сонин mn
ТОКИО. /RIA Novosti/. Өнөөдрөөс хүчин төгөлдөр болж буй цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээнд Япон улс нэгдэхгүй гэж тус улсын Ерөнхий сайд Сүга Ёшихидэ парламентдаа үг хэлэхдээ мэдэгджээ.  
“Бидэнд энэхүү гэрээнд гарын үсэг зурах төлөвлөгөө байхгүй. Цөмийн зэвсгийг хорогдуулах асуудалд бодит ахиц дэвшил гаргах замаар явах нь илүү тохиромжтой юм” гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Цөмийн зэвсгийг хориглох тухай гэрээг 50 улс соёрхон баталсан бөгөөд 2021 оны нэгдүгээр сарын 22-ноос хүчин төгөлдөр болно гэж “Цөмийн зэвсгийг хориглох олон улсын хөдөлгөөн" (ICAN) байгууллага өнгөрсөн оны намар мэдэгдсэн юм. Гэрээнд нэгдсэн орнууд цөмийн зэвсэг бүтээх, турших зорилгоор цөмийн материалыг ашиглахгүй байх зэрэг нөхцөлийг биелүүлэх үүрэгтэй. Цөмийн зэвсэгтэй улсууд болох ОХУ, АНУ, Их Британи, Франц болон БНХАУ гэрээнд гарын үсэг зурахгүй гэдгээ 2018 онд мэдэгджээ. 
 
 
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг