sonin.mn

- Монгол Улсад ховор элементийн дөрвөн том орд бий -

Монгол Улсын Ерөнхий-лөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч сард Япон Улсад болсон эдийн засгийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ Японы төрийн тэргүүнүүдтэй уулзаж, япончууд манай улсын ховор элементийн ордыг хамтран ашиглах талаар ярилцсан гэж олон улсын хэвлэлд нийтэлсэн байсан. Тэгвэл энэ мэдээлэл баттай бөгөөд Ерөнхийлөгч ч энэ салбарт хамтран ажиллах талаар япончуудад нааштай боломж олгохоор болсныг Уул уурхайн яамнаас мэдээллээ.

Угаасаа дэлхийн ховор элементийн эцсийн цэг нь Монголд бий. Манай улсад газрын ховор элементийн дөрвөн том орд байдаг юм. Газрын ховор элемент нь химийн 17 нэр төрлийн хүнд, хөнгөн гэсэн ангилалтай байдаг бөгөөд цацраг идэвхит бодисын ангилалд багтдаг. Одоо дэлхийн зах зээл дээрхи ухаалаг гар утас, шингэн кристал дэлгэц, ЛЕД дэлгэц гэгчлэн технологийн дэвшил, нано үйлдвэрлэлд ховор элементийг ихээр ашигладаг.

Лугийн гол
Одоогоор дэлхийн зах зээлд БНХАУ энэ элементийн хэрэгцээний 85 хувийг дангаараа хангадаг, тэр дундаа Өвөрмонголд гол цөм нь байдаг аж. Тус элементийн хамгийн том худалдан авагч нь Ялон, Герман улсууд юм. Харин Японы хувьд Монголоос ховор элемент ашиглах, олборлох талаар сүүлийн таван жил санаагаа илэрхийлсээр ирсэн гэнэ.

Энэ удаа төрийн тэргүүнүүд уулзаж, энэ асуудлыг дахин ярилцсан нь япончуудад илүү их итгэлийг төрүүлэв бололтой. Угаасаа Монгол Улс Японоос өнгөрсөн 20 жилийн туршид 1,3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт буцалтгүй тусламжийг авсан байдаг. Энэ бүхний хариуд япончууд нүүрс, ховор элементийн ордуудад хамтран ажиллах санаатай байдаг юм билээ.

Монголд Лугийн гол. Мушгиа худаг, Хотгорын ховор элементийн ордуудаас гадна Халзанбүргэдэйн ордод гадныхан анхаарлаа хандуулдаг. Зөвхөн Халзанбүргэдэйд гэхэд гурван компани одоогоор лиценз эзэмшиж байгаа бол нийтдээ манай улсын дөрвөн том ордод 10 гаруй компани лиценз эзэмшиж байгаа мэдээллийг Ашигт малтмалын газраас өгч байна.

Гэхдээ Халзанбүргэдэйн хувьд үнэ бүхий осмийн төрлийн элемент ихтэй. өндөр чанар бүхий эдийн засгийн үр өгөөжтэй орд юм. Япончуудын сонирхол ч энэ ордод байх бөгөөд мөн Лугийн голд төвлөрч байгаа юм. Хэрвээ тэдэнтэй ховор элементийн салбарт хамтарвал мэдээж харилцан ашигтай байх талаар цаашид яригдаж таарна.

Ямартай ч япончуудад Монгол Улс боломж олгохоор болсныг харьяа яамнаас нь ийнхүү мэдээлж байгаа юм. Одоогоор манай улсын ховор элементийн ордуудад хятадууд гол түлхүү лиценз эзэмшиж байгаа бол ОХУ, АНУ-ын хөрөнгө оруулалттай 1-2 компани байгаа юм. Хэрвээ япончуудтай энэ салбарт хамтран ажиллавал эдийн засгийн үр өгөөжөөс эхлээд дэлхийн зах зээлд өндөр үнээр борлуулах боломж бүрдэх юм.

Л.Нэргүй

Эх сурвалж: "Геологи уул уурхайн мэдээ" сонин