Уулсын дундаа сүндэрлэсэн Улаанбаатар маань утаан дундаа дүнсийсээр олон ч жилийг үдлээ. Бид агаарын бохирдолд нөлөөлж буй хүчин зүйлүүдийг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа түүхий нүүрс бидний амьсгалж буй агаарт хэрхэн нөлөөлдөг талаарх мэдээллийг хүргэж байна.
Мэдээж нийслэлийн гэр хорооллын 180 мянган өрхийн дийлэнх хувь нь түүхий нүүрсээр гэрээ дулаацуулж, хүйтний улирлыг давдаг. Өөрөөр хэлбэл идэр есийн хүйтнээр эгээ л урдах хүнээ харахгүй шахам болдог аймшиг, гамшиг нь зэрэгцсэн хотод бид аж төрж байгаа.
Гэсэн ч нийслэлчүүд “Энэ утаа арай дэндүү юм аа” гэж амандаа бувтнаж, өөр хоорондоо ярихаас хэтэрдэггүй. Нийслэлийн иргэдийг гамшгийн хэмжээнд хүргээд буй түүхий нүүрсний утаа тортог, түүнээс гарах үнс, нурам нь нярай хүүхэд болон хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа судалгаа байдаг эсэхийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яам зэрэг мэргэжлийн байгууллагуудаас тодруулахад “Агаарын бохирдлын талаар ерөнхийд нь судалж үзсэн.
Түүхий нүүрсний талаар судалгаа хийж байгаагүй” гэж хэлээд суун байх юм. Үүнээс харахад иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсох үүрэгтэй эрүүл мэндийн байгууллагынхан маань энэ олон жил нүдэнд нь ил байгаа утааг судлаа ч үгүй сууж байна гэсэн үг.
Дутуу шатсан нүүрснээс гарах утаанд ихээхэн хэмжээний нүүрсхүчил, азот, хүхрийн хий ялгардгийг эрдэмтэд тогтоожээ. Тэгвэл дээрх химийн элементүүд нь хүний биед хэрхэн нөлөөлдөг талаарх мэдээллийг хүргэе. Нүүрсхүчил нь зүрхний шигдээс болон зүрхний бусад өвчлөл, багтраа үүсгэх гол нөхцөл болохоос гадна хүчилтөрөгчийн солилцоог алдагдуулж дутуу төрөлтийг нэмэгдүүлдэг.
Хүхэрлэг хий нь амьсгалын замын эрхтнүүдийн хамгаалах тогтолцоог алдагдуулах, ханиалгах нүд хорсох, цээж хөндүүрлэх шинж тэмдэг үзүүлдэг. Мөн багтраа, уушгины архаг өвчлөл үүсгэнэ. Харин азотын давхар исэл нь амьсгалын замын эд эрхтнүүдийг гэмтээж, гуурсан хоолойн багтраа, нүд, уушги, арьс, салст бүрхэвчинд сөргөөр нөлөөлдөг бөгөөд уушгины хатгалгаа, томуу, томуу төст өвчин, зүрх судасны өвчлөл үүсэхэд шууд нөлөөлдөг байна.
Түүхий нүүрсний хор уршиг үүгээр ч зогсохгүй. Нүүрсний утаа нь газарт тунадасжиж буухдаа химийн хорт элементүүдийг агуулдаг бөгөөд ингэснээр хөрс усыг ч бохирдуулах аюултай юм.
Мөн нүүрснээс гарах хаягдал үнсэнд л гэхэд арани, хар тугалга, никель, хром, молибден, цайр зэрэг хүнд металлууд ордог төдийгүй уран, тори зэрэг цацраг идэвхт бодис бага хэмжээгээр агуулагддаг. Энэ мэт химийн хүнд элементүүдийг агуулдаг нүүрснээс гарах үнс, хөө тортог нь хүнийг үхэлд хүргэх аюултай гэдгийг эрдэмтэд нотолжээ.
Улаанбаатар хотод гурван том дулааны цахилгаан станц ажиллаж, жилдээ таван сая тонн нүүрс хэрэглэдэг. Харин гэр хорооллын 180 мянган өрх жилд 758 мянган тонн түүхий нүүрс хэрэглэж агаарт хүхэр ба азотын исэл, нүүрсхүчлийн исэл, дэгдэмхий үнс зэрэг хорт бодис цацдаг гэсэн судалгаа гарчээ.
Нэг тонн нүүрс шатаахад угаарын хий 3.9 кг, хүхэрлэг хий 6.7 кг, азотын исэл 11.9 кг цацагддаг гээд бодохоор нийслэлчүүд бид өвлийн улиралд ийм олон төрлийн “хор”-оор л утуулдаг байна.
Нүдэнд харагддаг ч гарт баригддаггүй агаарын бохирдлыг бууруулахын тулд өнгөрсөн хугацаанд багагүй мөнгө зарцуулсан. Гэвч агаарын бохирдол хэдэн хувиар буурсан бол. Энэ асуултад Нийслэлийн Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан хариулахдаа “Агаарын бохирдлыг буурсан гэж хэлэхэд эрт байна. Мэдээж нүдэн баримжаагаар тэдэн хувь буурсан гэж хэлэх боломжгүй.
Баянхошуу, Амгалан, хотын төв гэх мэт байршлаасаа хамаарч өөр өөр байна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад агаарын бохирдол нэмэгдээгүй. Хүмүүст угаар л үнэртэж байгаа болохоос биш агаар дахь хорт бодисын хэмжээ буурсан. Удахгүй манай албаны хэмжилтийн баг 35 цэгт хэмжилт хийхээр тодорхой болно” гэсэн хариултыг өгч байна.
Түүхий нүүрсний хэрэглээ агаарын бохирдлын эсрэг авч буй сайжруулсан зуухны төсөл энэ жил хэрэгжээд дуусна. Харин ирэх жилээс ямар аргаар агаарын бохирдолтой тэмцэх вэ гэдэг нь одоо тодорхой биш байгаа юм.
Тиймээс нийслэлийн иргэд хэр удаан энэ “хор”-оор амьсгалах вэ гэдэг нь ч тодорхойгүй гэсэн үг. Хэрэв бид нүүрсний хэрэглээнээс татгалзахгүй энэ чигээрээ утаан дунд өвөлжөөд байвал нийслэлийн иргэдийн эрүүл амьдрах баталгаа улам бүр багассар нийслэлд эрүүл хүн үлдэхгүй нь гэх айдас төрүүлж байна.
Д.Баяржаргал
Эх сурвалж:
Ням - 05 сарын 31,
2026
Сэтгэгдэл0
Ядуу буурай орон учраас яах ч арга алга даа. Урдаа авилгачдын шунал хүслийг хангаж дийлэхгүй байхад хэцүү юм даа.
utaagaa ch zohitsuulj chadahgui baij tsatsrag idevht hog haygdliig bolhoor ayulgui geed yridag tortei, terend n itgedeg ard irgedetei baihad bid yer n oodlohgui baih oo. ug n bol NAR; SALHInii sergeegdeh erchim huchiig mash hurdtaigaar tugeen delgeruuleh ashiglah heregtei bna
tuhain nuursnii ordoos hamaarch ter hund metall, tsatsarag idevkht bodis baih eseh ni medegdene l dee. Baganuuriin nuursend harin baidag ym
Багануурын нүүрс маш их цацраг идэвхтэй. Энэ цацраг идэвхтэй нүүрсийг зөвхөн цахилгаан станцууд хэрэглэдэг байсан бол шинэчлэл хийснээс хойш айлууд ч түлэх болсон. Гэр хорооллынхон зөн совингоороо ч юм уу энэ нүүрсийг түлэх маш дургүй, Налайхын нүүрсийг л илүү дээр гэж үздэг. Харин гэр хорооллоос 6 дахин их нүүрс түлдэг цахилгаан станцууд үнс хаягдлаа шууд л хотын төвд шахуу газар, голын эрэг дээр асгадаг. Органик нэгдлүүд нь шатаад дууссан үнсэн дахь цацраг идэвхт бодисын хэмжээ нь хэд дахин их болон баяжиж бараг л аюултай хаягдлын ангилалд орно. Гэтэл сүүлийн үед энэ цацраг идэвхт бодисыг барилгын компаниуд блок хийхдээ асар ихээр ашиглаж байгаа. Бүр 1980 аад оны дундуур үнсэн блокыг хориглож байсан юм шд. Барилга байтугай замын хавтан болохгүй гэсэн судалгааны дүн гарч байсан юм. Одоо мөнгө улаан нүд цагаан болж, эрдэмтэд нь хүртэл цахилгаан станцын үнсээр хэрхэн блок хийх тухай эрээ цээргүй ярьдаг боллоо. Багануурын нүүрсний нэг тонн үнсэнд 100 грамм уран байдаг. Үүнийг хэмжсэн нэг гаднын эрдэмтэн "Танайх чинь нийслэл хотдоо ураны уурхайтай болж байгаа юм байна" гэж толгой сэгсэрч байсан. Хоёр гүүр даваад хосгүй тансаг газар байдаг гэж ярьдаг маань үнэндээ үнснээс үүссэн урааны уурхай л гэсэн үг. Тэнд амьдардаг хүмүүсийн эрүүл мэнд хэрхэхийг бурхан л мэдэх биз.
УТААНДАА ХОРДОНО БИЗ ХЭНД ХАМААТАЙ ЮМ. ХОРДОЖ Л БАЙНА БИЗ.