sonin.mn

Азийн шатрын аварга шалгаруулах 21 дэх тэмцээн Улаанбаатар хотод амжилттай сайхан болж өнгөрлөө. Энэхүү тэмцээнд азийн 28 орны 250 шатарчин оролцлоо. Үүнд 34 эрэгтэй их мастер, 12 эмэгтэй их мастер, олон улсын эрэгтэй мастер 51, олон улсын эмэгтэй мастер 20, ФИДЕ-гийн олон улсын эрэгтэй, эмэгтэй мастер 49, дэд мастер 18 оролцжээ.


Ази тивийн аваргын тэмцээний шагналын сан 100 000 ам. доллар байлаа. Тус тэмцээнд тэргүүн байр эзэлсэн шатарчинд 15 000 ам долларын шагнал өгч байлаа.


Би ч гэсэн шатрын хорхойтны хувьд энэхүү тэмцээний нээлт дээр очлоо. Шатар бол миний хувьд хамгийн ухаалаг, хамгийн оюунлаг хөлөгт тоглоом юм. Би хөзөр, даалуунд сонирхолгүй, харин зөвхөн шатарт л дуртай. Хар багаасаа л би шатар тоглосон. Одоо ч гэсэн chess.com дээр би шатар тоглосоор байна. Нийслэлийн “Баянгол” зочид буудалд азийн аварга шалгаруулах шатарчдын тэмцээний байр бэлэн болжээ. Ямар ч олон шатар байрлуулсан ширээтэй юм бэ, ямар ч сүрлэг юм бэ. Азийн олон шатарчид цугларлаа. Ихэнхи нь хүүхдүүд бололтой. Өсвөр насандаа их мастер, мастер цолтой олон хүүхэд ирснийг хараад гайхлаа. Дэлхийн шатарчид залуужжээ. Энд 25 наснаас дээш бол бараг ахмадад нь орж байна шүү. Энэ том тэмцээнд 17 настай өсвөр шатарчид түрүүлж байна лээ.


Дэлхийн шатрын их мастер Юү Янги тэргүүлсэн шатрын 34 их мастер цолтон цугларсан "2026 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн"-ий ялагчаар 2009 онд төрсөн, 17 настай, Олон улсын мастер цолтой хятад хүү Конг Шиангруй тодорч шатрын ертөнцөд шуугиан тарилаа.


Конг Шиангруй гэдэг шатарчны тухай Интернетээс тодруулвал дэлхийд 494 дүгээрт бичигддэг, Хятадад 30 дугаарт бичигддэг шатарчин ажээ. Шатрын ертөнцөд тодроогүй Конг Шиангруй Монголын Улаанбаатар хотноо ази тивийн аваргаас алтан медаль авч гялалзсан том амжилт гаргалаа. Конг Улаанбаатарт 9 өрөг наадахдаа нэг ч ялагдалгүй 5 хожил, 4 тэнцээтэй, нийт 7.0 оноотой коэффицентийн давуугаар Ази тивийн аварга цол хүртлээ


1998 оноос зохиогдож эхэлсэн Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний түүхэнд БНХАУ-ын эрэгтэй шатарчид нээлттэй ангилалд 9 алтан медаль зүүгээд байсан бол Конг Шиангруй арав дахь шатрын цомыг нь авчирлаа.


"21 дэхь удаагийн Шатрын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн"-ий аваргын алтан медаль нь Конг Шиангруйг шууд Grand Master буюу Их мастер цолтонуудын эгнээ рүү аваачлаа. Тэр бээр 17 насандаа Ази тивийн аваргын титэм зүүгээд шатрын олон улсын их мастер цол хүртсэн нь том үсрэлт, том амжилт шүү. Конг мөн дээр нь нэмээд “Дэлхийн цом 2027” тэмцээнд шууд оролцох эрхээр шагнууллаа.


Бие нь жижигхэн ч гэсэн бэлчээр нь том гэдгийг турьхан хүү Конг нотоллоо.


Дэд байранд БНХАУ-ын шатарчин, их мастер Шиао Тонг орж мөнгөн медаль хүртлээ. Гуравдугаар байранд Дэлхийн Шатрын Холбооны нэр дээр тэмцээнд орсон шатрын их мастер Жамсран Цыдипов хэмээх буриад монгол залуу хүрэл медаль хүртлээ. Энэ монгол үндэстэн залуу шатарчин Монголд нэгэн шатрын клубт багшилдаг ажээ. Энэ бол их ирээдүйтэй, цаашдаа дэлхийн аваргад өрсөлдөх шатарчин байлаа. Энэ монгол үндэстэн залууг манайхан Монголын харьяат болгоод авчих ухаан байхгүй байгаа нь тун харамсалтай. Хаа хамаагүй Ираны Саид хэмээх жудогийн бөхийг монголын иргэн болгоод яалаа даа.


Дөрөвдүгээр байранд ОХУ-ын их мастер, өсвөр жаахан хүү Ветохин Савва орж дэлхийн цомын тэмцээнд орох эрхээ авлаа.

Монголын шатарчин олон улсын мастер Амартүвшин энэхүү тэмцээнд 5.5 оноо авчээ.


Эмэтэйчүүдийн ангилалд Энэтхэг улсын 17 настай шатарчин Савита Шри алтан медаль хүртэж дэлхийн цомын тэмцээнд орох эрхээ авлаа. Турьхан жижигхэн охиныг түрүүлнэ гэж хэн санах билээ.


Дэд байранд Узбекистаны шатарчин их мастер Афруза Хамдамова мөнгөн медаль хүртэв.

Гуравдугаар байранд БНХАУ-ын шатарчин, олон улсын мастер Сүн Юйшинь хүрэл медаль хүртэв.

Монголын эмэгтэй шатарчин Энхрий 7 оноо, Баясгалан, Мөнхзул, Мөнгөнзул нар энэ том тэмцээн дээр 6.5 оноо авсан нь том амжилт шүү.


Энэ тэмцээнээс дүгнэлт гаргахад Монгол улс цаашид шатрын дэлхийн хэмжээний тэмцээн явуулж чадах юм байна. Харин монголын шатарчдыг дэлхийн түвшинд хүргэхэд төр засаг дэмжлэг үзүүлж ялануяа гадаадад болдог томоохон тэмцээний зардлыг улсаас гаргаж туслах хэрэгтэй юм байна. Монгол улсын ерөнхий дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт шатрыг оруулах нь зүйтэй юм байна. Дэлхийн шатрын их гүрэн болох Энэтхэг, Хятад, Узбекистаны туршлагыг Монгол улс судалж хэрэгжүүлэх нь чухал байна.


Доржийн СҮХБААТАР   2026.06.7