sonin.mn
БРЮССЕЛЬ. /CNN/. Барууны тагнуулууд ОХУ Бахмут орчимд Украинаас тав дахин их цэргээ алдсан гэж дүгнэж байна. Энэ талаар нэрээ нууцлахыг хүссэн НАТО-гийн төлөөлөгч “CNN” сувагт даваа гарагт мэдээлжээ. 
 
Оросын арми их хэмжээний хохирол амссан талаар өмнө нь мөн Америкийн дайн судлалын хүрээлэн болон Украины хуурай замын цэргийн командлагч, хурандаа генерал Александр Сырский мэдээлж байсан. Гэсэн хэдий ч Бахмутын ойролцоох тулалдаан дахиад хэдэн сар үргэлжилж магадгүй гэж Дайн судлалын хүрээлэн мэдэгдсэн байна.
 
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин өчигдөр буюу даваа гарагт мэдэгдэхдээ, Оросын цэргүүд Бахмутыг авч чадсан ч энэ нь дайныг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх боломж болж чадахгүй гэсэн байна. Түүний үзэж байгаагаар, Бахмут нь "стратегийн эсвэл байлдааны ажиллагааны чухал ач холбогдолтой гэхээсээ илүүтэй бэлгэдлийн шинжтэй", энэ хотыг аль нэг тал нь хяналтдаа авах нь шийдвэрлэх давуу талтай болно гэсэн үг биш юм.
 
Бахмутын төлөөх ширүүн тулаан 2022 оны наймдугаар сараас хойш үргэлжилж байгаа юм. Дайнаас өмнө Донецк мужийн энэ хотод 70 мянга орчим хүн оршин сууж байжээ. Харин одоо үндсэндээ балгас болон хувирсан байна.
 
Оросын командлагч, "ЧВК Вагнер"-ын тэргүүн Евгений Пригожин Бахмутыг бүсэлж, эсэргүүцэл үзүүлсэн дайсныг үндсэндээ бүрэн устгасан гэж сүүлийн үед хэд хэдэн удаа мэдээлсэн. Харин Украины тал энэ хотыг хамгаалсаар байна гэж мэдэгдэж байгаа юм.  Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский даваа гарагт армийнхаа командлалтай уулзсан байна. Уулзалтын дараа тэрбээр Украин Бахмутаас цэргээ татахгүй, хамгаалалтаа үргэлжлүүлнэ гэж мэдэгджээ.
 
 
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг