sonin.mn
Хуучин нэрээр Хуримын ордон, одоогийн нэршлээр Гэрлэх ёслолын ордон. Ялгаа байхгүй л нэг утгыг илэрхийлнэ. Энэ цагаан гантиг ордонд өөрчлөгдсөн зүйл алга аа. Харин орчин тойрон нь өөрчлөгдөж, өндөр барилгууд дундаас олж очиход бэрх болсон байна лээ. Хэдэн жилийн өмнөхөн л барааны газраас торойж харагддагсан. Хуримын ордныг газартай нь тэгшилж, орчин тойрных нь өндөр барилгуудтай адил барилга барих сонирхолтой бизнесийнхний гар хөл хэдийнэ ажиллаад эхэлсэн бололтой. Хувьчлах аж ахуйн нэгжийн жагсаалтад энэ байгууллгыг оруулжээ. Гэрлэх ёслолын ордны захирал С. Үүрийнтуяатай энэ талаар ярилцлаа.
 
-Танай дээр чухам ямар нөхцөл байдал үүсээд байна вэ?
 
-Нийслэлийн Өмчийн харилцааны газраас 2015 онд хувьчлах хуулийн этгээд болон эд хөрөнгийн жагсаалтыг гаргасан байна. Үүнд Гэрлэх ёслолын ордонг нээлттэй дуудлага худалдаагаар хувьчилна гэсэн байна. Хувьчлах танилцуулга дээр Гэрлэх ёслолын ордныг 2014 онд 46 сая,112 мянган төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн дүгнэлт гаргаад НИТХ-д оруулах гэж байх шиг байна. 2014 оны ашиг орлого, зарлагын хэмжээг тусгасан хүснэгт дээр сайн харах юм бол Гэрлэх ёслолын ордны эхний хагас жилийн тайланг балансаар оруулчихсан байгаа. Манай Гэрлэх ёслолын ордон бол бүтэн жилийнхээ сүүлийн хагаст ашиг орлогынхоо гол цөмийг бүрдүүлдэг. Намрын дунд сар, намрын сайн өдрүүд, зуны саруудад ихэвчлэн хурим найр болдог шүү дээ. Хавар, өвлийн сайн сар өдрүүдэд хурим хийх нь ховор. Бид орлогынхоо бараг 90 хувийг 7-10 сард л олдог гэсэн үг.
 
-Ямар үндэслэлээр хувьчлах гээд байгаа юм бол?
 
-Ашиггүй ажилласан гэсэн үндэслэлээр хувьчлахаар оруулж ирсэн байна лээ. Энэ үндэслэлийг нь нийслэлийн Өмчийн харилцааны газар болон дээд удирдах түвшний хүмүүсээс лавлаж асуувал ойлгомжтой болох байх. Ямар ч байсан манайх ашигтай ажиллаж, жил дараалан ашиг орлого өсч, нийслэлд орлогынхоо тодорхой хувийг тушаадаг байсан. Гэтэл нэг жилийн эхний хагасаар нь үзүүлэлт болгож ийм шийдвэр гаргаж болохгүй.
 
-Хувьчлах эд хөрөнгийн жагсаалтад л оруулчихсан болохоос дуудлага худалдаа зарлагдаж, эзэн нь тодроод арай хувьчлагдчихаагүй байгаа юм байна. Тийм үү?
 
-Хувьчлах байгууллагын жагсаалтад орчихсон байгаа. НИТХ-ийн Тэргүүлэгчдийн хурлаар оруулаад НИТХ-аар хэлэлцэгдэхээр дэмжигдсэн тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдаад байгаа шүү дээ. Гуравдугаар сарын 13-нд НИТХ-аар энэ асуудлыг хэлэлцэнэ гэсэн чиглэлтэй байгаа. Үүн дээр НИТХ-ын төлөөлөгчид маань олонхи нь дэмжээд, хувьчлах чь зүйтэй гэсэн шийдвэр гаргавал нээлттэй дуудлага худалдаагаар хувьчлагдах болчихоод байна.
 
-Хувьчилснаар ямар үр дүн гарах вэ?
 
-Миний бодлоор сөрөг үр дүн л гарах байх. 2003 онд Дархан-Уул аймгийн Хуримын ордныг хувьчилсан. Одоо энэ байгууллага зориулалтаараа ажилладаггүй. Христийн сүм болчихсон байгаа. Манай гол үйл ажиллагаа бол монгол түмнийхээ гал голомтыг бадраах, шинээр гэр бүл болж байгаа хосууддаа хариуцлагыг нь мэдрүүлдэг, монголд нэг гэр бүл нэмэгдлээ гэдгийг албан ёсоор баяр баясгалантайгаар мэдрүүлдэг, тэмдэглэдэг, ах дүү хамаатан саданг нь уулзуулж учруулдаг, хосуудад эцэг эх, эхнэр нөхөр байх үүрэг хариуцлагыг нь өндөржүүлж өгдөг байгууллага гэж боддог.
 
-Хувьчилж авсан аж ахуйн нэгж юм уу хувь хүн Гэрлэх ёслолын ордныг нураагаад оронд нь орчин үеийн өндөр барилга барьж, нэг буланд нь гэрлэлтийг тэмдэглэдэг ганц өрөө бий болгох вий гэсэн айдас байна. Энэ ордон маань олон хүний зүрх сэтгэлд гэгээнээр хоногшсон, бас тийм ч муугүй архитектур, дизайнтай барилга шүү дээ?
 
-Гэрлэх ёслолын ордон маань Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүст байрлалтай, газар томтой, архитектурын хувьд классик талдаа барилга. Миний хувьд нураана тэхэд сэтгэлд багтахгүй байна. Хайран л санагдаж байна. Хувьчлах шийдвэрийг гаргахгүй байх гэдэгт найдаж байгаа. Хэрвээ хувьчиллаа гэхэд нураах шийдвэрийг дээд байгууллагаас гаргахгүй байх гэдэгт найдаж байна. Хэрэв Гэрлэх ёслолын ордон хувьчлагдах юм бол хэн нэгэн хүний гэрт очиж гэрлэх ёслолоо хийж байгаа юм шиг онцгүй сэтгэгдэл төрөх болно. Ганц хуримын ордноо олон нийтийн өмчид хэвээр нь байлгаж яагаад болохгүй байгаа юм. Гэрлэх ёслолын ордонг Филатова гуайн шийдвэрээр байгуулахдаа газрыг маш их судалж, сонгосон байдаг. Энэ газарт маш их адис жанлавтай сүм байсан. Дараа нь олон хүүхэд бужигнасан нэг их сайхан налайсан сургууль байсан. Нийслэлийн хоёрдугаар сургууль гэж байсан тухай ахмадууд маань ярьдаг. Хажууд нь Чойжин ламын сүм байна. Хотын төвд ийм том цэцэрлэгт хүрээлэнтэй хосуудын ордон байхад болохгүй юм байхгүй шүү дээ.
 
-Байгуулагдсанаасаа хойш хичнээн жил болж байна. Энэ хугацаанд хичнээн хосыг бүртгэсэн байдаг вэ?
 
-1976 оны зургаадугаар сарын 14-нд Гэрлэх ёслолын ордон маань үүд хаалгаа нээсэн байдаг. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл 34 мянган хосын хуримын ёслолыг хийж, бүртгэсэн байгаа. 2016 онд ордны маань 40 жилийн ой болно. Бид бизнес төлөвлөгөөндөө оруулаад олон ажил хийхээр төлөвлөсөн байгаа.
 
-Та ордны хэд дэх захирал вэ?
 
-Дөрөв дэх захирал. Миний өмнөх захирал Х.Оюунчимэг гуай 21 жил зургаан сар ажилласан байдаг. Оюунчимэг захирал маань янз бүрийн өмч хувьчлал, бизнесийн бүлэглэлийн гараас хамгаалаад аваад үлдчихсэн гавьяатай, сайн дарга гэж боддог. Энэ үед яах юм бол гэсэн айдас надад байна. Үүрийнтуяа даргын үед хувьчлагдаад замраад, зарагдчихсан, нураасан гэж хэлэгдэх болов уу гээд санаа зовж байна. Ард түмэн маань үүнийг эсэргүүцээд, тэмцэх байлгүй дээ. 
 
-Хичнээн ажилтан ажиллагсадтай вэ?
 
-Албан ёсны орон тооны 32 ажилтан, ажиллагсад байна. Улсын болон нийслэлийн төсвөөс нэг ч төгрөгийн татаас авдаггүй. Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар гэж явдаг. Бид өөрсдөө орлого олоод, олсон орлогоороо ажиллагсдаа цалинжуулаад, үл хөдлөхийнхөө татвар, газрын татвар, дулаан цахилгаанаа төлөөд тохижилт, засвараа хийгээд, бүх юмаа зохицуулаад явж чаддаг газар. Улсын төсөвт татвар, даатгалын хураамж, газрын төлбөр, ХАОАТ гээд бүх татвараа төлж, орлого оруулдаг. Цэвэр ашгийнхаа тодорхой хувийг нийслэлийн Өмчийн харилцааны газар өгч, нийслэлд орлого оруулдаг.
 
