sonin.mn
БНХАУ Төв Азийн таван улстай дипломат харилцаа тогтоосны 31 жилийн ойг тохиолдуулан Хятад-Төв Азийн Төрийн тэргүүн нарын Дээд хэмжээний уулзалтыг Хятадын эртний нийслэл Шиань хотноо сүр дуулиантай хийсэн билээ. Украинд үргэлжилж буй дайнд Кремлийн анхаарал чиглэн, уламжлалт түншүүдээ түр “мартсан” энэ цагт энэхүү орон зайд нэгмөр бэхжиж авахаар Бээжин чармайж байгааг энэхүү үйл явц харуулж, олон улс, шинжээчдийн анхаарлыг ихэд татсан юм. Дээд хэмжээний уулзалтын төгсгөлд 54 гэрээ хэлэлцээр, хамтын ажиллагааны санаачилгад гарын үсэг зурж, 19 механизм, мөрийн хөтөлбөр болон олон талт 9 баримт бичгийг баталлаа.[1]
 
“C+C5” (Хятад+Төв Азийн 5 улс) форматын Дээд хэмжээний анхны уулзалт
 
5 дугаар сарын 18-нд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Шиань хотноо Тан улсын үеийн эзэн хааны цэцэрлэгт хүрээлэнгийн дурсгалт газар дахь цогцолборт “стан”-уудын удирдагч нарыг хүлээн авч уулзан, “тогтвортой” найрамдалт харилцаагаа баталгаажуулж, бүс нутгийн хэмжээний гэрээ хэлэлцээр байгуулагдах замыг зассан гэхэд болно. Дашрамд дурдахад, Шиань хот эртний торгоны замын эхлэл цэг байсан бөгөөд өрнө, дорнын соёл иргэншлийг холбосон 64,000 км замыг хамарсан худалдааны замын сүлжээ гэгдэж байсан билээ.
 
Төв Азийн бүс нутаг Хятадын эрчим хүчний импортынх нь гол түшиц, Европ руу чиглэсэн ашигтай тээврийн коридор болохын зэрэгцээ “Бүс, Зам” санаачилгын чухал орон зай хэмээн тооцогддог. Түүнчлэн Хятадын дотоод тогтвортой байдлын эмзэг цэг болох баруун бүс-Шинжааны аюулгүй байдлыг хангахад нь энэ бүс нутагтай хөгжүүлэх харилцаа, хамтын ажиллагаа Хятадад нэн чухал юм.
 
Казахстаны ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 70 насны төрсөн өдрөөрөө буюу 5 дугаар сарын 17-нд Шиань хотод хүрэлцэн ирсэн даруйдаа Ши Жиньпинтэй хэлэлцээ хийсэн Төв Азийн анхны удирдагч болсон ба хэлэлцээний үеэр тэрээр Казахстан Хятадын харилцааг “эвдэршгүй” гэж нэрлэлээ. Түүнчлэн Ши Жиньпин 5 дугаар сарын 18-нд Кыргызстаны ерөнхийлөгч Садыр Жапаров, Тажикистаны ерөнхийлөгч Эмомали Рахмон, Туркменистаны ерөнхийлөгч Сердар Бердымухамедов, Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзиёев нартай тус тус хэлэлцээ хийсэн.
 
“C+C5” Дээд хэмжээний уулзалтын ёслолын арга хэмжээний үеэр Төв Азийн удирдагчдад хандан дэвшүүлсэн мэндчилгээндээ Ши Жиньпин хуучин ЗХУ-ын 5 бүгд найрамдах улстай БНХАУ харилцаагаа бэхжүүлэх нь “стратегийн сонголт” болохыг онцлоод, “Дээд хэмжээний уулзалт бүрэн дүүрэн амжилттай болно. Хятад-Төв Азийн харилцааны шинэ эрин үеийг ийнхүү зарлаж байна. Энэ удаагийн уулзалт зургаан улсын хөгжил, сэргэн мандалтад шинэ эрч хүч нэмж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд хүчтэй, эерэг сэдэл боллоо” хэмээн тунхаглав.
 
БНХАУ “сайн хөрш, найрсаг хөрш” бодлогын дагуу “С+С5” уулзалтыг Төв Азитай харилцах сувгууд болох “Бүс, Зам”, Дэлхийн аюулгүй байдлын болон соёл иргэншлийн санаачилга, “нэгдмэл хувь заяаны хамтын нийгэмлэг”-т суурилсан дэлхийн шударга дэг журмыг бий болгох зорилтоо хэрэгжүүлэхэд “ашигласан” бол “стан”-ууд энэхүү уулзалтаар бүс нутгийн геополитикийн шинэ нөхцөлд Хятадтай харилцах харилцаагаа шинэ шатанд гаргахаар зорьсон нь гарцаагүй.
 
Орос-Украины мөргөлдөөнд санаа зовсон Төв Азийн улсууд үүсээд буй нөхцөл байдлыг бүс нутгийн тогтвортой байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд заналхийлж байна хэмээн үзэж, аюулгүй байдлын хувьд Москвагаас хараат байдлаа багасгахыг хичээж байна. ОХУ-ын бүс нутаг дахь эдийн засаг, улс төрийн нөлөө их хэдий ч тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд учирч болзошгүй эрсдэлийг “стан”-ууд урьдчилан тооцоолж, Кремлийн нөлөөг бууруулахын тулд гадаад бодлогоо төрөлжүүлж эхэлсэн. Казахстан зүүн Украиныг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, Оросын улс төрчдийг Москва, Астана хоёрын хооронд үл ойлголцол үүсгэсэн гэж буруутгаж байв. Узбекистан ч мөн Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг дахин баталж, Москвагийн хүлээлтийг эсэргүүцэн, Киевт хүмүүнлэгийн тусламж илгээлээ. Ийм онцгой нөхцөлд Ши Жиньпин Дээд хэмжээний уулзалтын үеэр бүс нутгийн улсуудын тогтвортой, аюулгүй байдлыг бүрэн хангаж, хамгаалах ёстой хэмээн мэдэгдээд байна.
 
Төв Ази дахь Хятадын бодлогыг эргэн шинжлэхүй
 
Төв Азийн геостратегийн байрлал нь түүнийг Евразийн “зүрхэн газар”, “дэлхийн арал” доторх геополитикийн өөрчлөлтийн гол цөм болгож байна. Түүнчлэн, байгалийн баялаг, зах зээлийн асар их нөөц бололцоотой Төв Ази нь томоохон гүрнүүдийн хувьд “дэлхийн шатрын хөлөг” болон тодроод байна. БНХАУ-ын хувьд эдийн засаг, эрчим хүчний томоохон ашиг сонирхлоос гадна баруун хойд муж болох Шинжааны “төвөөс зугтах” хандлага, Төв Азийн улсуудтай ойр соёл, түүхийн хэлхээ холбоо нь бүс нутагтай ойр харилцах шаардлагыг нөхцөлдүүлж байна.
 
Эрчим хүчний импортоо төрөлжүүлж, дотоодод өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг хангахын тулд бүс нутгийн нүүрсустөрөгчийн нөөцөд чиглэсэн бодлогыг сүүлийн гучаад жил Бээжин тасралтгүй хэрэгжүүлж байна. Хятадын Коммунист намын өндөр албан тушаалтан, дэслэгч генерал Лю Яжоу нүүрсустөрөгчийн нөөц бол “өнөөгийн Хятадын ард түмэнд тэнгэрээс хайрласан бялууны томоохон хэрчим юм” гэж мэдэгдсэнийг энд санах хэрэгтэй.
 
Бээжин Туркменистанаас байгалийн хий импортлохын тулд олон улс дамнасан дамжуулах хоолой барьж, Казахстан болон бусад “стан”-уудаас ч газрын тос, хий худалдан авч байна. Төрийн өмчит Хятадын үндэсний газрын тосны корпорац (CNPC) Казахстаны газрын тос, байгалийн хийн салбарт 45 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Туркменистан 2021 онд Хятадад 34 тэрбум шоо метр байгалийн хий нийлүүлсэн бол 2022 онд хийн нийлүүлэлтийн үнийн дүн 9.2 тэрбум ам.долларт хүрчээ. Өдгөө БНХАУ байгалийн хийн импортынхоо 30 хувийг[2] Бээжин, Шанхай болон бусад хотыг Төв Азитай холбосон хоолойгоор дамжуулан авч байгааг доорх газрын зургаас тодорхой харж болно.
 
Source: “A history of track gauge”, George W. Hilton. SCMP GRAPHIC
 
Мэдээж эдгээр хөрөнгө оруулалтынхаа хариуд Бээжин тодорхой хэмжээнд Шинжааны аюулгүй байдлыг хангах баталгааг олж авсан нь лавтай. Түүнчлэн Бээжин Орос, Еврази, Европтой холбоо тогтоохдоо Төв Азийн орон зайг ашигласан. Хятад хуучин Торгоны замыг сэргээх хүчин чармайлтаа эрчимжүүлж, төмөр зам, авто зам болон бусад дэд бүтцийг, тухайлбал, Казахстан болон Шинжааны Или Казак автономит мужийн хил дээр орших Хоргос хуурай газрын хилийн боомтын бүтээн байгуулалтад ихээхэн хөрөнгө оруулалт хийсэн. Хоргос боомтын хоёр талын төмөр замыг 2012 онд холбосноор БНХАУ-аас ачаа тээвэрлэх галт тэрэгний цуваа хуурай боомтоор нэвтэрч эхэлсэн. Мөн Тажикистаны стратегийн Вахан коридорт БНХАУ Тажиктай хамтарсан терроризмтой тэмцэх төв байгуулах зэргээр аюулгүй байдлын үйл ажиллагаагаа идэвхжүүлж байгаа.
 
Ши Жиньпин удирлагад гарч ирснээр Хятад Төв Азийн бодлогоо шинэчилж, бүс нутгийг Бээжингийн “Баруун тийш” стратегийн гол тулгуур болгосон. Улмаар “Бүс, Зам”-ыг 2013 онд эхлүүлснээс хойш Хятад бүс нутгийн хамгийн хүчирхэг тоглогч болж, 1992 онд бүс нутагтай хийсэн худалдаа 660 сая ам.доллар байсан бол өнөө 70 тэрбум ам.долларыг даваад байна.
 
Самарканд хотноо 2022 онд болсон ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалтын үеэр тохиролцсон Хятад-Кыргызстан-Узбекистан чиглэлийн төмөр зам нь Европ руу хүрэх замыг богиносгож, хориг арга хэмжээнд өртсөн Оросыг тойрч гарах зорилготой. Төлөвлөж буй төмөр замын нийт урт нь 523 км бөгөөд Хятадад 213 км, Кыргызстанд 260 км, Узбекистанд 50 км нь ноогдож байна. Түүнчлэн энэ үеэр Ши Жиньпин Узбекистантай 15 тэрбум ам.долларын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан төдийгүй Орос-Украины дайны дараа Казахстаны нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын талаар Астанагийн санаа зовж буйн хариу болгож, Ши Жиньпин Казахстаны нутаг дэвсгэрт халдахыг тэвчихгүй гэж мэдэгдсэн билээ.
 
Москва аюулгүй байдлын баталгаа нь байж, Бээжин хөрөнгө оруулагч, эдийн засгийн хүчирхэг түнш нь байсан цаг үе өөрчлөгдөж, “стан”-ууд бүс нутагт бусад улсын ашиг сонирхлыг оруулж ирэх олон векторт гадаад бодлого явуулахаар зорьж эхэлсэн. Эрчим хүчний экспортоо төрөлжүүлэхийн тулд шинэ зах зээлийн эрэлд ч гарч байв. Казахстан 2021 онд 65.7 сая тонн газрын тос, нефтийн бүтээгдэхүүн экспортолсон бөгөөд үүний ердөө 3.6 сая тонныг Хятад руу нийлүүлжээ. Харин эсрэгээр Франц, Итали, Нидерланд зэрэг ЕХ-ны орнууд руу их гаргажээ. Үүний нэгэн адил Туркменистан, Узбекистан ч Хятад, Оросоос өөр шинэ, төрөлжсөн зах зээл хайх болсон. Үүнийг тооцоолсон Хятадын удирдагчид Хятад-Төв Азийг холбох хийн хоолойн D шугамын бүтээн байгуулалтыг түргэтгэхийг онцолж, эрчим хүчний аж үйлдвэрийн сүлжээ, эрчим хүчний хөгжлийн түншлэлийг санал болгож байгаа юм.
 
ЗХУ задран унасны дараа тусгаар тогтносон улсууд болон мэндэлсэн Төв Азийн ард түмэн Оросыг хэл, соёлын ижил төстэй байдал, эдийн засаг, аюулгүй байдлын хараат байдалд түшиглэсэн түнш хэмээн үздэг хэвээр байна.
 
Украины хямралын дараа өрнөдийн Орост тавьсан хориг арга хэмжээний улмаас бүс нутгийн улсуудын Орос руу нийлүүлэх экспорт нэмэгдсэн. Узбекистан 2022 онд гэхэд л 17 тэрбум ам.долларын экспортын орлого олсон нь өмнөх оныхоос хоёр дахин нэмэгдсэн дүн болж байна. Хятадын тухайд Төв Азид их хэмжээний хөрөнгө оруулснаар “стан”-уудын олон нийтийн дунд өсөн нэмэгдэж буй дургүйцлийг намжааж, авторитар дэглэмийн эсрэг бослого гарахаас сэргийлж чадсан тул Бээжин “стан”-уудын удирдагчдын дунд ихээхэн нэр хүндтэй. Гэвч сүүлийн үед тус бүс нутагт Хятадыг эсэргүүцсэн жагсаал үе үе өрнөж, Шинжаанд олон сая цөөнх үндэстний иргэдийг баривчилж, шоронд хорьсон, Хятадын хөрөнгө оруулалттай төслүүдэд орон нутгийн иргэд ажиллах боломж олдохгүй байгаа зэргийг эсэргүүцэх болсон. Төв Азид 2015 оноос хойш Хятадыг эсэргүүцсэн 150 гаруй жагсаал бүртгэгдсэнээс Кыргызстан, Тажикстан, Казахстанд түлхүү болжээ.
 
Ши Жиньпин Төв Азийн хөгжлийн “том” төлөвлөгөөг танилцуулав[3]
 
ОХУ-ын нөлөөний орон зай байсаар ирсэн энэ бүс нутагт Бээжин шинэ залуурчийн үүрэг гүйцэтгэж, дэд бүтцийг нь бүтээн босгохоос эхлээд худалдааг нэмэгдүүлэх Төв Азийн хөгжлийн томоохон төлөвлөгөөг Ши Жиньпин танилцуулсан юм. Тэд Казахстан, Кыргызстан, Тажикистан, Туркменистан, Узбекистантай хөгжлийн стратегиа нийцүүлж, шинэчлэлийг бүхий л хүрээнд ахиулахад бэлэн байгаа аж. Харилцан бие биенээ гүн гүнзгий нөхөж, өндөр түвшний харилцан ашигтай хамтын ажиллагааны шинэ парадигмыг хамтдаа цогцлоох нь хөгжлийн төлөвлөгөөний суурь болно хэмээн томьёолж байна.
 
Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлснээр Хятад-Төв Азийн орнуудын харилцан итгэлцэл гүнзгийрч, үндэстнүүдийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, урт хугацааны хөгжил зэрэг үндсэн ашиг сонирхолд “тодорхой бөгөөд хүчтэй” дэмжлэг болохын зэрэгцээ Хятад Төв Азийн орнуудад хууль сахиулах, аюулгүй байдал, батлан хамгаалах чадавхыг сайжруулахад туслахад бэлэн байна.
 
Өрнөдийн зарим шинжээчийн дүгнэж буйгаар, Украинтай хийж буй дайнаас болж Оросын анхаарал суларч, Афганистанаас цэргээ гаргасны дараа бүс нутгийн үйл хэрэгт АНУ-ын оролцоо буурсан явдлууд байгалийн нөөц, баялаг арвин Төв Азид улс төрийн нөлөөгөө өсгөж, эрчим хүчний нөөцийнх нь төлөө өрсөлдөөнийг тэргүүлэх Хятадын санаархалд томоохон түлхэц болжээ. Нөгөө талаас мөн харьцангуй сайн худалдааны коридорын сүлжээ бүхий “стан”-ууд Хятадын бусад сувгийн нийлүүлэлт тасалдсан тохиолдолд шатахуун, хүнс болон бусад бараа бүтээгдэхүүн тээвэрлэх өөрсдийн хувилбарыг Хятадад санал болгодог.
 
Хоёр өдөр үргэлжилсэн уулзалтын үеэрх дэмжлэг, хамтын ажиллагааны амлалт нь бараг нэгэн зэрэг Японы Хирошимад болсон “Долоогийн бүлэг”-ийн удирдагчдын Дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадыг сөргөөр дүрсэлснээс ялгаатай байгааг илтгэж байна хэмээн дүгнэх шинжээчид ч цөөн биш таарна. Тэд Төв Азийн орнуудыг дэмжиж байгаа Хятадын арга барилыг Вашингтоны зүгээс Бээжин албадлагын дипломат ажиллагаа явуулж байна гэж буруутгаж байгаагийн эсрэг үйл явдал хэмээн үзэж байна.
 
Үргэлжлэл дараагийн дугаарт
 
Ашигласан эх сурвалж:
 
[1]“A Tale of Two Summits: G7 Displays Unity as China Courts Central Asia”., https://jamestown.org/program/a-tale-of-two-summits-g7-displays-unity-as-china-courts-central-asia/
[2]“The Central Asian gas pipeline”.,https://multimedia.scmp.com/news/china/article/One-Belt-One-Road/gasPipeline.html
[3]“China’s Xi unveils grand development plan for Central Asia”.,https://www.reuters.com/world/asia-pacific/chinas-xi-calls-stable-secure-central-asia-2023-05-19/
 
 
Аюулгүй Байдал судлалын Хүрээлэн бэлтгэв