sonin.mn
-Хан Хөхий хайрханы  энгэрт орших  Цагаанхайрхан сум 16  лицензтэй-  
 
Монгол Улсын  төрийн тахилгат 10 хайрханы нэг нь Увс аймгийн Цагаанхайрхан, Өндөрхангай, Зүүнхангай  сумдын  нутагт орших Хан Хөхий уул юм. Ард олны шүтээн атал алтны эрэлчид  энгэр бэлийг нь сэмлэчихсэн, эргэн тойрон нь уул уурхайн лицензээр  дархлагдаад удаж байна. Тиймээс нутгийн иргэд “Ухах юм бол тахиад  яах юм бэ” хэмээн  нтаг усаа хамгаалан тэмцэхээ мэдэгдсээр байгаа юм.  Учир нь  эх нутаг, байгаль дэлхийгээ  хайрлан хамгаалах ёс монгол  хүний  үнэт  өв,  мянга  мянган  жилийн  их  түүх  соёл, дархлаа,  оршихуйн  баталгаа нь болж ирсэн.  Улмаар тахилгын  зан  үйл  нь НҮБ,  ЮНЕСКО-гийн  дэлхийн  соёлын  өвд  хүртэл  бүртгэгдсэн байдаг.
Төрийн тахилгат   Хан  Хөхий  хайрханы  энгэрт  орших  Цагаанхайрхан, Зүүнхангай   сумын нутагт   2020  онд  16  лиценз  хүчин  төгөлдөр байна гэсэн судалгаа гарч байв.  Нутгийн иргэд өөрсдөө мэдээгүй, сонсоогүй байхад  өсөхөөс өдий хүртэл оршин амьдарч ирсэн нутаг, өвөлжөө, хаваржааг нь уул уурхайн компанид  30 жилээр  эзэмшүүлэх зөвшөөрөл  олгосонд иргэд бухимдлаа  илэрхийлж жагсаал, цуглаан хийж байснаас хойш жил тойрчээ. Тухайн үед  алт олборлохоор  очсон ганцхан компани, тодруулбал “Будар минералс”-ийн үйл ажиллагаа ил болсноор иргэд мэдсэн хэрэг. Төрийн тахилгат  шүтээн хайрханаа ухуулахгүй гэсэн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, олон нийтийн анхааралд өртсөнөөр БОАЖЯ –наас  өнгөрсөн жил ажлын хэсэг гаргаж  зөвшөөрлийг  хууль бусаар олгосныг тогтоосноор АМГТГ цуцлах шийдвэрийг гаргасан юм.  Тус компани Цагаан хайрхан сумын нутаг  Алаг толгой гэдэг газар 365 га талбайд алтны шороон ордны ашиглалтын  MV-021238  тоот  тусгай  зөвшөөрөл  авахдаа  нутгийн  иргэдийн “татгалзсан,  дэмжээгүй” гэсэн  хурлын  протоколыг  “зөвшөөрсөн,  дэмжсэн”  болгож,  хууль  бус шийдвэр  үйлдэн  нарийвчилсан  үнэлгээний тайлан батлуулсан  нь   шалгалтаар  тогтоогдсон байдаг. 
Баримт түшвэл Цагаан  хайрхан   сумын  Хунт  баг нь  148  өрх,  620  хүн  ам,  68   мянган  толгой  малтай.  Багийн Иргэдийн  нийтийн  хуралд  байгаль  орчинд нөлөөлөх байдлын  үнэлгээг танилцуулахад санал  хураалтад оролцсон  41 хүнээс  40 нь  дэмжээгүй байдаг. Үүнийг нь  39  хүн  дэмжсэн,  хоёр хүн  дэмжээгүй  гэх хуурамч  болгон  бичиг  баримт  үйлдсэн нь салбарын сайдын томилсон Ажлын хэсгийн шалгалтаар ил болж байв.  Иймд байгаль  орчны  нөлөөллийн  үнэлгээг  хийхдээ  хуурамч  бичиг  баримт  бүрдүүлсэн  “Газар лха”  компанийн байгаль  орчинд  нөлөөлөх  байдлын  нарийвчилсан  үнэлгээ  хийх  эрхийг  ч бас давхар  цуцлаж байв. Дээрх асуудалд сумдын удирдлага, Засаг дарга нар оролцож, хуйвалдсан  гэх асуудлыг ч   цагдаагийн  байгууллага  шалгаж эхэлсэн байдаг. 
Гэтэл өдгөө  “Будар минералс”   компани  хууль, шүүхийн байгууллагад гомдол гарган, өөрийн талд шийдвэр гаргуулахаар хөөцөлдөж яваа гэсэн мэдээлэл дуулдаж байна. Энэ компанийн зөвшөөрлийг хүчингүй болгохдоо Төрийн тахилгат Хан Хөхий уулын орчим олгосон лицензүүдийг эргэж харах тухайд АМГТГ, БОАЖЯ анхаарсангүй. Тэр нь ч ардаа өөр олон шалтгаантай биз. 
 
 
 
Цаашилбал, Цагаанхайрхан, Зүүнхангай сумдын нутагт хүчин төгөлдөр  байгаа, зарим нь эзэмших хугацаагаа 20-30 жилээр сунгуулсан уул уурхайн зөвшөөрөл “Будар минералс”-ыг эс  тооцвол 15  байна. Хэдийгээр үйл ажиллагаа явуулаагүй байгаа ч хайгуул хийсэн нэрээр тандалт явуулж, эсвэл боломжтой цагийг хүлээж, хөрөнгө оруулагч хайж, зарим нь зөвшөөрлөө үнэ хүргэж зарах арга эв хайж байхыг үгүйсгэхгүй. 
 
 
 
Увс аймгийн холбогдох албаныхнаас энэ талаар тодруулахад “Одоогоор үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компани, аж ахуйн нэгж байхгүй. Харин бүртгэлтэй байгаа болон  лиценз  эзэмшдэг 100 орчим аж ахуй нэгж бий” гэлээ. 2020 оны Орон нутгийн  сонгуулиар  нутгийн өөрийн удирдлагад сонгогдсон ИТХ, Засаг дарга нарын зүгээс 2020-2024 онд  ажиллах үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлуулснаас үзвэл тус аймаг ирэх дөрвөн жилд  “Хүн төвтэй хөгжлийг бий болгох” зорилт дэвшүүлжээ. Ингэхдээ уул уурхайг хариуцлагатай болгох, хуулийн хэрэгжилтэд анхаарах, аймгийн хэмжээнд байгаа 100 орчим ашигт малтмалын зөвшөөрлийг эзэмшигч аж ахуй нэгж бүртэй тулж ажиллах гэсэн чиглэл баримтахаа тодорхойлжээ.  
 
Ч.Үл-Олдох
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин