sonin.mn
Ардчилсан Намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал өчигдөр АН-ын гишүүд, дэмжигчдэд хандан яаралтай мэдэгдэл хийх үеэрээ : "Иргэн С.Эрдэнэ МАН-тай үгсэн хуйвалдаж, АН-ыг Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд оролцуулахгүйн төлөө ажиллаж байна" хэмээсэн билээ.
Үүнтэй холбоотойгоор МАН-ын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга Д.Амарбаясгалан тайлбар хийжээ. Тодруулбал Д.Амарбаясгалан: "Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал гэгч нөхөр намын даргын сонгуулийн асуудалдаа МАН-ыг оролцож байгаа мэтээр гүтгэж улс төрийн ёс зүйгүй мэдэгдэл хийж буйд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд харамсаж байна. 
 
Төр түшилцэж буй улс төрийн нам атал асуудлаа дотооддоо шийдэж чадахгүй, бусад нам хүчнийг буруутай мэтээр ташаа мэдээлэл хийж байгаа нь зохисгүй хэрэг юм. Улс төрийн нам аливаа асуудлаа хууль тогтоомжийн хүрээнд намын дүрмийн дагуу бие даан шийдэх учиртай. 
 
МАН-ын зүгээс аливаа намын дотоод асуудалд хутгалдах, хагарал тэмцэлд өдөөх ямар нэг алхам хийж байгаагүй, цаашид ч хийхгүй,  төрийн соёл, ёс зүйн  дагуу бусад намтай харилцаж, улс орны хөгжлийн төлөө хамтран зүтгэх болно." гэжээ.