sonin.mn

 

"Өсөхөөс сурсан үндэсний хэл 
 
Мартаж болшгүй соёл
 
Үхтэл орших төрөлх нутаг
 
Салж болшгүй орон" гэж их зохиолч Д.Нацагдорж хэлсэн. Энэ нь нэг талаар шүлэг бахархал мэт харагдавч, нөгөө талаар хойч үе залуустаа захиж үлдээсэн сургаал юм.
 
"Чихнү чимэг болсон 
 
Аялгуу сайхан монгол хэл 
 
Чин зоригт өвөг дээдсийн
 
Өв их соёл" гэж билгүүн номч Бямбын Ренчин гуай эх сайхан монгол хэлээ магтан дуулсан байдаг. Энэ бол бидэнд, хойч үед эх сайхан монгол хэлээ цэвэр ариун байлгахыг дахин давтан чухалчлан сануулж байгаа хэрэг.
 
 
Одоо үед бол төрийн шагналт зохиолч З.Дорж гуай "Хэл, хил, мал гуравтайгаа байвал хэн баян Монгол баян" гэж шүлэглэжээ. Монгол үндэстэн цаашид мөнх оршихын тулгуур бол хэл гэдгийг энэ эрдэмтэн хүмүүс хэлээд байна. Иймд эх хэлээ цэвэр байлгахад бид бүхний зүтгэл туйлаас чухал.
 
 
Өнөөдөр дэлхий ертөнц даяарчлагдаж байгаатай, шинжлэх ухаан техник үсрэнгүй хөгжиж байгаатай холбоотойгоор олон шинэ зүйл бий болж, түүний нэр, хэллэг, маш олон гадаад үг орж ирж эх хэлэнд минь холилдож байна. Ийм үед эх хэлээ цэвэр байлгахын тулд өөрийнхөө хувь нэмрийг оруулах нь чухал юм.
 
 
Миний бодоход энэ оруулах хувь нэмэр нь хүн бүр хичээж, мэдэх мэдэхгүй гадаад үгийг чадах чадахгүй хазгай муруй хэлж," гангарахгүй" байх нь асар том хувь нэмэр. Зурагтаар нэлээд хариуцлагатай ажилтан хүн ярилцлага өгч байхыг сонсвол "юу ч гэж нэрлэмээр юм дээ" гээд гадаадаар хэлж байх юм.
 
 
Тэгэхээр монголоороо хэлэх үг, эвээ олохгүй, монгол хэлээ мэдэхгүй, ямар өчүүхэн мэдлэгтэйгээ л харуулж байна гэхээс өөр юу гэх вэ. Манайхан наад захын жижиг юмсыг гадаад үгээр хазгай муруй нэрлэж яриад байх юм.
 
 
Жишээ нь гэнэтийн бэлэг "сюрпрайз", жинхэнэ, чанартайг нь "ориг" гэх мэтээр өөртөө бол чамирхаад боловсон гоё яриад байгаа ч юм шиг. Дэргэдээс нь харвал ичиж улаймаар... Хальт, мульт сонссон ганц хоёр гадаад үгээр чамирхаж гадаад хэл мэддэг хүн болж гайхуулдаг үе өнгөрөөд олон жил болж байна шүү дээ.
 
 
Эх сайхан монгол хэл минь ямар баян үгийн сантайг илэрхийлсэн явган шог олон бий. Тухайлбал билгүүн номч Б.Ренчин гуай Орос хүнтэй хэлний талаар маргаад гурван зүйлийг зааж үүнийг юу гэдэг вэ гэж асуухад цаадах нь "носовое мозг", "головный мозг", "спиноя мозг" гэхэд монголоор "нус, нугас, тархи" гэж огт өөр гурван юмыг танайх ижилхэн хэлэх юм даа гэсэн гэдэг.
 
 
Бас гадаадад сураад ирсэн нэг залуугаас "за Хэл их сурав уу" гэж асуухад хоолоо олж идэх ойр зуурын хэлтэй боллоо гэж. За тэгвэл үмх мах, чимх давс, балга шөлийг оросоор хэл дээ гэхэд таг болсон гэдэг. Энэ бол Монгол хэл ямар их арвин баялаг болохын илэрхийлэл юм.
 
 
Ийм баялаг монгол хэлтэй бид ярьж, бичихдээ гадаад үг хэллэг оруулахгүй, эх хэлээ цэвэр байлгах бүрэн боломжтой. Ямар ч шаардлагагүй үед огт хэрэгцээгүй гадаад үг хэрэглэх нь монгол хэлээ бохирдуулах үндэс болж байна.
 
 
Жишээ нь явган шог, шог яриа, хошигнол гэж сайхан монгол үг байсаар байтал дээх нь үед чамирхаж "онекдаёт" гэх орос үгийг "онигдоод" гэж ярьсаар сүүлдээ бүр онигоо болж монгол ч юм шиг үг болгожээ.
 
 
Нэг анхаармаар зүйл нь шинээр нэвтэрч байгаа техник шинжлэх ухааны янз бүрийн нэр томъёог юу гэж нэрлэж, яаж бичихийг манай хэлний шинжлэлийн байгууллагууд олонд ил ойлгомжтой зарлаж мэдэгдэж байхгүй бол гадаад нэрээрээ монголд нэвтэрч, түүнийг нь хүмүүс сунжруулан дуудаж гадаад ч биш монгол ч биш үг болж үгсийн санг бохирдуулж байна.
 
 
Мөн зурагт, сонин, сэтгүүл гэх мэт хэвлэл мэдээллийн байгууллагууд гадаад үгийг хэрэглэхээс аль болохоор зайлсхийж байвал чухал хувь нэмэр болмоор санагдана. Хэвлэл мэдээллээр ярьж, бичиж байгаа хүмүүс ч, шалгаж, найруулдаг албан тушаалтнууд ч анзааргагүй ханддагаас ялангуяа зурагтаар ярьж байгаа хүмүүс монгол хэлээрээ алдаа мадагтай ярьж, түүнийг нь учрыг мэдэхгүй хүүхдүүд даган дуурайх муу жишээ болдог.
 
 
Их эмч зурагтаар зөвлөгөө өгөхдөө тэр өвчин маань, галзуу маань гээд ярьж байх юм. "маань" гэдэг үг нь биеийн хамаатуулах минь гэдэг үгийн идэвхгүй хэлбэр. Гэтэл тэр өвчин, тэр галзуу ярьж байгаа эмчийн өөрийнх нь юм гэсэн утгыг илэрхийлээд байгаа юм биш үү.
 
 
Ер нь төрөлх хэл нь доройтож бохирдоно гэдэг үндэстэн мөхөхийн үндэс болдог гэж дэлхийн эрдэмтэд үздэг юм билээ. Эх хэлээ цэвэр ариун байлгах нь тухайн улс, үндэстний бодлого үйл ажиллагаанаас ихээхэн шалтгаалдаг нь илт харагддаг.
 
 
Хамгийн ойрын жишээ гэхэд Өвөрмонголчууд монгол бичгээрээ бичдэг. Монгол хэлээ онцой хайрладаг учир тэдний бичиг, ярианд гадаад үг бараг тааралддаггүй. Тэрбум гаруй хүн амтай Хятад улсын харъяанд тэр олон жил болсон Өвөрмонголчууд үндэсний хэл бичгээ нандигнан хайрлаж ирсний ач холбогдол нь энэ.
 
 
Гэтэл манай хойт хөрш Буриадуудын хэлний ихэнх нь орос үг байдаг. Эх хэлэндээ хайхрамжгүй, хайргүй хандвал ийм болдог ажээ. Хэдэн жилийн өмнө Буриадын үндэсний сонинг үздэг байснаа жишээ болгоё. "Буряат АССР-эйн верховно зөвлөлийн указ" гэж бичсэн байдагсан.
 
 
Үүнийг орос хэл гэх үү, монгол хэл гэх үү. Ийм сониныг хүүхэд, дүү нартаа олж үзүүлвэл болгоомжлох, харамсах сэтгэл өөрийн эрхгүй төрөх байх гэж үргэлж бодогддог. Ийм л харамсаар зүйл болчихвий гэж болгоомжловдоо ганц ч гэсэн үгийг монголоороо хэлж, монголоороо бичихсэн гэж хичээж явдаг юм.
 
 
Хүн бүр үүнийг санаж явбал тийм ч их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө шаардах нүсэр хүнд ажил хийлгүйгээр эх болсон эгшиглэнт сайхан монгол хэлээ цэвэр ариунаар хадгалах үйлсэд үнэтэй хувь нэмэр болох нь дамжиггүй ээ.
 
 
З.Пүрвээ
 
Эх сурвалж: "Монгол говь"