Хосын жаргалыг эдэлж, хамтын амьдралаа эхлээд хагас зууныг элээжээ. Уулын цас ханзарч, урины шувууд ирэхийг, зуны зугаа үргэлжилж, зураг шиг охид өсөхийг, найр хайр хөвөрч, намрын уулнаа бугын урамдахыг, өвлийн жавар хайрч, өнө мөнхөд амьдрахын утгыг ухаарч тэд хамтдаа бүхнийг туулсан. Уйлуулж, ухааруулсаар өтгөс буцахыг, уяруулж, нялхамсуулсаар ач зээгээ төрөхийг тэд хамтдаа туулсаар амьдралынхаа тавь гаруй жилийг хослон өнгөрөөжээ. 1971 оны намрын тэр нэгэн өдөр Тээврийн техник мэргэжлийн сургуулийн танилцах үдэшлэгийн өмнө ер бусын дотно инээмсэглэл тодруулсан сэтгэл дүүргэм харцтай цагаан охиныг олж харсан тэр гэгээхэн мөчийг яахин мартах вэ. Тэр инээмсэглэл нэгэн аугаа хайрын түүх, нартын амьдралыг хослон туулах их замын эхлэл болсон билээ.
Хорвоогийн түм буман хүнээс хоёр биеэ олж ханилсан хувь тавиландаа талархнам. Учрал баярын орчлонд уярч дуулж, ухаарч уужиртлаа хамтдаа амьдарсан чамдаа баярланам... хэмээн өнөөдөр (2023.06.04) Алтан хуримаа хийж байгаа ахмад хос маань үр хүүхдүүд, ач зээ нар, ахан дүүс, төрөл садан, түмэн олныхоо өмнө бие биедээ талархсан сэтгэлээ илэрхийлж байна.
Монгол Улсын Зэвсэгт хүчний дэд хурандаа Ё.Саяням, эр цэргийн Хатан ижий Ц.Алтантуяа нарын Алтан хурим үр хүүхдүүддээ үлгэрлэлтэй, хойч залуу үеийнхэндээ хайрлалтай ийм нэгэн амьдралын түүхийг өгүүлнэ. Өрх гэрийн тэргүүн Ё.Саяням Модон завод, Шуудангийн II бааз, Зэвсэгт хүчний 089, 298, 032, 318, 189 дүгээр ангид ажиллаж, ЗХЖШ-ын тусгай төвийн даргын албыг хашиж байгаад гавьяаныхаа амралтад гарсан цэргийн улс төрч, түүхч-философич мэргэжилтэй нэгэн бол гэргий Ц.Алтантуяа нь ажил хөдөлмөрийнхөө гарааг Цахилгаан сантехник угсралтын трестэд цахилгаанчнаар эхэлж, С.Янжмаагийн нэрэмжит Цэргийн оёдлын үйлдвэрт оёдолчин, цахилгаанчин, Монголын Ардын Армийн 298 дугаар ангид эд хариуцагч, зочид буудлын эрхлэгч, Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабын Үйлчилгээ аж ахуйн хэлтэст ажиллаж байгаад 2009 онд гавьяаныхаа амралтад гарчээ. Тэд улс, армидаа 38-44 жил ажиллаж, хөдөлмөр зүтгэлээ төр засгаараа үнэлүүлсэн хүндэт буурлууд ажээ.

Тэдний Алтан хуримд хүрэлцэн ирсэн хүндэт зочид найрын хойморт налайх настан хосоос амьдралын үлгэр дуурайл, нарны цацраг шиг найман сайхан үрээс нь салаалсан өнөр өтгөн айл өрхөөс өсөн дэвжиж, өргөжин тэлэхийн эрч хүч, дуулж хөгжимдөж, дураараа эрхлэлдэх ач зээ нараас нь ирээдүй хойчийн гэрэлт ирээдүйг мэдэрч суулаа. Хорин насандаа хоёр биеэ олж ханилан гучин насандаа гуниг, баярын үнэ цэнийг ухаарч, дөчин насандаа дөмөгхөн хайрандаа уусаж, тавин насандаа тавилан заяандаа талархаж, жаран насандаа жарган суухын ерөөл өргөж, далан насандаа далай их хайраа цалгиулж, наян насандаа намба дөлгөөнөөр хойморт заларч, ерэн насандаа ерөөл буянаа дэлгэрүүлж, зуун насандаа зургаадай таягаа туулахын их замыг хамтаараа туулах нь гэр бүлийн түүх, хосын замналын утга учир ажээ.
Өрхийн тэргүүн домогт Ховдын цэнхэр хязгаарт төрж өссөн Дарви удмын Дайчин отгийн тэргүүн бол гэргий нь Дөрвөдийн Зоригт хааны Тугчин удмын буюу Увс аймгийн Давст сумын уугуул бүсгүй гэнэ.
Удам угсаа, ураг төрлийг дээдлэн хүндэлдэг, үр хойчдоо өвлүүлэн өртөөлүүлэхийг эрхэм болгодог тэд өнөөдөр үр хүүхэд, ач зээдээ нөмөр түшиг болохын зэрэгцээ отгийн тэргүүн өөрөө “Ураг удмын журам”, “Ургийн бичиг хөтлөх” товч зөвлөмж, “Дарви дайчин отгийн ургийн бичиг” судалгааны бүтээл, “Удмын бэлгэдэл, тэмдэг”, “Ураг ба улс төр” ном бүтээж, ураг удамдаа, ард түмэндээ өргөн бариад байна. Ё.Саянямынх таван гал ураг хүү, гурван сүүн ураг охинтой бөгөөд өдгөө 40 гаруй ам бүлтэй өнөр өтгөн өрх гэр болжээ. Аав, ээжийнхээ ажил амьдралыг өртөөлөн үргэлжлүүлж буй хүүхдүүд нь өнөөдөр Монгол Улсын батлан хамгаалах, Зэвсэгт хүчин, Онцгой байдал, боловсрол, санхүүгийн салбар болон хувийн хэвшилд ажил хөдөлмөр эрхэлж, сайн эцгийн нэрийг өндөрт өргөж явна аа. Аавын шийрийг хатааж, ахлагчийн албанд насаараа зүтгэсэн хүү ч бий, Зэвсэгт хүчинд удирдах албан тушаал хашиж буй хурандаа цолыг хүртсэн нэгэн ч байгаа.

Үр хүүхдүүдээ ийнхүү тэгш дүүрэн өсгөхөөс гадна тэд хоёр талын аав л ижийгээ тэнгэрт дэвштэл асран халамжилж, буурлын буян хишгийг тогтоож, хойч үе үр удамдаа өтгөсөө ачлахын үлгэр дуурайлыг үзүүлсэн байнам. Дарви удмынхан өдгөө өвөг дээдсийн хүндэтгэлт өдөртэй, дээдлэн залах туг хиуртай, дээшлэн тахих шүтээнтэй, албан бүртгэлийн тамгатай, ахмадын хишиг сантай, малын им тамгатай гээд энэхүү найранд ирсэн төдийгүй бусад хүмүүс ч үлгэр дуурайл авмаар, санаж сэрмээр зохион байгуулалтад орсныг энэхүү тэмдэглэлээрээ уншигч олонтойгоо хуваалцъя. Мөн хагас зуун жилийн амьдралыг хамтдаа туулсан сайхан хос маань “Амьдралд бэлэн жор байхгүй шүү дээ. Хослон амьдрах төөрөг гэж байна. Хосоороо амьдрах жамыг туулахаар шийдсэн хоёр хүн бие биедээ хайраа өгч, халамжаар усалж, итгэлээр цэцэглүүлж, сэтгэлийн өгөөжөөр дэмнэж явахад л амьдрал тэгш дүүрэн байдаг юм даа” гэж залуус дүү нартаа сэтгэлийн цэнхэр хадаг дэлгэснийг уламжилъя. Сайхан буурлууд маань Алтан хуримын мялаалга болгож, үр хүүхдүүдийнхээ бэлэглэсэн эрхийн бичгээр Номхон далайд очиж амрахаар мөдхөн аялалд гарна аа.

Ташрамд дурдахад, хосууд хамтын амьдралаа баталгаажуулан хуримаа хийснээс таван жилийн дараагаас чихрэн, ноосон, давсан, зэсэн, тугалган, ган, торгон, торон, ясан, болор, шаазан хуримын ой тэмдэглэсээр хорин жил амьдраад, хамтын амьдралын 25 жилээрээ Мөнгөн хуримаа хийж, цаашлаад 30 жилээрээ Сувдан, 35 жилээрээ Шүрэн, 40 жилээрээ Бадмаараг, 45 жилээрээ Биндэрьяа, 50-55 жилээрээ ийнхүү Алтан хурим хийж, алтан бэлзэг солилцон, ахан дүүсээрээ найрлацгаадаг ажээ. Харин дараа нь 60 жилээрээ Алмаазан буюу Очир эрдэнийн хурим хийж, хувь тавилангийн жаргал, зовлонг хамтдаа туулж, нэгэн жарныг элээснийг мялааж, алмаз эрдэнэ мэт үүрд мөнх гялалзаж байхын баталгаа болгож, алмаз эрдэнийн зүйлээр бие биеэ баярлуулдаг дэлхий нийтийн сайхан уламжлал байдаг юм байна.
Д.ГҮНЖИЛМАА
Эх сурвалж: "Соёмбо" сонин
Ням - 12 сарын 14,
2025

Сэтгэгдэл0
kkkkk
Миний аав ээж энэ олон хурим бүү хэл төрсөн өдөр ч тэмдэглэж үзээгүй ,харин аавын минь 80 насныхан ойг монголын хоршоодын холбоо ,аймгийн артель хамтран тэмдэглэж байлаа.Учир нь тэртээ дайны жилүүдэд хэдэн хүн хоршиж аймгийн артель байгуулж хөрөнгө мөнгө,багаж хэрэгслээрээ нэгдэж байсан,одоогийнхоор бол ждү юмуудаа,гэтэл хувийн үйлдвэр хоршоо соц үед байгаагүй юм шиг ярьцгаадаг нь түүхийн үнэнтэй нийцдэггүй л дээ тэр үед харин ч сайн хөгжиж,улс ч дэмждэг байж дээ???
Сайхан буурлууд байна аа!