sonin.mn
Дэл сүүлээ намируулсан агсал хар морин дээр дээлийнхээ хайцуйг шууж, хөндөлсөсхийн суугаад, тал нутгийн энгээр хоолойн царааг гайхуулан дуулах адуучин эр тэртээ холоос тэмүүлэн айсуй... 
Мандах нарны туяанд гялбалзах эмээлийн мөнгөн баавар, үдшийн тэнгэрийн хаяа шиг улбар шар дээл, дөрөөн дээрээ тулсан яргай зандан ташуур юу нь зохицсон гэж жигтэйхэн... 
Түүний дүр төрх, дуу хоолой морин төвөргөөний анир наашлах тусам хүн бүрийн хийморь лундаа сэргэж огшил төрнө... 
 
Чухамдаа л МУГЖ Г.Батбаяр тайзан дээр гарч ирэхэд ийм л дүрслэл зүрх сэтгэлд амилдаг юм. Тийм ч учраас хурдан морьдын уяа, сойлго тэгширсэн наадмын өмнөх өдөр түүнтэй хөөрөлдсөнөө уншигч та бүхэнд хүргэе.
 
- Тавтай сайхан зусч байна уу. Утас тань холбогдохгүй байсан. Хөдөө гадаа л яваад байгаа бололтой?
 
- Сайхан зусч байна. Та бүхний ажил алба тавлаг, сайхан уу. Миний хувьд саяхан хөдөө орон нутгаар явж, “Засаг төрийн мөнгөн хөлт” хэмээх уран бүтээлээ дүрсжүүлээд ирлээ. Улсад арав түрүүлсэн. Алдарт Шаргын дараа ордог хүлгийн тухай дуу л даа. “Амьдрахын учир” нэртэй дууг дуулж байгаа шинэ уран бүтээлч дүүтэйгээ хамтарч дээрх клипийг хийлгээд телевизээр цацаж эхэллээ. 
 
Би зөвхөн морины тухай дуугаар ч зогсохгүй өөр сэдвээр ч дуу хийж ард түмэндээ өргөн барихыг зорьдог. Мөн хуучин дуунуудаа дүрсжүүлнэ. Уран бүтээл гэдэг их сайхан юм. Хийх тусам л ар араасаа ургаж гараад байдаг.
 
-Наадам хаяанд ирлээ. Таныг олон сайхан хурдан хүлэгтэй гэж сонссон. Уяан дээгүүрээ очиж байна уу?
 
-Намайг морины уран бүтээл туурвидаг болохоор ч тэр үү ард түмэн маань олон сайхан хурдан хүлгээ бэлэглэсэн л дээ. Яг үнэндээ би өөр дээрээ авч маллах, уяж хурдлуулах боломжоор хомс учраас тэдгээр сайхан хүлэг төрөлх уяан дээрээ л байдаг. Би ер нь, хурдны морь бэлгэнд авах бүртээ хэлдэг л дээ. “Танай энэ сайхан хурдан хүлгийг би чадвал авъя. Чадахгүй бол уяан дээрээ л дүүхэлзэж байг. Миний нэр дээр уралдуулж байгаарай” гэж. 
 
Гэхдээ хүмүүс хүнд зориулж хурдан хүлгээ бэлэглэсэн л бол “Авчихаасай" гэж боддог бололтой. Над руу яриад л “Та бэлэгний морио авч, уралдуулаач” гэдэг. Тийм учраас хүлгүүдээсээ ойр байгаагаас нь цуглуулж, ах дүү нар дээрээ аваачиж, уяа сойлгыг нь тааруулаад хурд, шандасыг нь үздэг ч юм уу гэсэн бодол төрөх боллоо. Би өөрөө уяж чадахгүй ч морь мэддэг хүмүүсээр уяулаад, харж огших нь сайхан шүү дээ.
 
-Таны нэр дээр уралдаж байгаа морьдоос хаанахын хүлэг нь илүү сайн давхиж байна вэ?
 
-Хамгийн сүүлд Ховд аймгийн Цэцэг суманд ээжийн маань ах дүү нараас бэлэглэсэн хөх зүсмийн морь өнгөрсөн онд Цэцэг сумын 90 жилийн ойгоор 17-д давхисан байна лээ. Хөх зүсмийн морь ер нь ховор. Саяхан би очоод ирсэн. “Таны морь сайн давхиж байгаа. Морио авахгүй юм уу” гэцгээж байсан. 
 
Ер нь, тэгээд аймаг сумдын ойн баяр дээр “Г.Батбаяр гавьяатын морь” хэмээн нэрлэгдсэн ажнай хүлгүүд найм, 10 гээд дээгүүр давхиж байна гэсэн шүү(инээв). Морины уран бүтээл гэдэг хийморьлог байдаг. Бэлгийн морьд минь ч бас дээгүүр давхиж байна хэмээн би дотроо билэгшээж боддог юм даа.
 
-Бэлгийн морь төдийгүй “Мөнгөн хазаар, зураг, баримал тэргүүтэй олон дурсгалт зүйлсээр уран бүтээлийнхээ өрөөгөө тохижуулна” гэж ярьж байсан. Тохижуулж амжсан уу?
 
-Тохижуулсан. Тийм ч олон биш л дээ. Гэхдээ дурсгалтай, сонирхолтой юм байна. Эхнээсээ хүмүүс очиж үзэж байгаа. Телевиз, сониныхон ч энэ тухай бичээд эхэлжчихэж(инээв). Та бүхэн ч завтай үедээ очиж, үзэж болно шүү дээ.
 
-Баярлалаа. Таны дуулж байгааг харахад дэрвэж өссөн хүүхэд болов уу гэж бодмоор... Багадаа хурдны мориноос унаж хаширсан гэдэг билүү?
 
-Ээж, аав маань багш мэргэжилтэй, сэхээтэн хүмүүс. Өвөө. эмээ нар маань харин чамгүй хэдэн адуутай айл байлаа. Би хөдөө гарахаараа хонины морь унана. Харин нэг удаа хурдны морь унаж үзэх сонирхол төрөөд мордсон... Морьд эргэнэ гэдэг чинь үнэхээр мундаг юм билээ. Улаан тоосон дунд тал талаас чулуу үсрээд л... Юун гараанаас гарч, барианд орохтой манатай. Хурдны морь огт унаж байгаагүй, ямар ч бэлтгэлгүй хүүхэд тэр дороо л ойччихож байгаа юм. Тэр явдлаас хойш хашраад хурдны моринд огт ойртоогүй.
 
-Тайзан дээр гараад эмнэг хангал морь унасан мэт дүүхэлзэх тэрхүү огшил тань чухам яаж төрдөг вэ?
 
-Миний уран бүтээл намайг тэгэж хөтөлдөг гэх үү дээ. Тэр бол дууриамал хөдөлгөөн огт биш. Өөрийн эрхгүй л сэтгэлээс тийм хөдөлгөөн гарчихсан байдаг. Тэгээд ч морийг төсөөлж, сэтгэлдээ харж дуулахгүй бол болдоггүй. Номхон зогсож байгаад л морины дуу дуулаад байвал хэнд ч хүрэхгүй шүү дээ. Үзэгч, сонсогчид маань ч намайг андахгүй болж дээ. Заримдаа “Гавьяатаа, та жаахан дарж дуулаарай” гээд л наргидаг юм. 
 
Сүүлийн үед би “Намайг та бүхэн минь сагсууруулаад өгөөч” гэдэг болчихож. Гэхдээ тухайн үзэгчдээс шалтгаална шүү дээ. Дарж дуулах үе байна. Бас огших үе ч гэж байна. Тэгэж л ард түмэн намайг хөглөж, би ард түмнээ уран бүтээлээрээ хөглөж өгч байгаа юм. Дуулсан дуу бүртээ гарч байгаа сайхан ажнайг би сэтгэлдээ зурж дуулдаг. 
 
Жишээлбэл, “Хардэлбэйсийн унага” гэдэг Хар-дэл-бэйсийн унага гэсэн үг. Ч.Пүрэвдорж жанжин өөрөө морь судалдаг. Газар газрын хурдан хүлгүүдийг цуглуулж угшилыг нь сайжруулдаг хүн байж л дээ. Тэр хүн урт гэзэгнийхээ үзүүрийг нь сураар боочихдог  байсан гэдэг. Энэ дууны үг тэр түүхээс үүдэлтэй.
 
-“Хардэлбэйсийн унага” бол таны нэрийн хуудас болсон уран бүтээлийн нэг төдийгүй сонсогчдын ч сонсох дуртай дуу. Энэ дууг та анх авах гэж нэлээдгүй хичээл зүтгэл гаргасан гэсэн. Чухам юу нь таныг тэгтэл татав?
 
-Би яруу найрагч Ж.Саруулбуян гуайд гурван дууны шүлэг захиалсан юм. Түүний дундаас хамгийн ихээр таалагдсан нь “Хардэлбэйсийн унага” байсан. Тийм ч учраас энэ шүлгээ авах гэж би нэлээд олон удаа очсон. Их ч хөдөлмөр, зүтгэл гаргасан уран бүтээл дээ. Шүлгээ аваад хөгжмийн зохиолч Д.Батсүрэн гуайд өгчихөөд арав гаруй хоног Халх голын чиглэлд тоглолтоор явж байгаад ирэхэд энэ уран бүтээл бэлэн болчихсон байсан. Тэгээд л Монголын радиод очиж бичүүлж байлаа. 
 
Энэ дуу минь намайг уран бүтээлд хөл тавихаас эхлээд өнөөг хүртэл хамт явж байна. “Хардэлбэйсийн унага”-ыг дуулуулахгүйгээр үзэгчид намайг оруулдаггүй шүү дээ. Тэр үед их сайхан байжээ. Дууг гаргахын тулд шүлгийг нь баталгаажуулж, дараа нь аяыг нь баталгаажуулж байж дуулна. Одооныхтой адил хүн бүр шүлэг бичээд, хүн бүр ая зохиогоод дуу гаргачихдаггүй. Өндөр босготой шалгаруулалтад орж байж албан ёсоор зөвшөөрөгддөг байлаа. 
 
Тэр үед төрсөн "Гал шарын унага", " Адуучин миний жаргал" , " Ээжээ зорино" гээд уяач хүнээр төсөөлөх юм бол би ард түмэндээ зориулж сойсон хэдэн сайхан алдарт хүлэгтэй хүн дээ. Нэг үгээр хэлбэл, морь уях сонирхол одоохондоо тийм ч хүчтэй төрөөгүй байна. Харин морины уран бүтээл сойх хүсэл сонирхол л их байна даа. Дуулсан дуу бүхэн ард түмэнд хүрдэггүй шүү дээ. Нэг удаа телевизийн нэвтрүүлгээр “Г.Батбаяр гавьяатын шинэ уран бүтээл ч хуучин уран бүтээл шиг ард түмэнд хүрдэг” хэмээн ярьж байсан. Үүгээр л би бахархадаг юм.
 
-Морины дуу дуулах нь таны хувьд зөвхөн хоолойн өнгөнд таардаг болохоор дагнав уу. Аль эсвэл хувь төөрөг байв уу?
 
- Морины уран бүтээлийн тухайд гэвэл сүүлийн үед зарим нь захиалж байна. Тухайн дуучинд үнэхээр таалагдаад дуулах нь ч байна. Өчигдөр л гэхэд “Зандан ширээгийн хүрэн азарга”-ны тухай уран бүтээл надад ирлээ. Сүүлийн үед морины тухайг дууг залуу дуучинд ч юм уу өөр уран бүтээлчид өгч дуулуулчихаад нөгөө дуу нь олонд хүрэхгүй болохоор надад хадаг бариад ирэх тохиолдол их гарч байна. 
 
Би бол үнэнээ л хэлдэг. “Энэ уран бүтээлийг үнэхээр л надаар дуулуулах гэж бодсон юм бол анхнаас нь надад өгөхгүй дээ. Хүний дуулсан уран бүтээлийг дахин дуулах сонирхол надад алга. Уучлаарай” гээд буцаадаг. Нээрээ ч миний уран бүтээл дунд өмнө нь хүн дуулж байсан уран бүтээл байдаггүй. Энэ бол миний насан туршдаа эрхэмлэж явдаг зүйл. Б.Зангад багш, Г.Хайдав гуай хоёр миний дууг анх сонсоод “Энэ хүүхэд морины дуугаар цаашид явбал амжилтад хүрнэ” гэж ярьж байсан гэдэг.
 
