sonin.mn
Миний Монголын хөрсөн доор ямархан эрдэнэ эс нуугдана вэ?! Байгаль ээжийн “төрүүлсэн”-ээс өгсүүлээд бодгаль хүмүүний бүтээсэн хүртэл! Байгаль ээжийн эрднэсийг хөрс нэвт харах билгийн нүд геологич нарт заяасан байдаг. Бодгаль хүмүүний бүтээсэн эрдэнэсийг далдаас үзэх идтэй мэлмий археологич нарт оногдсон байдаг.
 
Өгүүлсү. Хануй гол угалзлана. Хүнгийн гол хээлнэ. Балгасын тал цэлийнэ. Бугатын нуруу ханхайна. Гол мод Хүнгийн бунхнаараа гайхуулна. 2011 он. Манай алдартай археологич Димаажавын Эрдэнэбаатарын удирдсан, манай нэртэй бизнесмен, Их хурлын эрхэм гишүүн “Женко” хэмээх Баттулгын ивээн тэтгэсэн Улаанбаатар их сургуулийн эрдэм шинжилгээний анги Архангай аймгийн Өндөр-Улаан сумын нутагт Гол мод И-ын Хүнгийн нэгэн язгууртны булшийг малтаад таван сар гаруй болж байлаа. 
 
Таван сар гаруйн туршид сонин сонин эдлэл олдсоор байсан боловч хамгийн гайхамшиггай нь 21 метрийн гүнд, ёроолдоо байжээ. Их савны ёроолоо гэж! Гэнэт алтан дугуй гарч ирлээ. Эрдэнэбаатар нүдэндээ ч итгэсэнгүй. Шороог цэвэрлэн үзвээс нэг эвэрт амьтаны дүрстэй ажээ. Дахин малтвал нэг, хоёр, арав, хорь... Алт, мөнгө, хүрэл... Ахиад, ахиад... Археологчдын хөл газарт хүрэхгүй байлаа. Тэгэлгүй яах вэ, Монголд байтугай дэлхийд олдоогүй юмыг олсон улс чинь. 
 
Эрдэнэбаатарын хувьд арван жил халуун наранд шарагдаж, хар хавсарганд балбуулсных нь гайхалтай үр дүн! Оролдлого сайт оройд нь хүрнэ гэдгийн үлгэр энэ. Тэгээд ч малтлагын хамгийн сүүлийн өдөр байсныг хэлэх үү! Үхрийн сүүлэн дээр хутга хугарах, сүүлийн тэмээний ачаа хүнддэх гэх зэргээр сүүлийн юмыг монголчууд жаахан таагүй хэлэх нь буй. Гэтэл энэ сүүлийн хувьд тийм болсонгүй.
 
Тийм ээ, үхрийн сүүлэн дээр хутга хугарсангүй, “үхрийн сүүл” дээр алтан эдлэл “овооров”. Сүүлийн тэмээний ачаа хүндэдсэн ч алтан эдлэл ачих хувьтай байж. Сайхаан сайхан. Харин би тэднийхээ олсонд хуруун чинээхэн хувь оруулаагүй байж, хийчихсэн “тогоотой хоол”-ноос нь одоо хувь хүртэлцэж суугаа минь энэ. Олзны юмыг олуулаа гэдэг монголын гайхалтай үг бий л дээ. Гэхдээ би эдгээрээс “ганц эвэрт”-ийн дүрстэй чимэглэлийг нь сонгож авсан юм.
 
Ганц эвэрт. Оросоор үүнийг единорог гэнэ. Англиар unicorn гэнэ. Гөрөөсний дүрстэй ганц эвэртийг монголоор билигт гөрөөс гэнэ. Харин Эрдэнэбаатарын “бэрс" гэж нэрлээд байгаа ганц эвэртийг нь монголоор юу хэмээдгийг мэдэхгүй. Юутай ч атугай Монгол түүхийн сурвалж бичигт буй билигт гөрөөсний монгол домгоос эхлэсү.
 
“Мөн түүнээс чинагш Энэтхэг очтол, Чадхаригийн даваагаар давж явтал Сэрү нэрт ганц эвэрт гөрөөс гүйж ирээд, эзний өмнө гурвантаа сөгдөж мөргөсөнд эзэн зарлиг болруун: “Энэтхэгийн Очирт орон гэгч, эртний дээд бурхан Шигэмүнийн төрсөн орон билээ. Энэ хэл амгүй гөрөөс мөрөх аху, бус юун аху.
 
Тэнгэр эцэг минь ятгасан буй заа хэмээгээд урваж буувай” гэж Шар туужид өгүүлжээ. “Өвлийн сүүл сард Чингис хаан Си Юй улсын Мияличэн хотыг авч, бас Хуйхуй улсыг сөнөөгөөд, түүнээс Энэтхэг улсад орж, Темэньгуань боомтод буусан хойно дагах ард нэгэн гөрөөсийг үзэв. Байдал дүр нь буга мэт бөгөөд ганц эвэртэй, биеийн өнгө нь хөх,сүүл нь морины сүүл адил. Тэр гөрөөс ирээд, хүний хэлээр өгүүлрүүн: “Танай эзэн эдүгээ хурдан буцваас зохилтой” хэмээн өгүүлж одвой.
 
 Түүнийг Елюй Чуцайгаас асуусанд Елюй Чуцай айлтгаруун: “Энэ гөрөөсний нэр нь ЧжоуДуань, нэгэн өдөр нэгэн түмэн найман мянган газар явмуй. Хүний хэлийг мэдэх бөгөөд ихэд өршөөлтэй ирсэн нь, чухам алахыг хориглох бэлгэ ажгуу. Их цэрэг барууныг дайлаар ирснээс эдүгээ дөрвөн жил болов. Лавд дээд тэнгэр бээр байлдахыг жигшихийн тул, үүнийг зарж хаанд ухуулах амуй за. 
 
Эдүгээ тэнгэрийн өршөөлд нийлүүлж, олон улсын хүний амийг асарваас л хаан хязгаалшгүй өршөөлт буйн болой” хэмээсэн хойно Чингис хаан тэр үгийг зөвшөөж, цэрэг хөдөлгөсөнгүй суув” гэж Рашпунцагийн “Болор эрхи"-д өгүүлжээ.
 
“...Тэндээс тэр жилийн цагаан сард Чингис хаан дорнод Энэтхэг улсаас цааш эчиж, эрхбиш Энэтхэг улсын таван их орноо хүрч эчсүгэй хэмээн морилон явсаар, Энэтхэгийн төмөр хаалгат зааг Төмэнь- гуань-ий гадна хүрч их цэрэг буудаллаж,.... хааны гэгээн нэгэн өдөр морилон олон сайдыг авч их талд зоогхийн, зугаа хийн, бас Темэнь-гуань-ий хэрмийн бат бэх сонин гайхамшгийг үзэж явахуйд чанад Темэнь-гуань-аар нэгэн хөхөвтөр ногоон өнгөтэй гөрөөс бие нь буга гөрөөс мэт, толгойд ганц эвэртэй бөгөөд морины сүүлтэй, гүйсээр ирж, хааны өмнүүр өнгөрч гарахуйд баахан зөгсөрхийлсүгэй хэмээгээд хааны нум зэвээ авахыг үзээд, цааш халин довтлож, өнгөрөн гараад, хааны өмнө жагсаалын тэргүүнд явах хааныг шадар дагах хиа Төгсцогтын эсрэг зогсож, хүний үгээр дуудан өгүүлрүүн: 
 
“Чи хаанд эртхэн цэрэг эгэвээс зохимуй хэмээн айлтга” хэмээгээд цааш довтлон хаапганд оровой. Үүнийг бүгдээр цөм үзэж байсан тул ойролцоо байх цэргийн ард цөм Сонсов. Хааны бие ч түүний тийн гүйгээд, хиа Төгсцогтын эсрэг хандаж, хэдэнтээ тойрсныг айлдаж үэсэн тул, Төгсцогт ирж, түүний
 
Үгийг хаанд айлтгасанд хаан гайхаж зарлиг болруун: ‘Энэямар сонинхэрэг, эрт би хойд замаар баруун Төвдөөр Энэтхэг орсугай хэмээхүл, Чидагарангийн даваанд нэгэн алтан үст ганц эвэрт гөрөөс замыг халхлан сөгдөж мөргөв. Тэр харин үг хэлж чадахгүй, энэ өдөр одоо дотоод замаар энд хүрвээс бас ийм нэгэн гөрөөд гарах нь юутай сонин хэрэг. Үүнийг ямар гөрөөд хэмээх буй? Юуны учир хүний хэлээр хэлж чадмуй. Үүний ёр бэлгэ нь юун? " хэмээсэнд хажуугаас Евай Чуцай гарч сөгдөж айлтгаруун: “Энэ араатны нэрийг цзяо дунь-бодь цагаан гөрөөд хэмээмүй. Дөрвөн зүгийн хязгаарт ийм дөрвөн зүйлийн амьтан буй...
 
Тэр гөрөөд хаан эзэнд ийн айлтгуулах нь лав Тэнгэрийн санаа. Хаан хэмээгч Тэнгэрийн хөвүүн., иргэн хэмээгч хааны хөвүүн. Бодвоос хааны гэгээн их цэргийг авч баруун зүг орж, энэ хэдэн аймгийг дайлсаар дөрвөн жил болов. Дөрвөн оны дотор цэрэг иргэний үхсэн нь тоолбоос барахгүй. Энэ гөрөөд хэмээгч алахыг жигшин аврагчдад амраг тул, их цэргийн алах хийгээд хядан урагш орохыг зогсоох байдалтай буй. Тэнгэр алах хядахуйд дургүй тул лав үүнийг зарж богд эзэнд ятган хэлүүпэх буй за. 
 
Эдүгээ энэ хэрмийг орвоослав бас харъяат газрын эзэд хаад нь эсэргүүцэн байлдахуйд хүний үхэх нь маш болмуй. Тийнхүү богд эзнийг этхэн эгмүй хэмээн илгээжүхүй. Богд эзэн хянаваас зохимуй хэмээхүйд....хаан хагас цаг бодож зарлиг болруун: “...Түргэнээ цэргийн ихгт мөн өдөр даруй эгэх архи дусаамуй... "хэмээж... ” гэж Инжиннашийн “Хөх судар” романд өгүүлсэн байна.
 
“Сэрү нэрт ганц эвэрт гөрөөс”-ийг ‘Хорин найтын тайлбар толь”-д тайлбарлахдаа, “Хүний хэлээр хэлэлцэн төсөөлдөг, төрөлхийн шударга чигч, ганц эвэрт, ямаатай төстэй, гөрөөсийг хэлмүй. Бас алтан голч гөрөөс, цагаан арслан, хирс эвэрт гэнэ” гэжээ. Эзэн Чингисийн эл домог Европ зүгт ч тарсан нь, “Полная энциклоледия символов и знаков” ГБэлгэ тэмдэгийн бүрэн нэвтэрхий толь”/ номд “Домгоос үзвэл Чингис хаан цөлд ганц эвэрттэй таарсанд гөрөөс түүнийг булаан эзлэх аян дайнаа зогсоож эх нутагтаа буцахыг зарлигласан” гэж бичсэнээс тодорхой. Энэ тухай үл егүүлэх өгүүлэхүйд, миний бие Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант хайрханы хадны зураг авч яваад, нэгэн сонин зурагтай таарсан нь билигт гөрөөснийх гэж хэлж болохоор юм. 
 
Нээрээ, мөнөөхөн домогт гөрөөс энэ мөн үү? Тийм ээ, би энэ зургийг билигт гөрөөснийх байж магадгүй гэж хардаад байгаа юм. Учир нь ганц эвэр гаргаж, цээжин биеийг дал мөр өнгөртөл нь нэлд цагааруулан хонхойлж, бегсийг дагнаасаар сийлээд, цоохорложээ. Эвэр махирдуу бөгөөд богино. Бас босоо дэл, үзүүр рүүгээ сахлагдуу урт сүүлтэй. 
 
Мундаан дээр нь бас цэх босоо зүйлийг тасалданги сийлсэн нь, угнаасаа бүдүүндүү, үзүүр рүүгээ шувтан, мушгиа байдалтай, оройдоо болцуутай ажээ. Өгүүлэхэд, чанх хажуугаас нь харж, ганц эвэртэйгээр дүрсэлсэн янгир, буга хадан дээр зөндөөн байдаг л даа. Энэ гөрөөсийг мөн л хажуу талаас нь зурсан боловч бусдаас нэг л  ондоо доо. 
 
Гөрөөс гэхэд дэл, сүүлтэй нь сонин. Ганц эвэрт цагаан цээжит морь юм уу? Цагаан цээжит гэснээс Өрнөдийн домог зүйд ганц эвэрт цагаан морийг эрхэмлэдэг. Гэвч энэ тухайтад өгүүлэхээ түр хойш тавьж, хятады билигт гөрөөс гээд байгаа амьтаны тухайтад танилцуулсу.
 
Уг гөрөөсийг хятадаар ки лин гэдэг ажээ. Галбинга, луу, яст мэлхий зэрэг буян авчирдаг амьтадын нэг нь тэрхүү ки лин /билигт гөрөөс/ гэнэ. Энэ ер ямар дүр байдалтай амьтан бэ? гэдэг нь миний сонийг хөдөлгөөд болдоггүй. 
 
Хятадаар “аа” байхгүй амьтан би Интернетийн “wikipedia”-г ухахаас өөр аргагүй болов. Чингээд юу олсон гээч, Толгой нь хоёр лууны, бие нь хирсийн, арьс нь загасны / хайрстай/, хөл нь үхрийн /ац туурайтай/ амьтаны баримал гурав ч байж байна. Тайлбарт нь түүнийг ганц эвэртэй гэж бичдэг, энэ бол хүмүүсийг төөрөгдүүлсэн хэрэг гэж бичсэн байлаа. 
 
Мин, Цин улсын үеийн барималууд аж. Миний бодоход, ээ, энэ нь манай билигт гөрөөс яавчиг биш ээ. Солонгосоор хилэн-г хирин гэдэг юм байна. Түүнийг тодорхойлохдоо, дэлтэй, буган биетэй, үхэр сүүлтэй, морин тууртай гэжээ. Японд түүнийг мөн л кирин гэж нэрлэдэг байна. Одоогийн япон хэлэнд д|га№е /анааш/ гэж нэрлэх болсон гэнэ. Энд сэдвээс хазайхад, хятад хилэнгийн зурагт анааш байгааг дурдсу. Япончууд хирин-гээ дүрслэхдээ хятад урлагт дүрсэлдгийг бодвол бугатай илүү ойроор дүрсэлдэг юм байна. 
 
Тухайлан хэлбэл, хирин [Ыпп] нь бугатай төстэй, луу хэлбэртэй, үхэр сүүлтэй гэнэ ээ. Харин эдгээр нь манай билигт гөрөөстэй ялигүй төстэй байж магадгүй. Гэвч зураг нь \Мк|ресНа-д байсангүй. Хятад хилэн-гийн тайлбараас миний сонирхсон юм гэвэл түүний бүх биеэС гал цацарч байдаг гэсэн нь, мөн Цин улсын уеийн баримлын толгой, сүүлээс галын дөл цацарч байгаа байдлаар дүрсэлсэн нь юм.
 
Харин Өрнөдөд ганц эвэртийг Дорнынхоос тэс ондоогоор дүрсэлдэг нь юу гэвэл эвэртэй цагаан морь юм. Тийм ээ, Өрнө дахинд ихэд тархсан нь цагаан биетэй, магнайдаа ганц мушгиа эвэртэй, гөрөөсний хөлтэй, арслангийн сүүлтэй юм. 
 
Харин балар эртийн цагт эхпээд үхэр биетэй, арай сүүлд нь морь, мөн ямаан биетэй дүрсэлж байсан байна. Мөн тэр цапг ганц эвэртийг “хамгийн догшин, хилинт, дуу нь чихэнд чийрт” гэж үздэг байсан тухайтад Плинии бичжээ. Түүнийг тийнхүү адуу шиг аймшигт, ялагдашгүй араатан хэмээн зураглаж ирсэн байна. Онго шүтлэгийн үед түүний эврийг ичрэг шүтэх ёстой холбож байжээ. Дунд Христосын ёсонд бол түүний дүрийг тачаангуй, үржихүйн бэлгэ тэмдэг болгож байв. Билигт герөөсийг барьж авахын тулд хөдөө хээр онгон бүсгүйг зогсоодог, билигт гөрөөс түүн дээр мордож, бүсгүй нь түүнийг энхрийлэн янаглаад, вангийн өргөөнд аваачдаг гэж “Physio-logus” -т бичжээ. Иймээс түүнийг Ариун Мари-ийн өвөр дээр хэвтэж байгаагаар зурсан нь элбэг. Ганц эвэрт нь бүхэлдээ Христыг төлөөлдөг, эвэр нь түүний дийлдэшгүй хүчийг бэлгэддэг гэнэ.
 
Учир нь тэр Ариун Мари-ийн хэвэл дээр хэвтэж байгаад анчидад баригдсан гэнэ. Чингээд Христос төрсөн гэх. Дахин өгүүлэхэд, манай хадны билигт гөрөөсний мундаан дээрээс ургасан ганц мод нь Европын ганц эвэрт морины шилэн хүзүүнээс ургасан мод лугаа тун төстэйг хэлсү. Ганц эвэртийн хамгийн эртний дүрслэл нь манай эриний өмнөх 3 дахь мянганы соёлын дурсгалууд дээр тааралддаг, тухайлбал Инд мөрний хөндийн эртний хот Мохенжо-Даро, Хараппын тамга дээр байдаг байна. “Атхаррвавед”-ийн домогт галав юүлэх үеэр Ману хөлгөө ганц эвэртийн эвэрээс уясан гэж гарч байна. 
 
Чингэхлээр энэ нь одоо биднээ мэдэгдэж байгаа баримтаар бол Эртний Жагараас үүдэлтэй ажээ. Манай Чингис хаан маань билигт гөрөөс буюу бодь цагаан гөрөөстэй Энэтхэгт хоёр тааралдаж байгааг санахад илүүдэхгүй. Ер эрдэмтэд энэ амьтны дүрийг хамартаа эвэрт буюу хирс /rhinoceros / гэдэг амьтаны тухай цуу ярианас сэдэвлэн ургуулж босгосон гэж үзэх нь буй. 
 
Гэтэл Гэрэгийн Ктесис, Арестотель, Ромын мөнөөхөн Плинии нар түүнийг бодьтой байсан амьтан хэмээн бичиж байжээ. Эдгээрийг үл өгүүлэн, Эрдэнэбаатар нарын олсон билигт гөрөөс, ганц эвэрт “бэрс”-рүү эрэгсү.
 
Эдгээрийг эрдэмтэд маань том язгууртаны, магадгүй хааны сүйх тэрэг хийгээд морины тоноглолыг чимэглэж явсан зүйлс гэж тогтоосон юм. Чингэхдээ дор миний өгүүлэх чимгийг морины хударганых гэж үзсэн байна. Мөнгөн баавар дээр их л урнаар товойлгон урласан билигт гөрөөсийг үзвээс толгойгоо гэдийлгэж, хоёр чихээ солбиж, зөвтэй талын урьд хөлийг газар цавчих гэж буй байдлаар нугалан өргөж, буруутай талын хойд хөлийг тийрэх гэж буй маягаар тахийлгасхийн татаад, хэлээ гарган майлж байгаа байдалтайгаар дүрсэлжээ. 
 
