sonin.mn
"Нанчилдаангүй найр гэж байдаггүй" гэсэн тэнэг ч юм шиг үгийг манайхан бараг л афоризм болгочихсон нь бий. Тэгвэл найраагүй тендер байдаггүйг хотын дарга үлгэрлэсэн нь ганц хүүгийнх нь Грандлайн гэх брокерийн компани гэр хорооллыг барилгажуулахаар мэргэжлийнхний дундаас цойлоод л гараад ирсэнтэй холбогдсон.
 
Мэдээж хотын даргын хүүгээ гэсэн энэ үйлдэл олны таашаалд нийцээгүйгээр барахгүй Үүл дарга эрх ашгийн зөрчилтэй гэх мессэжийг нийгмийн нэлээд хэсэг рүү илгээчихсэн гэхэд нэг их хилсдэхгүй.
 
Албан тушаал, нэр нүүрээ барьцаанд тавьж франк, хамт олныхоо, нүүрийг улалзуулан улайм цайм хүүдээ түүхэн ажлыг эхлүүлэх чухал тендерийг зүслээд өгөх зүрх зоригтой аавтай Б.Чулуудай азтай хүү юм.
 
Хэдийгээр тэрбээр 30 дөнгөж л гарч яваа ч Баянзүрх дүүргийн Амгалан орчмын 15.4 га газар дээр орон сууц "ургуулна". Чулуудайн амлаж авсан энэ хэсэгт 400 орчим яндангаас утаа гардаг ба 1200 гаруй иргэн оршин суудаг аж.
 
Дуу хөгжмийн "Сонор" рекордс, Эрдэнийн төгөл хотхон, "Brix" шөнийн цэнгээний газрын эзэн, "Чугу", Грандлайн гэх үнэт цаасны компанитай энэ залуугийн гар урт юм аа. Ганц тоосго барьж хүрз шавар өргөж үзээгүй түүний цагаан гараас хороолол сүндэрлэх юм гэж хэн санах билээ.
 
Би л хувьдаа зүрхэлж үл бодно. Учир нь цай уух хүртэл урлаг болчихоод байгаа энэ цагт айл гэрийн дээврийг өргөх ханыг дугуйлна гэдэг хэн дуртай нэгний хийх ажил биш баймаар. Бодоод үз л дээ.
 
Өнөөдөр захын нэг цайны газарт л гэхэд төмс арилгаж мах хэрчүүлэхдээ хүртэл мэргэжлийнх үү, мэргэшсэн үү хэмээн байцаадаг болсон тийм л үе бишсэн билүү. Шалгуур нь өндөрсөж шаардлага нь ихэссэн энэ цагт тооны машин өвөртөлсөн хэдэн залуус гэр хорооллыг барилгажуулна хэмээн түүхэн тендерийг өмчилж үгүй бүр тэргүүн эгнээнд жагсаж дэд бүтэц хийгээд хөгжлийн гарцтай хэсэгт хороолол босгохоор ажлаа эхлүүлсэн нь хачин их үнэмшилгүй байна.
 
Итгэл төрүүлэхгүй юм. Үүл дарга аа таны үг үйлдэл, үзэл бодолтой энэ бүхэн харшлаад байна. Барилга нурааж, барилгын компаниудын үйл ажиллагааг зогсоох салбараас нь арчих хүртэл арга хэмжээ ярьж суусан нь та биш билүү.
 
Чулуудайн өнөөдрийн замнал ирээдүйд их олон хүнийг хохироох нигуртай үйл хэрэг биш үү. Ийм л мэргэжлийн бус, танил тал, ах дүүгээрээ төрийн ажлыг төрлийн холбоогоор хийж хийдүүлсэн нөхдийн балагаар энэ салбарт зүрх хөндүүрлэм осол шилээ даран гарч олон аавын хүүхэд тэнгэрийн орноо заларсан.
 
Ийм л байдалтай холбоотой таны уур ундуйцлыг хүргэж асан 100 гаруй барилга орон сууцны объект хаалгаа нээлгүй зогссон цагийг бид мартаагүй. Гэтэл өөрийн итгэл үнэмшил иргэний эр зоригоосоо гажиж барилгын салбарт A ч үгүй хүүдээ хошуугаа дэвссэний чинь учир юусан билээ.
 
Грандлайны гүйцэтгэх захирал Э.Мөнхжин гэх эрхэм тун саяхан даа ингэж ярьжээ. "Богд уул руугаа ойртох тусам орон сууцны үнэ өсөөд байгаа нь иргэд тэнд амьдрахыг хүсч байгаатай холбоотой.
 
Тэр дундаа Амгалан нь нам дор, тэгш газартай, хөндлөн явах метроны шугам очиж байна, хурдны зам урдуур нь явдаг, Богд уул яг урд нь харагдаж байна, үндэсний цэцэрлэгт хүрээлэн хажууд нь бий, бусад том гэр хорооллоосоо замаар тусгаарлагдаж байна.
 
