sonin.mn
БЕРЛИН. /DW/. ОХУ-ын "Газпром" концерн “Умардын урсгал" дамжуулах хоолойгоор хий шахах ажлыг хариуцдаг "Портовая" шахах станцад “Siemens” компанийн хийн турбин хөдөлгүүрийн ажиллагааг зогсоов. Энэ талаарх мэдээлэл Оросын эрчим хүчний компанийн телеграмм хуудсанд даваа гарагт нийтлэгджээ. 
 
“Газпром” энэ шийдвэрээ засварын ажил хийх шаардлагатай болсонтой холбон тайлбарлаж байна. Турбинийг ашиглалтаас гаргаснаар “Умардын урсгал” хоолойгоор нийлүүлэх хийн хэмжээ долоодугаар сарын 27-ноос эхлэн өдөрт 33 сая шоо метр болж багасна. Одоогоор хоногийн хүчин чадал нь 67 сая шоо метр байна.
 
Экспортын хэмжээ буурсан тухай мэдээлэлтэй холбоотойгоор байгалийн хийн наймдугаар сарын фьючерс үнэ 10 орчим хувиар өссөнийг Европын ICE биржийн мэдээлэл харуулжээ. 
 
Үүний сацуу Германы Эдийн засгийн яамнаас, "нийлүүлэлтийн хэмжээг бууруулах техникийн шалтгаан байхгүй" гэж мэдэгдсэн байна. Харин Германы Холбооны улсын сүлжээний агентлагийн тэргүүн Клаус Мюллер хэлэхдээ, долоодугаар сарын 27-ны байдлаар “Умардын урсгал”-аар дамжуулан хий нийлүүлэх захиалга хэдийнээ хоёр дахин буураад байна гэжээ. 
 
Өнгөрсөн сард “Газпром” компани “Умардын урсгал” хоолойгоор шахах хийн хэмжээгээ эрс багасгасан юм. Оросын компани үүнийгээ Канад улсад засвар хийсний дараа “Siemens”-ийн хийн турбинийг цаг тухайд нь буцааж өгөөгүйтэй холбон тайлбарласан байна. Харин долоодугаар сарын 11-нээс 21-ны хооронд төлөвлөгөөт засварын улмаас хий дамжуулах хоолойн хоёр шугам хоёулаа зогсжээ. “Умардын урсгал”-аар дамжуулан Оросын байгалийн хийн ихэнх хувийг авдаг Германы эрх баригчид “Газпром”-ын энэ шийдвэрийг техникийн гэхээс илүүтэй улс төрийн шалтгаантэй гэж үзэж байна.
 
 
 
Д.Жаргал
Эх сурвлж: "Монцамэ" агентлаг