sonin.mn

Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяртай ярилцлаа. Энэхүү ярилцлагыг 2012 оны 11 сарын 29-нд авсан юм.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэргийг хоёр шатны шүүх шийдвэрлэчихээд байна. Гэтэл түүний өмгөөлөгчид “Шүүгч,прокурорууд нэг баг болж үйлчлүүлэгчийг минь яллачихлаа” гэж ярьсан байсан. Энэ асуудлаар МАХН-ын оюутан залуучуудын төлөөлөл тантай уулзсан гэж сонссон.

-Би энэ талаар урьд өмнө байр сууриа маш тодорхой илэрхийлсэн. Авлигатай тэмцэх газар, прокурорын байгууллага, шүүх бүгд тус тусдаа чиг үүрэгтэй, хуультай. Прокурорын өмнөөс шүүгч яллахгүй, шүүгчийн өмнөөс прокурор шийдвэр гаргахгүй. Мөрдөн байцаагчийн өмнөөс прокурор ажиллахгүй. Хуулиараа шүүх, прокурор хоёр нэг баг болж, хэн нэгнээс хамааралтай ажиллах боломжгүй.

 

Харин шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд бүгд тус тусынхаа чиг үүргийн дагуу оролцдог. Энэ утгаараа ажил нь уялдаатай. Үүнийг зарим нэг хүмүүс мушгин гуйвуулж яриад байгааг ойлгохгүй л байна. Өмгөөлөгчийн байр суурь бол ойлгомжтой. Үйлчлүүлэгчийнхээ төлөө бүхнийг хийнэ. Угтаа бол өмгөөлөгч хуулийн хүрээнд зөвхөн хуулийн арга хэрэгслээр үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалах ёстой юм.

 

Түүнээс биш улс төрийн арга хэрэгслээр өмгөөлөл хийх ойлголт байж таарахгүй. МАХН-ын оюутан залуучуудын үйлдэл бол шүүх эрх мэдлийн үйл ажиллагааг улс төржүүлэх гэсэн нэг арга хэлбэр юм даа. Би тэдэнд төрийн ажил хуулийн дагуу гагцхүү цаасаар явагддаг болохыг ойлгуулсан.



-Ерөнхийлөгчийн санаачилсан Шүүхийн багц хууль батлагдсан ч хэрэгжүүлж эхлээгүй байна. Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөхийн хувьд эдгээр хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлд хэр анхаарч ажиллаж байна вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зүгээс хууль, шударга ёсны асуудалд үргэлж анхаарал хандуулж ажиллаж ирсэн. 2010 онд Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулсан шударга ёсны үндэсний томоохон чуулган Монголд шүүхийн шинэтгэл хийх нь үнэхээр амин чухал болохыг харуулсан гэж боддог.

 

Өөрөөр хэлбэл, шүүхийн хараат бус байдлыг бэхжүүлэх, шүүхийг ил тод болгох, нийгмийн хариуцлагыг нь нэмэгдүүлэх чиглэлээр зөвхөн шүүгчид биш шүүн шийтгэх ажиллагаанд оролцдог прокурор, өмгөөлөгчид, хууль хяналтын байгууллагад ч шинэчлэл хийх хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрсэн гэж боддог. Тиймээс МУ-ын Ерөнхийлөгчөөс чуулганд оролцогчдын үнэтэй санал бодлыг тусган Шүүхийн багц хуулийг санаачлан УИХ-аар батлуулсан.

 

Харамсалтай нь, энэ хуулиудыг хэрэгжүүлэх цаг хугацааг өмнөх парламент нэлээд хойно тавьсан. Тэгэхээр энэ шинэтгэлийг илүү эрчимжүүлэх үүднээс хуулиудыг ирэх оны 4 дүгээр сараас мөрдөж эхлэхээр холбогдох хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас санал авахаар хүргүүлсэн. Миний бодлоор шүүх бол иргэдэд шударга ёсны үйлчилгээг хүртээжтэй хүргэдэг байгууллага байх ёстой.

Ерөнхийлөгчийн санаачилсан дээрхи хуулиуд үйлчлээд ирэхээр нийгмийн шударга ёсны асуудалд далайцтай үр дүн гарна гэж бодож байна.



-Монгол Улсын Ерөнхийлөгч цаазаар авах ялын эсрэг байр суурьтай байдаг. Гэтэл зарим хуульчид Монголд үүнийг таарч тохиргүй гэж ярьдаг. Энэ талаар та бидэнд тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улс Үндсэн хуульдаа “хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх, эх орондоо хүмүүнлэг, Иргэний ардчилсан нийгэм цогцлон хөгжүүлэх үзэл санаа”-г эрхэм зорилгоо болгосон. Нөгөө талаар манай улс бол НҮБ-ын гишүүн орон. Тиймээс цаазаар авах ялыг эрс буруушаасан, энэ ялаас татгалзахыг гишүүн орнууддаа байнга сануулсаар байгаа НҮБ-ын уриалгыг хүлээн авч, дэмжиж байгаа гэж ойлгож болно.

Ерөнхийлөгчийн зүгээс ч 2010 оны 1 дүгээр сард Улсын Их Хурлын нэгдсэн чуулганд үг хэлэхдээ цаазаар авах ялын талаар өөрийн байр суурийг маш тодорхой илэрхийлсэн.



-Ерөнхийлөгчөөс санаачлан Эрүүгийн хуулийг шинэчлэхээр Хууль зүйн яамны оролцоотой Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа гэж сонссон. Энэ хүрээнд цаазаар авах ялын асуудал хөндөгдөх үү?

-Монгол Улс 2012 оны 01 дүгээр сард Олон улсын Иргэний болон улс төрийн эрхийн тухай Пактын цаазаар авах ялыг халахад чиглэсэн нэмэлт II протоколд албан ёсоор нэгдэн орсон. Энэ талаар Монгол Улсын Засгийн газраас албан ёсоор НҮБ-ын холбогдох газруудад уламжилсан байдаг. Манай Үндсэн хуульд “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.

 

Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ” гэж маш тодорхой хуульчилсан. Харин Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, заалтыг энэхүү олон улсын баримт бичигт нийцүүлэх ёстой. Энэ чиглэлээр бид ажиллаж байна.



-Та АТГ-ын удирдлагын нэг байсан. Авлигатай тэмцэх байгууллагын үйл ажиллагаа хэр жигдэрч байна вэ? Захиалгаар ажилладаг гэсэн хардлага зарим нэг хүмүүст байх шиг.

-АТГ-ын хувьд байгуулагдаад 5-хан жилийн нүүр үзэж байгаа. Хуулийн бусад байгууллагуудтай харьцуулбал дэндүү залуу гэхүү дээ. Гэхдээ үйл ажиллагаа нь шинэ удирдлага гарч ирснээс хойш эрс сайжирсан гэж боддог. Би хувьдаа харьцангүй богино хугацаанд зөв зам руу орж, үр дүнтэй зөв голдирлоор ажиллаж байгаа л гэж хэлэх байна.

 

Нөгөө талаас эрх зүйн орчин нь өмнөхтэй харьцуулахад харьцангүй сайжирсан. Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт орчихлоо. Ашиг сонирхолын зөрчлийг зохицуулсан бие даасан хуультай болчихлоо. Гэхдээ монголын төр авлигатай тэмцэх чиглэлд илүү сайн амжилт олохын тулд төрийн нэгдсэн том бодлогоо гаргах ёстой.

 

Ялангуяа АТГ- ын үйл ажиллагааг бусад төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаатай илүү сайн уялдуулж егөх ёстой.
Бидэндтэй цаг зав гарган ярилцсан танд баярлалаа.


Эх сурвалж: "Геологи Уул Уурхайн Мэдээ"