sonin.mn

Манай сонины дугаарт үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (ҮХШХ)-ны дарга асан, эдийн засагч МУИС-ийн ЭЗС-ийн доктор, профессор Ч.Хашчулуун оролцож, түүнтэй эдийн засгийн байдлын талаар ярилцлаа.

Нэг. Ирэх оны жилийн эцэст нөхцөл байдал арай нааштай эргэх болов уу


-Төв банк инфляцийг барих хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ нь урд нь төлөвлөж байсан эдийн засгийн болон ДНБ-ний өсөлт Засгийн газрын бондын хөрөнгөтэйгээр холбоотойгоор орж ирж байгаа мөнгөний нийлүүлэлт зэрэгтэй хэрхэн уялдаж холбогдон нөлөөлөх бол?

-Монголбанкнаас хэрэгжүүлэх гэж байгаа арга хэмжээ нь нийлүүлэлтийн талын бодлого юм. Өөрөөр хэлбэл зах зээл дээр бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулахдаа нийлүүлэлтийг зохицуулах үүднээс тухайн чиглэлийн үйлдвэрййгтодорхой арга хэмжээ, бодлогын санхүүжилтээр дэмжих хэлбэр.

 

Энэ нь манайдаа бол анхны оролдлого гэж болно. Урд өмнө хийж байсан цэвэр  эрэлтийг хязгаарлаж, хүүг нэмэгдүүлээд зээлээ зогсоож, багасгадаг арга хэмжээтэй харьцуулахад шинэлэг арга. Энэ утгаар хийгээд үзэхэд буруудах юм байхгүй.



-Эдийн засагч хүний хувьд та энэ бодлого, арга хэмжээний үр дүн хэзээ гарах бол таамаглаж төлөвлөж байна вэ?

-Үүнийг хэрэгжүүлсэний үр дүн одоохондоо шууд гарахгүй болов уу. Яагаад гэвэл үйлдвэрлэлийг өртгөж, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд тодорхой хугацаа шардлагатай учир магадгүй үнийн өсөлтийн хурд маргааш нөгөөдөртөө юм уу 7 хоног, сарын дотор тодорхой хэмжээгээр саарахгүй, эрч хүч нь үргэлжлэх байх. Энэ арга хэмжээний үр дүнг энэ жилийн хагас жилээс юм уу, оны эцэст дүгнэж болох болов уу гэж бодож байна.



-Удаан биш үү?

-Ер нь бол манай эдийн засаг их халалтын нөхцөлд орчихсон байгаа. Энэ юу гэсэн үг вэ гэвэл эдийн засаг өөрөө их хөгжиж байна. Гаднаас хөрөнгө оруулалт орж ирж байна. Манайд өнгөрсөн оны тавдугаар сард Стратегийн Хөрөнгө оруулалтын тухай хууль гараад хөрөнгө оруулалтыг хязгаарлах нөхцөл үүссэн хэдий ч урд өмнө хийгдсэн хөрөнгө оруулалт тодорхой хэмжээгээр байна.

 

Дээрээс нь улсын чиглэлээр нэлээд их хэмжээний хөрөнгө урсан орж ирж эхэлж байна. Жишээлбэл, Засгийн газрын бонд байна. Бондоос гадна манай хувийн компани, банкууд өөрсдөө мөн гадаадад мөнгө босгоод улс орондоо авчирч байна. Тэгэхээр энэ нь өөрөө Монголын зах зээл дээр нэлээн их хэмжээний мөнгө хөрөнгө эргэлдэх нөхцөл байдлыг үүсгэж байна.

 

Үүнийг зах зээлдээ шингээхгүй бол эргээд үнийн өсөлтөд нөлөөлөх аюултай. Өөрөөр хэлбэл, зах зээл дээр мөнгө элбэг болж, тэр нь төрөл бүрийн барааны худалдан авалт, эрэлт болж хувирна. Эрэлт нэмэгдэж байхад үнийг хязгаарлах бодлого явуулбал энэ хоёр хоорондоо зөрчилдөж, бараа таваарын хомсдол үүсэх байдалтай болно, импортын эрэлт нэмэгдэж, дотоодын үнэ ил болон далд байдлаар өсөх хандлагатай болно.

 

Хувийн хэвшлийн төлөөлөл болсон МҮХАҮТ - ын чиглэлээр энэ тал дээр юм хийгдэж байгааг дурдахад, Танхим Засгийн газар хоёрын хоорондох хамтын ажиллагааны нэг том ахиц болж гаалийн үйл ажиллагааг хөнгөвчилж байгаа нь сайшаалтай хэрэг. Өөрөөр хэлбэл, манайд экспорт, импортыг хөнгөнвчлөх замаар зах зээлийн балансыг янз янзын аргаар бий болгох гэж оролдож байна. Үүний үр дүнг бид оны эцсээр харах болов уу.



-Манайд шинэ энэ аргыг хэрэгжүүлж байсан улсын жишээ хэлнэ үү?

-Үнийг хязгаарлах, тогтворжуулах, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх тал дээр Монголбанкнаас урьд өмнө төдийлөн хийж байгаагүй болов уу. Ийм нийлүүлэлтийн бодлогыг Америкийн Засгийн газар 1980-аад оны үед хэрэгжүүлж байсан. Хэрэгжүүлэхдээ их өндөр инфляцтай, эдийн засгийн өсөлт их удааширсан тийм үед Ерөнхийлөгч Р.Рейган төр, засгийн эрх аваад нийлүүлэлтийн талын бодлого хэрэгжүүлсэн. Энэ нь тухайн үедээ шинэлэг арга байв.



Хоёр. Цаашид анхаарах зүйл гэвэл орон сууцны зах зээл инфляцийн хамгийн том хүчин зүйл болно


-Нийлүүлэлтийн бодлого амьдралд яаж уялдан нөлөөлж харагдах тал дээр Та жаахан тодорхой хэлнэ үү?

-Байдал дээр яаж харагдах вэ гэвэл барилгын матерал, хоол хүнсний үйлдвэрлэлийн компаниудад үйлдвэрлэлээ тодорхой хэмжээгээр өргөтгөж, шинээр үйлдвэр барихад хөнгөлөлттэй нөхцөл үүснэ. Энэ нь эргээд эдгээр салбарын бараа, таваарын үнийг өсөлтийг сааруулах магадлалтай. Бүрэн сааруулж чадах уу гэдгийг практик зүгээс хэлэхэд хэцүү.

 

Учир нь барилга, барилгын материал дээр хэдийгээр үнэ нь жаахан буулаа гэхэд бэлэн болсон байшингийн нэг квд м-ийн үнэ саарна гэсэн баталгаа байхгүйг бид ойлгож байгаа. Яагаад гэвэл тэр нь цэвэр барилгын материалаасаа үнэ нь манай одоогийн нөхцөлд тасарчихсан байгаа. Хөөсөн эдийн засаг гэж яриад байгаа нь байршил, хийц сайтай зэргээсээ хамаараад барилгын материал ямар байхаас хамаарахгүйгээс цэвэр эрэлтээ дагаад орон сууц, барилгын үнэ заримдаа үсрэнгүй өсөх талтай. Тиймээс үүнийг ганц нэг арга хэмжээгээр зогсоож дийлэхгүй.


Цаашдаа анхаарах юм гэвэл ер нь орон сууцны зах зээл инфляцийн хамгийн том хүчин зүйл болно төсөөлөгдөж байгаа. Бид одоохондоо хоол хүнс, мах, сүүн дээр анхаарч байгаа боловч барилгын зах зээл орон сууцны үнэ өсөх магадлал бий. Үүнийг төр, засгаас бууруулах цорын ганц арга нь нийлүүлэлтийг нэмэгдүүлж олон орон сууц барих тийм л явдал байдаг. Үүнийг хэрэгжүүлсэн жишээ бол Хонконг байна.

 

Газар нутаг хязгаарлагдмал энд орон сууцны үнэ өндөр байсан. Үүнийг яаж шийдсэн гэвэл нэлээд том орон сууцны хорооллуудыг барьж өгсөн. Хувийн хэвшлийнхэн барьж, төр, засгаас тэр барьсан хотхонуудад нь дэд бүтцийг нь хурдан хангаж өгсөн. Энэ талаар манайд Хөгжлийн банк, бусад эх үүсвэрээр нэлээд ажил хийгдэж байгаа. Хотын захад нэг гоё хороолол барьчихлаа гэхэд хотын төв хүртэл 2-3 цаг түгжирч явахгүй нь мэдээж.

 

Тээвэр, дэд бүтцийн ийм асуудлыг орчин үеийн метро ч юм уу магистрал маягаар холбож өгөх зайлшгүй цогц арга хэмжээ авах нь харагдаж байгаа юм. Тиймээс инфляцийг бид жилийн дотор бууруулна гэдэг хэцүү. Ийм бодлогын зорилт тавиад ажиллах нь мэдээж зөв зүйтэй хэрэг. Ер нь эдийн засгийн өсөлт их эрчимтэй байх үед инфляц өндөр байх тал бий. Үүний нэг шалтгаан нь хүмүүсийн гар дээрх цалин бага ч алхам алхамаар нэмэгдэж байна, гадаадын оршин суугчдын тоо мөн өсч байна, манайхны амьжиргаа дээшилж байна. Тэгэхээр худалдан авалт өсөн нэмэгдэж, бараа, таваарын эрэлт цаашдаа өндөр байх болов уу.



Гурав. Үйлдвэрүүдийн төслийг дэмжвэл монголбанкнаас өгөөд байгаа тэр мөнгөнөөс илүү их дэмжлэг болно


-Танаас 1.5 тэрбумын бондыг асуухгүй өнгөрч боломгүй. Төр, засаг үүнийг төмөр заморон сууц, эрчим хүч зэрэг дэд бүтцэд оруулна гээд байдаг. Хувийн хэвшлийнхэн болохоор үүнийг тэртэй тэргүй Концессын гэрээгээр хийж гүйцэтгэчих учир жинхэнэ үйлдвэрлэн бүтээгчдэдээ өг гэсэн ийм зөрчил ажиглагдсан.

-Үүн дээр ер нь бол үзэл бодлын том ялгаа бий. Жишээ нь, өмнөх  Засгийн газрын үед, одоо ч тэр манай төсөв, улсын санхүүгийн боломж хязгаарлагдмал байгаа. Иймд үед хувийн хэвшлээр юм бариулья гэсэн үзэл баримтлал байсан. Ялангуяа аж үйлдвэр, дэд бүтэц дээр. Тийм учраас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хууль гаргаад үүнийхээ дагуу том цахилгаан станц, төмөр болон засмал замуудыг бариулж эхэлсэн.

 

Энэ нь хувийн хэвшлийнхэн барьж болох юмыг төр хэрэггүй, хамгийн нэн шаардлагатай юмаа хариуцаад явья гэсэн ойлголттой, үүгээр төр мөнгөө хэмнэнэ, хувийн хэвшлийн үйл ажиллагааг хэтэрхий хумихгүй, хөгжих нөхцөлийг олгоно. Нөгөө талаар дэд бүтэц, төмөр зам зэргийг хувийнхан барьчих юм бол Засгийн газарт ирэх ачаалал багасч, татвар төлөгчдөөс төлөх мөнгө нь бас багасна гэсэн ийм үзэл бодол байсан.

 

Өнөөдрийн хувьд манай улсын эдийн засаг улсын хэрэгцээгээр бол Засгийн газрынх нь мэдэлд байгаа мөнгө төгрөгийн нөөц бололцоо нэмэгдэж, хувийнхны хийх бололцоотой зүйлийг төр өөрөө хийнэ гэсэн оролдлого харагдаж байна. Ялангуяа хувийн төмөр замыг хувийнхан барьж байсныг шийдвэр зөвшөөрлийг цуцлаад улс өөрөө барих яриа гарч байна. Энэ бол үзэл бодлын хувьд өмнө байснаас томоохон өөрчлөлт гарч байна гэсэн үг.

 

Энэ өөрчлөлтийн давуу талыг сайн гаргахгүй бол хувийн хэвшлийн хийх бололцоотой зүйлийг яагаад заавал төр татвар төлөгчдийн мөнгөөр, дээрээс нь бонд гаргаад хүү төлөөд хийж байгаа юм вэ гэсэн асуулт бий. Зарчмын хувьд төр хувийн хэвшлийнхэнд хэрэгтэй шийдвэрүүдийг хурдан гаргаж өгч бүтээн байгуулалтыг нь дэмжээд, төр өөртөө байгаа тэр мөнгөөрөө манай эдийн засагт дараа нь илүү шинэ өртөг бий болгох, босгосон мөнгөө эргэж төлөхөд хэрэгтэй төслүүдийг дэмжих нь зүйтэй, зүгээр санагдаж байгаа юм.

 

Мэдээж үүнийг Засгийн газар Хөгжлийн банкны оролцоотойгоор эдгээр төслүүдийг сайтар нягталж үзээд жагсаалтыг хурдан гаргаад үүнийхээ дагуу хэрэгжүүлэлтэд орох нь гарцаагүй. Энэ дээр үйлдвэрүүдийн төслийг дэмжвэл Монголбанкнаас өгөөд байгаа тэр мөнгөнөөс илүү их дэмжлэг үзүүлэх боломж харагдаж байгаа юм. Хэрэв нэгэнтээ бодлогын шийдвэр гарчихсан юм бол аж үйлдвэрийн төслүүдөө анхаарч арга хэмжээ авах нь зүйтэй. Ийм боломж байна.

 

Дэд бүтэц дээр хувийн хэвшлийн хийж байгаа үйл ажиллагааг аль болох дэмжиж, татан оролцуулах юм бол түрүү хэлснээр төрийн ачаалал өөрөө багасна. Төр бүх юм руу орох гээд байх нь магадгүй 100 хувь оновчтой шийдвэр биш байх. Үүний зөв хослолыг яваандаа олж гарах болов уу.



-Та саяхныг хүртэл ҮХШХ-ны дарга байхдаа Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрүүд, бүтээн байгуулалтыг базаж хийлцэхэд оролцсон хүн. Яг өнөөдөр ТЭЗҮ энэ тэрийг нь хийгээд бэлэн болчихсон, Засгийн газар мөнгөө оруулаад явчих бэлэн бүтээн байгуулалтууд бүхий юу төслүүд юу байна вэ?

-Миний бодож байгаагаар дэс дараллын хувьд уг нь төр, засаг яг ийм чиглэлээр дараагийн 4-5 жилд улс орныг хөгжүүлнэ гэдгээ эхлэж шийдээд, тэр бодлогынхоо дагуу төслүүдээ сонгож аваад ТЭЗҮ, бусад шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлээд, дараа нь мөнгөө босгож, хөрөнгөө оруулсан бол оновчтой байх байсан болов уу.

 

ҮХШХ-ны үед бид эхлээд бодлогын баримт бичгийг буюу 2012-2016 оны хөгжлийн стратеги бодлого гэдгийг гаргаж өгч Засгийн газарт өргөн барьж, дараа нь тэрнийхээ дагуу хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг Засгийн газраар батлуулаад үүний дараа мөнгө босгоод үүгээрээ явбал оновчтой юм гэсэн байр суурьтай байсан, тийм дэс дарааллаар ажилласан. Одоогийн нөхцөлд яах вэ арай өөр болж байна.

 

Өнөөгийн байдлын хувьд тал талын ашиг сонирхол, зөрчил их байна. Бодлого, стратегийн хувьд эцэслэн санал нэгдээгүй, дээрээс нь төслүүдийн бэлэн бус байдал нөлөөлж байна. Яг ийм нөхцөлд нэгэнтээ ороод ирчихсэн мөнгийг яаж яаралтай шийдэх вэ гэдэг нэлээд хэцүү ажил. Холбогдох яамдын хүмүүс үүн дээр мэдээж өдөр шөнөгүй ажиллаж байгаа байх. Бусад яамдтай зөвлөлдөж байгаа байх.

 

Одоо тэгэхээр бэлэн ТЭЗҮ-тэй төслүүд байна уу гэдэг асуулт үүсч байна. Энэ дээр хувийн хэвшилд хэд хэдэн төсөл байгаа болов уу, тэдгээрийг хурдан шалгаруулаад явах болов уу.Миний бодож байгаагаар улсын бодлогын зүгээс харахад нефть шингэрүүлэх үйлдвэр, дээрээс нЬ нефтийн болон зэс хайлуулах үйлдвэрүүд байна. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн (шинэчлэл өргөтгөлийн)судалгааны ажил хийгээд үндэс суурь гарчихсан болов уу.

 

Барилгын үйлдвэрүүдийн ТЭЗҮ-г хэд хэдэн газар хийчихсэн байгаа. Огт байхгүй гэж хэлж болохгүй. Тиймээс эдгээрээс улс орны эдийн засгийн хөгжил, өсөлтөд хамгийн эерэг нөлөө үзүүлэх гол гол төслүүдээ сонгоод шийдвэрээ гаргаад явахад болохгүй юм байхгүй.



Дөрөв. Бондын хөрөнгийг хөгжлийн банкаар дамжуулан явуулах ёстой. Тэгэхгүй блд хяналтгүй болно


-Хүү нь өдрөөс өдөрт яваад байгаа 1.5 тэрбумыг үр өгөөжтэй зарцуулахад хэн хяналт тавьж, тайлагнах ёстой вэ гэсэн асуулт бас гарч ирээд байгаа....? Энэ чинь Монголд анх удаа орж ирж байгаа их хэмжээний мөнгө ш дээ...? Төсвөөс гадуур орж ирж байгаа мөнгө байдаг... Хэн хянах вэ?

-Таны асууж буй бондоор босгосон хөрөнгийг яаж үр дүнтэй зарцуулах гэдэг асуудал өнөөдөр хүмүүсийн толгойд нэн тэргүүнд орж ирж байгаа байх. Энэ бол хамгийн эмзэг асуудлын нэг. Мөнгө босгох нь өөрөө мэдээж  том ажил. Үүнийг амжилттай хийсэн.

 

Гэвч нөгөө талаар түүнийгээ эргэн төлөх ёстой. Энэ мөнгөний нэг ч доллар үр өгөөжгүй ашиглагдах ёсгүй. Тиймээс үүгээр санхүүжигдэх төслүүд дээр маш сайн мэргэжлийн баг ажиллахаас гадна бүх шийдвэр нь өөрийн гэсэн эрх зүйн орчинтой байх. Манайд бол зээл олгоод, түүний хойноос хөөцөлдөж, хяналт тавьж,төслийгшалгадаг,газардээр нь очиж байдалтай нь танилцдаг мэргэжлийн байгууллага бол ийм өөрийн гэсэн хуультай Хөгжлийн банк байгаа.

 

Нэгэнтээ ийм бэлэн байгууллага байгаа нөхцөлд энэ хэрэгслийг ашиглаж, түүний дагуу хийх учиртай байх. Түүнээс биш яамны хүмүүс хувийн компаниудад зээл олгоод, түүнийгээ шалгаж, төслийн үр өгөөжийн баримттай танилцаад байх нь зохисгүй.Яам гэдэг бодлогын байгууллага болохоос биш зээл олгодог банк биш нь мэдээж...

 

Тийм учраас босгосон мөнгөө Хөгжлийн банкаар дамжуулж, санхүүжилтийн асуудлыг шийдэж, яг хэн хариуцаж, хэн хяналт тавих нь хуулийнхаа дагуу явах нь зөв болов уу. Манайд төсвийн хөрөнгө оруулалтыг Төсвийн хуулиараа шийдэж, УИХ баталдаг. Хөгжлийн банкаар дамжуулж хөгжлийн санхүүжилт хийгддэг. Ийм тогтолцоотой.

 

Бондоор орж ирсэн хөрөнгө энэ хоёрын аль нэгээр нь явах хууль эрх зүйтэй байхгүй бол бондын зарцуулалт болон тайлагналын хяналтын тогтолцоог зүгээр нэг олон нийтийн юмуу Бодлогын Зөвлөл байгуулаад хянана гэхэд би итгэл муутай байна. Учир нь ийм Зөвлөл зээлийн эргэн төлөлт болон төслийг хянадаг байгууллага огт биш.

 

Бодлогын талаасаа бондын хөрөнгийг ийм ийм юманд зарцуулаад явна гэдгийг хэлэх нь мэдээж зөв байх. Банкны мэргэжлийн хүмүүсээр тайлагнаж хянуулаад явах ёстой. Энэ бол Хөгжлийн банкны үндсэн зорилт нь юм. Энэ чинь эргэж төлөгдөх өр. Бид татвараараа төлөөд эхэлчихсэн ш дээ...



-Одоо Та юу хийж байна? Танай Хороонд байсан хүмүүс бүгд яаманд шингэж чадсан уу?

-Миний хувьд МУИС-даа багшилж, мөн судалгаа хийж байгууллагуудад зөвлөгөө өгч байгаа. Манай хорооны мэргэжилтнүүд нэлээд чадварлаг залуучууд,  туршлагатай мэргэжилтнүүд байсан болохоор чиглэл чиглэлээрээ яамдуудад очиж, өнөөгийн Эдийн засгийн хөгжлийн яаманд олонхи нь ажиллаж байна. Удирдлагаас харин бараг үлдээгүй. Чөлөөлөгдөх нь чөлөөлөгдөөд өөр газар руу шилжицгээсэн.



Ярилцсан Б.Болд

Эх сурвалж: “Бизнес таймс”