Хөвсгөл нуураа бид далайтай зүйрлэдэг. Далай тэнгисээс алс, их ус үзээгүй, хуурай газрын бидний хувьд ингэж зүйрлэх нь аргагүй юм. Урд талаасаа хойд эрэг хүртэл 140, баруунаасаа зүүн эрэг хүртэл 40 шахам км учраас цаад өндөр уулсын орой харагдахаас бус нуурын зах хязгаар нь үл үзэгдэнэ. Гадаргуугийн нийт талбайгаараа Увс нуурын дараа ордог /280 мянган га/, манай орны хамгийн их устай /400 тэрбум шоо м/, хамгийн гүн нуур /262м/. Улсын хэмжээнд жилд дунджаар 400 мянган га тариа тарьдаг гээд бодохоор үүнээс 100 дахин том талбайг усалчих хэмжээний цэвэр усны арвин их нөөц энд байна гэсэн үг. Ийнхүү бидний хувьд Хөвсгөл далай маань од мэт олон загас жараахай бэлчсэн, далай мэт агуу тунгалаг аршаан ус билээ. Нуурыг эргэн тойрон уулсаас буух 50 шахам гол горхи тэтгэх бөгөөд ганцхан Эгийн гол эндээс эх авч, Сэлэнгэ мөрнөөр дамжин 1000 гаруй км хол замыг туулж, Байгаль далайд цутгана. Энэ хоёр нуурын хоорондох шууд зай нь хоёр зуухан км. Зарим судлаачид хоёр нуурыг доогуураа холбоотой, ихэр нуурууд гэж үздэг. Байгаль нуур 25 сая, Хөвсгөл нь нуур хоёр сая жилийн настай. Хөвсгөл нь дэлхийн хамгийн гүн Байгаль нуурын түвшнээс дээш 1100 метрт өргөгдөн, далай түвшнээс 1650 метр өндөрт оршдог. Энэ орчимд амьдарч байсан эртний түрэг угсаатнууд Хөвсгөлийг Кеп сү кель буюу “Хөх устай нуур” гэж нэрлэж байсан бол судлаачид сүүлийн үед “Хөх сувд” гэж нэрлэж бичих болжээ.
Хөвсгөл нуурын баруун эргээр урдаас хойш чиглэн тогтсон Хорьдол Сарьдагийн нуруу, Баяны нуруу, баруун талын уулс нь хурц шовх оргил, эгц цавчим хажуутай ба ихэнх уулс нь 2500 метрээс дээш өргөгдсөн байдаг. Хамгийн өндөр цэг нь Мөнхсарьдаг 3493 м. Харин зүүн эргийн уулс нь харьцангуй нам /1700-2100м/, мөлгөр оройтой, битүү ой модоор хучигдмал. Энэ орчимд Соёны нурууны салбар уулс Агис, Жамс, Рэнчинлхүмбэ болон Монгол орны хамгийн хойд хязгаарын цэг Монгол шарын даваа буй. Нуураас баруун тийш өнгийвөл Улаан тайгын уулсаар хүрээлэгдсэн том жижиг 300 нуур бүхий “Дархадын хотгор” буй.
Нуурын ай савд Монголын Улаан номд орсон нэн ховор амьтан болох зэрлэг цаа буга, баавгай, буга, янгир, хандгай, булга, хүдэр, зэрэг хөхтнөөс гадна халиу, бор гөрөөс, зэрлэг гахай, нохой зээх, тарвага, чандага, чоно, үнэг, хярс, мануул, дорго, зурам, хэрэм, солонго, цагаан үе, өмхий хүрэн, шилүүс, зэрэг амьтад тархсан байдаг ч эдгээр амьтдын тоо толгой сүүлийн жилүүдэд эрс хорогдсоор байна. Ойн амьтдыг хайр найргүй агнадаг хүмүүс бол эндхийн ойн иргэд буюу Тувагаас эх орны дайны үед нүүдэллэн ирж суурьшсан цөөхөн цаатангууд аж. Хоёр жилийн өмнө ерөнхийлөгчийг энэ нутгаар очих үед тэд бүр давраад Улаан номонд ортлоо нэн ховордсон амьтан болох булга агнах зөвшөөрөл хүсэж байсан удаатай.
Нуурын нэг онцлог нь чөмөг хага ташим хүйтэн устай, 12 сараас 6 сар хүртэл жилийн хагасд гадаргуу нь мөсөөр хучмал, зуны ахархан богино хугацаанд зөвхөн өнгөн хэсэг нь л бүлээцдэг. Иймээс зуны улиралд ийшээ ирэх мянга мянган жуулчид нуурын усанд орж, наранд биеэ шарах горьдлоготой очдог ч, 10 хэмийн цэв хүйтэн усанд зориглон орсон сульдаатай нэг нь хатгаа аваад буцах нь цөөнгүй. Эрхүүгийн Онцгой Байдлын нэгэн шумбагч “Танай Хөвсгөл нуур маш хүйтнээс гадна онцгой их даралттай. Ямар ч туршлагатай шумбагч 100 метрээс доош нуурын гүн рүү орж дөнгөхгүй дээ” гэж ярьж байсан юм. Нуурын ёроолд живсэн техникийн судалгаа хийхээр хоёр жилийн өмнө Зүүний хүчний холбооны шугамаар нилээн дуулиан шуугиантай ирсэн хэдэн Солонгосууд тусгай хувцсаа өмсөн орсон ч доошоо 20 метр шумбаж чадалгүй гарч ирэн эрүү өвдөг нь дагжин чичирч байхыг нутгийнхан хараад нилээдгүй шоолсон юм байх. Харин орон нутгийн онцгой байдлын албаны хоёр залуу 2011 онд мөс цөмрөн 25 метр гүнд живээд орчихсон байсан НИК компаний чиргүүлтэй хоёр цистернийг тусгай ямар нэг хувцас хэрэгсэлгүйгээр шумбаж ороод оосорлосон гэхээр гадаадын мэргэжлийн шумбагч нар үнэмшдэггүй юм билээ. Хамгаалалтын хувцасгүйгээр 20 метрээс доош гүн шумбахад усны гүн дэх даралтнаас болж хүний чихний хэнгэрэг хагарахаас өгсүүлээд уушиг, тархи ноцтой гэмтдэг ноцтой гэмтдэг гэсэн.
“Хорьдол Сарьдаг”, “Уран Дөш” зэрэг Хөвсгөл нуурын эргэн тойрны уулс тэр чигээрээ фосфорит, дор хаяж тэрбум гаруй тоннын нөөцтэй гэж үздэг. Өнгөрсөн зууны наяад оны үед энэ их баялаг Орос Монгол олон дарга нарын шуналын галыг асааж эхэлсэн авч, Дэлхийн нууруудыг хамгаалах хөдөлгөөний тэргүүн, Оросын нэрт яруу найрагч В. Распутины дэмжлэг, сэтгүүлч Ц.Балдоржийн “Далай ээж цаазын тавцанд” цуврал нийтлэлээр дамжин өрнөсөн ард олны эсэргүүцлийн давалгаанд цохигдон унтарсан билээ.
Байгаль нуур усаа 50 жилд нэг удаа цэвэршүүлдэг бол Хөвсгөл далай 500 жилд нэг удаа бүрэн цэвэршдэг учир бохирдвол туйлын аюултай. Нуурын ус маш тунгалаг цэвэр, буцалгалгүйгээр шууд ууж болно. Нуурыг хүрээлсэн өндөр уулсын ёроолоор “Хар ус”, “Мэргэн” зэрэг рашаануудтай. Нуурт зэвэг, хадран, алгана зэрэг 10 гаруй төрлийн загас амьдардгаас хамгийн их хэмжээтэй байдаг нь гутаарь загас. /Оросоор налим, англиар lota lota/. Хэрлэн голын ёроолоор явж идэш тэжээлээ цуглуулдаг, хошуун дээрээ хэдэн урт сахалтай, царай муутай энэ загасыг налим гэдэг орос нэрээр нь манай загасчид андахгүй. Гутаарийн элэг онцгой том, биеийн жингийн бараг аравны нэгтэй тэнцэнэ. Элэгний 70 хүртэл хувийг тос эзэлдэг учир наранд хэсэг байлгахад хорчийж хатан, тос болж хувирдаг юм билээ. Элэгний тосноос нь хорт хавдар анагаадаг эм гаргаж авдаг тухай Польшийн нэгэн эрдэмтэн ярьж байсан. Иймээс ч магадгүй барууны орнуудад энэ загасыг “Цэвэр усны Бурхан” гэж нэрлэдэг байж болох. /Fresh water God/. Багаасаа гутаарь идэж өссөн залуусын ой ухааны хөгжил үе тэнгийнхнээсээ илүү давуу байдгийн эрдэмтэд судалж тогтоосон байдаг. Гутаарийн мах нь хүүхдийн хараа, тархины хөгжилд онцгой сайн нөлөөтэй учир барууныхан хэдийгээр ховор үнэтэй ч гэсэн хүүхдүүдээ нялх багаас нь долоо хоногт дор хаяж нэг удаа энэ загасаар хооллодог гэнэ лээ.
Засмал зам тавигдаад бараг дуусч байгаа учир Улаанбаатар хотоос 870, Мөрөн хотоос 102 км-ийн зайд оршдог байгалийн үзэсгэлэнт Хөвсгөл нуурандаа очиход одоо төвөггүй болжээ. Эмчилгээний зориулалтаар аялъя гэвэл та 5 сарын дундуур явж, Хар усны аршаанд очоорой. Өндөр уулын ёроол дороос оргилох энэ аршаан бүх төрлийн өвчнийг анагаах ид шидтэй гэнэ лээ. Тархи толгой, элэг цөс, ходоод, бөөр нуруу гээд бүхий л эд эрхтний өвчнийг анагаах увидастай учир ийшээ жилд 1000 гаруй хүн зорин ирдэг. Аршаанаас холгүй ядаргааг арилгагч далийн ягаан, оюун ухааныг сэргээгч далийн цагаан цэцэг ургадгийг мэдэхэд бас илүүдэхгүй. Нуурын баруун эргийн Жиглэгийн баазаас усан онгоцоор 30 орчим км яваад далайн тэг дунд орших битүү ойтой том аралд очно. Арлыг “Модон хүй” гэж нэрлэх ба хар модоор битүү бүрхэгдсэн энэ арлын урт 4, өргөн нь 3 км. Өнгөрсөн зууны ерээд оны үед хотоос сайд дарга нар нисдэг тэргээр ирж зугаалах үеэрээ гал алдаж, арлын ойн гуравны хоёр нь түймэрт автуулжээ. Азаар хойд зүгээс хүчтэй салхи гарсны дүнд арлын арын хэсэг мод шаталгүй үлдсэн байна. Шатсан модыг хурдан авч цэвэрлэхгүй бол дараагийн залуу ой үүсэх хугацаа сунжирч уртасдаг талаар мэрэгжлийн хүмүүс зөвлөдөг юм билээ. Энэ арал дээр хандгай, гөрөөс, чандага зэрэг амьтад байдгаас гадна вансэмбэрүү, Алтайн сонгино, цагаан дэгд, саадган цэцэг, хөхөө цэцэг, ямаан сэрдэг, цагаан даль, бамбай, алтан тэрэлж, ягаан цээнэ зэрэг ховордсон ургамлын олон зүйл ургадаг.
Усан онгоцоор Модон хүйгээс 40 орчим км явах юм бол “Хадан хүй” арал дээр очно. 800м урт, 200м. өргөн жижигхэн хад чулуурхаг арал бүхэлдээ нүүдлийн шувууны эх орон. Энд бужигнах мянга мянган шувуудын дийлэнх нь чих дөжиртөл орилолдох цахлай мөн цөөхөн хар галуу, нугас ирж өндөглөдөг. Цахлай хааяагүй ил задгай талбайд өндөглөх учир зун ийшээ очвол өндгөө харамласан цахлай тэнгэрээс байлдааны онгоц мэт шумбан дайрах нь аймшигтай.
Хөвсгөл нуурыг тойрсон зарим асуудлуудын тухай
1. Өнгөрсөн намраас эхлэн Орос Монголын иргэд визгүй зорчдог болсон тул Хөвсгөлд очих оросын жуулчдын тоо энэ зунаас эрс нэмэгдэх нь ойлгомжтой. Гагцхүү бусад орноос ОХУ-д ирсэн жуулчид Сибирьт очин Байгаль нуурт амраад эндээсээ Хөвсгөл далайд очиж үзэхийг хүсвэл бүтэлгүйтнэ. Учир нь Хөвсгөл нуурын ойролцоох Монд-Ханхын боомтоор ОХУ-аас тогтоосон журмын дагуу зөвхөн Орос, Монголын иргэд л зорчих эрхтэй байдаг. Энэ асуудлыг манайхан ОХУ-д нэн даруй тавьж шийдүүлж чадвал Хөвсгөл нуурт ирэх гадаадын жуулчдын тоог асар ихээр нэмэгдүүлэх боломж байна.
2. Нуурыг өнгөрсөн зууны наяад онд Эрхүүгийн их сургууль, МУИС хамтран судалж байсан боловч, түүнээс хойш дорвитой цогц судалсан судалгааны тайлан материал байдаггүй юм билээ. Ялангуяа нуурын ёроолын топографиийн зураглал хийгдээгүй, гүнд амьдардаг усны амьтдын судалгаа огт байдаггүй. Иймээс нуур судлалаар гадаадад хүн сургах, дадлагашуулах, байнгын судалгааны бааз байгуулан Хөвсгөлд өвөл зунгүй ажиллуулах шаардлагатай.
3. Нуурыг тойрон 60 гаруй компани аялал жуулчлал эрхлэх зөвшөөрөл, газар авснаас 30 гаруй нь энд жуулчны бааз байгуулан алдаг оног үйл ажиллагаа явуулж байна. Сүүлийн гурван жил БОНХЯ-аас энд газар эзэмших зөвшөөрөл өгөөгүй. Дээрх 60 зөвшөөрөл дээр нэмэн зөвшөөрөл өгч газар олгож эхлэх юм бол яг Зайсангийн ам шиг болно. Зөвшөөрөл авсан зарим компаниуд маш өндөр үнээр зарна хэмээн зар өгөөд байгаатай таарсан. Хөвсгөл далайг газрын наймааны талбар болгож хэрхэвч болохгүй.
4. Одоо ажиллаж байгаа баазууд дотор олон улсын стандартад нийцэх үйл ажиллагаа явуулж чадаж байгаа баазууд өдрийн од мэт. Бохир усаа зориулалтын нүхэнд асган автомашинаар зайлуулах шаардлага тавьдаг ч өнгөрсөн жил газар дээр нь очиж явж үзэхэд ийм үйл ажиллагаа явуулдаг бааз хуруу дарам цөөхөн юм билээ. “Дотоодын жуулчид нуурын эргэн тойрон дуртай газраа майхан барьж хоноглон ил задгай бие засаж, хогоо асгаж, цэвэрлэлгүй орхиод явдгийг хянаж зохицуулахад тэр бүр хүн хүч хүрэлцдэггүй” гэж нуурын хамгаалалтын захиргааны дарга Л.Даваабаяр ярьж байсан юм.
5. Социализмын үед Хатгал Ханх гэсэн хоёр боомтын хооронд зуны цагт усан тээвэр, өвлийн цагт мөсөн тээвэр хийгддэг байж. Тэр үед Хатгалаас хонь мал, арьс ноос ачин Ханхад хүргэдэг, буцаад оросоос ирсэн хүнс бараа ачин Хатгал руу буцдаг байсан Сүхбаатар онгоц Хатгал сумаас холгүй эргийн ойролцоох зогсоол дээрээ живж, одоо орой нь дөнгөж цухуйж харагддаг. Энэ онгоц 300 тн-ын жинтэй учир татаад босгочихож дийлэлгүй өдий хүрчээ. Мэдээж доод талын эд ангиуд зэвэрч хөгзрөн далайн усыг бохирдуулагч том хүчин зүйл болж байгаа. Бид санаачлага гаргаад хөөцөлдвөл үүн дээр тусалж дэмжээд өгөх газар олдож л таараа.
