Би хэдхэн жил дээд сургуульд багшилсан, тэр хэрээрээ цөөхөн шавьтай. Тэдний маань нэг, хорин жилийн өмнө төгсөгч Д.Сарангэрэл алд цэнхэр хадган дээр өөрийн гараар урласан нэгэн сайхан хавтагыг тавьсаар багштайгаа золгов. Ёс журамтай шавь минь хоосон сав өгөхгүй гэж хавтаганы ёроолд хэдэн арвай хийхээ ч мартсангүй.
Ер нь хамгийн хүндтэй, хайртай хүндээ хөөрөгний хавтага, даалин урлаж бэлэглэх нь монгол бүсгүйчүүдийн нандин соёл, уламжлалын нэг билээ. Шавийнхаа сэтгэлээ шингээн урласан хавтаганд өрөөлд үнэтэй биш ч өөрт минь чухал утга учиртай хөөргөө хийлээ.
Бодоод үзсэн чинь Азийн бусад үндэстнүүд хөөрөгний даалин ер хэрэглэдэггүй, дан хавтага л хэрэглэдэг юм байна шүү. Манайд ч гэсэн сүүлийн үед суурин амьдралтай холбоотойгоор уран чамин хийцтэй хавтаганд жижгэвтэр хөөрөг хийж явах нь түлхүү болж, төв суурин газрынхны даалингийн хэрэглээ багасаж байна. Ингэхэд зөвхөн монгол угсаатны соёл болох даалин гэж юу вэ? Даалин урлах болсон тухайд хамрын тамхи XVII зуунд Европоос Азид нэвтэрсэн, Монголд бол манжуудаар дамжин орж ирсэн учраас хөөрөг, хөөрөгний даалингийн соёл энэ үеэс эхлэн Монголд хөгжсөн.
Монголчууд гаднын аливаа соёлыг нэвтрүүлэхдээ илүү сайжруулж, төгс төгөлдөр, үндэсний онцлогтой болгодог. Хөөрөгний даалингийн соёл мөн үүнд хамаарна. Монголчуудын хөөрөгний даалин нь зөвхөн гараар урладаг, олон янзын утга бэлгэдэл шингээдэг байснаараа онцлог. Сайн чанарын торго, даавуу, илэг, савхи зэргээр даалин урлаж өнгө өнгийн торгон утсаар хээ чимэг урлана. Загасан нуруу, зүү ороолт, зоосон ширээний сүлжээ гэсэн 3 үндсэн төрлөөр урлана. Мөн зээгт наамал ашиглана. Ар өвөр 8 буланд нь тодорхой утга агуулга бүхий хээ хатгамаллаж, хойд урд талд нь халз хийж өгнө. Халз нь тухайн даалинг эдэлж буй хүний амьдралын зам мөр тэгш дардан байхыг бэлгэднэ. Энэ замыг тасалсан, хөндлөн дайрсан хээ дүрс урлахыг цээрлэнэ. Хөөрөгний голд хээ угалз, амьтны дүрс хатгамаллах бол зам буюу халз хийдэггүй.
Монгол даалин урлал XIX зуун, XX зууны эхэн үед ихэд хөгжиж, ур хийц сайтай даалин хийдэг байсан. Уламжлалт соёлыг үнэлэхээ больсон социализмын он жилүүдэд даалингийн хийц энгийн болж, 1990-ээд он хүртэл ямар ч хамаагүй торгоны өөдсөөр хийж, саатай торгоор халз тавих нь түгээмэл байсан.
Үндэсний өв соёлоо эргэн сэргээсэн 1990-ээд оноос хойш даалин урлалд үсрэнгүй дэвшил гарсан ч хэт эрээн мяраан болгох, утга бэлгэдлийг алдагдуулах дутагдал их байна. 2015 оноос хойш компьютер хатгамал даалин урлалд голлох болсонтой холбоотойгоор гараар урласан, уран хатгамалтай даалингийн үнэ эрс нэмэгдсэн. Хайртай хүн, сүйт залуудаа өөрийн гараар хөөрөгний даалин урлаж бэлэглэх нь монгол эмэгтэйн хамгийн хүндтэй бэлгийн нэгд тооцогддог уламжлалтай. Харин “Хөөрөгний даалин монгол эр хүний энергийн сав” гэх үзэл XXI зууны эхээр зохиомлоор бий болсон шинэ хандлага бөгөөд бүстэй дүйцүүлсэн ойлголт юм. Намайг хүүхэд байхад манай нутагт өвөртлөх болбол хөөрөгний даалинг хоёр талаас нь адил хэмжээгээр нугалсны дараа хооронд нь хавсардаг, хөөрөгтэй даалингаа ороож хуйлахыг таашаадаггүй байсан. Учир утгыг нь асууж лавлаж явсангүй. Бодвол билэгдлийн ямар нэгэн утга бий л байх. Энэ мэтээр бичээд байвал бас чиг нэлээд юм болох байх. Таны алтан цагийг хэмнэн энэ хүрээд цэглэсү.
Уранхан Б.ГАЛААРИД
2026.06.08.
Даваа - 06 сарын 08,
2026
Сэтгэгдэл0