Хэвлэл, сонинуудыг хараад байхад нэг ийм сэтгэгдэл төрөх юм. Болж бүтэж байгаа юм алга бололтой. Хэвлэл, мэдээллийн хэрэгсэл гэдэг нийгмийн амьдралын толь болохоор тэднийг, сэтгүүлчдийг буруутгах аргагүй. Харин өөрийн бодлоо бичээд түүндээ элдэв дүгнэлт хийгээд байдаг, бас адил үзэл бодлынхоо юм уу эсвэл хэтэвч зузаантны талд үйлчилдэг муу явдал зарим нэгэнд байдаг нь нийт сэтгүүлчдийн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлдэг тал бий.
Хамгийн гол нь ийм бусармаг булингарын ундаргыг улстөрийн хүрээнээс эн түрүүнд эрэх хэрэгтэй санагдана. Яадаг вэ гэхээр улстөрчид, улс төрийн хүчнүүд л бие биеэ үгүйсгэж, газар дор ортол муулдаг. Өнөөгийн ардчилагчид дэлхийн улс орнуудын эгнээнээс хойно хол хоцрогдсон Монголыг бусдын зэрэгт хүргэж хүн ардаа хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзганд аваачин, дэлхийд данстай тусгаар орон болгосон өмнөх үеэ элдвээр “буудаж” байж эрх мэдэлд дөрөөлсөн билээ.
Үүнийг харин үгүйсгээд яахав. За тэгээд үүнээс хойш төр засаг солигдох бүрт өмнөхөө муулах жишиг тогтсон. Сонгууль гэдэг нь хэн сайн муулсан нь эрх мэдэлд хүрдэг уралдаан болсон юмуу даа. Төр, засгийн бодлого, үйл ажиллагаа түмэн олондоо наалдацгүй байх тусам хүмүүс ийм юманд үнэмших нь амархан. Ойрын жишээг хар даа.
Н.Алтанхуягийн Засгийн газар гэхэд урьд өмнө нь МАН-тай хамтарч засаг барьж байгаагүй, хариуцлагаа хамт үүрнэ гэж мэдэгдэж байгаагүй юм шиг л хамаг бурууг С.Батболдын Засгийн газар руу чихэж хэсэг үзэв. Үнэндээ бол өнгөрсөн Засгийн газар дорвитой зөндөө ажил хийсэн нь АН-ынханд одоо түүн дээр “тийчигнэх” бат суурь болж байна шүү дээ.
Төмөр зам, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор, хамгийн гол нь хөрөнгийн зах зээлийн шав тавьсныг хүртэл үгүйсгэхгүй гэхэд чихээ дараад чимээгүй өнгөрөөх юм. Хотод ч инженерийн шийдэлтэй томоохон бүтээн байгуулалтууд явсан. Гэтэл одоо хураана. хориглоно, хязгаарлана л гэнэ. Нийслэлийн халамжийн том том ажлыг ч үгүйсгэх бололтой.
Ингэхээр болж бүтэж байгаа юм алга байгаа биз. Оронд нь нэг тийм өөхөөр булчихсан хараал. “Нэг ангийнхан” гэж өөрсдийгөө өхөөрдөн нэрлэдэг УИХ-ын гишүүдийг хар даа. Намаараа талцаж, намынхаа өмнөөс нөгөө намаа баална. Бүр хамгийн муу үгээр шүү. Олон ургальч хэмээх үзэлд дасан ядаж яваа монголчууд үүнийг үнэмших, эс үнэмшихүйн зааг Дээр хүлээн авдаг.
Цаана нь засаг төрийн нэр хүнд унаад байдаг. Ингээд ерөөс Монголд болж, бүтэж байгаа юм алга болчихож байгаа юм. Давтан хэлэхэд үүнд хэвлэл мэдээллийн хэрэгслийг буруутгах огт хэрэггүй. Бай, онио улс төрчид, яг үнэндээ бохир улс төр рүү чиглүүлсэн нь дээр. Ерөөс соёлжсон нийгэм дэх улс төр, хэвлэл, мэдээллийн хоорондын харилцаа ямар байдаг вэ гэдэг талаар үзэж харснаа, дуулж сонссоноо товч өгүүлсү.
Ажил төрлийн шаардлагаар Скандинавын орнуудад хэдэнтээ очив. Тэндээс иш тагья. Манайд “огцрох" гэдэг үг хадны мангаатай адил утгатай. Уг нь дэлхийн жишгээр сүртэй юм биш. Үүнийг улстөрчид өөрсдөө хийдэггүй. Хэн хийдэг вэ гэвэл хараат бус, жинхэнэ эрүүл сэтгүүл зүй хийдэг.
Жишээ нь Шведэд яадаг гээч. Олон удаагийн бие даасан социологийн судалгаагаар улс орондоо тэргүүлэх хэвлэл, мэдээлллийн хэрэгслээр шалгарсан Шведийн олон нийтийн радиогийн сонсогчдодоо хүргэсэн мэдээллээр гурван сайд огцорчээ. Тэд соццекүүдийг халж гарч ирсэн либералууд. Нэг нь Соёлын сайд. Тэр нөхөр ямар нэг байдлаар радио, телевиз засаг төрийг холбодог албан тушаалтан аж. Гэтэл телевизийн хураамжаа жил хагас төлөөгүйг Шведийн радио илрүүлж мэдээлжээ. Ингээд мань эр “уучлаарай” гэж хэлээд огцорсон байна.
Хоёр дахь эр Оросын “Газпром” компанийн хувьцаа эзэмшигч байж. Хувь нь 00000001 ер хэдэн хувь ч бүү мэд. Үүнийгээ орлогын мэдүүлэгтээ нуужээ. Сайд хүлээн зөвшөөрөөд огцров.
Гурав дахь жишээ илүү тод. Шведэд бараг хаана ч байхгүй фашист нам байдаг гэнэ. Гадаадын ажил нэгт нөхөр нь Шведийн Гадаад хэргийн сайдтай уулзаж. Танай орон фашист намтай юм байна, энэ хэр вэ гэх маягаар асуусан шиг байгаа юм. Шведийн сайд ч хувийн үзэл бодлоо илэрхийлж уг нь дэмий зүйл гээд үг алдчихсан байна. Үүнийг нь радиогийн сэтгүүлчид ямар нэг аргаар юм олж мэдээд орон даяар олон сувгаараа цацчихжээ. Ингээд сайд, хүний эрхийг дээдлэн тунхагласан Үндсэн хуулийг зөрчсөн хэргээр албаа өгөх нь тэр.
Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн эсрэг үзэл бодолтой хүн төрийн өндөр алба хашиж болохгүй гэж үзсэн хэрэг. Манайд бол Засгийн газар огцрох энэ тэрийг бид бас ч гэж үзсэн. Харин танхимын зарчмаар ажилладаг гэсэн сайхан нэрээр халхалж сайд огцрох нь нэн ховор. Чадсан ч эс чадсан ч сайдаараа байгаад байдаг. Миний мэдэхээр П.Жасрай гуайн үед Сангийн сайд Даваасамбуу огцорсон.
Шалтгаан нь юу билээ, лав л ажил хэргийн байдлаас болоогүй дэг. Дараа нь нийгмийн салбарын мөнгөөр төсвийн цоорхойг түр нөхсөн гэх шалтгаанаар Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Л.Одончимэд огцорсон. Мэдээжээр цаанаасаа даалгаваргүй бол сайд мөнгийг тэгж зарцуулахгүй л дээ. Үнэлүүштэй нь Л .Одончимэд хамаг бурууг өөр дээрээ үүрээд эр хүний зангараг зааж огцорсон.
“Тунгалаг” засаглал гэдэг чинь манайхан шиг эзэлсэн суудалдаа шигдэж суухын нэр биш юм билээ. У.Хүрэлсүх хүндэтгэх шалтгаантай гээд намын жагсаалтын суудалдаа байгаад байхад хэн ч муу хэлэхгүй. МАН гэсэн унаган нэрийг сэргээж, ялагдвал би хариуцлагыг нь хүлээнэ гэсэн зоригтой үг шидсэн тэр залуу улстөрч ер нь хэлсэн үгэндээ эзэн болж чөлөө хүссэн болж таараад байна.
Нийгэм ингэж хүлээж авсан гэдэгт би л лав итгэлтэй байна. Тэгэхээр элдэв огцролтыг муу зүйл гэхээсээ илүү нийгмийн эрүүл үзэгдэл гэж үзэх ёстой аж. “Өнөөдөр” сонинд ажиллаж байхдаа “Үнэн” сонины эрхлэгч Г.Төртогтох, “Өдрийн сонин”-ы Ш.Батмөнх, Радиогийн Б.Баярсайхан гээд бидний хэдэн хүн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн албан ёсны айлчлалыг сурвалжлах үүрэг хүлээж Японд хоёр гурав хонов.
Орчуулагч гайд япон бүсгүй бид хэдийгээ л тоолоод байна. Уг нь арваадхан хүн. Тооны машин хүнийг эгэл амьдралаас ингэтлээ салгачихдаг юм болов уу гэж бодогддогсон. Энэ ч яахав, гол юм биш. Гол сэдэв нь тэр үед Японы Ерөнхий сайд нэгэн хятад гаралтай бүсгүйтэй хувийн дотно харилцаа тогтоож цаадахь нь их гүрний нууц тагнуул байсан нь илэрч үүнээсээ болж ард түмнээсээ хүлцэл өчиж огцорсон юм билээ.
Өнөөх “тоолдог” бүсгүйгээс энэ тухай асуув. Мэдэхгүй л байгаа юм даа. Яагаад юм бол гэж бодохоор Япон шиг хөгжингүй оронд Засгийн газар, Ерөнхий сайд огцрох гэдэг амьдрал нь тэднээс хамааралгүй болсон хүмүүст огт хамаагүй асуудал юм билээ.
-Социализмын үед ялаа, сайд хоёрыг сониноор “алдаг” гэж хошигнон ярьдаг байв. Ялаа ч яахав, харин сайд нарын тухайд тэр үед ч хэвлэл, мэдээллийн хэрэгслээс айж, зэнзийлдэг байсан хэрэг. Хэвлэл нь ч сайд нарыг айлгадаг, дээд удирдлага нь хэвлэлийн үгийг сонсч, мөрөөр нь арга хэмжээ авдаг, дор хаяхад сайд мяндагтныг чимхээд авдаг байж. Одоо бол ялааг бид хуучин шигээ хуйлсан сонингоор алж байгаа.
Харин сайдыг... Жинхэнэ сайн ажиллаж байгаа сайдыг магтаж, мандуулахаас биш заавал “алах" шаардлагагүй нь мэдээж. Харин сайдын дүрд тоглоод, өөрийн болон найз нөхөд, улс төрийн эрх ашгаа улс орныхоос дээгүүр тавиад байгаа бол “алахаас” өөр аргагүй. Авлига авсан, улсын хөрөнгө мөнгө шамшигдуулсан бол бүр ярих юмгүй, “цаазын тавцанд” аваачихаас өөр замгүй. Үүнийг илчилж, олон түмний шүүхэд тавьдаг нь “хоточ нохой”-ны үүрэгтэй нь олон түмний хэвлэл, мэдээллийн хэрэгсэл юм.
Гагцхүү Монголд сониноор ялааг “алж” болдог ахуйн төдий арга үйлчлээд байдаг нь харамсалтай. Сайд нэгэнт л шат гишгэсэн бол бууна гэж байхгүй. Буухыг нь хийх ёстой хэвлэл, мэдээлэл хаана байгаа нь мэдэгдэхгүй “Сайд тууз хайчлав”, “Сайд ингэж мэдэгдэв” гэсхийгээд өнгөрөөд байх юм. Уг нь аль ч сонинд тоймч гэж байдаг. Бас олон түмэн үүнийг юу гэж үзэж байгааг нийтэлж, нэвтрүүлэх нь хэвлэл, радио, телевизийн хэнтэй ч хуваалцахгүй алтан боломж билээ.
Тэр нь үндсэндээ алга. Гол төлөв нэг талын мэдээлэл цуваад байх нь тэр. Миний бодоход үүний нэг гол углуурга нь улстөрчид, сайд хүртэл өөр өөрийн хэвлэл, телевизтэй байгаад оршино. Хувьцаа, эрх мэдэл хуваан эзэмшигчид ч бий байх. Гагцхүү тэр нь ил биш ч, аль хэвлэл хэнийх вэ гэдгийг тааварлахад нэг их судалгаа хэрэггүй дээ. Ерөөс сонин, арилжааны радио, телевизүүдийн эздийг ил тод зарлаж, түүнийг нь хүмүүс мэддэг байх нь зүйд нийцнэ.
Бас хэвлэл, мэдээллийн зах зээлд харьцангуй цэвэр байдал ч бий болно. Уг нь улс төр, хэвлэл, мэдээлэл хоёр нэг тогоонд багтдаггүй л дээ. Ер нь УИХ-ын гишүүн болох, улстөрд удаан тогтоох шалгуур нь өөрийн “хэвлэлтэй байх”. Энэ гажуудлыг халж, хэвлэлийг улстөрчдийн “халаасны өрөө”-нөөс гаргах ганц арга байна. Энэ бол редакцийн эздийг ил зарлах. Хэрвээ худлаа зарлах юмуу, эзнээ нуусан бол тухайн редакцид маш том хариуцлага хүлээлгэх.
Үүнээс гадна хэвлэлийн эзэн улстөрч бизнесмэн бол улстөрд байх хугацаандаа редакцаа удирдахаас түдгэлзэнэ гэдэг бас буруу ч юм биш шүү дээ. Энэ нь түүнийг редакциас нь, өмчөөс нь салгаж байгаа хэрэг огт биш. Харин түүнээс ирж болох улс төрийн нөлөөллөөс редакциа хамгаалж байгаа юм. Улстөр бизнесээс бусад салбарын эзэн бол редакцитайгаа л явна. Энэ бол эзмэглээд байхааргүй дэлхийн жишиг шүү дээ.
Б.Пүрэвдаш
Эх сурвалж: “Үндэсний шуудан”
Сэтгэгдэл0
Маргааш 13 цагаас эрүүл мэндийн лекцтэй. Тус лекцээр бүх төрлийн эмгэгүүдийн талаар ярилцаж болох ба Ялангуяа зүрх судас буюу СУДАСНЫ ХАТУУРЛААС шалтгаалах -тархи, мэдрэл - Зүрх судас - даралт ба хуян - цусны өтгөрөл болон өөхлөлт /холестрин/ зэрэг эмгэгүүдийг эрүүлжүүлэх бүтээгэдэхүүний талаар АУ-ны доктортой дэлгэрэнгүй ярилцах боломжтой. Лекц үнэ төлбөргүй 96665038, 99138391, 88138393, 98607352
Iim zuil bichij bai. Ergetsuuleh neg ni ergutsuulne.
монгол цагдаагүй бол дууссан элдэв хэрэг гарсаар байх болно.