.png)
ТОКИО, 2025 оны тавдугаар сарын 21 /Kyodo/. Дэмжигчдээсээ их хэмжээний будаа хүлээн авдаг учраас цагаан будаа худалдаж авдаггүй гэж хэлснийхээ улмаас ширүүн шүүмжлэлд өртөөд буй Японы Хөдөө аж ахуйн сайд Такү Это өнөөдөр албан тушаалаасаа огцорчээ. Үнэ өсөж буй үед түүний хэлсэн энэ үг япончуудын бухимдлыг төрүүлсэн байна.
Ерөнхий сайд Шигэрү Ишиба огцорч буй Т.Этогийн оронд Байгаль орчны сайд асан Шинжиро Коизүмиг Хөдөө аж ахуйн сайдаар томилох шийдвэр гаргасан тухай засгийн газрын эх сурвалж мэдээлжээ.
Ш.Ишибагийн Засгийн газрыг дэмжигчдийн тоо өнгөрсөн оны сүүлчээр үүрэгт ажилдаа орсноос хойших хамгийн доод түвшинд хүрээд байгаагаас гадна энэ зун парламентын дээд танхимын сонгууль болох гэж буй үед дээрх маргаан дэгдсэн байна. Ингэснээр Т.Это өнгөрсөн 10 дугаар сард болсон бүх нийтийн сонгуульд парламентын суудлаа алдсанаас өөр шалтгаанаар албан тушаалаа орхисон засгийн газрын анхны гишүүн боллоо. Ш.Ишиба энэ долоо хоногийн эхээр түүнийг албан тушаалдаа үлдэхийг зөвшөөрсөн боловч сайдыг огцруулахыг олон нийтийн зүгээс хүчтэй шаардсан байна.
Т.Это огцрох өргөдлөө өгснийхөө дараа Ерөнхий сайдын өргөөнд сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө, би цагаан будааны үнэ эгзэгтэй байгаа энэ үед яамыг удирдах нь зөв үү гэж өөрөөсөө асуусны эцэст үгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн хэмээн хэлжээ.
“Ард түмэн цагаан будааны үнийн хөөрөгдөлтэй тулгарч байхад сайдын хувьд тун зохисгүй үг хэлсэндээ дахин хүлцэл өчье” гэж тэрбээр нэмж хэлсэн байна. Хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас агнуурын яам долоодугаар сар хүртэл нөөцөөс будаа гаргах шийдвэр гаргасны дараахан Т.Этогийн хэлсэн үг шүүмжлэл дагуулжээ. Өнгөрсөн жилийнхээс хоёр дахин өссөн будааны үнийг бууруулах зорилтын хүрээнд ийм алхам хийсэн байна. Т.Это бол эрх баригч намын хөдөө аж ахуйн бодлогын тал дээр тэргүүлэх мэргэжилтнүүдийн нэг бөгөөд Ерөнхий сайд асан Шинзо Абэгийн үед Хөдөө аж ахуйн сайдаар нэг жил ажиллажээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл2
Манайд бол дэвшүүлнэ
Хөдөө аж ахуй, далайн аж ахуйн сайд гэж нэрлэнэ. Далайгаас загас барьж, хүнс бэлдэж ирсэн японы аж ахуйг захирдаг сайд гэж болнно.