sonin.mn

"Анод" банкны ТУЗ-ын гишүүн асан Н.Даваатай ярилцлаа.

ТАВАНТОЛГОЙ, ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭ БОЛ МАНАЙ ТӨРИЙН ЗАСЧ ЧАДАХГҮЙ TOM АЛДАА

-Монголбанк саяхан бодлогын хүүгээ нэмчихлээ. Энэ салбарын тогоонд байсан хүний хувьд банкны системийн талаар ямар бодолтой явдаг вэ?


-Манай нөхцөлд банкны зээлийн хүү нь жилийн 3-4 хувь байхад л хувийн хэвшил, үйлдвэрлэл хөгжих боломжтой. Тогтолцоо болон бодлогод их засвар хэрэгтэй. Монголын банкууд бусдын хөрөнгийг булааж авахаар зориод байгаа юм шиг л харагдаад байна. Хөгжсөн орнуудыг харахад их хэмжээний мөнгө хадгалж өгснийхөө төлөө хүү төлөх биш шимтгэл авдаг. Үйлчилгээ үзүүлснийхээ шимтгэлээр ашиг орлогоо олдог гэсэн үг. Түүнээс хүүг нь хүүлж оршин тоггнодоггүй юм билээ. Эхлээд бид байгуулах гэж яриад байгаа гоё нийгмээ мэдэхгүй учраас ялагдал хүлээж байна. Зэрлэг өвстэй талбайд үр тариа тариад юу ч ургахгүй шүү дээ. Бид эхлээд талбайгаа цэвэрлээд ардчиллыг ёсоор, нь нутагшуулах ёстой байсан юм. Тэгэхгүйгээр хуучин зэрлэг өвс ургамал дээр шинэ үр суулгаад үр дүнгүй.

-Ямар бодпого баримтлавал банкны систем эрүүлжиж зөв голдрилдоо орох бол?

-Улс төрийн шинэчлэл хийхээс өөр аргагүй. Энэ шинэчлэл хийгдэж байж эдийн засгийн шинэчлэл явагддаг юм байна гэдгийг л хүмүүс ойлгох ёстой. Ингэсэн цагт банкны системийг эрүүлжүүлэх талаар ярих нь тохиромжтой. Улс төрийн шинэчлэл хийхгүйгээр ямар ч гоё юм яриад, стратеги төлөвлөгөө гаргаад бүгд худлаа болно.

-Таны нөгөө "Анод" банкны асуудал юу болсон бэ?

-Тэрийг прокурор мөрдөн байцаах газраас асуух хэрэгтэй.

-Биднийг халамжаар амьдрагсад гэсэн нэр томъёо дагах боллоо. Манай улс уул уурхайгаараа бүрэн амьсгалж байна. Үүнтэй зэрэгцээд үйлдвэрлэгч орон болох эрмэлзэл цухалзах болсон ч төрийн зөв бодлого дутаад байх шиг?

-Бид тээвэрлэгч, дамжуулагч үндэстэн болох ёстой. Өөрийн хөрөнгө мөнгөөр эрчим хүчний хөндлөн гулд өндөр хүчдлийн шугам яаралтай тавимаар байна. Үүний үр дүнд эрчим хүчний үнэ буурна. Тав, зургадугаар цахилгаан станцын асуудал цэгцэрнэ. Үүний цаана муу үр дагавар гэж харагдахгүй байна. Усан цахилгаан станц Сэлэнгэ мөрөн дээр дөрвийг ч байгуулах боломжтой гэсэн судалгаа бий. Үүнийг Оросууд социализмын үед батлаад өгчихсөн. Нэг усан цахилгаан станцын дөрөвний нэгээр л манай улсыг хангана. Энэ шугамыг татчихвал сүүлд нь баларчих вий гэх юм байхгүй. Үүний дараагаар хий болон газрын тосны хоолойнууд тавигдаж эхлэх ёстой. Нүүрс зараад ашиг олж байгаа ч эргээд газар нутгаа сөнөөгөөд байна.

-Нэг хэсэг та болон хэдэн хүн нүүрс шингэрүүлэх тухай хүчтэй ярьж, төсөл хүртэл бичиж байсныг санаж байна. Одоо энэ талаар дорвитой дуугарчих хүнгүй болчихсон юм шиг?

-Зургаан жилийн өмнө нүүрснээс шингэн түлш гаргах, газрын ховор элементийг олборлох, үйлдвэрлэх гээд ярьж байлаа. Бид тэрбум гаруй төгрбг уг төсөлдөө зарцуулсан байсан. Одоо бол миний хувьд энэ хоцрогдсон. Өнөөдөр бид газар нутгаа сүйтгэхгүйгээр баялгийн эзэн болох боломж байна. Хий болон газрын тосны хоолой илүү ашигтай боломж байгааг олж харсан.

-Оюутолгой, Тавантолгойгоор монгол хүн мөнх амьдрах юм шиг аяглах боллоо. Бид стратегийн чухал ордоо салхинд хийсгэчихсэн гэж ярих эрдэмтэдтэй бишгүй таарлаа. Таны хувьд Оюутолгойн гэрээний талаар ямар бодолтой байдаг вэ?

-Үүнийг би ашигт малтмалын бизнест оролцож явсан хүний хувьд хэзээ ч засагдахгүй алдаа гэж харж байна. Засгийн газар гэрээ хийчихсэн. Засгийн газар бол Засгийн газар. Бид ямар ч олон улсын, Арбитрийн шүүх дээр унах нь ойлгомжтой. Энэ дэлхий ертөнц дээр чинь эрхзүй, шүүх засаглал сайн хөгжсөн. Бид яаж ярих нь хамаагүй. Засгийн газар ийм гэрээ хийсэн л бол эцсийн шат. Энэ талаар хүчтэй өрсөлдөгч байсан ч одоо үүн дээр ингэвэл тэгнэ гэсэн ямар ч хувилбар алга. Ямар ч гэсэн бид уул уурхайн салбарт том ялагдал хүлээлээ.

-Тэгвэл Тавантолгойн хувьцааны тухайд?

-Тавантолгойн хувьцааг Засгийн газрын гишүүн байсан нэг хүн нь хуурамч гээд зарлачихлаа. Тавантолгойн хувьцаа чинь бирж дээр ч гараагүй. Хуурамч юм уу гэж санагдаж байна. Миний хувьцааны тухай ойлголт, Тавантолгойн хувьцааны талаарх мэдээлэл хоёр их хол зөрүүтэй байна.

-Төр иргэнээ биш гадныхныг хэт шүтсэн үзлээр хандаж байгаагаас монголын баялаг монгол хүнд биш харийнханд илүү ногдоод байх шиг санагдах юм?

-Бид "Оюутолгой", Фрийдландтай маш ширүүн өрсөлдсөн. Гэтэл манай төр иргэндээ хэт нөлөөлж дуугарсан нэгнийг нь дарчихаж байгаа юм. Тэр үед төр биднийг дарах биш дэмжсэн бол тухайн үедээ "Айвенхо майнз" компани бидэнд нам даруулаад дуусах байсан. Бидэнд нөхцөл бүрдээгүй, манай тогтолцоо буруу байснаас "Айвенхо майнз"-ийг дийлээгүй ялагдсан. Угтаа бол газар нутаг, иргэний зориг, оюун ухаан, чадвар гээд бидэнд ялах боломж байсан. Өнөөдөр хар л даа. "Айвенхо майнз" тэрбум долларын эзэмшлээ зарчихлаа. Ямар ч чадваргүй хүмүүсийг төрдөө, их хуралдаа, Засгийн газартаа гаргачихсанаас болоод маш том хохирол хүлээж байна. Тэдний хэмжээ нь тэр.

-Тэгвэл энэ бүгд сонгуулийн шоу байжээ хэмээн халаглах үе улам бүр ойртжээ?

-Энэ бүхнийг сонгуулиар амласан. Манай тойрог дээр гэхэд Лу.Болд нэг сая биш хэдэн арван саяар нь өгнө гээд л. Түүнийг би биш Хан-Уулынхан яриад байна. Нөгөө Д.Загджавын яриад байсан олон үйлдвэр, ажлын байр яасан. Ингээд бодохоор бүх зүйл утгагүй. Намын амлалтыг харсан ч бүгд утгагүй болчихоод байна. Намуудын амлаад байгаа нэг сая, нэг сая таван зуун мянган төгрөг гэдэг бол хөгжиж байгаа орны хувьд иргэнийх нь нэг сарын цалингийн хэмжээ шүү дээ. Гэтэл Их хурал, Засгийн газартайгаа дөрвөн жилийн туршид яриад, зүтгээд энэ мөнгийг иргэндээ өгч чадахгүй байгаа нь эмгэнэл.

ЭМЭГТЭЙЧҮҮД СУЛАРЧ, ГАНХСАН ТӨРД ОДОО Л ХЭРЭГТЭЙ БАЙНА

-Дээр дооргүй сонгууль ярьж байгаа энэ үед өнгөрсөн дөрвөн жилд бид юу бүтээж, юу алдав?

-Бид залуусынхаа дуу хоолойг сонсч чадахгүй байгаагаас алдаад байна гэж харж байна. Иргэний хөдөлгөний намд маш сайхан залуучууд байсан. Хоёр намын, эсвэл хэн нэгэн мөнгөтэй этгээд төрд төвөггүй гарч ирээд байна. Гэтэл бидний хүсч мөрөөдөж буй нийгмийг байгуулах залуучууд мөнгөгүй учраас энэ хэтэвч зузаан нөхдүүдэд ялагдал хүлээгээд байна. Иймээс л өрсөлдөгчдөө хэрчүүлээд дууслаа. Хамгийн тод жишээ хэлэхэд, Америкт "Ардчиллыг нутагшуулах" сэдвээр эрдмийн зэрэг хамгаалсан залуу "Рио тинто"»д зөвлөх хийгээд явж байна. Тэр хүн чинь уг нь монголдоо ардчиллыг нутагшуулах ёстой хүн.

-Ирэх сонгуулийн чимээг анирдах юм уу та?

-Нийгэм болон бидний явж байгаа замд гажиг, эвдрэл, гэмтэл гарсан учраас маш том засвар хийх хэрэгтэй. Бид өнгөрсөн хугацаанд мөрийн хөтөлбөр дээрээ ажилласан. Манай намынхан удаан хугацаанд бодсны эцэст 47 нэр дэвшигч эмэгтэйчүүдийг сонгуульд өрсөлдүүлэхээр шийдсэн. Энэ нь сонгуулийг шударга тайван явуулахад тохирсон бодлого гэж үзэж байна.Улс орон уруудаж байна. Энэ уналтыг зогсоож, тэсч , тэвчиж үлдэх нь гол зорилго. Байгалиас заягдмал эм амьтны үр удмаа хамгаалах араншин бий. Энэ бүхнийг тэд л зогсоож чадна гэж итгэсэн хэрэг.

-Монгол төрийн түүхэнд бүсгүй хүний хатан ухаан, эр зоригоор бүтээсэн гавья бий. Дэлхийн түүхэнд ч байдаг. Тэгэхээр дээрх санаа сэдэл зөв байх аа?

-Германд 1918 онд , Америкт 1927 онд нийгэм эдийн засгийн хямрал болоход эрчүүд архинд орж, улс уналтад орж байсан. 1990 онд манай улс зах зээлд шилжэхэд лангуун дээр давснаас өөр зүйлгүй болж байх тэр үед эмэгтэйчүүд гол үүрэг гүйцэтгэж байсан ойрхон жишээ байдаг. Парламентын нэг чанар бол дотоод "гал тогоо". Европынхны хэлдгээр жинхэнэ эр хүн бол парламентэд ордоггүй. Бизнес эрхэлж гадныхантай өрсөлдөн мөнгө олдог.

Харин эмэгтэйчүүд түүнийг нь хуваариладаг. Ингэх нь парламентад цаад утгаараа тохирдог. Эмэгтэйчүүд хамгийн няхуур, авилгад өртдөггүй, олигархи болдоггүй, айхтар мөнгөний араас гүйдэггүй, мөрийтэй тоглож муйхарлаж бүлэглэл байгуулдаггүй. Түүхийн хуудаснаас харахад төр суларч ганхах бүрт эмэгтэйчүүд улс үндэстнээ аварч гарсан байдаг. Цаанаасаа өгөгдөл нь тийм улс.  Яг энэ цаг үед эмэгтэй хүмүүс эх орноо өргөж босгож ирэх хэрэгтэй байна.

ХАРИЙНХАН БИДНИЙ ХААДЫН БУЛШ, БУНХАН РУУ ГЭТЭХ НЬ ЗҮЙЛД НИЙЦЭХГҮЙ

-Улстөрийн сэдвээсээ жаахан хазайя. Таныг цэргийн хүн гэдгийг тэр бүр хүн мэддэггүй. Яаж яваад архелоги, банк бизнесийн салбар руу орчихов?


-Мэдээ орсон цагаасаа Орхоны хөндийн агуу түүхэн үнэт хөшөө, дурсгалыг гайхан биширч өссөн. Тэр чулуун байгууламж гурван метр гаруй өндөртэй гэрэлт хөшөөний бичээс тэр бүгд надад асуултын тэмдэг болж үлдсэн. Тэр асуултын тэмдэг намайг цэргийн хүн болгосон. Мөн сайн дурын архелогич болгосон. Хувь тавилан намайг хаашаа ч гаргахгүй шахаад байна.

-Та хэсэг эрдэмттэй хамтраад "Тэнгэр угсаа" нийгэмлэг байгуулж Чингисийн онгоныг хайсан. Америк, Хятад ч мөн энэ ажлыг эхлүүлэхээр зэхсэн нь монголчуудад таалагдаагүй. Энэ бүхэн юу болсон бэ?

-"Тэнгэр угсаа" нийгэмлэгт шилдэг эрдэмтэд судлаачид байдаг. Бид МУИС-ийн Археологийн тэнхимийн эрдэмтэн багш, оюутнуудтай хамтран ажиллаж байгаа. Бидний хувьд өвөг дээдсийн онгон гэдэг бол маш чухал зүйл. Нөгөө баялгаас чухал. Гэтэл Хархоринд Хятад улсын далбаа мандаад бидний өвөг дээдсийн бунхныг ухаж байна. Үүнд би их эмзэглэдэг. Ерөнхий сайд Хятад Улстай археологийн талаар хамтран ажиллана гэсэн гэрээ байгуулсан.

Энэ нь бидний өвөг дээдсийн бунхныг харийнхнаар ухуулна гэсэн үг. Бид баялгаа алдлаа. Уул уурхайн баялгийн цаад эзэд нь гадны хүмүүс болчихсон. Түүн шиг одоо бидний хаадын булш бунхан руу алгуурхан гэтэх нь зүйлд нийцэхгүй. Ийм аюул бол хамтран ажиллах нэрээр зугуухан эхэлдэг. Нүүдэлчдийн их хаадын бунхан бол бидний соёл ,түүх, үнэт эрдэнэсийн их өв Архелоги үнэнийг үзүүлдэг учраас гадныхныг хэзээ ч оруулж болохгүй.

Энэ бол цэвэр хаадын судалгаа. Нэгийг нь би малтсан. Таван тоннын хоёр хутгагчаар зунжин ажиллаж чулууг зайлуулж асар том байгууламж гаргасан. Түрэгийн эзэнт гүрний хааныг хараад хаан хүн юу хийлгэж чаддагийг мэдсэн. Монголчууд оюун ухаанаар дутсангүй. Оюуныг дэмждэг тогтолцоо, төр гэж алга. Японд монгол залуу гэрлээс хүч гаргаж байна. Дэлхийд нээлт хийж байна. Мөн манай нийгэмлэг нэг эмэгтэй хүүхдийг Туркт сургаад нано технологийн шинэ нээлт хийлээ. Бидэнд шинжлэх ухааныг дэмждэг топголцоо хамгийн түрүүнд хэрэгтэй байна.

Ц.Цэцэгжаргал
Эх сурвалж: "Нийгмийн толь"