6. Тэр үед нуурын мөс хөлдмөгц баруун аймгуудын хэрэгцээний бензин шатахуун бараа таваар мөсөн дээгүүр тээвэрлэдэг, одоо ч өвлийн улиралд Хатгал-Ханхын хооронд мөсөн дээгүүр зорчиж байгаа. Өнгөрсөн зууны 60-аад оны үеэс эхлэн нуурын мөс цөмөрснөөс зорчигчтой, зорчигчгүй 40 гаруй техник хэрэгслийг нуурын гүн рүү авч одсон нь бохирдлын том эх үүсвэр болж байна. Үүний нэлээдгүй нь их хэмжээний түлш, шатахуунтай. 2012 оноос эхлэн Байгаль хамгаалах сангийн шугамаар эдгээр техникүүдийн байршлыг судлан тогтоох, боломжтой хэсгээс нь гаргах судалгааны ажлыг ОХУ-ын Онцгой Байдлын Яам, АНУ, Европын Холбооны Улс, Япон, БНХАУ-ын эрдэмтэн судлаачидтай хамтран эхлүүлэхээр тохирсон боловч дэмжлэг санхүүжилтгүйгээс болж энэ ажил зогссон билээ. Цаашдаа нуурыг хамгаалах, судлах, зохистой ашиглах боломжийн талаар олон улсын байгууллагууд, гадаад улс орны эрдэмтэн судлаачидтай хамтарч ажиллах шаардлагатай.
7. Эцэст нь нуурын нөөц ашиглалтын тухай хэдэн үг хэлье. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай одоогийн хуулийн дагуу Хөвсгөл нууранд загас жараахай барих хориотой гэдэг шалтгаанаар уурга дэгээтэй хүнийг нуурын эрэг рүү ч ойртуулдаггүй. Энд ирсэн хэдэн жуулчид нуурын загасыг дэгээгээр оролдсоноос болж нөөц нь дуусаж дундарна гэвэл “Бирдийн нүдэнд далай харам” гэдэгтэй адил болно. Оросоос ирсэн цөөхөн хэдэн жуулчидтай ийм асуудлаас болж бөөн хэрүүл маргаан гарч байсантай 2013 онд таарч байлаа. Мөн онд УИХ-ийн гишүүн Энх-Амгалангийн урилгаар Хөвсгөл нуурт ирж живсэн техникийн судалгаа хийсэн Японы Үндэсний Далай судлалын Хүрээлэнгийн ажилтан доктор Кумагай, Канадын Ус, Цаг уурын сангийн захирал Робертс нар Хөвсгөл нуурын гүнд бужигнаж байсан гутаарь загасны бөөн сүргийг тусгай дурангаар харснаа надад ярьж, “Бид амьдралдаа тийм олон загасны бөөгнөрөл шамбаралдаан үзээгүй. Тун сонин гайхалтай байсан” гээд толгой сэгсэрч байлаа. Бид байгалаа хамгаалж байна гээд хараад харамлаад суух биш тодорхой хэмжээгээр ашиглаж, хэт олширсон хэсгээс цөөлж байх нь эко системийн тэнцвэрийг зохистой түвшинд хадгалахаас гадна эдийн засгийн хувьд нуурыг хамгаалж байгаа орон нутгийн иргэдийн амьжиргаанд ч нэмэр болох ёстой юм шүү.
Ш.Пүрэвсүрэн 2015 оны 2 дугаар сар 3
Сэтгэгдэл0
загас алах зөвшөөрөл өгөх хэрэгтэй. тэгвэл мэдээж жуулчид их очино.
pizda min alah bish agnah
2015 ony Delhiin hamgiin iheer ayuld urtsun nuuraar khuvagul nuuryg olon ulsyn baiguullaguud todruulsan baina lee.
Purevsuren guia ch bur tsagaandaa garchee. Urany esreg gej garch irchiheed urany esreg temtsdeg hediinhee esreg bolson. Odoo huvsgul nuuryg l suitguulehgui bol noir n hurehgui bolson yum baih daa.
Mongoliin shevatsar. Hun bolsniih neg ochij uzeh ymsan
Hun bolgon ger buleeree ochi uzeerei. Zun bol unen tasarhai. Yun busad gazar.
Hovsgoliin ard tumen hairtai nuurandaa gar hurgenee gonjiin joo. Hezeeneesee temtsegch hotgoidiin huuhduud zorigt udmiin humuus bilee
XOTGOIDIN SHADAR VAN CHINGUNJAV MANDTUGAI
TVVXEN KINOG DEMJITSGEEY TVVXEN KINONI VILDWERTEI BOLTSGOY MANJIIN ESREG TSOGTOI TEMTSEGCH CHINGUNJAVIN TALAAR KINO XIIWEL YAASAN YM BE.
Гоё мэдээ болж
Fresh water cod gedeg yum god bish.