-2010 онд ордны газрыг хувийн хэвшилд шилжүүлэх бусармаг үйл ажиллагаа явагдаж байсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
 
-2010 оны асуудлыг хэлж мэдэхгүй байна. Ажил авснаас өмнөх цаг хугацаа л даа. Ажил авснаас хойш гэрлэх ёслолын ордны зүүн урд талын газар дээр газар эзэмших захирамж гарсан байсан. Ордны эзэмшлийн газар дээр энд ажиллаж байсан хүмүүс маань тийм шийдвэр захирамж гаргуулсан байсан юм билээ. Шүүхээр яваад 2013 онд захирамжийг хүчингүй болгоод, ордны нэр дээр буцааж газрыг олгосон байгаа. Гэвч бидэнд газар эргэж ирэхдээ 680 ам метр газар өөр аж ахуйн нэгжийн нэр дээр байна гэсэн ойлголтын зөрүүтэй яваад байгаа. Үүнийг бид нэг мөр өөрийн болгох тал дээр хөөцөлдсөөр байгаа. Захирамж шийдвэр байхгүй мөртлөө кадастрын зураг дээр Өмчийн харипцааны газраас хасчихсан зураг ирүүлээд байгаа.
 
-2014 оны сүүлийн зургаан сарын тайланг яагаад тусгаагүй юм бол?
 
-2012 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх, 2013 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэлх тайлан балансыг харьцуулалттай гаргаж ирсэн мөртлөө 2014 оныхыг зургадугаар сарын 31-ээр харуулсан байгаа юм. Бид 2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар тайлан балансаа Өмчийн харилцааны газарт өгөөгүй байгаа л даа. Учир нь бидний гаргасан тайлан балансыг баталгаажуулж, нийслэлийн аудит шалгадаг. Ингэж шалгаад ийм ашиг орлоготой гарлаа гэдгийг баталгаажуулсны дараа Өмчийн харилцааны газарт албан бичгээр өгдөг. Дараа нь Өмчийн харилцааны газар хуралдаж байж манайхыг ашигтай ажилласан уу, алдагдалтай ажилласан уу гэдгийг баталгаажуулдаг. Гэтэл ямар үндэслэлээр ашиггүй ажилласан гээд байгаа нь ойлгомжгүй байгаа. Орлогоо бид 13.7 хувиар давуулан биелүүлсэн тухай аудитлагдсан тайлан бидэнд байгаа. Дандаа өсч, ашигтай ажилласан байгаа.
 
-Хуримын ордонг тойрсон газрууд танигдахын аргагүй болжээ. Таньдгаас Чойжин ламын сүм, Хуримын ордон хоёр л үлдсэн юм шиг?
 
-Тийм ээ. Бусад нь бүгд бизнесийнхний гар хөлд өртөөд өндөр өндөр барилгууд болчихсон байгаа.
 
-Ер нь эхний хагас жилд хурим болдоггүй гэсэн үг үү?
 
-Тэгж ойлгож бас болохгүй ээ. Сардаа 10, 20, 30 гээд янз бүрийн тоотойгоор хурим тасралтгүй болдог. Гэхдээ жилд болдог 1600-аад хуримнаас эхний зургаан сард 300-гаад хурим л болдог.
 
-Үнэ хөлсний хувьд ямар байдаг вэ?
 
-Энгийн өдрийн ажлын цаг бол 759 мянган төгрөг. Цайны цагаар таарах юм бол арай өөр. Хөдөлмөрийн хуулиндаа ажлын цаг, цайны цагийг заачихсан байдаг. Цайны цагаараа ажилласан албан хаагчид мэдээж өндөр цалин өгнө шүүдээ. Өөрийн орлогоор цалингаа өгдөг болохоор үүнтэй уялдуулдаг. Гэхдээ ерөнхийдөө 759-803 мянган төгрөгийн ханштай. Ёслолын үйл ажиллагаанд нэг гэр бүлд 30-40 минут зарцуулдаг. Гэрлэх ёслолын ордонд ирээд ёсолгоонд орохоосоо өмнө 5-10 минутын зөвлөгөө авна. Уламжлал, ёс заншилтайгаа уялдуулсан ёслолын журам байна. 
 
Гэр бүлээ батлуулахаас эхлээд л манай Хуримын ордон иргэддээ үйлчилгээ үзүүлж эхэлдэг. Батлахаа авахын тулд залуус манай Хуримын ордон дээр ирж гэр бүлийн сургалтад хамрагдсан байх шаардлага тавьдаг. Гэрлэлтээ батлуулсны дараа хосууд манайд ирж ёслол үйлдэх захиалгаа өгдөг. Энэ мэт нарийн дэг жаягтай. Хосуудын ар гэр, хамаатан садан, хүргэн, бэрээрээ ялгарч яаж зогсох, гарын үсгээ хэрхэн зурах гээд бүх юм дэг жаягтай. Хууль ёсны дагуу гэрлэлтийн баталгаа дээр гарын үсэг зурна. Ёслолын бүртгэл дээр гарын үсэг зурна. Улсын архивт 70 жил хадгалагдах баримт дээр гарын үсэг зурна гэсэн үг. 
 
Дараа нь бэлгэдлийн гал бадраана. Ирсэн зочдоо сүү, ааруул, цагаан идээгээр үйлчилнэ. Энэ үйл ажиллагаанууд явж байхад Гэрлэх ёслолын ордны гэрэл зургийн багийнхан камерийн бичлэгийн багийнхан ажиллаж байдаг. Машиныг нь чимэглэж өгдөг. Унаагүй хүмүүст чимэглэлтэй унаагаар хүртэл үйлчилдэг. Хосууддаа бэлэг дурсгал гардуулдаг. Зөвхөн мөнгөө төлсөн хосуудад хуримын ёслол хийдэг гэж ойлгож болохгүй. Олон улсын гэр бүлийн өдрөөр болон нийслэлийн ойгоо угтаад гэр бүл болсон хосууддаа төлбөргүй болон хөнгөлөлттэй үнээр ёслол үйлддэг. Мөн ТҮК-ийн ажилчдын хуримын ёслолыг үнэ төлбөргүй хийсэн. Хараагүй болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хуримыг үнэ төлбөргүй хийдэг.
 
-Аймгуудын Засаг дарга нар аймагтаа ганц хуримын ордонтой болчих юмсан гээд их хөөцөлддөг. Гэвч бүтэх нь ховор байдаг. Хуримын ордонтой аймгууд байгаа юу?
 
-Орхон аймаг буюу Эрдэнэтэд нэг байна. Өвөрхангай аймагт нэг байна. Сая Дорноговь аймагт шинээр нээгдсэн. Эд бүгд ОНӨҮГ гэж явдаг. Орон нутгаас тодорхой хэмжээний төлөвлөгөө өгдөг, түүнийгээ биелүүлдэг.
 
-Бизнесийнхэн хуримын ордныг хувьчилж авах гээд улайрсан бух шиг зүтгэчихвэл яана аа, хэцүү байна шүү?
 
-Ганц намайг муу ажилласан гэж байгаа үг биш, олон жил, бараг байгуулагдсан цагаас нь ажилласан хамт олныг, 30 гаруй хүнийг бүтэн жил юу ч хийгээгүй байна гэсэнтэй адилхан байна. Тайланг маань эрх биш эргэж харах байх. Ажилчид маань урам нь хугарч байна. Яах бол гэсэн айдаст автчихсан байна. Тэд бас цаанаа ар гэртэй хүмүүс. Ажилгүйчүүдийн эгнээг нэмэхгүй юмсан, дампуурсан газрыг нэгээр нэмэхгүй юмсан л гэж бодож байна. Орлогоо нэмэгдүүлэхийн тулд 11 ханатай том өргөө гэр барьсан. Тэнд маань ихэвчлэн гадаад хүнтэй гэр бүл болж байгаа хүмүүс бүртгүүлдэг. Тэндээ хүүхдийн үсний найр, архигүй цайллага, ахмадын уулзалт, нутгийн болон байгууллагын золголт зохион байгуулдаг. Орлого ашгаа нэмэгдүүлж, орон нутгийн төсөвт орлого ашиг өгөх, байгууллагаа байгууллагын хэмжээнд авч явахын тулд л энэ бүхнийг хийж байна шүү дээ.
 
Ц.Мөнх
Эх сурвалж: