sonin.mn

Гурав дахь жилдээ болж буй Монголын Эдийн засгийн чуулган хуралдаанаа "Монгол Давос", хэлэлцэж буй сэдэв брэндээ "нүнжиг" гэх мэтээр янз бүрээр л нэрлэв. Харин үр дүн юу байна вэ?


Энэ жилийн хувьд Монгол брэндийг бий болгох гэсэн зорилготой байв. Тэр Монгол брэнд нь тэгвэл юу вэ? Айраг, Монгол эсгий, ноос, ноолуур, чацаргана, бяслаг, Монгол малын арьс шир... нүүрс, зэс, сүүлдээ язгуур урлаг гэх мэтээр олон л юм байна.

 

Энд хамгийн сүүлд динозавр дээр тулгуурлан палентологийн музей байгуулж үлэг гүрвэлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх нэмэгджээ. Энэ олон зүйлийн аль нь брэнд болох бол? Салбар салбараараа аль алийг нь болгох гэж үзсэн чуулган болж өнгөрсөн.

 

Харин алийг нь ч болгож болох ажиллах боловсон хүчнээ бэлтгэх, өрсөлдөх чадварын кластер бүтэц болох цогц үйлдвэрлэлийг Монголд байгуулж хөгжүүлэх, ямар ч бараа, бүтээгдэхүүн байлаа олон улсад гаргах гэж байгаа бол хамгийн түрүү шаардагдаж нэхэгддэг стандартын асуудлыг гэв гэнэт санав гэлтэй чуулганы төгсгөлд хөндсөн.

 

Монгол "Давос" ийнхүү улс орны хөгжилд хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй тодорхой нэг асуудлыг барьж аван хэлэлцсэн нь сайшаалтай ч энэ олон "брэнд"-ээс алийг нь эхлээд сонгон авч, яаж хөгжүүлж ажил хэрэг болгох гол чухал асуудал дээрээ тарамдаад өнгөрсөн гэж хэлэхэд хилсдэхгүй.

 

Чуулга уулзалтын хүрээнд болсон бизнесийн орчны талаарх салбар хуралдаан дээр Засгийн газрын ХЭГ-ын дарга барилгын зөвшөөрөл 121-аас 36 болж буурсан зэрэг арга хэмжээ авч байгааг дуулгасан нь таатай мэдээ байлаа. Гэвч зарим бизнес эрхлэгч үүнийг хөрсөнд буугаагүй хэмээн няцааж байв.

 

Зээлийн өндөр хүүгээс болж бизнес эрхлэх боломж манайд хаагдмал хэвээр байгаа нөгөө л зовлонгоо хэлцгээж байв. Брэнд бий болгохын тулд өрсөлдөх чадвараа дээшлүүлэх хэрэгтэй. Өрсөлдөх чадвараа дээшлүүлнэ гэдэг зээлийн хүүг буулгах зэргээр бизнесээ дэмжиж байж хийгдэх зүйл гэдгийг онцолж байв.

 

Боловсруулах техникгүй, байгаа нэг нь хуучирч хоцорсон нөхцөлд хичнээн түүхий эд байгаад хоёр дахь болон эцсийн бүтээгдэхүүн гаргаж чадахгүй. Иймгүйгээс хичнээн сайхан брэнд яриад яах вэ.

 

Дотооддоо боловсруулж чадахгүй байгаа юм чинь та нарын брэнд гэж сайхан яриад байгаа тэр нүүрс, ноос, ноолуур, арьс ширээ түүхийгээр нь гаргаад л байхаас яах вэ хэмээн арга ядсан байдлаар ч хэлж байлаа. Эцсийн эцэст "Монгол брэнд" тэднээс төрнө.

 

Үүнийг чуулганы үеэр гарсан үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгээс харж болохоор байв. Бизнес эрхлэгчдийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл үндэсний үйлдвэрлэгчдээ мэддэгийн хувьд ЖДҮ-ийнхний хийсэн эсгий улавчийг хойд хөршийнхөн болон Скандинавын оронд гаргах боломжтойг хэлж, энгийн бууз хуушуурыг урд хөршийн Эрээнд гарган зарж багагүй ашиг олж буй талаар танилцуулав.

 

Тэрээр чуулга уулзалт дээр төр бодлогоо гаргана л гэж байна, бодлого зохицуулалт нэрээр бизнес рүү бүү халдаасай гэсэн саналаа хэлж байсан. Засгийн газын урилгаар чуулга уулзалтад ирж оролцсон Голландын Ерөнхий сайд асны ярианаас монголчууд бид эдийн засаг бизнесээ төрөлжүүлэн хувийн хэвшлийн хамт, технологи ашиглан хөгжүүлсэн гэсэн гуравхан санаа нь авууштай чухал байв.

 

Тэрээр голландчууд тулгарсан хүнд асуудлаа шийдэхийн тулд төр, хувийн хэвшил нэг ширээний ард сууж, үр дүнтэй бөгөөд хариуцлагатай хамтран ажилласнаар амжилттай хэрэгжсэн хэмээн онцолж байсан нь бидэнд хэрэгтэй, сонсууштай зүйлийн нэг байв.


Эх сурвалж: “Бизнес таймс”