салбарт зарцуулдаг юм байна лээ. Олон улсын сайн туршлагыг нэвтрүүлэх зорилгоор анх удаа тус түрээсийн орлогыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх бүтэн өнчин хүүхдийн “Энэрэл” асрамжийн төвд зарцуулах шийдвэрийг гаргасан байна.
 
Өнгөрсөн 2022 онд БХЯ нь бусад яамдаа шударга байдлын үнэлгээгээр тэргүүлсэн амжилтыг гаргасан. Үүний шалгуур үзүүлэлт нь юу байсан бэ?
 
-Төрийн байгууллагыг авлига, ашиг сонирхлын зөрчил, гэмт хэргээс ангид байлгах, авлига үүсэх шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээг 2 жил тутамд гаргаж, олон нийтэд танилцуулдаг. БХЯ 2022 оны үнэлгээгээр хамгийн өндөр оноо буюу 80.5%-тай үнэлэгдсэн байна. Энэ судалгааг тухайн байгууллагаас төрийн үйлчилгээ авсан иргэд байгууллагын төлөөллөөс авсан санал асуулгаас гадна, дотор нь ажилладаг албан хаагчдаас, хөндлөнгийн шинжээч, судлаачдаас авсан судалгаа, үнэлгээг үндэслэн гаргадаг.
 
Дэслэгч Т.ИДЭР
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин