sonin.mn
ОХУ-д пуужинт цэрэг, артиллер гэж бий. Зэвсэгт хүчний нэг төрөл. Пуужинт ба их бууны цэрэг гэж хөрвүүлж болно. Стратегийн цөмийн зэвсэгт хүчин гэж бас тусдаа бий. Хоёр төрлийн хүчний мэдэлд хуурай газар байрлах тив хоорондын баллистик бүх пуужин, бүх төрлийн далавчит пуужин,  уурхайн байрлалтай цөмийн цэнэгт хошуу бүгд бий. Стратегийн хүнд бөмбөгдөгч нисэх онгоцууд, атомын шумбагч хөлөг онгоцууд, пуужин тээгч крейсер, пуужин харвагч бүх зэвсэг техник Оросын Стратегийн цөмийн зэвсэгт хүчин, Пуужинт ба их бууны цэрэгт хамаарна.
 
Цэргийн тусгай ажиллагаа гэдэг нь цэргийн онолоор бол байнгын зэвсэгт хүчний удаан хугацаанд явуулдаг байлдааны ажиллагаа биш юм. Цэргийн тусгай ажиллагааг цагдаа, аюулаас хамгаалах, дотоодын цэрэг, тусгай хүчнийхэн, хэрэв зэвсэгт хүчнээс оруулах гэж байгаа бол шүхэр-десантын цэрэг богино хугацаанд гүйцэтгэдэг.
 
Хөрш улсаас Украинд явуулахаар төлөвлөж тооцоолсон Цэргийн тусгай ажиллагаа нь 3-7 хоногт багтахаар маш хурдтай хийж гүйцэтгэх байлдааны тусгай ажиллагаа байсан бол тэр нь үргэлжилсээр бүтэн нэг жил 4 сарыг авах гэж байна.
 
Цэргийн тусгай ажиллагаанд их буу, тактикийн пуужин юу юм гэхээс бүхэл бүтэн пуужинт цэргээ оруулж, олон жил хуралдуулж нөөцөлсөн, асар их өртөгтэй, асар их үнэ цэнээр бүтээж босгосон баллистик пуужин, бүх төрлийн далавчит пуужин, мөн тив хоорондын стратегийн хүнд бөмбөгдөгчөө хэрэглэж буй анхны тохиолдол дэлхийн цэргийн шинжлэх ухааны түүхэнд Орос улс нэр заагдаж орох нь байна. Стратегийн зэвсэглэлийн хүч нөөц рүүгээ орж байгаа байдлаар бол Оросын арми нь ялагдал руугаа дөхөж байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна. Цэргийн шинжлэх ухааны онолоор бол хуурай газарт тулалдаад ялахгүй бол тэр ялагдлаа өөр хэлбэрээр агаараас, алсаас пуужин харвах маягаар нөхдөг гэж үздэг. Орос яг тэр рүү орж байна.   
 
Цэргийн тусгай ажиллагаа балрах тусам Украинд аль болох хор хохирол, сүйтгэл ихээр учруулахыг зорьж байна. Энэ бол дайны нэг арга тактик мөн ч ОХУ тийм арга сонгож байгаа нь тун тусгүй юм. Оросын армийн ариун алдар хүндийг дэлхий дахинд унагасан алхам болно.
 
Каховка дахь усан цахилгааны станцын даланг дэлбэлж нэр хүндээ маш томоор алдсан байтал залгуулаад Харьков мужид аммаикийн хоолой руу хоёр ч удаа агаараас галлаж аммиакийн өмхий үнэр дэгдээхийг зорив. Сүүлийн халдлагаар агаараас 6 удаа цохилт өгсөн ч байгаа оносонгүй. 
Украины бодит байдлыг ажвал шөнө болгон, бүр шөнө нойрон дунд түгшүүрийн дохио орилуулсан агаарын дайралт Оросын зүгээс алгасахаа больсон. Гэвч оросын пуужин, дронууд Украины тэнгэрт амдан сөнөөлгөөд байгаа зураглал харагдаж байна. Оросын пуужингуудын цэц тусгал, үр дүн, дайсандаа учруулсан цэргийн хохирол тун өчүүхэн, харин гарлага зарлага нь хэтэрсэн нь бодитой юм. Хүснэгтээс харвал 5 дугаар сард Украины хотууд руу харвасан ихэнхи пуужин, нисэгчгүй онгоц, дрон агаарт сөнөөгджээ. Оросоос 566 пуужин дрон харвасны 496-г нь амдан сөнөөжээ. Хувилаад үзвэл тун арчаагүй тоо харагдана. Цөмийн цэнэгийг нь мулталж авч үлдээд пуужиндаа ердөө тэсрэх бөмбөг байрлуулаад нисгэсээр нэг мэдэхэд стратегийн нөөц рүүгээ явж орлоо. Орос ямар зорилгоор ингэж пуужингаа дуусгахаар шийдсэнийг хэн ч хэлж чадахгүй, оросын командлал ч өөрсдөө тайлбарлаж чадахгүйд хүрлээ. 
 
 
Зургадугаар сар гараад нэг шөнө 35 далавчит пуужин Орос харвасныг 35-ууланг нь амдан сөнөөж 100% устгалаа гэж мэдээлсэн. Энэ нь агаарын байрлалтай, агаар-газар ангиллын Х-101/Х-555 маркийн далавчит пуужингууд байна. Каспийн тэнгисийн районоос ТУ-95МС маркийн стратегийн бөмбөгдөгч 6 нисэх онгоцноос 35 пуужин харвахад бүгдийг нь амдан сөнөөжээ. Амдан сөнөөсөн америкийн амдан сөнөөгч зенитийн пуужин нь аль 1980-аад оны зэвсэг гэхэд оросын зэвсэг-техник орчин үеийн дайны шаардлага хангахгүй болсон нь тодорхой байна. Бүхэл бүтэн 41 жилийн өмнө бүтээсэн зенитийн пуужинд баригдахгүйгээр  байндаа хүрч чадахгүй байгаагаараа бол оросын далавчит пуужингууд нэг бол хоцрогдсон, нэг бол сэлбэж шинэчлэхдээ дутуудуулсан, бүр муугаар яривал ах нарын маань цэргийн шинжлэх ухаан маш хоцрогдсон, ерөөсөө хөгжиж өгөхгүй байна гэсэн дүгнэлт хийхэд хүргэж байна. 
 
Украины дайны өчигдөр уржигдрын мэдээгээр бол ОХУ нь энэ дайнд гадаадын ямар ч улсын алдаж сөнөөлгөж үзээгүй их зэвсэг техникээ, түүний дотор пуужинт ба их бууны цэргээ сүйтгүүлсэн байна. 
 
Нэг жил 4 сарын байлдаанд сөнөөлгөсөн их буу 3640, тийрэлтэт галын систем 594, агаарын довтолгооноос хамгаалах зенит-пуужингийн суурь төхөөрөг 352, оператив-тактикийн зориулалтай нисэгчгүй нисэх төхөөрөмж 3219, далавчих пуужин 1171 гэсэн тооцоо гарчээ. Энэ янзаараа үргэлжилбэл оросын пуужинт цэрэг, артиллер мөд дуусах юм байна л даа. Харамсмаар юм!  Бүр их харамсах нь украины энгийн иргэд, хөгшид, эхчүүд, хүүхдүүд оросын зах замбараагүй энэ их пуужин дроны харвалтын бай болж, амь насаараа хохирч байна даа!
                                                   
Бэлтгэл хошууч Адьягийн Батсайхан