Одоо л тэр тухайгаа дурсаж байгаа юм л даа. Мундаг алсын хараатай байгаа биз. Тухайн үед Б.Зангад багш “Батбаяраа миний хүү, чи цааш цаашдын уран бүтээл туурвихдаа хүний дуулсан дууг хэзээ ч битгий дуулж байгаарай. Яагаад гэвэл, хүний уран бүтээлийг дуулсан хүн нэг хэмжээнээсээ ахидаггүй юм. Жишээ нь, миний дуулсан дууг чи дуулбал цаана нь Зангад гуай нүдэнд харагдаж чихэнд сонсогдоод байдаг” гэж хэлж байсан. 
 
Үр хүүхдүүддээ ч би үүнийг л захидаг. Миний охин Б.Сонгууль, хүргэн Г.Дөлбадрах нар маань дуулдаг болохоор би, “Миний хүүхдүүд ямар ч тохиолдолд өөрийн гэсэн уран бүтээлтэй бай. Хүний уран бүтээлийг дахин дуулна гэдэг бэлэн хоол идэж байна л гэсэн үг. Өөрсдөө хөлсөө гаргаж, хөдөлмөрлөж байж л ард түмэнд хүргэдэг юм шүү” гэж хэлдэг. Энэ хоёр маань “Монголдоо би хайртай” нэртэй сайхан уран бүтээл гаргасан.
 
- “Гал шарын унага”-ыг дуулж гадаадын эмч нарыг гайхшруулсан дурсамжаасаа хуваалцаач ?
 
-Би урлагийн гал тогоонд 32 жил амьдрахдаа төрөл бүрийн л зүйл үзлээ. Гялалзаж ч явлаа, гундсан ч цаг үе бий. Гэхдээ ард түмнийхээ хайр хишиг, уран бүтээлийнхээ сүүн цагаан буянаар өдий зэрэгтэй сайхан явж байна. Миний хөл гэмтээд хүнд хэцүү байх тэр үед Цэргийн госпитальд хүнд хагалгаанд орсон юм. Тэр үед гадаадын мундаг эмч нар ирчихсэн Монголын эмч нартай хамтран миний хөлд мэс засал хийсэн. 
 
Хүнд мэс заслын ард амжилттай гараад ирэхэд баярлах сэтгэл төрж, эмч нарт зориулан орон дээрээсээ “Гал шарын унага” -аа уянгалуулсан. Миний тэдэнд өгч чадах бэлэг л тэр байсан юм чинь. Эмч нар их гайхсан л даа. “Дөнгөж наркосноос гараад байхдаа яаж ийм тэвчээр, хүч чадал гаргаж чадаж байна аа” гэж.
 
- Ган замаар, цэнхэр тэнгэрээр, цэлийсэн далайгаар, цэлгэр уудам нутгийнхаа харгуйгаар хүчирхэг төмөр хүлгүүдийг жолоодон яваа тээврийн жолооч нар, түүгээр үйлчлүүлж байгаа мянга мянган зорчигчдын урилгыг хүлээн авч, морины уран бүтээлийн тухайд дэлгэрэнгүй ярилцсан танд баярлалаа. Цаашдын уран бүтээлд тань илүү өндөр амжилтыг хүсэн ерөөе.
 
- Баярлалаа. Би саяхан МТЗ-чдын ҮЭ-ийн 60 жилийн ойгоор очихдоо “Галт тэргийг би морьтой зүйрлэж явдаг юм аа. Яагаад гэвэл вагон дээрээ морь сийлсэн орон Монголоос минь өөр хаана ч байхгүй” гэж хэлснийг та санаж байгаа байх... Монгол хүн морьтойгоо яваа цагт аз хийморьтой байдаг. Уясан хүлэг болгон чинь айраг, түрүүтэй, барилдсан бөх бүр чинь бяртай, тавьсан сум болгон чинь цэцэн байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
 
Б.Дэлгэрхишиг
Эх сурвалж: "Ган Зам" сонин