Ийм учраас стратегийн ач холбогдол өндөр учир үүнийг бодолцож энэ хэсгийг сонгосон. Амгалан буюу Баянзүрхийн XII хороо нь 232 га талбайг хамарсан гэр хорооллын хэсэг. Тэнд 232 га-гаар нь төлөөлөж үнэ цэнэ бүхий жишиг хорооллыг бий болгох зорилгоор энэ төсөл рүү орж байгаа юм" хэмээн асуултыг тайлжээ.
 
Мундаг байгаа биз. Аавын ухаан биш гэж үү. Ашигтай, ажил үргэлжлүүлэх хамгийн их боломжтой хэсгийг Э.Бат-Үүл дарга ахиад л хүүдээ өгчихжээ. Э.Мөнхжин гэх эрхмийн ярианаас л сонгон шалгаруулалтад тэнцсэн 14 компанийн дунд олдсон бялуугаа хуваах гэж айхтар их тэмцэл өрнөсөн нь илт байна.
 
Эзэн нь юмаа мэддэгийг үлгэрээр Бат-Үүлийн Чулуудай бялууны томоохон хэсгээс хүртээд бусдадаа эмтэрч хэлтэрсэн үлдэгдлийг нь чулуудчихжээ. Энэ ариун явдал уу. Шударга үйлдэл мөн үү. Нэгэнт ам нээснийх Чулуудайн гарын хээ хүрчихсэн газар үүгээр дуусаагүй.
 
Үүнтэй зэрэгцээд Амгалан гэснээс манай улсад бүү хэл дэлхийд данстай гэгддэг Ботаникийн цэцэрлэг аюулд орж байгааг ШУА-ийнхан мэдэгдэж байлаа. Грандлайн гэх компанийнхан тус цэцэрлэгийн газраас зүсэж аваад хоёр км автозам барина гэснээс дээрх мэдэгдэл үүдэлтэй.
 
Тэгэхээр үнэт цаасны зах зээлээс үсэрч дээвэр тулсан барилгаас эхлээд дэд бүтцийн салбар руу шунаж эхэлсэн найруулагч мэргэжилтэй Чулуудайг хэн ташуурдана вэ. Төдийгөөс өдийг хүртэл төр нийгмийн тугийг ч барьж тугалынх нь баасыг хүртэл түүж явсан түүний аав биш гэж үү.
 
Орон дотроо хууль засахаас бусдыг хийсэн Э.Бат-Үүл дарга аа, 14 компани ажлаа эхлүүлэхгүй байгаа нь яг үнэндээ бол танай хүүгийн танхил зангаас л болчихсон юм билээ шүү дээ. Тодруулбал, "Грандлайн" компани хоёр ч газар ялалт байгуулсан байдаг.
 
Үүнд, Чингилтэй дүүргийн VII, VIII, IX, X хороо буюу Дэнжийн мянгын хэсэг, Баянзүрх дүүргийн XII хороо буюу Жанжин клуб орчмын нутаг дэвсгэр багтдаг. Гэтэл "Грандлайн" компани хоёр газар бүтээн байгуулалт хийх хэмжээний том компани биш тул Б.Чулуудай Дэнжийн мянга орчмын төлөвлөлтийг орхиод Баянзүрхийг сонгосон байна.
 
Шалтгаан нь Дэнжийн мянга орчмын айл өрхүүд газраа өндөр үнэлсэнтэй холбоотой аж. Хотынхоо төвөөс алслагдмалд тооцогддог Баянзүрхчүүд газраа Дэнжийн мянгынхнаас хамаагүй хямд үнэлсэн байж таараа.
 
Ингээд Б.Чулуудайн "Грандлайн" компани Дэнжийн мянгын дахин төлөвлөлтийн Б блокыг, "Өндөр буянт" компани В блокыг барилгажуулах ёстой байсан ч хотын мэрийн хүү сонгогдсон газраа хаяад явсан болохоор Дэнжийн мянга орчмын дахин төлөвлөлтийг "Өндөр буянт" компани дангаар гүйцэтгэх аргагүй нөхцөлд унах нь тодорхой.
 
Ингээд аль ч үгүй хоёрын дунд хоцорсон тус хэсэгт түүхэн ажил хийх компани хэрэгтэй болсон нь гэр хорооллыг дахин төлөвлөх" төслийн эхлэлийг хойш нь чангаажээ. Ажлын амар хялбарыг харж адилхан хэсгээс шилж сонгодог эрх танхи залууг энэ ажлаас чөлөөлбөл яасан юм бэ. Аав, албан тушаал, амьдралын туршлагыг нь бодсон ч Грандлайн буруу сонголт биш гэж үү.
 
 
М.Мөнхтунгалаг
 
Эх сурвалж: