сонин mn
АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын дэд дарга Д.Ганбаяр, АН-ын Хууль, эрх зүй хариуцсан Нарийн Бичгийн Дарга О.Баасанхүү нар УИХ-ын гишүүн Ц.Тувааныг АН-аас хөөсөн болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
 
Энэ үеэр С.Эрдэнэ: "УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээр АН-аас 11 гишүүн сонгогдож, УИХ-д бүлэг байгуулагдсан. Бие даагч Н.Алтанхуяг, МАХН-аас нэр дэвшиж гишүүн болсон С.Ганбаатар нар нь АН-ын бүлэгт орлоо гэдэг асуудал яригдсан. Энэ нь УИХ-ын тухай хуулиар хориотой юм. Тийм учраас энэ хоёр хүн АН-ын бүлгийн гишүүдийн тоог нэмэх боломжгүй. Мөн Ц.Туваан гэдэг хүний асуудлыг АН-ын үндсэн дүрмийн хороо удаа дараа авч хэлэлцэж, анхааруулга сануулга өгч байсан. Эдгээр сануулга анхааруулгуудыг үл хайхарсан учраас 2020 оны 8-р сард Ц.Тувааныг АН-ын гишүүнээс 4 жилийн хугацаатай чөлөөлөх шийдвэрийг бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан. Энэ бүх зүйл яг л 2018 оны нөхцөл байдалтай ижилхэн зүйлээс болж үүссэн. Тухайн үед У.Хүрэлсүхийн Засгийн Газрыг огцруулах шийдвэрийг УИХ дахь АН-ын бүлэг гаргасан байсан. Энэ үед тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ дахь АН-ын бүлэгт байсан 4 гишүүнийг урвуулсан байдаг. Ж.Батзандан, Лу.Болд, А.Мурат гэж УИХ-ын гурван гишүүн тухайн үеийн эрх баригч намын Засгийн газрыг үлдээж байсан. Үүнээс болж АН-ын бүлгийн гишүүдийн тоо хүрэхгүй улмаас УИХ-ын бүлэг тарах асуудал үүсэж байлаа. Яг энэ үйл явц өнөөдөр давтагдаж байна.
 
 
Х.Баттулгын шууд нөлөөнд байдаг УИХ дахь АН-ын бүлгийн зарим нэг гишүүд эрх баригч намын Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьсан гишүүдийг бүлгээс зайлуулах, албан тушаалыг нь булааж авах гэх мэт үйл ажиллагааг явуулаад эхэлчихлээ. Тийм учраас АН үндсэн дүрмийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдээ хамгаална.
 
 
 
Монгол Улсын Ерөнхийлөгчөөр АН-аас нэр дэвшиж ажиллаж байсан Х.Баттулга гэж хүний урт гар өнөөдрийг хүртэл татагдаагүй, АН-ын бүлгийг хоёр дахиа тараах хэмжээнд улстөрийн хорлонтой үйл ажиллагаа явуулж байгаад АН-ын даргын хувьд харамсаж байна. Улсын Дээд шүүхийн цахим бүртгэлийн санд Ц.Тувааныг АН-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр бүртгэсэн асуудал нь хууль бус гэдгийг 3 шатны шүүхээр хууль бус гэдгийг батлаж, давж заалдах эрхгүйгээр шийдвэрээ гаргасан байгаа. Энэ нь АН-ын дотоод маргаан гэх асуудалд цэг тавьж байгаа юм. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Х.Баттулгын шууд заавраар Ц.Туваан гэж хүний бужигнуулж, АН-ыг дотор нь хагалан бутаргаж, дүрмийн бусаар явуулсан үйл ажиллагаанууд нь бүгд хүчин төгөлдөр бус болж байгаа юм. Үүнээс хойш хууль ёсны АН, хууль ёсны АН-ын дарга үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулна. Дахиж тамгатай, тамгагүй, хүчинтэй хүчингүй гэдэг асуудал гарахгүй.  " гэв.
 
 
 
М.Чойжал