Билигт гөрөөсний ганц эвэр нь магнайн согсоо бүхий овоон дээрээс ургасан, урт, тэхий голдоо хүртэл мушгирснаа цааш гөлгөр болж, улмаар үзүүрээрээ дээш угалзлан өөд эргэсэн, эрүүн дор сахалтай, омруун дагуу зогдортой, тэр нь явсаар урд хоёр хөлийн хооронд очихдоо үзүүрээрээ сөрвийн эргэсэн, ар шилэндээ дэлтэй, дэлний шанх дээш мөн угалзлан эргэсэн, хонго дагасан үс сахлаг, сүүл хойт хоёр хөлний хоорондуур цухуйсан, хавирганы яс зурайсан, зүүн зүг харсан гөрөөсний хойт хоёр хөлийн хооронд “эр бэлгийн тэмдэг” буй, баруун тийш харсанд үгүй ажээ. 
 
Гэвч ухнын, тэхийн хуухнаг шигунжсан том биш, азарганы умдаг мэт. Мөн хавирганы ард тэмээн хяруулын далавч мэт дөрвөн өдтэй жигүүр маягийн юм буй. Эр гөрөөсний эвэр арай бахим, мушгиа нь бас арай бүдүүн, эмийнх нарийн. Эр нь хоолой дахь дугуй эвэрлэгээсээ ургасан мушгиа чандартай, энэ нь биерүүгээ эргэсэн бол эмийнх нь гурван бутан чандар гадгаш эргэсэн байна.
 
Галбинга шувууг ийм чандартай гэдэг. Гөрөөсний үс хялгас бүрийг ширхэгчлэн гаргаж, булчин шөрмөс бүхнийг товойлгон хийсэн, чингэхдээ тэр бүхнийгэвэр угалзын янзтай урлажээ. Эвэр угалзыг XIII зууны үеийн хаадын дээлний цээжинд, хаадын босгосон гэрэлт хөшөөний хөвөөн дээр урласан байдгаар улбируулж бодвол угалз нь манай өвгө дээдсийн язгууртан, хаадын бэлгэ тэмдэг болсоор ирсэн түүхтэй гэж хэлчихмээр. Түүхтэй гэсэн минь одоо ч урианхай нар гулзтай [угалзтай] нуман тамга хэрэглэж, үүниигээ манаи ноёдын тамга гэж тайлбарлаж байгаагаар батлагдах мэт. 
 
Гөрөөсийн дүрсийг дээшээ өрвөлзөх галан хээн дунд гаргасан байна. Эрдэнэбаатар нар энэ хээг үүлэн хээ гэсэн байна. Их Инжиннаши “Эцэг тэнгэр хөвгүүнийг ятгахуйяа бодь цагаан гөрөөдийг буулгаруун...” гэж шүлэглэснээр бол нээрээ тэнгэрийн үүлэн хээ гэж үзэж болох талтай. Гэвч монгол зургийн эртний уламжлалд үүлэн хээг ихэнхдээ босоо бус, хөндлөн угалзлуулж зурсан байдаг. Гэтэл нь эл хээ дээш цоролзож байсаа галын заль байдалтай. 
 
Монголчууд галыг сүр хүчний бэлгэдэл гэж үзэж, гал өөдөө гэж ерөөдөг уламжпалтай. Тэрхүү галын залиар гөрөөсний сүр хүчийг, улмаар түүгээр төлөөлүүлэн хааны сүр жавхлан, суу залийг харуулсан болов уу. Гөрөөсийн амыг ангайлган хэлийг гаргаж дүрсэлсэн нь хүний хэлээр ярьж байгаа буюу хонхны дуу гаргаж байгааг бэлгэдсэн байж болзошгүй. Өөр хоёр гөрөөсний ялгарах зүйл нь гэвэл хүзүү нарийн, чих солбиогүй, ам ангайсан боловч хэл нь гараагүй, сахал, зогдор, дэл урт, хүзүүг гянайлгаж, биеийг хураан эвхсэн байртай, хоёр хөлийг маш дээр өргөсөн байна. 
 
Энэ хоёр гөрөөс нэлээд хүчилсэн байдалтай бол түрүүчийн хоёр гөрөөс нь нэлээн тайвуу байдалтай агаад эл хоёр хосын хөдөлгөөнийг давхцуулаагүй байна. Эдгээр чимэг хос хосоороо байгаа нь эдгээрийг өөд өөдөөс нь харуулан байрлуулж байсан хэрэг.“3ул алдар хаан” туульд 
 
Далай цагаан өргөөний 
Тэрэм талд нь 
Тэх хуц хоёрыг 
Тэгш сайхан мөргөлдүүлээд 
Сийлсэн байдаг л...         гэж гардаг нь, хүчитнийг өөд өөдөөс нь харуулан урладаг дээдсийн заншил бардаагаар хүн нар.аас эхтэй нь эдгээрээс харагдаж байх. Унгар, Румынд аж төрөн сууж байгаа Аттила хааны удмынхан цагаан шонхроо гулдан хаалганы тотгоны хоёр өнцөг дээр өөд өөдөөс нь харуулан сийлсэн байгаа нь дээрхийг давхар нуталж байна биш үү.
 
Энэ уламжлалыг монголчууд бид өдгөө ч хадгалсаар ирсэн нь, арсланг хоёр авдран дээр нэг нэгээр нь зураад, авдраа тавихдаа хоёр арсланг өөд өөдөөсөө харж байгаа байдлаар, мөн нэг авдар дээр зурвал ноцолдох байдалтай хүрхэрч байгаагаар зурсан байдгаар нутлагдах мэт.
 
Чингээд билигт гөрөөсний бэлгэ ёр, бэлгэдэл тэмдгийг энд тэндээс түүн олж, түүвэрлэн авснаа нийлүүлбэл дараахь ажгуу. Билигт гөрөөсийг дүрслэсэн эдпэл хэрэглэж яваа хүн нь цэргийн том жанжин буюу тэр ургийн угсаа дээдтэй, чигч шударга эр байх ёстой аж. Гөрөөс нь улаан, шар, хөх, цагаан, хар гэсэн таван зүстэй, түүний майлах нь хонхоны жингэнэх лугаа адиЛ. Энэ амьтан мянга насладаг, хуурай газар байдаг 360 амьтаны хамгийн дээд нь.
 
Төлөв түвшиний бэлгэдэл, шударга эзэн хаан мэндлэхийн бэлгэ, эв эеийн тэмдэг болдог. Уг гөрөөс амьд амьтан дээр үл гишгэдэг, гагц хатсан өвсөөр хооллодог, эвэр нь мугалзар учир хэнд ч гэм үл хийдэг. Билигт гөрөөс нь нигүүлсэхүй сэтгэл, буян хишиг, хүн хүнээ хайрлахыг, эвэр нь эзэн хааны нэгэн засаглал, нэгдмэл улс байхын бэлгэ ёс болдог. 
 
Есдүгээр зууны хятадын нэгэн үлгэрт ганц эвэртийг өөр ертөнцийн амьтан, аз жаргалыг зөгнөдөг гэжээ. Энэ нь морь буюу үхэр ч биш, чоно буюу буга ч биш, учир иймд бид түүнтэй таарлаа гэхэд танихгүй байж магадгүй гэж нэвтэрхий тольд бичжээ. Инжиннашийн дурдсан бэлэгдэл лүгээ үүний юу нь нийцэж байна вэ гэвэл бодь цагаан гөрөөс нь алаан хядааныг жигшдэг, аварч энэрэхийг эрхэмлэдэг үзэл нь, хаан хүний бэлгэ тэмдэг болдог гэсэн санаа нь, мөн түүний газрын амьтан биш гэсэн тодорхойлолт нь цав гэтэл нийлж байна гэж хэлж болно.
 
Зүсийн хувьд хөхөвтөр ногоон гэж Инжиннаши бичсэн нь хятад хилэнгийн бэлгэдэлийн хөхтэй бараг л дүйж байх. Гэтэл хадны зурагт тэр амьтныг алаг зурсан нь жигтэй мэт боловч эзотерик шүтлэгт ганц эвэртийг цагаан бие, улаан толгой, хөх нүдтэйгээр дүрслэдэгтэй харгуулбал нэг их хачирхаад байлтгүй мэт.
 
Мөн алтан цээжтэй, мөнгөн бөгстэй гөрөөсний тухай монгол үлгэрийг санахад юун илүүдэх. Мөн манай билигт гөрөөсийг галын хээн дээр дүрсэлснийг мөнөөхөн хилингийн биенээс гал ноцож байгаагаар дүрсэлдэг лугаа харьцуулбал сонин юм. Эрдэнэбаатар нарын “бэрс" гэж үзээд байгаа дугуй алтан бааварын амьтан маш сонин юм. Мөн л хос амьтан.
 
Их бие зүүн тийш жишүү эргэсэн амьтан нь чанх өөдөөс нүд бөлтийлгөн ширтсэн, угаасаа мушгаран явсаар тэхии голоос ялгүи өнгөрөөд ирмэгтэй гөлгөр болсон ганц эвэртэй, шүдээ ярзайлган, хэлийг бултайлган амаа ангайхын чинээгээр ангайн сүрийг үзүүлсэн байдалтай, мориных мэт чихийг дэлдийлгэсэн, могойн мэт урт нарийхан, чингэхдээ их биерүүгээ бүдүүрсэн хүзүүтэй, хоёр шанаандаа гурав гурван “санчиг”-тай бөгөөд дөрөв дөрвөн сөд бүхий тогосынх шиг хоёр дальтай, тэрхүү дэвж буй тэр далийн төвгөр үен дээр гурван салаа хумс бүхий сарвуутай, зөвтэй талын дальнаас тогосын сүүл мэт ганц урт өд хөлийг ороон газарт хүрсэн, тэмээн хяруулынх шиг бахим хоёр чийрэг хөлтэй, хөлийн сарвуу гурван хумстай, хоёр хөлийн буруу талынхыг ялихгүй өргөсхийж, зөв талынхыг бат гишгэн омог төгөлдөр алхаж яваа байдалтай. Ерөөс энэ амьтан толгойгоо өргөн амаа ангайн бөлтийн ширтээд, далавчаа дэлгэн, алцайн алхаж байгааг үзэхүйд хэн нэгнийг айлган сүрдүүлж байгаа мэт. 
 
Өөрөөр хэлбэл, наж могой идшээ үзэхээр цогнойн босоод яг ийм дүрийг үзүүлдэг шуү дээ. Өөрөө бол юунаас ч айхгүй, өрөөлийг айлган буйг илтгэсэн омог бардам ажгуу. Нөгөө нь хоёр хөлөө газарт бат гишгэснээрээ л ялгаатай аж. Энэ урлапын шилтээ нь гэвэл оюу, номин.........ажээ. 
 
Энэ сүртэй амьтныг навч, цэцгэн хээн дунд дүрсэлжээ. Дугуй цомирлогт болон навчин хэлбэрт цомирлогтой цэцгэн хээн бүрийн голд эрднийн чулуу шигтэгжээ. Мөн амьтаны их биенд ч шигтгээ хийсэн, чингэхдээ далийн өд, эвэрийн үзүүрт угалзалсан оюу шигтгээ хийсэн байна. Хүчирхэг лууг хөх тэнгэр хийгээд хөрст газрын амьтан гэж үздэг тал Дорно дахинд буй. Тэрхүү цэцэг навч нь хөрст дэлхийг бэлгэдэж байгаа буй заа. Лууг нисч яваагаар бус, газарт буусан байдлаар дүрсэлснийг бодогтүн. Молхи би энэ бүхнийг үзэхдээ Эрдэнэбаатар нарынхаа эл амьтныг“бэрс” гээд байгаатай санал ялихгүй зөрж байгаа юм. 
 
Эрдэнэбаатар нарын олж ирснийх нь дараа анх хальт харахдаа энэ бэрсийн биш, лууны толгой байна гэж харсан билээ. Гэвч чи эрдэмтэдтэйээ санал зөрж байгаа бол түүнийг нотлох гэж оролдох хэрэгтэй. Чингээд лууны дүрслэлийн “эрэлд мордлоо”. Өрнө дахинд ч тэр, Дорно дахинд ч лууг голдуу амаа ангайн, хэлээ гарган хүрхэрч буй байдлаар дүрсэлдэг ажээ. Өрнөдийн луу хоёр хөлтэй байхад Дорнынх дөрвөн хөлтэй байдаг байна. Гэхдээ тэр бүхний дундаас Шанхайд байгаа ганц эвэртэй лууны баримал, Датунд байгаа найман луут хэрэмний зураг өөрийн эрхгүй анхаарал татсан юм. 
 
Шанхайн баримал дээр амаа ангайсан ганц эвэрт лууг дүрсэлсэн байлаа. Энд зөвхөн толгойн зургийг тавьжээ. Мөн Датунгийн хэрэмний луу нь мөн л амаа ангайхаараа ангайсан, хэлээ гаргасан, дөрвөн хөлтэй ажээ. Монголчууд бид Азийн улс өөрийн урлагийн зүйлийг тул Азийн соёл урлагийн, домог зүйн ай савд нь багтааж, түүн лүгээ харьцуулан судпах нь зүйтэй хэмээн молхи би санадаг билээ. Ухаа нь, Индонезийн Сурбаяад Зипддаг Адипд хийдэд өөд өөдөөс нь харуулан босгосон хоёр лууны аварга баримлыг хар.
 
 Энэ нь манай хүчирхэг амьтдыг өөд өөдөөс нь харуулан дүрсэлдэг лугаа, манай бааврын амьтны амаа ангайсан дүрс лугаа төсөөтэйг харуулаад байх бус уу. Манай Хүннүгийн язгууртны булшнаас олдсон амьтаны толгойн дүрс “бэрс”-нийх биш, лууных байна гэсэн таамгаа батлах гэж оролдсон минь энэ юм. Гэхдээ манай хүн нарын луу өөрийн гэсэн онцлогтой нь, өөрөөр хэлбэл шувуун биетэй, дөрвөн хөлтэй/урд хоёр хөл далавчиндаа буй/-гээр дүрсэлсэн нь хүн нар өөрийн сүр хүчний бэлгэдпийг маш өвөрмөцөөр харуулсан нь тов тодхон байна.
 
Үүнийг би нэгэнт зургийг харан бичгээр дүрслэх гэж оролдсон тул дахин нуршихыг түдгэлзсү. Энд нэг зүйлийг онцлон дурдахад лууг Мин улсын анхны хуандий Юаний эзэн хаадаас уламжлаж авсан гэж Wikipedia-д дурдсаныг хэлэхэд илүүдэхгүй мэт. Үүнийг уншмагц Хувилай хааны байгуулсан Шанд нийслэлийн тууриар ноднин. орсон минь сэтгэлд сэрхийв. Тэнд цав цагаан гантиг баганан дээр луу сийлсэн байсныг үзсэн. Чингэхэд Хувилай цэцэн яавч хятад луу сийлүүлээгүй, монгол яуу сийлүүлсэн байж таарна гэж олзуурхан авч билээ. 
 
Тэр нь ганц эвэртэй луу байсан. Гагцхүү үзүүрээрээ салаалсан байсан. Чингэхлээр түүнийг ганц эвэртэй гэхээс яах вэ? Ухаа нь, арван гурван салаа эвэртэй бугийг арван гурван эвэртэй гэдэггүй шүү дээ. Харин ам хагас ангайсан байлаа. Дөрвөн хөлтэй, хөл бүр таван хумстай байвай. 
 
Хумсны тухайд өгүүлэхэд, Мин улсын хуандийн үед лууг таван хумстай зурвал хааны, дөрвөн хумстай зурвал дээд түшмэлийн зэрэг, гурван хумстай бол зэрэг дэв доогуур гэснийг илэрхийлдэг болжээ. Мин улсын үеэс шүү! Тэр бүхнээс ургуулан гаргалгаа хийвэл ганц эвэрт луу чинь тэнгэрийн хөвүүдийг бэлгэдсээр Хүнгийн шаньюй нараасХувилай хааныгхүрч ирсэн байна гэж болмоор.
 
Д. Эрдэнэбаатар нар “Эртний хятадын Хан улсын үеийн хийц загвартай энэхүү модон тэрэг хэрэг дээрээ байнга хэрэглэгдэж байсан тэрэг биш, Хүннүгийн хааны оршуулгын зан үйлд зориулан тусгайлан хийжявууулсан бололтой” гэсэн дүгнэлт хийжээ. Үүнээс ургуулбал, эндээс олдсон билигт гөрөөс, эвэрт лууны дүрс бүхий апт, мөнгө, хүрэл чимэглэлүүд тэргийг дагалдан ирсэн гэсэн гаргалгаа хийж болмоор. Гэвч билигт гөрөөс нь аливаа улсын бүрэн бүтэн, хүчирхэг- чадалтай байхын бэлгэдэл болдог юм бол Тан улсын хаад яав чиг Хүннү гүрний хүчирхэг байхын бэлгэ болгож ийм зүйлийг бэлэглэхгүй нь тодорхой.
 
Үүнд манай Ринчен багштаны нэг шог үгийг ишлэмээр санагдлаа. Тэрвээр Хятадын их цагаан хэрмийг үзчихээд, наад талд нь гарч, тэнгэр харж хэвтээд, “нутагтаа ирж амарлаа” гэснээ “хятадууд ухаантай улс, яавчиг ханаа гэрийнхээ буурин дундуур шийрлэхгүй” гэж хэлсэн гэдэг. Нээрээ, хятадууд ухаантай улс өөрийг нь байнга довтлож, өөрийн сүр хүчийг тэдэнд ямагт үзүүлж байсан хөрштэйгээ хичнээн найрамдпаа ч түүнийг хүчирхэг байг гэж бэлгэдэн ерөөхгүй лавтай хэмээн молхи би мунхагламу. 
 
Үүгээрээ би юу хэлэх гээд байна вэ гэвэл манай хүн нар хэнд ч байхгүй өөрийн гэсэн урлагийн өвөрмөц бэлгэдлийг бий болгож, хийсвэрлэн урлахуйн дээд оргилд хүрсэн байжээ гэдгийг хэлэх гэсэн юм аа. Бид ийм л юмаараа бахархахгүй юм бол юугаараа бахархах юм бэ! Миний Монголын хөрсөн доор ямархан эрдэнэ эс нуугдана вэ?! Байгаль ээжийн “төрүүлсэн”-ээс өгсүүлээд бодгаль хүмүүний бүтээсэн хүртэл! Байгаль ээжийн эрднэсийг хөрс нэвт харах билгийн нүд геологич нарт заяасан байдаг.
 
Бодгаль хүмүүний бүтээсэн эрдэнэсийг далдаас үзэх идтэй мэлмий археологич нарт оногдсон байдаг. Үнэн гэдгийг би ам дүүрэн хэлсү.
 
 
Го.Аким
Судлаач, нийтлэгч